Чуулган: 2025 оны төсвөө буцаахаас өөр аргагүй байдалд хүрлээ

LiveЧуулган: 2025 оны төсвөө буцаахаас өөр аргагүй байдалд хүрлээ

Чуулган: 2025 оны төсвөө буцаахаас өөр аргагүй байдалд хүрлээ

УИХ-ын  чуулганы Баасан /2024.11.29/ гаригийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.


 

16 : 54
2024-11-29

Хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулав

Хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж байна. 

1.Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж, 4 гишүүн дэмжээгүй, олонх дэмжсэн байна. 

2.Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хүчингүй болсон тухай эцэслэн батлах санал хураалтаар олонх буюу 66 гишүүн дэмжив.

3.Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай эцэслэн батлах санал хураалтаар олонх буюу 68 гишүүн дэмжив.

4.Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай эцэслэн батлах санал хураалт явуулж, 68 гишүүн дэмжив.

5.Гаалийн албан татварын хөнгөлөх тухай хууль хүчингүй болсон тухай эцэслэн батлах санал хураалтаар 68 гишүүн дэмжив.

6. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болох тухай эцэслэн батлах санал хураалтаар 66 гишүүн дэмжив.

7.Хуулийн төслүүд болон тогтоол хүчингүй болсон тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтаар 66 гишүүн дэмжив.

Нийт зургаан хууль, нэг тогтоолын төслийн эцсийн найруулгыг бэлтгэж, байнгын хороодын танилцуулгыг танилцуулснаар эцсийн найруулгыг баталсанд тооцов.

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Байнгын хорооны санал дүгнэлтийг Х.Ганхуяг танилцуулав. Хууль тогтоолын төслийг батлах санал хураалтад 67 гишүүн дэмжиж, батлагдлаа.Тогтоолоор 2025 оны төсвөө 12 дугаар сарын 10-ны дотор өргөн барих үүрэг өгч байна. 

 

14 : 42
2024-11-29

"Дэгийн өөрчлөлтийг 7 сайд дэмжээгүй, УИХ нэр нүүрээ барж байна"

УИХ-ын чуулган нэгдсэнхуралдааны үдээс хойшхи хурал эхэллээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хүчингүй болсон тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн албан татварын хөнгөлөх тухай хууль хүчингүй болсон тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болох тухай, Хуулийн төслүүд болон тогтоол хүчингүй болсон тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. 

Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Бидний боловсруулсан дэгээр явсан бол амар байсан. Сайд нар өөрсдөө эсрэг санал өгч унагалаа. Хүчингүй болгосныг дэмжихээр Засгийн газраас өргөн барина. Хэлэлцүүлэг дээр буруу зөрүү ойлголт гарсан. Засгийн газар алдагдалгүй төсөв батлаад УИХ алдагдалтай болгох гээд байгаа юм шиг. Тийм асуудал байхгүй. Сангийн сайд алдагдалгүй төсвөө батлах шаардлагатай. Төрийн том ажил зогсох дээрээ туллаа. Хэлэлцэх товоо тогтоох ёстой.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Ч.Лодойсамбуу гишүүнтэй санал нэг байна. Дэгийн тухай хуулийг хүлээн авч, УИХ хоригийг хүлээн авч эндээ ажиллах байсан. Харамсалтай нь УИХ үүнийг дэмжихгүй гэж байгаа бол Засгийн газар руу буцаахаас өөр аргагүй. Төсвийн байнгын хороонд шахаж ажиллахгүй бол аймаг орон нутаг, нийслэл, дүүргүүд төсвөө хэлэлцэж, баталж амжихгүй. Засгийн газраас яаралтай өргөн баривал УИХ яаралтай горимоор хэлэлцэх боломжтой. Сэтгэл нь ханахгүй байгаа юм шиг хандмааргүй байна. Засгийн газар, УИХ-аар хэлэлцье гэхээр дэмжихгүй. Яг яая гээд байгаа юм бэ. Засгийн газарт төсвөө буцаахаас өөр аргагүй байдалд хүрлээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Х.Булгантуяа гишүүний хэлж байгаа үнэн л дээ. Ч.Лодойсамбуу гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг хоёр өдрийн дотор нэлээд сунаж ажилласан. Маш боломжийн саналыг хуульд нийцүүлж гаргаж ирсэн ч гишүүдийн олонх дэмжсэнгүй. Төсөв, Хууль зүйн байнгын хороо хамтарсан хурлаа хийж, батлагдсан төсвийн хуулийг хүчингүй болсонд тооцсон шийдвэр гарч байна. Маш урт процесс дахин үргэлжилнэ гэсэн үг. Сонгогдоод 5 сар болж, тав дахь төсвөө  хэлэлцэх гэж байна. Гишүүд дараа дараагийн асуудалд олон талаас бодож, хуулийн ойлголт мэдээллээ авч хандах нь зүйтэй. 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Сая унасан дэгийн талаар юу ярих вэ. Энэ удаад УИХ хуулиар олгосон хоёр эрхээ эдэлж байна. Эхнийх нэмэлт өөрчлөлтийн хэлбэрээр дэг оруулж ирж батлуулаад явах нь дэмжигдсэнгүй. Хоёрт, хуулийг хүчингүй болгох талаар хэлэлцэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд 10 удаа Төсвийн хуульд хориг тавьж, 6-д нь бүхэлд нь хориг тавьснаас нэгийг нь хүлээж авсан анхны тохиолдол. Өнгөрсөн хугацаанд төсвийн алдагдал, баталж байгаа хэлбэрийг харахад 123 гишүүнтэй парламент няхуур ажиллаж байгаагийн дохио шүү. Цаашдаа нэг хууль оруулаад л баталдаг гэж бодохгүй юм байна. Энэ нь хямралын байдал руу хөтөлдөг юм байна. Ерөнхийлөгчийн хориг тавьснаар хууль хүчингүй болоогүй. УИХ өөрөө хүчингүй болгодог эрх зүйн орчин бий. Орон нутгийн төсөвтэй асуудал анхаарал татаж байна. Сангийн сайдын тайлбарласан нөхцөл байдал өөрчлөгдөж байх шиг байна. Хурдан хэлэлцэх ёстой ч дахин алдаа гаргах эрх байхгүй. Засгийн газар, ажлын хэсэг сайн анхаараарай. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Үнэн. Бид төсвийн тухай хууль тааруухан байсан бол эхний хэлэлцүүлгээрээ буцаах ёстой байсан. Би одоогийн шийдвэрийг зөв гэж бодож байна. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол хууль тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгох. Хоёрт, шаардлагатай гэж үзвэл нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж болно. Тодотголыг дангаараа шийдэхгүй, Засгийн газар өргөн мэдүүлж, УИХ-аар хэлэлцэх ёстой. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Хууль зүйн хувьд холион бантан болж, нэг л их процесс ярьсан хүмүүс болчлоо. Асуудал нь он гарахаас өмнө бид төсвөө баталж, төрийн байгууллагууд төлөвлөлтөө хийх ёстой. Байнгын хорооны дэг боломжийн байсан. Одоо болохоор хүчингүй болгож байгаа тодотгол гэсэн юм яриад байх юм. Хүчингүй болгож байгаа бол тодотгол байхгүй шүү дээ. Дэгээр Засгийн газар саналаа оруулж, УИХ өөрөө ажилла гээд боломжийн юм гаргаж байхад хариуцлагаас зугтсан байдалтай байна. Бид өөрсдөө л ажиллах ёстой шүү дээ. Бие бие рүүгээ шидэж байгаагаас цаг алдаад байна. Улс даяараа хохирно шүү дээ. Аудитын дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын дүгнэлт дөрвөн удаагийн хэлэлцүүлэг гэхээр арванхоёрдугаар сардаа амжих юм уу. Хориг бол зардлаа хэмнэсэн байдлаар байгаач ээ гэсэн. Сангийн яам тодотголд бэлдэж байсан. Цоо шинэ төсөв оруулж ирэхгүй байлгүй дээ. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-О.Номинчимэг гишүүний яриатай давхцах нь ээ. Гарц л ярих хэрэгтэй. Засгийн газар шинээр төсөв өргөн барилаа гэхэд энийг зохицуулах дэг байхгүй. Дэгийн тухай хуулиар Засгийн газар есдүгээр сарын 1-нд төсөв өргөн барина. Эсвэл шинээр өргөн барих хоёр л тохиолдол байгаа. Үүнээс хойш дахин өргөн барих дэгийн зохицуулалт байхгүй учраас цонх үүсч байна. Хугацаа заавал бүр амжихгүй. Бид бараг төсвөө 6 сар бэлддэг. Сүүлд Сангийн яам нэгтгэж, Засгийн газраар хэлэлцдэг. Энэ бүх процесс яагаад ч багтахгүй. Хуулийн 22 бүрдүүлэлттэй. Нэг л дутуу байвал УИХ хүлээж авахгүй. Ажлын хэсгийн санал зүгээр байсан. Тэрүүгээр очих зам, шинэ төсвийн үр дүн яг ижил гарна. Дэгийн хуульд өөрчлөлт оруулж, баталсан бол дээр байсан юм. Үдээс өмнө дэмжээгүй дэгийн өөрчлөлтөө дахин хэлэлцэх боломж байгаа шүү. Засгийн газрын санал дээр үндэслэн УИХ хэлэлцэнэ гээд үүрэг өгчихсөн байна лээ. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ өргөн барьсан асуудлуудыг ажил хэрэгчээр хандаж, дэмжиж өнөөдрийн нөхцөлд байдалд оруулахгүй бүхий л гарц гаргалгааг хайж ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн  хоригтой холбоотойгоор УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөрөө ярилцсан. Энэ долоо хоногийн хурлын дараалалд Ёс зүй, дэг болон Хууль зүйн байнгын хороо хамтарч хуралдах, ажлын хэсэг гаргах үүрэг чиглэлийг авч, хэлэлцсэн. Нийт 69 гишүүнээс 55 нь дэмжсэн. Харин 26 гишүүн дэмжээгүй. Тэр дунд 7 сайд байна. Засгийн газрын гишүүд өөрсдөө ийм нөхцөл рүү оруулж, хүсч байна гэж ойлгож байна. УИХ нэр нүүрээ бараад энэ асуудлыг хэчнээн удаа хэлэлцэж байна. Таван сар үйл ажиллагаа явуулахдаа дөрвөн удаа төсөв хэлэлцлээ. 2023 оны төсвийн гүйцэтгэл, төсвийн хүрээ, 2025 оны төсвийг хэлэлцэж баталсан. Батлах нөхцөл дээр гишүүд ажлын хэсэг, байнгын хороо бүрэн ажиллаагүй, санал тусгаагүй гэдэг асуудал хөндсөн учраас тодотгол хийх боломжийг гаргаж өгсөн. Нөхцөл чинь хэрээс хэтэрлээ. Нэг хоёр сайдын хариуцлагагүй үйлдлээс Монголын төр ийм байдалд ороод сууж байх ёсгүй. Одоо зарчимтай, хэмжээ хязгаартай байх ёстой. Асуудал болж өнгөрсний дараа ийм юм яриад сууж болохгүй. Хэрэв ийм саналтай байсан бол горимын санал гаргаад явж болоогүй юм бэ. Араас нь шаардлага яриад суух нь зохимжгүй. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Нэг бодлын төсөв дээрээ удаан хугацаа зарцуулж байгаа  нь зөв юм шиг. Нөгөө талдаа зарим гишүүдийн хэлж байгаа зүйл дээр эргэлзэж байна. Хэрвээ ийм дэг хэрэггүй байсан юм бол өмнөх чуулганы хуралдаанаар тусгай дэг боловсруулъя гэдэг дээр яагаад горимын санал гаргаагүй юм бэ. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлээс бол тусгай дэг боловсруулсан гэж харж байна. Хариуцлагагүй байна гишүүд. Байнгын хороод, ажлын хэсгүүд дээр хариуцлагагүй, оролцоогүй байна. Засгийн газраас яаралтайгаар төсвөө оруулж ирэх хэрэгтэй. Аль болох 10 хоногийн хугацаанд энэ асуудлыг шийдье гэдэг санал байнгын хороон дээр гарсан шүү. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Бид тооцоолол хийж, бэлтгэлээ хангана. Ерөнхийлөгчийн хоригийн хүрээнд засвар хийх бэлтгэл ажил байсан. Шинээр өргөн барих процесс ялгаатай шүү. Анхан шатнаас нь боловсруулж эхэлнэ гэсэн үг. Дэгээр зохицуулаагүй шинэ нөхцөл байдал үүсч байна. Ажлын хэсгийн дэгийн нөхцөл байдал хамаагүй амар байсан. Эцсийн үр дүн нь адилхан байх байсан юм.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Төхөөрөмж сайн ажиллахгүй, өглөөнөөс хойш будилаад байна. Гараар саналаа хураая. Хариуцлагатай асуудал шүү дээ. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хуулиа сайн тайлбарлаж байна. Д.Амарбаясгалан дарга сайн, дажгүй дарга болох төлөвтэй шүү. Г.Занданшатар даргын үеэс эхлээд гишүүдийн микрофон хаагаад байдаггүй, хүмүүсийг яриулж байгаа соёл бүрдэж байгаад баяртай байна. 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Байнгын хороонд чиглэл өгөөч. Шинэ дэг батлагдаагүй юм чинь хугацаа зааж байгаа бол одоо хүчин төгөлдөр үндсэн дэгээр, горимоор ч гэдэг юм уу олон процесс дамжихгүй гэдэг нэг удаагийн дэгийн зохицуулалт гаргах чиглэл өгч болох уу. Таг гацах гээд байна. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

-Ц.Даваасүрэн гишүүн зөв хэлж байна. 90.9 зүйлээ баримтлаач ээ гээд. Бусад заалтыг баримтал гэж бичсэн байна. Яагаад 90.8 зүйлийг яриад байгаа юм бэ. Энэ зүйл заалтаа өөрчлөх юм уу. 

2025 оны төсвийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай хүчингүй болсон тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Гаалийн албан татварын хөнгөлөх тухай хууль хүчингүй болсон тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болох тухай, Хуулийн төслүүд болон тогтоол хүчингүй болсон тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлан үе шат руу шилжүүлэх байнгын хороодын саналыг дэмжих санал хураалт явуулж, Ч.Номин, Т.Мөнхсайхан, Б.Жавхлан сайдаас бусад нь 68 гишүүн дэмжлээ. 

Хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

11 : 14
2024-11-29

Хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг эцэслэн баталсангүй

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Шинээ дэг оруулж ирэх хэрэггүй байсан. Бид Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар шууд Засгийн газарт буцаах ёстой байсан. Өнөөдрийн хуулиар Засгийн газарт буцаахгүйгээр хэлэлцээд явахаар УИХ-ын бүрэн эрхийн асуудал болж байна. Нэг ёсондоо УИХ-ын гишүүд төсөв дээр дураараа саналаа оруулж болно гэсэн үг. Ийм нөхцөл байдал үүсгэж байна.  Тэгэхээр Төсвийн ажлын хэсэг дараа жил Засгийн газрын өмнөөс хариуцлага хүлээх юм уу гэдэг асуудал үүсч байна. Ажлын хэсгийн дарга нь Ерөнхий сайдын өмнөөс хариуцлага хүлээх юм уу. Засгийн газар, УИХ хоёрын дунд асар их зөрчил үүсгэнэ. Тиймээс Засгийн газарт төслийг нь буцааж Засгийн газраас хасах ёстой зардлуудаа хасаад оруулж ирэх ёстой байсан. Энэ асуудлыг байнгын хороон дээр хэлээд дэмжигдээгүй. Хоёрдугаарт, УИХ 76 гишүүнтэй байхад төсөв хэлэлцэж байхад бүх гишүүдийн гадаад томилолтыг болиулдаг байсан. Өнөөдөр 30 гишүүн гадаад томилолттой байна. Тэгээд төсөв хэлэлцээд байдаг. Арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн дотор төсвөө батлах ёстой. Хэдхэн хоног үлдээд байна. Гэтэл гадаадаас ирээд төсөв ийм байна, тийм байна гээд хэвлэлийн хурал хийдэг. Гуравдугаарт, хариуцлагын асуудал ерөөсөө яригдахаа больчихлоо. Ажлын хэсэгт нь орж ажилласан гишүүд гараад хэвлэлийн хурал хийгээд самардаг. Яагаад ажлын хэсэг дээр асуудлаа ярьдаггүй юм. Мэргэжлийн байнгын хороон дээрээ асуудлаа нэлээд сайн ярьдаг баймаар байна. Төсвийн байнгын хорооноос гаргасан санал нь ч дэмжигддэггүй. Ингэж л төсвөө баталсан шүү дээ. Өнөөдөр хэлэлцэж байгаа Дэгийн тухай хуулийн өөрчлөлт Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлээгүй. Ийм л юм болж байна. Бид хоёр долоо хоногийн өмнө Засгйин газрын хөгжлийн төлөвлөгөөг баталсан. Хөгжлийн төлөвлөгөөтэйгөө төсөв нь яаж уялдах юм.Ирэх жил бид юу хийх вэ гэдэг асуултын тэмдэг цаана нь үлдчихлээ. Дараа жил төрийн ажил доголдвол хэн хариуцлага хүлээх юм бэ?

 УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Бид одоо байгаа Дэгийн тухай хуулиар зохицуулаагүй асуудлыг нэг удаагийн хуулиар зохицуулахаар оруулж ирж байгаа асуудал. Нэг удаагийн хууль байх нь зөв. Үндсэн хуулийн 25 дугаар зүйл дээр бий. УИХ бусад бүрэн эрх, зохион байгуулалт,үйл ажиллагааны журмын асуудлыг хуулиар зохицуулна гэж заасан учраас хуулиар зохицуулж байна. Таны хэлж байгаа асуудлыг ойлгож байна. Манай ажлын хэсэг УИХ-ын шийдвэр гарсаны дараа хэрхэх вэ гэдэг гаргалгааг л гаргаж байгаа. Буцаах байсан гэдэг нь өнгөрсөн асуудал. Нэгэнт олонхоороо шийдсэн асуудал. Засгийн газраас Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой саналаа хуульд заасан хугацаанд Төсвийн байнгын хороонд ирүүлнэ. Түүн дээр нь үндэслээд хэлэлцүүлгүүд явна. Засгийн газар төсөв оруулж ирэх, түүнийг нь УИХ батлах бүрэн эрхтэй. Энэ зарчим ерөөсөө алдагдаагүй. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Дэгийн тухай хуулиар Х.Ганхуяг гишүүн сайн мэдэж байгаа байх. Г.Тэмүүлэн гишүүн ч мэдэж байсан. Нэгдүгээр хэлэлцүүлгээ хийгээд хөгжлийн бодлого төлөвлөлтөд нийцэж байна уу гэдгээр санал хурааж, гишүүд нийцэж байна гэснээс хойш Засгийн газарт буцаах боломжгүй болсон. Тэгэхээр энэ чинь Дэгийн тухай хуулиараа ийм зохицуулалт байхад бид хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа буцаана гээд суух ямар ч боломжгүй. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Улсын төсвийг Засгийн газар руу буцаахгүйгээр ажлын хэсэг дээр 3.6 их наяд төгрөг танах боломжтой гэж ярьж байгаа. Дараа жил төрийн ажил доголдвол хэн хариуцлага хүлээх вэ. Улсын төсөв бол Засгийн газрын онцгой бүрэн эрх. Одоо УИХ-ын бүрэн эрхийн асуудал болж байна. Бид буцаахгүй, Засгийн газраас зөвхөн санал авна. Тэгснээ дараа жилийн хөгжлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэл дээр хэн хариуцлага хүлээх вэ?

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Хуулийн төслийн 2.2 заалтад Засгийн газар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой саналаа Төсвийн байнгын хорооноос тогтоосон хугацаанд ирүүлнэ гэсэн. Үүн дээр үндэслэн хэлэлцүүлэг нь явна. Засгийн газар төсөв боловсруулах үндсэн эрхтэй. УИХ тэр хуулийг батлах онцгой бүрэн эрхтэй. Энэ зарчим ерөөсөө алдагдаагүй.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Төсвийн тодотголтой холбоотойгоор зарим хамт өргөн мэдүүлсэн хуулиудаас гадна өөр хуулиудад өөрчлөлт орох магадлал байна. Тухайлбал, Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн орлогын хэмжээ өөрчлөгдөж, эдийн засгийн өсөлтийн хэмжээ өөрчлөгдөж магадгүй. Бусад хуулиудтай холбоотой зардлуудыг хойшлуулах асуудал яригдвал хуулиудад өөрчлөлт оруулах асуудал үүсч магадгүй. Ямар байдлаар өөрчилж хэлэлцэх вэ?

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Төсөл нь гишүүдэд тараагдаагүй юм шиг байна. Тараасан материал дээр холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэн батлах гэж тусгасан. Мөн 6.1 зааснаар төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, шаардлагатай гэж үзвэл төсөл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг чуулганы хуралдаанд хэлэлцэж, баталж болно гэсэн байгаа. Одоо байгаа хуулиуд дээрээ бас авч  хэрэгжүүлэх боломжтой гэж зохицуулсан. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулж, нэг удаагийн харилцаа зохицуулсан дэгийн нэмэлт орж ирж байна. Тэгэхээр төслийн 2, 3 дугаар зүйл хамгийн чухал асуудал байна. Хориг хүлээн авсан бол УИХ Засгийн газарт төслийг хүргүүлж, дахиад боловсруулалт, тооцоололт авахаар орж ирээд байгаа юм. Үүнийгээ нэгдүгээрт тодорхой болгож өгмөөр байна. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Ажлын хэсэг хоригийг УИХ хүлээн авсантай холбоотой хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг зохицуулах юм. Орон нутгийн төсвүүдийн цаг нь тулчихсан байгаа асуудлыг манай ажлын хэсэг хариуцахгүй. УИХ-д бүрэн эрх нь байгаа. Одоо санаачлаад ажлын хэсэг гаргаад явах зайлшгүй шаардлагатай гэдэг дээр санал нэг байна. Хуулийн төслийн 3.2 болон 3.3-д зааснаар Төсвийн байнгын хороо, Засгийн газрын гишүүн гээд аль аль нь танилцуулж болохоор оруулсан байгаа. Мөн Засгийн газраас ирүүлсэн саналыг үндэслэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ гэдгийг тодорхой заасан. Хуулийн төслийн 2.8 зүйлд төслийн талаар Төрийн аудитын төв байгууллага болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг гаргуулж болно гэж заасан байгаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүрэн хориг тавьсан. Хоригийн бичиг баримтыг нэг удаа л уншсан. Тэгэхэд нэлээд ойлгож, цаашаа төсвөө янзлахаар юм байна лээ. Нөгөө талаар улсын төсөв бол алдагдалгүй, хэт өөдрөг төсөөлөл нь ирэх жил хүнд хэцүү байна гэдэг нь ойлгомжтой. Ерөөсөө энэ төсвөө эхнээс нь хэлэлцье. Төсвийн дэс дарааллаар хэлэлцье. Нэг сар гээд орон нутгийн төсөв хүндэрч байгааг ойлгож байна. Цалин, өдөр тутмын урсгал зардлыг баталчихмаар юм шиг байгаа юм.

Нөгөө талаараа зарчим ярьвал төсөв баталсан хүмүүстээ итгэл хүлээлгэх юм уу, үгүй юу гээд санал асуулга явуулж, дахин төсвөө Засгийн газар боловсруулж, хэлэлцмээр байна. Алдагдалгүй төсөв батлах юм уу, яах юм бэ.

Нүүрсний үнэ унаж байх шиг байна. Хятадын эдийн засгийн өсөлт буурч байх шиг байна. Засгийн газрын найман хувийн эдийн засгийн өсөлт байхгүй байх. Улсын төсвөөр бүх асуудлыг шийдэх бодолтой байж болохгүй. Бүх нам мөрийн хөтөлбөртөө цомхон байна гэж санал авчихаад сонгогчдоо залилж болохгүй. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Нэг удаа хэрэглэх дэг гэж байна. Бид төсөв хэлэлцэх гэж байгаа. Төсөв өөрөө тусгай дэгтэй. Гэтэл төсвийн дэг зохиож хэлэлцэх юм бол энэ Үндсэн хуулийн Цэц дээр унах магадлалтай шүү. Би Б.Баасандоржид зөндөө  хэлсэн. Төсвийн хууль батлагдаад хүчин төгөлдөр болоогүй. Эхний хэлэлцүүлгээр нь бид хүлээн авсан. Эхний хэлэлцүүлэг дээрээ муу хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэхгүй байна гэдгээ ярьж буцаах байсан. Одоо энэ бол УИХ-ын асуудал болсон. Бид энэ хуулийг буцааж байгааг ойлгохгүй байна. Хууль хүчин төгөлдөр болж чадаагүй. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Одоо мөрдөгдөж байгаа Дэгийн тухай хуулийнхаа 73 дугаар зүйлд зааснаар улсын төсвийн тухай хууль батлагдсан төсвийн төсөл биш гэж ойлгож байгаа. Энэ оруулсан дэг дээр төсвийн дөрөвдүгээр  хэлэлцүүлгийг хассан байна байгаа. Зарчмын хувьд бид гурван хэлэлцүүлэгтэй байгаа ч гэсэн зарчмын хувьд хасаагүй ээ. 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Дэгийн асуудал хэлэлцэж байхад хурал дээр ажилласан Х.Ганхуяг гишүүнтэй нэг байр суурьтай байна. Гэхдээ ажлын хэсэг дээр хувилбар мөн үү гэвэл мөн шүү. УИХ хууль батлах, тэрийгээ бүрэн хэрэгжүүлээд явах, хэрэгжиж байгаа хуулиа хүчингүй болгоод өөр хуулиар орлуулах тийм эрхтэй байгууллага. Өнөөдөр энэ хуулийг баталсан. Нэг асуудлаар хоёр зөрчилтэй хууль дэлхийн бүх улс оронд байгаа. Ингээд зөрчилдвөл аль нь нарийвчилсан эсвэл сүүлд гарсан хууль вэ гэдгээ харна. Тийм учраас энд эрх зүйн асуудал байхгүй.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Ажлын  хэсэг дээр ярилцахад хуулийг буцаах үндэслэл байхгүй болсон юм билээ. Одоо дэгээ батлах хэрэгтэй. Тэгэхгүй бол хуулиа хүчингүй болгож байж буцаах боломжтой. Хуулиа хүчингүй болгоод ямар эрх зүйн актаар явах вэ гэдэг зохицуулалт нь байхгүй. Энэ гацаанаас гарахын тулд нэг удаагийн дэгийг оруулж ирж байгаа юм. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөвт хориг тавиагүй. Засгийн газар алдагдалгүй төсөв оруулж ирснийг УИХ алдагдалтай болгосон юм шиг ойлголт өгч болохгүй. Хоёр байнгын хороо гацаанаас гарахын тулд ажлын хэсэг гаргаад, хурлаа хийсэн дэг шүү. Энэ бол гарц мөн. 

Нэгдүгээр хэлэлцүүлгээрээ хэлэлцээд алх тогшсон. Дэгийн хуульд чинь Ерөнхийлөгч хориг тавьсны дараа хэлэлцэх зохицуулалт алга. Бүхэлд нь хориг тавьсан. Хэсэгчлэн хориг тавьсан бол тэр заалтууд дээр нь санал хураалт явуулах байлаа. Хориг хүлээж авсан анхны тохиолдол. Эрх зүйн зохицуулалтаар гацаагаа арилгах  нь зөв болов уу. 

Шадар сайд С.Амарсайхан:

-Санал хэлнэ. Хууль тогтоогчид баталсан хууль дүрэм журмаа сайтар харж, мөрдөх хэрэгтэй. Дэгийн тухай хуулиараа төсвийн дэг барих гэж дэг баталдаг. Ганцхан төсвөө дэгийн дагуу хэлэлцэхдээ хоригийг яаж хэлэлцэх вэ гэдгээ л тодорхой болгох ёстой.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-2025 оны төсөв батлагдсан ч Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Ингэснээр төсөвт нэлээд өөрчлөлт орох байх. Хэрвээ өөрчлөлт орж батлагдвал орон нутгийн төсөв яах вэ. Хуулиараа орон нутгийн төсвийг арванхоёрдугаар сарын 5-нд батлах ёстой. Улсын төсвөө батлах гэсээр байтал энэ хугацаа боллоо. Гэтэл төсөв батлагдсан гээд өөрчлөлт орохоор орон нутгийн төсөв өөрчлөгдөх үү?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Нэг удаагийн хуулийн төсөлтэй холбогдуулан хариулахад 2.1 зүйлд зааснаар Засгийн газрын боловсруулсан санал тооцооллыг үндэслэн 2025 оны төсвийн тухай хуульд гэхээр батлагдсан гэсэн үг. Тэгэхээр энэ дагуу орон нутгийнхээ төсвийг хэлэлцэж, батална. Дараа нь шаардлага үүсвэл тодотгол хийгээд явах байх. 

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан:

-Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирэх шаардлагагүй байсан гэж үзэж байна. Төсвийн тухай хуулиараа хэлэлцэх боломж байгаа. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг УИХ баталсан. Баталсан шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан. Ингэхээр Засгийн газрын өргөн барьсан төсөл хэвээрээ үлдэж, төсвийн хууль хүчингүй болсон. Тийм учраас Сангийн яамнаас санал авч, танана гэсэн үг. УИХ өөрөө хууль зөрчих гэж байна. Хөгжлийн хөтөлбөртэй уялдсан тооцоо судалгааг  хийж Засгийн газраас төсөв баталсан шүү дээ. Тэгэхээр Засгийн газарт буцаах ёстой. Хэрвээ төсвийг УИХ танавал механик хасалт хийж, ирэх жил хөгжлийн бүтээн байгуулалт, үр дүн хүлээх боломжгүй. 

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

-Зарчмын санал хэлье. Х.Ганхуягтай санал нэг байна. Засгийн газар гол саналаа ирүүлэх ёстой. УИХ төсвийн төсөл дээр өөрчлөлт хийхээс илүүтэй Засгийн газар алдагдалгүй төсөв батлах талаар боловсруулж, УИХ-аар батлах нь зүйтэй. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Гишүүд асуулт асууж дууслаа. Байнгын хороодын саналаар 2025 оны төсвийн тухай хуулийн хамт баталсан хууль тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг эцэслэн батлах саналын томъёоллоор санал хураая. Нийт гишүүдийн олонх баталсангүй. Тиймээс Дэгийн тухай хуулийн 90.8 болон 90.3 зааснаар Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хамтарсан хурлаа хуралдаж, үдээс хойшх хуралд саналаа дахин боловсруулж оруулж ирнэ. 

10 : 31
2024-11-29

Сайд нар зардлын ангилалаа нарийвчилж оруулж ирэх ёстой

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Хуулиар зайлшгүй тавих шаардлагатай төсвүүд гээд бас л хэл ам дагуулаад байгаа Соёлын яамны ваучерын асуудал. Хуулийн заалттай, төсөвт суух шаардлагатай нөхцөл хангагдчихаад орж ирээд тодорхой улс төрийн нөхцөл байдал үүсгэсэн. Тэгэхээр хуулиар төсөвт тусгах зайлшгүй шаардлага үүсгэсэн 26 хууль байна гэсэн бил үү?

Сангийн сайд Б.Жавхлан:

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг өнөө маргаашгүй гишүүдэд хүргүүлнэ. Ганц Соёлын яамны ваучер ч биш. 2024-2025 оны төсвийн өсөлт 3.5 их наяд төгрөг тэр дунд салбарын сайд нар өөрсдөө зохиогоод тавьсан зардал гэж нэг мөнгө ч байхгүй. Бүгд хууль, УИХ-ын тогтоол, төсөл хөтөлбөрийн дагуу тавигдаж байгаа урсгал зардлууд. Энийг нэгбүрчлэн мэдээлнэ. Цаашдаа төсвийн зардлын өсөлтийг хязгаарлая гэж байгаа бол энэ шийдвэрүүдээ эргэж харах цаг болсон. 

Соёлын яамны ваучерт төсөвлөсөн 18.5 тэрбум төгрөг 3.5 их наяд төгрөг дотор багтаж байгаа 46 хууль тогтоомжийн шийдвэрийн дагуу тусч байгаа зардлын нэг. Тэрний нэг л хэсэг. Тиймээс гишүүд цаашдаа яах вэ гэдгээ харах цаг болсон.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын түвшинд тусдаа хуулиар Төсвийн хуулиас гадуур хийдэг байдлыг таслан зогсооход анхаарч ажиллая гэдэг чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгсөн байна лээ. Хоёрт, хуулиар албан байгууллага шинээр байгуулах, орон тоо нэмэх асуудлыг өнгөрсөн парламентын үед нэлээд гарч байсан. Жишээлбэл, 10 жилийн дотор 20 агентлаг хуулиараа байгуулсан байдаг. Энэ байдлыг таслан зогсоох ёстой. Х.Булгантуяа гишүүнээр ахлуулсан 25 гишүүнтэй Төсвийн хууль болон төсөв хэлэлцэхтэй холбоотой бусад хуулиудын хоорондын цагалбарыг жигдлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд хуулиудын асуудлыг хөндөх нь зүйтэй гэдэг байр суурийг хэлж байгаа. Ирэх долоо хоногт ажлын хэсэг хуралдаж, Баасан гаригийн чуулганд мэдээлэл өгөх байх. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Парламентад олон намын төлөөлөл орж ирж гишүүдийн тоо 126 болсон.Тиймээс зохицуулалтуудын хувьд зайлшгүй хийх шаардлагатай олон өөрчлөлтүүд байна. Ялангуяа төсөвтэй холбоотой асуудлууд дээр нийгэмд гаргаж ирж тавьж байгаа гишүүдийн асуудлуудыг ч харж байхад Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Төсөв хэлэлцэж байх явцад ихэнх гишүүд зөвхөн нэг удаагийн асуудлыг хөндөөгүй. Төсвөө хэлэлцэхдээ зөв зарчим баримталж байна уу, төсвөө хэмнэх тал дээр ямар санаачилгатай ажиллах ёстой вэ гэх зэрэг асуудлыг хөндсөн.  Энэ удаа нэг удаагийн хуулийг дэмжиж байна. Ер нь цаашдаа төсөв хэлэлцэх процессыг Дэгийн хуулиараа дэлгэрэнгүй тусгаж өгөхгүй бол цаашид олон эргэлзээтэй асуудал тулгарахааар байна.  Төсөв хэлэлцэхдээ Төсвтйн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн санал, Үндэсний аудитын газраас өгсөн дүгнэлтийг хүлээж авсан билүү. Энэ хоёр байгууллагын дүгнэлтийг хүлээж авахгүй юм бөол дүгнэлт гаргуулах ямар шаардлагатай юм бэ.  Авдаг байвал ямар цар хүрээнд хүлээж авах юм. Энэ байдлаасаа авахуулаад зохицуулалтуудаа сайн хиймээр байна. Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төсөл дээр Төсвийн байнгын хороо юм уу, Төсвийн ажлын хэсгийнхэн давуу байдалтай оролцоод байх юм бол яаж цаашаа явах юм бэ. Эсвэл Төсвийн байнгын хорооны хурал дээр 126 гишүүн орж үгээ хэлэх юм уу. Ажлын хэсэгт орох юм уу. Хэдхэн хүний давуу байдлаас үүдэн өнөөдрийн төсвийн хэрүүл гарч  байж магадгүй. Засгийн газраас өргөн барьсан хууль дээр Засгийн газрын гишүүд дундуур нь ил, далдаар орж үймүүлдэг.  Засгийн газрын гишүүдэд тийм эрх байх ёстой юм уу, үгүй юм уу гэдгийг угаар нь ярьмаар байна. Төсвийн задаргааны асуудал бий. Нийт 3.6 их наяд төгрөг хэмнэмээр байна гэх асуудал бий. Сонсоаод их то Гэтэл тэр дотор хасаж болохгүй зардлууд бий. Хэрэв энэ давалгаанд ороод хасчихвал төрийн үйл ажиллагаа доголдвол яах вэ.  Гэхдээ хасахгүй явуулвал хэтэрхий үрэлгэн төсөв болчихвол яах вэ. Тэгэхээр сайд нар төсөв дээр ямар төсүүд орсон, ангилал нь юу байна гэдэг асуудлаа олон нийтэд тараагаад өгчихвөл яадаг юм. Тиймээс зардлын ангилалыг ялгаж салгахын тулд зардал зардлын ангилалаа сайд нар оруулж ирдэг Дэгийн тухай хууль оруулж ирвэл яадаг юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Төсөв хэлэлцэхтэй холбоотой асуудлбг энэ ондоо багтаж халуун дээр нь шийдье гэсэн. Тэгэхргүй бол төсөв хэлэлцэхтэй холбоотой асуудал үүсэхэд УИХ-ын гишүүд өөрсдийн санаа бодлыг бүрэн тусгаж чаддаггүй.  Төсвийн үр ашигтай байдал дээр бодитой дүгнэлт гаргаж түүнийгээ хэрэгжүүлж чаддаггүй асуудлууд хүртэл энд хөндөгдөж байгаа. Энэ удаагийн 126 гишүүнтэй парламент асуудалд ажил хэрэгчээр хандах нөхцөл боломжууд өргөн хүрээнд тавигдсан. Анхны төсөв учраас аль аль Дэг нь  шинэ, гишүүд нь шинэ учраас  өнөөдрийн асуудлууд үүссэн. Үүнийг тал талаасаа ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин дараа жилийн төсөв хэлэлцэх үед дахин ийм хэмжээний алдаа гаргахгүй, гишүүд оролцоогоо бүрэн хангахын тулд Төсвийн тухай хууль, Дэгийн тухай хууль, Төсвийн хүрээтэй холбоотой асуудлууд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт гэх мэт олон зүйлийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж, хоорондоо зөрчилгүй байя гэдэг асуудлыг хөндөж байгаа юм. 

10 : 07
2024-11-29

Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэнэ

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-29 76.68.83.100

Эцсийн эцэст улс төрийн намын xуультай төсвийн зөрчил уялдаатай Намын туxай xуулиа төсвөөр xалxавчлаад зальдаж өнгөрвөл төсвөөсч том алдаа !!!!!!!

Avatar

Нэргүй 2024-11-29 76.68.83.100

Урд нь мэддэггүй байсан xарин энэ төсөв гэдэг чинь иx сонирxолтой, буцxаараа бүрч сонирxолтой болдог эд байнашдээ ккк, минийxээр бол тэр xүүxдийн киноны мөнгийг xасчxаар болмоор санагдаад байгаам "ИЙМ ЧУXАЛ ҮЕД ТИЙМ ИX МӨНГӨ КИНО ҮЗ ГЭЖ ТАРААX ЭРҮҮЛ СЭТГЭXҮЙ МӨН ҮҮ" . Тэнэг xүн тэс дундуур нь гэж минийx зөвдөx байxаадаа явж явж ккк

Avatar

Нэргүй 2024-11-29 76.68.83.100

Жавxлан Даваасүрэн xоёрын яриxыг xараxаас зүрxшээгээд байx юм xэзээ xийсэн үйлийн үр юм болоо.

Avatar

Нэргүй 2024-11-29 76.68.83.100

Улам л гоё болоод байна ккк

Avatar

И 2024-11-29 66.181.161.53

энэ их хурал 126 уул болсон. гэтэл зугаалдаг 30 гаруй, асуудалд оролцож санал, дүгнэлт хэлдэг 5. 6 . За нэг иймэрхүү их хурал. Засгийн газар нь томроод л…

Avatar

Зочин 2024-11-29 66.181.176.95

Хэдхэн хоногт төсвийн зохицуулалт хийж амжихгүй гэх юм, өдөр шөнөгүй ажиллаж амжуулах хэрэгтэй ш дээ, гишүүд болон сайд нар ард түмэнийхээ төлөа морь нохой мэт зүтгэнэ гэж сонгогдоо биздээ.Төсөвт хамаатай бүх хүн бусад бүх ажлаа орхиоод суу ажилла

Avatar

to stuped 126 pigs 2024-11-29 103.57.92.9

2025 оны төсөв макро үзүүлэлтээр ямар байх нөхцлөө УИХ гаргаад энэ түвшинд тохируулж төсвөө болосуулаад оруулж ир гээд Засгийн газарт чиг өгчих. тэгээд тэр макро үзүүлэлтийг хангасан бол УИХ хянаад л батлаад Ерөнхийлөгчид шилжүүл л дээ. Засгийн газрын төсөл уруу гэж хориг тавиагүй, УИХ хууль өрчсөн байна. Төсвийн чинь үзүүлэлт бодитой биш байна гэж л хориг тавигдсан. Иймд Ямар зардал хасаж ямар орлоготой байхаа засаг шийдээд дахин хянаад ир гээд л явуулаач дээ. Үхсэн баасны нь өөр журам шаардах.

Avatar

зочин 2024-11-29 192.82.64.167

УИХ-ын гишүүд яг л ярьдаг морь гэдэг шиг. Ингэхэд наад төсвийн төслийг чинь хийх гэж, та нарын таалалд нийцүүлэх гэж маш олон алба хаагчид шар махтайгаа хатаж, үйлээ үзэж байгаа. Хамтраад ойлгоод урагшаа хөгжлөө бодоод ажлаа хиймээр юм биш үү. Цаг хугацаа самуурлыг хүлээхгүй, бид хожигдох л байх даа.

Avatar

иргэн 2024-11-29 202.21.126.195

ЗГ-тай УИХ яагаад хариуцлага ярьж чадахгүй байгаа.Жавхлан Гантөмөр нар огцрох ёстой.Оюунэрдэнэ сайд нартаа хариуцлага яагаад ярихгүй байгаа.Чадахгүй бол өөрөө ажлаа өгөлдөө.Нийслэл гэж бас ард иргэдээ дарамтласан газар боллоо.Хувийн өмчрүү нь байнга халддаг үүн дээр төрийн 3 өндөрлөг гэдэг нөхдүүд юуч дуугарахгүй юм.Маш их эрх мэдэлтэй нөхөр л байх юм Нямбаатар.Иргэд нь ямарч хүлцэнгүй юм таг л байх юм амьдрал нь болоод байгаа юм байх даа.

Avatar

Зочин 2024-11-29 103.212.118.187

Засгийн газар сангийн яам тосов дээр. Муу ажилласнаас ийм бантан болж байна Тосвийг буцаах естой Гишууд сацжруулж чадахгуй Амарбаясгалан яагаад гишуудийг ийм олноор нь гадагшаа явуулж байна

Avatar

Монгол хүү 2024-11-29 64.119.29.63

ХАРИН ТИЙМ ДЭЭ!!! ЭНЭ УИХ -Д МОНГОЛЫН АРД ИРГЭДИЙГ БОДДОГ НЬ ЦӨӨХӨН БАЙХ Л ХАРАГДААД БАЙНА. ҮНЭНДЭЭ ХЭДХЭН ЗАЛУУ УИХ-ГИШҮҮД Л АРАЙ ЭРҮҮЛ БОДОЛТОЙ БАЙСАНД БАЯРЛАЖ БАЙНА. ЭНЭ ХӨГШИН ТӨГЦӨГҮҮД ӨӨРСДИЙНХӨӨ ЖАЛГА ДОВ ТОЙРСОН БОЛОН ӨӨРТӨӨ АШИГ ОЛОХ ГЭСЭН БОДЛООС ХЭТРЭХГҮЙ УЛС ЭХ ОРНОО ГУТЛЫН УЛНААСАА Ч ДООГУУРТ БОДОЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР Л УЛААНДАА ГАРЧ МОНГОЛ АРД ИРГЭДИЙГ ГУЙЛГАЧИНГУУД БОЛГОХЫГ Л ХҮС Ч БАЙГАА МЭТ АВИРЛАЖ БАЙНА ДАА…ЭДЭНД ХАРИУЦЛАГЫГ АМЬ НАС, ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭДТЭЙ НЬ ТООЦМООР БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2024-11-29 139.5.219.151

Чуулган болгон 20-30 гишүүн байхгүй л гэхийн,Тйим олон 126 болгох хэрэг байгаагүй юм биш үү

Avatar

Нэргүй 2024-11-29 139.5.216.69

АВИЛАГЧ ЖАВХЛАНГ ЖАДЛАН ЗАИЛУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж