Ес дэх удаагийн Азийн өвлийн наадам Хятадын Харбин хотноо нээлтээ хийхэд 71 өдөр үлдлээ. Ирэх оны хоёрдугаар сарын 7-ны өдөр эхлэх наадамд 34 орны тамирчид 11 спортын 64 төрлөөр өрсөлдөх болно. Монгол Улсаа төлөөлөн биатлон, цана, тэшүүр, шорт трейк, уулын цана, хоккей, фристайл, снөүборд, керлинг, уран гулгалтын тамирчид өрсөлдөнө.
Харбин хот хоёр дахь удаагаа, Хятад улс гурав дахь удаагаа Азийн өвлийн наадмыг хүлээн авч байгаа нь энэ. Өмнө нь 1996 онд Азийн өвлийн гурав дахь наадмыг тус хот хүлээн авч байсан учир энэ удаад ч хүч, хөрөнгө нэг их зарцуулсангүй. Засвар үйлчилгээ, шинэчлэл хийснээр барилга, байгууламжийн асуудлаа шийджээ. Мөн аялал жуулчлал хөгжсөн бүс нутаг учир тамирчдын тосгон, нийтийн хоолны газрын асуудлуудыг зочид буудлууд ашиглан шийдсэн гэнэ.
Ес дэх удаагийн Азийн өвлийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Харбин хот ганцаараа өрсөлдөж, өрсөлдөгчгүй ялагч болсон. Угтаа Өмнөд Солонгосын Ганвон, Жонжү хотууд өрсөлдөх сонирхолтой байсан ч албан ёсны хүсэлтээ илгээгээгүй юм.
Наадмын логоны тухайд шорт трекийн тамирчин, Харбин хотын бэлгэ тэмдэг болсон голт бор цэцэг, эргэлддэг тууз зэргийг харуулахыг зорьжээ. Цэнхэр, нил ягаан өнгө нь нарны туяа мөсөн дээр тусахад үүсдэг гэрлийн хугарал, сүүдрийг төлөөлсөн аж.
Тэгвэл маскотын хувьд Сибирийн хос баруудыг сонгож, Бинбин, Нини гэх нэрсийг өгчээ. Бинбин нь бэлтгэлийн хослол, улаан ороолт, цэнхэр бээлийтэй байх бол Нини нь снөүбордтой, Хятадын үндэсний дээлийг өмссөн харагддаг.
Монгол Улс сүүлийн Азийн өвлийн наадам буюу 2017 оны Японы Саппоро, Обихиро хотноо болсон наадамд 46 тамирчнаа илгээж байв. Биатлоны тамирчин Э.Бархүү тугчаар сонгогдож, нээлтийн ёслолд оролцсон түүхтэй. Гэхдээ хараахан медаль авч чадаагүй юм. Үүнээс өмнөх нь Алматы хотноо болсон 2011 оны наадмаас нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байжээ.
Холбоотой мэдээ