Жоржиагийн их сургуулийн оюутан 22 настай Лэйкен Райли өнгөрсөн хоёрдугаар сард гүйлтээр хичээллэж байхдаа хүн амины хэргийн хохирогч болжээ. Уг хэрэг оюутны хотхон дотор болсон бөгөөд гэмт хэрэгтэнд шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон байна. Лэйкений хотхонд амьдардаг. Лаурен шүүх танхимд эгчийнхээ алуурчны өмнө үг хэлэхдээ “Би оюутны хотхон төдийгүй сургуульдаа айдас хүйдэсгүйгээр явж чадахгүй байна. Учир нь Хосе Ибарра шиг аймшигтай хүмүүс байдаг болохоор” гэжээ.
Лэйкен өдрийн цагаар гүйхээр гарсан бөгөөд ээждээ юу хийх гэж байгаа талаараа зурвас бичиж үлдээжээ. Мөн гар утасныхаа байршлыг сайн найзууддаа илгээж, хаана явж буйг нь харах боломжтой болгосон төдийгүй ямар нэгэн аюул заналхийлэлд өртвөл шууд тусламж дуудах “SOS” тохиргоог идэвхжүүлсэн байв.
Өөрийн аюулгүй байдлаа гар утас, ухаалаг цагийн тусламжтай хангадаг эмэгтэйчүүдийн хувьд Лэйкен бүх зүйлийг зөв хийсэн мэт санагдаж магадгүй.
Гэсэн хэдий ч хүн амины хэргийн золиос болсноор цахим орчин өсөн нэмэгдэж буй аюулгүй байдлыг хангах тохиргоо, платформууд үнэн хэрэгтээ үр дүнтэй байдаг уу? Ямар нэгэн халдлагаас хамгаалж чаддаг уу гэх асуултыг олон нийтийн дунд үүсгэж байна.
“Find My Friends”, гүйлтийн “Strava” зэрэг платформууд дотнын найзууддаа байршлаа хуваалцах боломжийг олгодог. Мөн зарим тээврийн хэрэгслийн аппликейшнүүд гуравдагч хэн нэгэнтэй хамтран замд явах санал тавьдаг. Өмдний халаасанд багтах аюулгүй байдлын дуут дохиолол зэргээс авхуулан чамин өнгө, загвартай, байршил тогтоогчтой бугуйвч, зүүлт болон гутлын үдээс ч бий. Гэсэн хэдий ч Лэйкений адил олон зуун охид гэмт хэргийн хохирогч болж байгаа тул орчин үеийн аюулгүй байдлын тоног төхөөрөмж, платформууд үнэхээр үр дүнтэй байдаг уу гэдгийг салбарын мэргэжилтнүүд судалж эхэлжээ.
ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ
Хүний бүтээсэн аюулгүй байдлын технологиос гадна ухаалаг утастай хүн бүр дижитал ул мөр үлдээдэг аж. Энэ нь гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцоход хамгийн үнэ цэнэтэй нотлох баримтын нэг гэж мөрдөн байцаагчид үздэг. Тухайлбал, Лэйке болон гэмт хэрэгтний утасны байршлын мэдээллийг ашиглаж хэрэг гарсан өдөр уг хүмүүс хаана байсныг нь мэдэх боломжийг мөрдөн байцаагчдад олгосон байна. Шүүх танхимд тэдний байршил заагчийн мэдээллийг дэлгэсэн бөгөөд үүн дээр гэмт хэрэгтэн Рейкентэй маш ойр байсныг харуулжээ.
Мөн Рэйкены ухаалаг цаг түүний зүрх нь зогссон агшныг хадгалж үлдсэнээр нас барсан цагийг тогтоосон.
Жендэрт суурилсан хүчирхийлэл, хүний наймаатай холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг “Aequitas” ашгийн бус байгууллагын ахлах өмгөөлөгч Жэйн Андерсон хэлэхдээ "Өнөөгийн ертөнцөд ямар нэгэн дижитал нотлох баримтууд байгаасай гэж тангарагтны шүүх найдлага тавьдаг. Уг дижитал нотлох баримт нь гэр бүлийн, бэлгийн хүчирхийллийн хэрэг болон гэрч ховор байгаа тохиолдолд шүүх ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулдаг” гэжээ.
Жишээ нь, прокурорууд хохирогчийн болон гэмт хэрэгтний дижитал ул мөр болох цахим мэдээллүүдийг нь ашиглаж, тангарагтны шүүгчдийн хандлагыг өөрчлөх боломжтой.
Өмгөөлөгч Жэйн Андерсон “Нэгэн эмэгтэй хохирогч зодуулсан, хүчирхийлүүлсэн гэж мэдүүлж болно. Эхэндээ хүн бүр хохирогчийн хэлсэн үгэнд итгэх ч үүнийг батлах камерын бичлэг байхгүй бол яах вэ? Тиймээс гар утас, ухаалаг цаг болон биедээ авч явсан төхөөрөмжөөс авхуулан бүх дансыг нь шалгаж хэн үнэн ярьж байгааг тогтоох бүрэн боломжтой” гэж тайлбарлав.
Ямар ч гэрчгүй, камерын бичлэггүй ч гар утас болон байршил заагчийнх нь мэдээллээр Алекс Мурдау эхнэр хүүхдийнхээ аминд хүрснийг олж тогтоон, 2023 онд бүх насаар нь хорих ял оноож байв. Мөн 2022 оны арваннэгдүгээр сард Айдахогийн их сургуулийн дөрвөн оюутны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байсан Брайан Кохбергерт холбогдох хэрэгт мөрдөн байцаагчид байршил тогтоогчийн мэдээллийг ашиглаж гэм буруутайг нотолж байжээ.
Энэ мэтчилэн ямар нэгэн хэргийн талаарх дижитал мэдээллийг олж, буруутныг шийтгэж болох ч яг эгзэгтэй, аюултай үед амь насыг хамгаална гэдэг 100 хувь баталгаагүй гэдгийг өмгөөлөгч онцолсон юм. Тэрбээр аюулгүй байдлыг хангах дижитал зүйлс нөгөө талдаа буруугаар ашиглагдах боломжтойг анхааруулж буй.
ЗООСНЫ НӨГӨӨ ТАЛ
Жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогч болон амьд үлдсэн хүмүүсийн өмгөөлөгчид технологи нь аюулгүй байдлын хүчирхэг хэрэгсэл байж чадна гэж хэлж байна. Гэхдээ эдгээр нь хүмүүсийг хор хөнөөлд өртөмтгий болгох сул талтай тул хэрхэн зөв, аюулгүй аргаар ашигладаг байх ёстойг мэддэг байх ёстой. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох үндэсний сүлжээний баг хамт олон технологийн аюулгүй байдал, хувийн нууцын талаар хохирогч болон өмгөөлөгчийг сургах зорилгоор “Safety Net Project”-ийг бий болгожээ.
Гүйцэтгэх захирал Стефани Лав-Паттерсон хэлэхдээ "Дэлхий дахинд технологийн салбар өргөн цар хүрээтэй болж байгаа тул бидний аюулгүй байдал, тав тухыг хангах бүтээгдэхүүн, төхөөрөмж олон бий. Харамсалтай нь эдгээрийг ашиглаж хор, хөнөөл учруулахыг эрмэлздэг хүмүүс байдгийг ойлгох хэрэгтэй” гэв. Учир нь ихэнх тохиолдолд гэмт хэрэгтэн хохирогчийнхоо хувийн мэдээллийг олж авч, ашигладаг. Хэрэв тухайн гэмт этгээд технологийн мэдлэг өндөр бол хүссэн хүнийхээ ухаалаг төхөөрөмжийг удирдах болно. Тиймээс “Safety Net Project” нь дижитал ул мөрөө хамгаалах, устгах, багасгах арга замуудын талаар заадаг гэж Лав-Паттерсон онцолж байна.
Түүнчлэн, дижитал аюулгүй байдлын талаар улс орон бүр анхааралдаа авч, иргэддээ таниулах ёстой.
Зөвхөн итгэл даах хүмүүстээ хувийн мэдээллээ хуваалцаж, бичиг баримт, банкны мэдээллээ хадгалдаг, ашигладаг платформуудынхаа нууц үгийг тодорхой хугацаанд шинэчилж байх ёстой аж. Хэрэв сэжигтэй зүйл тохиолдож, аюулгүй байдал алдагдсан мэт санагдаж байгаа бол нэн даруй эргэн тойрныхоо хүнд анхааруулах нь мөн адил гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалж чадна.
Лэйкен амь үрэгдсэн өдөр Жоржиагийн их сургуулийн нэгэн төгсөгч цагдаа нарт үл таних сэжигтэй хүн оюутны хотхонд явж байгааг мэдээлсэн байна. Мөн тухайн сэжигтэй хүн Рэйкены байрны хаалгыг онгойлгох гэж оролдсон болохыг хэлжээ. Хяналтын камерын бичлэг төгсөгч оюутны мэдүүлгийг баталсан бөгөөд энэ долоо хоногийн эхээр гэмт хэрэгтнийг бүх насаар нь хориход чухал, үнэ цэнэтэй хувь нэмэр оруулжээ.
Холбоотой мэдээ