УИХ-ын чуулган өнөөдөр /2024.11.28/ 10.00 цагт эхэллээ.
Д.Ганбат: Хэрэгжээд явж байгаа хуулийг хүчээр зогсоох юм уу?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Та нар намыг бойжуулаагүй. Яагаад хуулийн зүйл заалтыг зөрчөөд байгаа юм бэ. УИХ хоёр намын бүлэгтэй. Нэг бүлэг нь болох АН-ын бүлэг хуралдаад энэ хуулийг хойшлуулахыг дэмжээгүй. Гэтэл одоо яах юм, хүчээр зогсоох юм уу. Хэрэгжээд явж байгаа юмыг дундуур нь зогсоож яах гээд байгаа юм. Хэрэгжээд явахад нь юунд нь дургүйцээд байгаа юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ:
-Хууль тогтоомжийн тухай хуулийнхаа дагуу бүх процедурээ дамжаад өргөн баригдаж байгаа. Хууль зүйн яамны том дүгнэлтийн дагуу энэ хууль орж ирсэн гэж ойлгож байгаа. Танайх, танайх гээд яриад байх юм. Хууль зүйн яам бол үндсэндээ Ардчилсан намын сайдтай байгаа. Тэнд зөв өнцгөөс нь харсан болов уу.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:
-2025 оны төсөв дээрээ хориг тавиулчихаад байж байгаа хэр нь Улс төрийн намын тухай хууль хэлэлцээд сууж байгаа нь эмгэнэлтэй ч юм шиг. Хууль хэлэлцэх дараалал, хөрөнгө оруулалт, нэн тэргүүнд юу нь чухал вэ гэдгээ манай парламент барихгүй юм. 2023 оны долдугаар сарын 7-нд баталсан хуулиа дахин өөрчлөх болж байгаа нь, хууль хэрэгжих хугацааг нь 2027 оны наймдугаар сарын 1-н гэж оруулж ирж байгаа нь олны эгдүүцлийг хүргэж байна.
Хууль зүйн яамаараа хянагдаад Засгийн газраас өргөн барьсан болохоор хэлэлцэх л байлгүй. 2027 оны наймдугаар сарын 1-н гэдэг хугацаа үнэн инээдтэй шүү. Миний асуух асуултыг түрүүн асуучихлаа.
УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан:
-Хариулт авч чаддаггүй дээ. Энэ хуулийг Ерөнхийлөгч санаачлан, УИХ-аар батлуулсан. Том шинэчлэл хийх хууль хэрэгжээд эхэлж байтал яагаад хугацааг нь хойшлуулах гээд байгаа юм бэ. Ерөнхийлөгч хориг тавибал яах вэ?
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:
-Ерөнхийлөгч хориг тавих эсэх асуудалд би тайлбар хийх субьект биш. Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхийн асуудал.
Улмаар хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд саналаа хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-Ерөнхийлөгчөөс өгөн барьсан Улс төрийн намын тухай хуульд 20, 30 жил яригдсан асуудлыг тэр дундаа улс төрийн намуудыг шилэн болгох, тунгалаг болгох, ёс зүйтэй байх гээд олон зүйлийг тусгасан байсан. Уг хуулийг өнгөрсөн парламентаар баталсан. Өнөөдөр энэ хууль хэрэгжээд явж байна, энэ хуулийг мөрдөх хуулийн зарим нэг заалтыг хойшлуулах асуудал яригдаж байна.
Бид Үндсэн хуулийн үзэл баримтлалаараа олон намын систем бий болгох,том эрх зүйн өөрчлөлтөд шилжээд олон жил болж байгаа.
Олон намын системээ илүү төгөлдөржүүлэхэд өнөөдрийн энэ өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзэж байна.
Зарим нэг намууд хариуцлагагүй хандаж байгаа зүйлүүд бий. Гэлээ гэхдээ энэ намууд институцээрээ хөгжих боломжийг бүрдүүлэх ёстой. Үндсэн хуульдаа бид томоохон өөрчлөлт хийсэн. УИХ -ын гишүүдийг 126 болгосон өөрчлөлт бол энэ парламентад олон нам орж ирэх бололцоог хууль эрх зүйн хувьд хангаж өгсөн. Олон намын тогтолцоотой гэж байгаа боловч хоёр нам ээлжлээд шахуу төрийн эрх барьж ирсэн тогтолцоог өөрчлөхийн тулд 126 гишүүнтэй болгосон. Анхны парламент таван намаас бүрдсэн. Парламентаар хэлэцэж байгаа асуудлыг олон талаас нь ярьж байгаа нь таван нам бүрдсэний ач холбогдол гарч байна гэж үзэж байна. Тийм учраас энэ хуулийг өнөөдөр хэлэлцэх эсэхийг нь шийдээд мөрдөх хугацааг нь сайн ярилцах шаардлагатай гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
-Улс төрийн намын шинэчлэл бол Монголын парламентын ардчиллын хамгийн гол баталгаануудын нэг. Улс төрийн намуудын дотоод ардчилал хөгжих, улс төрийн нам бодлогын институци болж төлөвших боломжийг улс төрийн намууд бий болгох ётсой.
Улс төрийн намын тухай хууль, дагаж гарч байгаа журмын тухай хуулиудыг хэрэгжүүлэх ёстой.
Хугацааг хойшлуулахын цаад ньюанс нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн сонгуульд оролцох тэгш эрхийг хангах асуудлыг хойшлуулж байгаа юм шүү гэж хэллээ. 126 гишүүнтэй парламент байгуулагдаад дөрвөн сар болж байна. Энэ сонгуулиар анх удаа 32 эмэгтэй гишүүнтэй парламент бүрдсэн нь хувь тэнцүүлсэн тогтолцоог оруулж ирсний нэг ач холбогдол юм. Улс төрийн намууд эрэгтэй, эмэгтэй сөөлжүүлэн нэр дэвшүүлж, аль нэг хүйс нь 40 хувиас доошгүй байх бүрэн бололцоо байгаа. Улс төрийн намуудын гишүүнчлэлийн бүрэлдэхүүнийг харвал ихэнхдээ эмэгтэйчүүд олонхи байдаг. Гэтэл тэр олон эмэгтэй эгэл жирийн гишүүдийн өмнө “бид нар жендерийн тэгш эрхийг хангах бололцоогүй” гэдэг зүйлийг зарим намын удирдлага яриад сууж байгаад гайхаж байна.
НҮБ -ын хөгжлийн хөтөлбөр, Солонгосын КОКАЙ байгууллагын дэмжлэгтэйгээр энэ сонгуулийн хууль өөрчлөгдөж, энэ боломж нээгдсэн. Гэхдээ тойргоос сонгогдсон эмэгтэй гишүүдэд байдал маш хүнд байсан нь гол нь намын санхүүжилт, сонгуулийн зардал өндөр байсантай холботой.
Намын санхүүжилт ил тод бус байх, сонгуулийн зардал хэр өндөр байна, төдий чинээ дараа нь засаглах процесс авлигад автагдах эрсдэл төдий чинээ өндөр байгаа.
Тийм учраас намын санхүүжилт бол ил тод байх шаардлагыг Үндэсний эвслийн зүээс тавьж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг намууд нь өөрөө авлигажаад болохгүй болохоор улс орон авлигад идэгдээд болохгүй байна гэдэг иргэдийн шүүмжлэл явж байгаа. Хэрэгжээд явж байгаа хуультай холбоотойгоор яммр ч хууль өргөн барихгүй гэдэг тодорхой заалт байна. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх ёстой Засгийн газар хуулийн төсөл өргөн мэдүүлж байгаад харамсалтай байна. Энийг нь хэлэлцээд сууж байгаа УИХ өөрөө сонин байдалд орж байна. Хуулиа татаад авчих л даа. Засгийн газар хэдэн удаа бүдрэх гэсэн юм бэ. Эхлээд олонхи болчихоод Үндсэн хуулийнхаа дагуу Засгийн газраа байгуулаад явах ёстой байсан.
Парламент 126 гишүүнтэй боллоо, Монгол Улс маш сайхан болно гэсэн сурталчилгаа байнга явуулсан, иргэдийн хүлээлт маш их байсан.
Гэтэл одоо иргэдийн амьдралд хүнд байна. 48 сарынхаа 12 хувийг авчихлаа, гэтэл хийж гийгүүлсэн юм юу байна.
Засгийн газар байгуулагдаад 100 хоног болж байхад ийм ажил хийсэн байна гэдгээ танилцуулдаг. Гэтэл УИХ нь ч төсвийг яаж хэлэлцэв, тодотгол хийнэ гэж яасан ч юм, төсөвгүй сууж байна.
Ийм байхад больсон нь дээр байх. Засгийн газрыг огцруулах гээд байгаа хүн нэг ч алга. Засгийн газрын байгуулсан парламентад суудалтай намууд гээд цээжээ дэлдээд байдаг. Намын дүрмээ, хуульдаа нийцүүл л дээ. Хэчнээн хойшлуулах гэсэн юм бэ. Бидний хувьд эргэж очоод уулздаг ард түмэнтэй, өгсөн санал бодлыг нь хэлэлцүүлж, улс орны амьдралыг өөд нь татах ёстой. Зүгээр хэрэгжээд явж байгаа хууль руу орж хойшлуулъя гээд байдаг. Төсөв ч үгүй сууж, улс орон хүнд байна.
Эрчим хүчний реформ хийнэ гэсэн ч үнэ л нэмлээ. Улс орон хөлдөх юм уу. Хотын агаарыг хар л даа.
Эртхэн татаж аваад больсон нь дээр.
Хуулийн төслөөр санал хураах ёстой ч гишүүдийн ирц хангалтгүй тул маргааш болгон хойшлууллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. танилцуулгыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хийлээ.
Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хийлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Х.Жангабыл танилцуулав.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг түр завсарлуулаад байна.
Нийт 28 гишүүн асуулт асууж, 4 гишүүн үг хэлнэ
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэнэ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Э.Болормаа танилцуулав.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Би УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр байнгын хороодод хуулийн төсөл хуваарилсан талаарх мэдээллийг энэ дундуур хийе. УИХ-д өргөн мэдүүлсэн хууль эрх зүй, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн талаар хуралдаанд мэдээлнэ гэж заасан байгаа. Нэг, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороонд. Хоёрт, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газар 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд. Гурав, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт өөрчлөлтийг Засгийн газар 2024 оны арваннэгдүгээр сарын 22-нд өргөн мэдүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд. Дөрөв, Бага хэмжээний цөмийн материалыг шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай төслийг Засгийн газар 2024 оны арваннэгдүгээр сарын 22-нд өргөн мэдүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын хороонд тус тус хуваарилсан.
Ингээд УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Нийт 150 минутад 28 гишүүн асуулт асууж, дөрвөн гишүүн үг хэлнэ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-ТББХ-ноос нэг асуулт байна. УИХ-ын тухай хуулийн 46.46.5.4 зүйлд зааснаар УИХ-д өргөн мэдүүлэх хууль тогтоомжийн төсөл энэ хуулийн 36 дугаар зүйл, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан бүрдүүлбэр хангасан эсэхийг хянах, энэ хуулийн 13.1.14 заасан тохиолдолд дүгнэлт гаргах, төслийг зохих журмын дагуу өргөн мэдүүлэх бэлтгэлийг хангах гэжээ. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд УИХ-д өргөн мэдүүлэх журмын талаар зохицуулсан байх бөгөөд хуулийн 41.7 зааснаар УИХ-ын Тамгын газар энэ хуулийн 41.3 заасны дагуу хянаж, 41.5 зааснаар дүгнэлт гаргаж, хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн бол УИХ-ын даргад танилцуулж, хууль санаачлагчид буцаана гэж заасан байна.
УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа энэ асуудал Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцэж байгаа юу. Хоёрт, 2024 оны долдугаар сарын 1-нээс 6 сарын дотор авч хэрэгжүүлэх Улс төрийн намын тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудал. Үүнд, тодорхой хугацааг хуульд зааж өгсөн. Анх 2023 оны долдугаар сарын 7-нд батлагдсан хууль өргөн баригдсан төслөөрөө батлагдсан. Хувийн хэргийг нь аваад үзэхээр төслийн танилцуулгад төслийг дагаж мөрдөх хугацааг огт дурдаагүй байна. Яагаад зургаан сарын хугацаа гэж тогтоосон бэ. Судалгаа байгаа юу. Гуравт, хуулийн төслийг журмын шаардлагыг хэрхэн хангаж байгаа вэ?
УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж:
-Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу Засгийн газраас УИХ-ын Тамгын газрын даргад бүрдүүлбэр хянахаар ирүүлсэн. Энэ төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хянасан. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн тухайд нийт бүрдүүлбэр дээр 10 зүлйиг шаарддаг. Үүнээс найман шаардлагыг хангаж байгаа. Өөрөөр хэлбэл, журмын дагуу хянаад, зөрчил байхгүй гэсэн үг.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-2005 оноос хойш Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах гэж олон давааг давсан. Өнгөрсөн парламент Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснийг баталсан юм. Энэ хууль сайн хууль болсон гэж харж байгаа. Олон дэвшилтэт заалтуудыг оруулсан. Намын дүрэм бол амар асуудал биш. Өргөн хэлэлцүүлэг өрнүүлдэг гэх мэт олон асуудал биш. Намын дотоод зохион байгуулалт нэлээд шаардана. Цаг хугацааны хувьд аль ч улс төрийн намууд амжихааргүй байна. Хууль тогтоомжийн тухай хууль зөрчсөн юм уу, үгүй юм уу?
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-Өнгөрсөн Засгийн газрын үед 5Ш ажиллагаа явуулсан. Шилэн ажиллагаагаар УДШ-д бүртгэлтэй 37 улс төрийн нам, эвсэл байгаагаас 6 нам л санхүүжилтээ ил болгосон. Бусад нам нь хурлаа цаг хугацаандаа хийдэггүй, санхүүжилт нь ил тод бус байсан. Хааяа нэг идэвхиждэг. Нам институци болохгүй бол төр хүчгүй байна гэж үзээд Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийг баталсан. Энэ хууль бол 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ хугацаанаас хойш улс төрийн 7 нам шинээр бүртгүүлэх, дүрмээ нийцүүлэх хүсэлтээ өгсөн юм байна.
Гэтэл дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу 2 дугаар зүйл дээр УДШ дээр үүрэг болгосон нэг заалт нь 6 сарын хугацаанд шат шатны хурлаа хийж, дүрмийн саналаа авч, шаардлагуудаа биелүүлж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шинэчилсэн дүрмээ бүртгүүлэх үүрэг болгосон.
Улс төрийн намын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн үйлчлэх хугацаанд өөрчлөлт оруулаагүй. Зөвхөн улс төрийн намын хуулийг дагаж мөрдөх Журмын тухай хуулийн 2 дугаар зүйл УДШ 6 сарын дотор бүртгэх заалтыг тодорхой хугацаагаар хойшлуулж, дүрмээ Улс төрийн намын шинэ хуульд нийцүүлж батлуулах боломжийг парламентад суудалгүй намуудад олгохгүй бол дахиад л шинэ хуулийн шаардлагыг биелүүлэхгүй, хурлаа хийхгүй байх эрсдэлтэй. Энэ хугацаанд шаардлагаа биелүүлэхгүй бол УДШ улс төрийн намыг бүртгэхгүй гэдэг тайлбартай. Зөвхөн улс төрийн намууд УДШ-д бүртгүүлэх хугацааг үргэлжлүүлэх, сунгах асуудлыг ярьж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Намын хөтөлбөр маш чухал бодлогын баримт бичиг байгаа. Бид намын дүрмээрээ процессоо хэрхэн гаргах вэ. Хэн яаж сонгогддог байх вэ.Үйл ажиллагаагаа яаж явуулахаа тодорхойлж байгаа бол намын хөтөлбөрөөрөө үндэс суурь, үнэт зүйлээ тодорхойлох юм. Амин луужин болсон цэг маань байх юм. Хэн дарга байх тал дээр ярилцаж байгаа нь харамсалтай. Үүнээс болж нэг намд байгаа хүмүүс өөр өөр шаардлага тавьж, хагарал үүсгэж байна. Бид УДШ-д материалаа бүрдүүлж өглөө гэхэд намын хөтөлбөр дээрх бодлого дээрээ нэгдэж чадсан уу гэдэг асуудал хөндөгдөнө. Бид намын хөтөлбөрт ач холбогдол өгч, оролцоотой байх шаардлагатай. Ер нь үзэл баримтлалаа дагадаг баймаар байна.
Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ой, арванхоёрдугаар сар гараад ирсэн чинь баахан хүн одон медаль надаас асууж байна. Тэр одон медалийг яаж авах вэ гэж байна. Манай намын үзэл баримтлалаар энэ одон медалийн асуудалд ямар бодлоготой байх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Шинэ нийгэмд амьдарч байгаа хүмүүс байж социализмын үеийн одон медалиудаа больё л доо. Хэнд ч үнэ цэнгүй болсон медалиудыг олон тоогоор тавьж, тэрийг нь олж өгсөн гишүүн нь сайн хүн болмооргүй байна.
Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, баталлаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Нийт 64 гишүүн ирцэнд бүртгэгдэж, 50.8 хувьтай байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлснийг мэдэгдье. Өнөөдөр таван асуудлыг хэлэлцэнэ. Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулъя.
Тогтоолд, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Л.Соронзонболдыг Инноваци, цахим бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Алтаншагайг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
Мөн УИХ-ын гишүүн С.Замираг Аж үйлдвэржилтын бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Н.Алтаншагайг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Л.Соронзонболдыг Хууль зүйн байнгын хорооны, УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай. Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, 73.5 хувиар дэмжлээ.
УИХ-ын чуулган хуралдана
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой хуулийн төсөл болон дараах асуудлыг хэлэлцэнэ.
Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл/Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл:2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явцын талаар
Нэргүй 2024-11-28 43.242.242.59
Олон жижиш намуудын шантаажаар хэрэгжээд явж байгаа хуулийг өөрчлөх гээд байгаа нь хачирхалтай юм. Алийн болгон бүгдээс айж янз бүр болж байдаг юм бэ. тоохгүй л байлдаа
Зочин 2024-11-28 103.212.118.187
Жилийн омно баталсан хуулиа оорчлох гээд л Энэ УИХ бутэхгуйнээ Засгийн газар дэндуу дураараа байна Еронхийлогч хориг тавих хэрэгтэй Дээрээ ийм байхад хэн хууль хэрэгжуулэх юм