Сурвалжлага: Иргэд өвлийн идшээ 1-1.5 сая төгрөгөөр бэлдэж байна

Сурвалжлага: Иргэд өвлийн идшээ 1-1.5 сая төгрөгөөр бэлдэж байна

Сурвалжлага: Иргэд өвлийн идшээ 1-1.5 сая төгрөгөөр бэлдэж байна

Иргэд өвлийн идшээ бэлдэж байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа тэр дундаа хүнс, махны үнэ багахан ч гэсэн буурдаг. Тиймээс энэ удаа "Хүчит шонхор" буюу Дэнжийн 1000-ын захыг зорин очиж, махны үнэ ямар байгааг сурвалжиллаа.

Тус захад махны ченж, худалдаачдаас гадна аймгаасаа зорьж ирсэн малчид мах зарахаар зогсдог болоод удаж буй. Малчид түлхүү Хэнтий, Сүхбаатар, Дорнод болон говийн аймгуудаас зорьж иржээ. Тэд өвс, тэжээл, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир хэдэн малаа зарсан ч ашиг тааруухан байна гэдгийг хэлж байв.

Зах дээр хонины мах килограмм нь 12.000-13.500 төгрөг, ямааны мах 9500-10.000 төгрөг, үхрийн цул 12.000-15.000 төгрөг, адууны цул 8500-9000 төгрөгийн үнэтэй байна.

"ҮХРИЙН ӨРӨӨЛ МАХ ХУДАЛДАЖ АВАХАД 1.2 САЯ ТӨГРӨГ БОЛСОН"

Захаас хоол хүнсээ цуглуулж яваа иргэн "Махны үнэ харьцангуй хямд байна. Үхрийн мах гэхэд 11.500 төгрөгийн үнэтэй зарж байна. Өвлийн идшээ бэлдэж, үхрийн өрөөл мах худалдаж авахад 1.2 сая төгрөг болсон" гэсэн юм.
Харин махны худалдаа эрхлэгч Д.Наран иргэдийн худалдан авалт тааруу байгааг хэлж байлаа.
Тэрбээр "Махны үнэ намрын үнээрээ л байгаа. Үхрийн ясгүй гуяны мах 17.500 төгрөг, ястай гуя болон цул мах нь 15.500 төгрөгийн үнэтэй худалдаж байна. Иргэдийн хувьд лангуун дээрээс ойр зуурын хүнсээ цуглуулдаг бол ихэвчлэн гадна талбайд зогсч буй машинаас өвлийн идшээ бэлддэг. Энэ жил махны борлуулалт тааруу байна. Манай лангуу гэхэд өглөө долоон үхрийн мах оруулж ирээд дөрвийг нь зарсан" гэв.

Иргэдийн хувьд энэ жил 1-1,5 сая төгрөгт багтааж идэш бэлтгэхээр захаар явж байлаа. Тэд шинэ өөх, мах нь таарсан мах авахаар хайж байгаа бөгөөд үхрийн гуя, хаа, хонины дундаж гулууз, адууны нэг гуя гэхчлэн холимог хэлбэрээр авдаг гэдгээ хэлж байв. Ингээд 1,5 сая төгрөгт багтаавал өвлийн идэш хангалттай гэв.

МАЛЧИД МАХАА ЗАХ ДЭЭР ЗАРДАГ БОЛСНООР ЧЕНЖҮҮДИЙН ОРЛОГО БУУРЧЭЭ
"Иргэдийн худалдан авалт гайгүй байна. Үхрийн ястай мах 13.500-14000 төгрөг, цул мах нь 14.500-15000 төгрөгөөр зарж байна. Хөдөөнөөс мах нийлүүлэлт бага байна. Иргэд өмнө нь 20 кг мах авдаг байсан бол 10 кг-аар худалдаж авдаг болсон.
Хөдөөнийхөн зах худалдааны төв дээр махаа зарахаас гадна байр орон сууцны дунд ил задгай худалдаалж байна.
Зах дээр гэхэд 11.000-12.000 төгрөгөөр бөөнддөг болсон учраас махны ченж нарын орлого эрс буурсан гэдгийг махны худалдаа эрхлэгч Т.Цэрэндорж хэлж байлаа. Дорнод аймгаас ирсэн малчин гэхэд нэг кг үхрийн махыг 10.500 төгрөгөөр зарж байлаа. Иргэд ихэвчлэн үхрийн махыг өрөөлдөж, авч байв.
Иргэд өвлийн улиралд ихэвчлэн үхэр, адууны мах худалдан авч байгаа харагдана.
Тэдний нэг иргэн Г.Түвдэндорж "Үхрийн махны үнэ жаахан өндөр байна. Нэг килограмм нь 15.500 төгрөг гэж байна. Би одоо 15 кг мах авах гэж байна. Манайх өвлийн идшээ хөдөөнөөс бэлдчихдэг. Хэнтий аймагт үхрийн мах 10000-11000 мянган төгрөгийн үнэтэй байгаа сурагтай. Ер нь өвлийн идэштээ 1.5-2 сая төгрөг зарцуулдаг. Энэ өвлийнхөө хүнсээ арай бэлтгэж амжаагүй байна" гэдгийг хэлсэн юм. Хөдөөнөөс шууд очиж авах боломжтой эсэхийг тодруулахад, танил хүнгүй бол хөдөөнөөс авахад ч үнэ адил. Бүтэн хонь, үхэр авна гэхээр нядлах, махаа эвдэхээс эхлээд хүн бүл цөөтэй айлд хүндрэлтэй. Нэмээд шатахууны зардал, цаг хугацаа зэргийг тооцвол хотоосоо авсан нь дээр гэсэн юм.
ҮСХ: МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ 13.6 ХУВИАР ӨССӨН
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 13.9 хувиар, адууны махны үнэ 11.2 хувь, хонь, ямааны махны үнэ 16.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Талх, гурил, будааны бүлгийн үнэ 5.3 хувиар өсөхөд гурилын үнэ 4.4 хувиар, талх, нарийн боовны үнэ 6.4 хувиар, гоймонгийн үнэ 15.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Улаанбаатар хотод 2024 оны аравдугаар сард өмнөх сараас 0.7 хувиар, өмнөх оны эцсээс 5.9 хувиар, өмнөх оны мөн үеэс долоон хувиар өсчээ.
Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2024 оны аравдугаар сард 20.383 төгрөг болж, 2022 оны аравдугаар сараас 30.3 хувиар, 2023 оны аравдугаар сараас 11.6 хувиар өсч, өмнөх сараас 1.1 хувиар /219 төгрөгөөр/ буурсан байна. Харин 1-р зэргийн гурилын дундаж үнэ 2024 оны аравдугаар сард 2351 төгрөг болж, 2022 оны аравдугаар сараас 25.1 хувиар өсч, 2023 оны аравдугаар сараас 2.3 хувь, өмнөх сараас 0.5 хувиар /12 төгрөгөөр/ буурсан байна.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-11-28 66.181.160.86

Тэртэй тэргүй дэлгүүрд байгаа махыг нөөцөлж яадаг байнаа ?..

Avatar

Нэргүй 2024-11-28 202.131.234.123

ЭНЭ жил гишүүд малчины хотонд мал харж ээлжээр хонины хишигт яв. хуралдаа суудаггүй юм байж мал дагаж малаа онд оруул. хавар дуусаж ногоо цухуйтал 5 сар дуустал малчины хотонд бай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж