Ливаны иргэдийн хувьд гал зогсоох хэлэлцээр түргэн хугацаанд хэрэгжээгүй бололтой. Ромд болж буй Ойрхи Дорнодын асуудлаарх бага хурлын үеэр Ливаны тэргүүлэх шинжээч гал зогсоох товлогдсон цаг ойртох тусам цурам ч хийж чадахгүй байгаа талаараа сэтгүүлчдэд ярьсан байна. Тэрбээр яг л зул сарын баярын өмнөх орой догдолж буй хүүхэд шиг байсан бөгөөд дайн дуусаж буйд итгэж чадахгүй байсан юм. Өнгөрсөн хугацаанд 3500 ливан хүн Израилийн цохилтод амиа алдаж, сая гаруй хүн орон гэрээ орхихоос өөр аргагүй болсон учир гал зогсоох хэлэлцээр эхлэх нь ямар их тайвшрал, баяр баяслыг авчирч буйг дэлхий нийт хэлүүлэлгүй мэдрэх байх.
Гэвч зарим израильчуудын хувьд Хезболла бүлэглэлд их хэмжээний хохирол учруулж чадаагүйдээ сэтгэл дундуур, ялагдсан мэдрэмж авч байж магадгүй юм.
Израилын ерөнхий сайд Беньямин Нетаньяху өмнө зүг рүү 60 мянга орчим энгийн иргэн нь дүрвэхээс өөр аргагүй болсон сүнслэг хотын дарга нартай уулзжээ. "Ynet" мэдээллийн цахим хуудаст мэдээлснээр, ерөнхий сайд болон дарга нарын уулзалт нэг нэгэн рүүгээ хашхирсан түрэмгий уулзалт болж өндөрлөсөн гэжээ. Тодруулбал, Нутгийн зарим албан тушаалтнууд Ливан дахь дайснаас болж иргэд нь гэртээ ирэх хүсэлгүй байгааг илтгэж, яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахгүй байгаад бухимдсан байна. Хилийн ойролцоох Кирят Шмона хотын дарга гал зогсоох хэлэлцээр хэрэгжинэ гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлсэн төдийгүй Ливантай хиллэх өмнөд хэсэгт хамгаалалт гаргаж өгөхийг шаардсан аж. Энэ мэтчилэн албан тушаалтнууд хоорондоо үл ойлголцсон бол иргэдийн дунд болсон санал асуулгад талаас илүү хувь нь Хезболла-г ялагдаагүй, хэзээ нэгэн цагт халдлага үйлдэхээр хил даван орж ирэх болно гэжээ.
Харин 30 хувь нь гал зогсоох хэлэлцээр бүтэлгүйтнэ гэж үзсэн байна.
Нью-Йорк хотод байх НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнгөрсөн есдүгээр сард гал зогсоох хэлэлцээр ойрхон байна гэж мэдэгдэж байлаа. Мөн Их Британи, АНУ-ын дипломатууд одоо болж буй хэлэлцээр шиг зүйл болно гэдэгт итгэлтэй байсан юм. Учир нь дайтаж буй талууд 2006 оны Ливаны дайныг зогсоох зорилгоор баталсан Аюулгүйн Зөвлөлийн 1701 тоот тогтоолын үндсэн дээр гал зогсооход бэлэн байгаагаа илэрхийлэх болно гэж найдаж байжээ. Энэ нь Хезболла дайны цэгээс ухарч, оронд нь НҮБ-ын энхийг сахиулагчид болон Ливаны зэвсэгт хүчин тогтвортой байдлыг хангах юм. Улмаар Израилийн цэргүүд аажмаар мөн адил ухрахыг хэлнэ. Гэсэн хэдий ч, Нетаньяху НҮБ-ын индэр дээр ямар ч нөхцөлөөр галыг зогсоохгүй гэх ширүүн үгсийг хэлсэн байдаг.
Түүнийг дагалдаж явсан зураглаач уг хурлын дараа Хезболлагийн тэргүүн Хассан Насраллаг холбогдох албатуудынх нь хамт устгах тушаалыг Нетаньяху өгч буй мөчийг гэрэл зурагт буулгажээ.
Ерөнхий сайдын оффис эдгээр зургуудыг хэсэг хугацааны дараа олон нийтийн сүлжээнд дэлгэж, АНУ-ын гал зогсоох дипломат саналыг няцаасан байдаг. Ингэснээр Нетаньяху НҮБ-ын индэр дээр хэлсэн түрэмгий үгсээ баталж, Хезболлатай улам ширүүн тулалдаж эхэлсэн юм. Гэхдээ гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн тул Хезболла Израилийн заналхийлэх шалтгаан байхаа больсон.
НЕТАНЬЯХУ НӨӨЦӨӨ СЭЛБЭХ ЦАГ
Цэргийн амжилт бол Нетаньяхуг гал зогсооход тохиромжтой цаг гэж ятгах хэд хэдэн зүйлсийн нэг юм. Израилийн Ливаныг сүйрүүлэх төлөвлөгөө Газын зурвастай харьцуулахад бага тул гал зогсоосноор энгийн иргэд нь гэртээ харьж, хэсэг хугацаанд улс төрийн маргаан үүсэхгүй гэж Нетаньяху бодсон байж магадгүй. Түүнчлэн, Хезболла дахин халдлага үйлдэхээр төлөвлөж байх юм бол хариу арга хэмжээ авч болох зөвшөөрөл олгосон АНУ-ын захидал байгаа.
Тиймээс гал зогсоохыг зөвшөөрч буй мэдэгдэлдээ Нетаньяху Бейрутыг хөрстэй нь тэгшилсэн тухайгаа дурдаж, цэргүүддээ амрах, нөөц хүчээ нөхөх боломж олгож байна гэжээ.
Өөр нэг шалтгаан нь Израиль Хамас болон Хезболлагийн холбоог тасалсан явдал юм. Учир нь аг хоёр алан хядагч бүлэглэл хамтран нэг нэгэндээ дэмжлэг үзүүлдэг тул удирдагчид нь нас барснаар хэн ч хэсэг хугацаанд холбоо тогтоох зориг зүрх хүрэхгүй гэж ерөнхий сайд үзжээ. Одоо Газын зурвас улам их аюулд орох болно. Учир нь дэмжлэггүйгээр Хамас дангаараа Израилийн эсрэг босч чадахгүй бөгөөд палестинчууд амиа золиослохыг хүсэхгүй гэж Нетаньяху хэлсэн байна. Түүнчлэн, Ираны сул талыг анхааралдаа авах боломж Израильд олдож байна. Хезболлахыг хохирооно гэдэг нь Ираныг хохироосон гэсэн үг. Учир нь уг бүлэглэлийг Израилийн хил дээр заналхийлэл учруулах зорилгоор Иран санхүүжүүлсэн. Мөн Хезболла нь Ираны эсэргүүцлийн тэнхлэгийн /axis of resistance/ хамгийн хүчтэй бүлэг байжээ.
Хамас, Хезболлагүй Иран ямар алхам хийх нь Нетаньяхуд сонирхолтой байгаа бололтой.
ИРАН ЯАГААД ГАЛ ЗОГСООХЫГ ХҮСЭВ?
Хезболлагийн амьд үлдсэн удирдагч шиг Ираны ивээн тэтгэгчид гал зогсоохыг хүссэн. Хезболлад шархаа нөхөх цаг хэрэгтэй байна. Ираны хувьд геостратегийн алдагдлаа зогсоох шаардлагатай. Учир нь тус улсын эсэргүүцлийн тэнхлэг үргэлжлүүлэн Израилийн эсрэг тэмцэх чадваргүй болоод байна. Үүний нэг жишээ нь, Насраллаг алсны дараа Иран өшөө авах журмаар Израиль руу пуужин харвасан боловч хариуг нь хэдэн мянган хүнийхээ амиар төлсөн.
Одоо амьд сэрүүн биш хоёр хүн анх Израилийг зөвхөн Ливан руу довтлохоос гадна Иран руу халдахаас сэргийлэхийн тулд Хезболлаг үүсгэн байгуулжээ. Тэдний нэг нь 2020 оны нэгдүгээр сард Багдадын нисэх онгоцны буудалд Америкийн нисгэгчгүй онгоцны цохилтод өртөн амь үрэгдсэн Ираны Хувьсгалт гвардийн Кудс хүчний дарга Касем Солеймани байв. Түүнийг хөнөөх тушаалыг Дональд Трамп анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас хэдхэн долоо хоногийн өмнө гаргасан байдаг. Харин нөгөө нэг үүсгэн байгуулагч нь Хассан Насралла бөгөөд Бейрутын өмнөд захад Израилийн асар том агаарын цохилтод өртөж амь үрэгдсэн юм.
Хезболла болон Ираны дайнаас урьдчилан сэргийлэх бодлого 2006 оноос хойш Израилийн бодлоготой бараг л адилхан байснаар мөргөлдөөн үүсгэж байгаагүй аж. Гэхдээ, аравдугаар сарын 7-нд болсон халдлагын дараа Израиль дайныг зогсоох, саатуулах ямар ч арга, бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй гэж шийдсэн байдаг. Тус улсын хамгийн чухал холбоотон АНУ мөн адил дайныг хязгаарлах үйлдэл хийгээгүй бөгөөд зэвсгээр бүрэн хангасан.
Үүнийг Насралла урьдчилан харж чадаагүйгээс амиа алдсан гэж ажиглагчид үздэг байна.
Учир нь Хезболла дайныг хязгаарлах Израилийн бодлого хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж бодсон бололтой. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Израилийн сүйрүүлэх дайныг Хезболла бий болгох гэж хичээж, амжилттай байгаа мэт харагдаж байсан. Гэсэн хэдий ч есдүгээр сарын 7-нд Израиль пейжер ашиглан тэсрэх бөмбөгийн халдлага үйлдсэнээр Хезболлаг дөнгөж чаджээ. Ираны хамгийн хүчирхэг зэвсгийн Хезболла ашиглаж чадхаасаа өмнө ганхсан гэж Израилийн эрх баригчид үзэж байна. Жишээ нь, Насралла тэргүүтэй удирдагчдыг зэвсгийн агуулахтай нь хамт Израиль устгасан. Дараа нь Өмнөд Ливан руу довтолж, хилийн тосгон, Хезболлагийн хонгилын сүлжээг бөөнөөр нь устгасан учир Иранд дайныг үргэлжлүүлэх арга зам хомсодсон аж.
ТРАМП, ГАЗА БА ИРЭЭДҮЙ
Ливанд гал зогсоох нь Газын зурваст гал зогсоохыг илэрхийлэхгүй. Газын зурваст бэлдсэн Израилийн төлөвлөгөө бол арай өргөн цар хүрээтэй дайн. Энэ нь өшөө авалт, Нетаньяхугийн улс төрийн оршин тогтнол төдийгүй Палестины тусгаар тогтнолыг эрс үгүйсгэх тухай юм. Ливаны гал зогсоох хэлэлцээр их хэврэг бөгөөд цаг хожихын тулд санаатайгаар хэрэгжүүлж эхлэх гэж удааж байсан гэж ажиглагчид үзэж байна. Хүчин төгөлдөр хэрэгжих 60 хоног дуусахад Дональд Трамп Цагаан ордонд буцан ирнэ. Тэрбээр гал зогсоохыг хүсч буйгаа илэрхийлж байсан ч нарийвчлан тайлбарлаагүй. Ойрхи Дорнод түүнийг ямар шийдвэр гаргахыг хүлээж байгаа нь баараггүй. Өөдрөг үзэлтнүүд Дональд Трампийг Ирантай холбоо тогтоож, асуудлыг шийдвэрлэнэ гэж найдаж буй. Эсрэгээрээ Палестиныг тусгаар улс гэж хүлээн зөвшөөрөхгүй, Израильд дайныг үргэлжлүүлэх бүрэн эрх мэдэл олгоно гэж зарим хүмүүс эмээж байна.
Улмаар Израилийн Палестинаас хүсч буй газар нутаг болох Газын хойд хэсэг, Баруун эрэг бүхэлдээ дайны сүүдэрт дарагдаж, олон сая хүн эх оронгүй болж магадгүй гэж үзжээ.
Бүс нутгийн улс төрийн хагарал дуусах хүртэл Ойрхи Дорнодод дайн, хүчирхийлэл дуусахгүй нь тодорхой. Нетаньяху болон түүний засгийн газар батлан хамгаалах хүчээр дайснаа дарж чадна гэж үздэг. Тиймээс Израильд давуу байдалд олгох гэж Нетаньяху АНУ-ын ямар ч хязгаарлалтгүй тусламжаар хүчээ сэлбэж байна. Зуу гаруй үргэлжилсэн мөргөлдөөнд араб болон еврейчүүд цэргийн хүчээр ялалт байгуулж, энх тайвныг тогтооно гэж олон удаа мөрөөдөж байсан гэж хэлж болно. Үүний адил Израиль аравдугаар сарын 7-ны халдлагыг ашиглаж Палестиныг тусгаар улс гэж үзэлгүй, мөргөлдөөнөөр дарах гэж зорьж байна. Ливаньд гал зогсоох шийдвэр гаргасан нь үнэн хэрэгтээ Палестинд итгэл найдвар төрүүлж, дарж авах гэсэн Израилийн төлөвлөгөө бололтой. Энэ бол зүгээр л Израильд амраад авах боломж бөгөөд эцсийн шийдэл биш юм.
Нэргүй 2024-11-29 95.99.118.211
Yamar evgui sunsleg orchin be hehehe Dandaa l iim baisan shuu dee, Baruuniihnii israiliig demjij baigaagaar unen nuur torhiig ni ulam ih l harj baina daa.