Трампийн дайрдаг "нохой"

ХҮМҮҮС

Трампийн дайрдаг "нохой"

Трампийн дайрдаг "нохой"

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн томилгоо үргэлжилсээр байна. Тэрбээр Охайо мужийн залуу сенатор Жэймс Дэвид Вэнсийг дэд ерөнхийлөгчөөрөө сонгожээ. “India times” хэвлэл түүний талаар бичихдээ “Хэрвээ Трамп, Харрис нар байгаагүй бол дэлхий нийтийн анхаарал Жд Вэнс дээр л төвлөрөх байлаа” гэжээ. Иймд бид Америкийн түүхэн дэх хамгийн залуу гурав дахь дэд ерөнхийлөгч болж буй Вэнсийг ХҮМҮҮС буландаа онцолж байна.

ПАПАВ, МАМАВЫН ХҮҮХЭД

АНУ-ын улстөрч, өмгөөлөгч, зохиолч, тэнгисийн цэрэг асан Жэймс Дэвид Вэнс буюу олонд танигдсанаар Жд Вэнс 1984 онд Охайод төржээ. Тэрбээр шотланд ирланд гаралтай. Түүний эцэг эхээс заяасан нэр Жэймс Дональд Бөүмэн боловч нялх байхад нь эцэг эх нь салснаар Жэймс Дэвид Хамел нэртэй болсон байна. Харин Вэнс гэдэг нь эмээ, өвөөгийнх нь нэр аж.

Вэнс хүүхэд насаа ядуурал, хүчирхийллээр тодорхойлсон байдаг. Ээж нь хар тамхины хамааралтай байсан учир Вэнс болон түүний эгчийг эмээ, өвөө нь өсгөсөн аж. Эмээ, өвөөгөө хүүхдүүд “Папав”, “Мамав” гэж авгайлан дууддаг байв.

Тэрбээр 17 насандаа анх удаа ажил хийсэн нь Диллман фүүдс дэлгүүрийн касс байжээ.

Улмаар 2003 онд Миддлтаун ахлах сургуулийг дүүргэснийхээ дараа АНУ-ын Тэнгисийн цэргийн корпуст элсэв. Тэнгисийн цэргийн корпуст дөрвөн жилийн алба хаах хугацаандаа тэр армийн сэтгүүлчээр ажиллаж байжээ. Эндээс онцлууштай нь тэр 2005 онд Иракт тулааны бус албан тушаалд томилогдон зургаан сараар үүрэг гүйцэтгэж байв. Өөрөөр хэлбэл, тэр Иракт нийтлэл бичиж, гэрэл зураг авдаг байлаа. Энэ хугацаандаа Тэнгисийн явган цэргийн сайн үйлсийн медаль, амжилтын медаль зэргээр шагнагджээ.

Тэрбээр улс төрийн шинжлэх ухаанаар 2007-2009 онд Охайогийн их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн байна. Дараа нь Йелийн хуулийн сургуульд сурч, Канадын парламентын ирээдүйн Консерватив гишүүн Жамил Живанитай дотно нөхөрлөжээ. Хуулийн сургуулиа төгсөөд Бүгд найрамдах намын сенатор Жон Корнинд ажиллаж байв.

ТРАМПИЙГ ШҮҮМЖЛЭГЧ

“Би хэзээ ч Трамп шиг хүн болохгүй. Түүнд дуртай байсан удаа надад үгүй”, “Бурхан минь, яадаг тэнэг вэ”, “Би түүнийг буруутай гэж бодож байна”… Энэ бол Жд Вэнсийн 2016 онд хэлж байсан үгс.

Дээрх үгсийг харвал Жд Вэнс АНУ-ын шинэхэн ерөнхийлөгчийг хатуу шүүмжлэгч бололтой. Тэрбээр хуулийн сургуулийн найз, одоогийн Жоржиа мужийн сенатор Жош МкЛауринд чатаар “Трампийг инээдтэй новш, Америкийн Гитлер гэх зэргээр бодсоор байтал бүр толгой эргэчихлээ” гэж хэлж байжээ. МкЛаурин хожим нь “BBC”-д ярилцлага өгөхдөө “Ийм мессеж бичиж байсан хүн Трампийн хамгийн том дэмжигч болчихдог, итгэмээргүй юм” гэсэн байдаг.

Үнэхээр л хэдхэн жилийн дотор Вэнс шүүмжлэгчээс дэмжигч болон хувирав. Тэрбээр Трампийн кампанит ажлын үеэр өөрийгөө “сөрөг хүчнийг завсаргүй шүүмжлэгч дайрдаг нохой” гэж батлан харуулж чаджээ.

Тэрбээр 2020 оноос Трампийг хүчтэй дэмжигч болж эхэлсэн гэдэг. Мар-а-Лаго харшийг зорих, “Fox News”-ын нэвтрүүлэгт орох зэргээр Трампийн тааллыг хүртэхийн тулд тэр шаргуу ажиллажээ. Эцэст нь 2022 онд Бүгд найрамдах намаас Сенатын анхан шатны сонгуульд Охайогоос Вэнс нэр дэвшжээ. Энэ үеэр Трамп түүнийг дэмжсэн бөгөөд Вэнс ч хүссэндээ хүрч, ялалт байгуулсан юм. Хожим нь Вэнс үнэнч байдлаа батлан харуулахын тулд Трампийн эрүүгийн хэргийн шүүх хуралд хүртэл оролцжээ.

 

Трамп дэд ерөнхийлөгчөө сонгох гэж тэгтлээ яараагүй. Сонгуулийн кампанит ажлын үеэр Трамп чих рүүгээ буудуулсныг та санаж байгаа бол тэр өдөр Вэнс Мар-а-Лагог зорьж, ерөнхийлөгч асантай уулзжээ. Энэ уулзалтаас хоёр хоногийн дараа Трамп түүн рүү утасдаж, санал тавьсан гэдэг. Улмаар уулзалтаас 20 минутын дараа Трамп “Truth Social” платформд сонголтоо зарлажээ.

“Трамп дэд ерөнхийлөгчөөрөө Вэнсийг сонгосон энэ өдөр Охайогийн хувьд сайхан өдөр” гэж тус мужийн амбан захирагч Майк ДеВайн хэлсэн юм.

Вэнс ядуу тарчиг орчинд өссөн тул тулааны гол мужуудад ажилчин ангийн сонирхлыг татах нь дамжиггүй гэж Трамп үзжээ. Мөн түүний эхнэр Уша Вэнс нь энэтхэг цагаачийн хүүхэд учир цөөнхийн сонирхлыг татахуйц хүн гэж үзсэн байна.

ХАМГИЙН ӨНДӨР БОРЛУУЛАЛТТАЙ ДУРСАМЖ НОМЫН ЭЗЭН

Вэнсийн тухай бас нэгэн сонирхолтой баримт бол тэр хамгийн өндөр борлуулалттай дурсамж номын эзэн. “Hillbilly Elegy” нэртэй түүний дурсамжийн ном 2016 онд хэвлэгджээ. Энэ номдоо тэр Бүгд найрамдах намыг ил тод шүүмжилсэн байдаг. Гэтэл тухайн үед түүний байнга хөндөж байсан цагаачлал, үр хөндөлт зэрэг асуудал Трампийн кампанит ажлын гол сэдэв байв.

Дурсамж номдоо тэр эдийн засаг, нийгмийн хувьд хүндрэлтэй байгаа бүс нутагт америкчууд өөрсдийнхөө хүсэл зоригоор л амьдралаа сайжруулж чадна гэсэн гол санааг илэрхийлсэн юм. Энэ ном нь илүү баян, далайн эргийн бүс нутагт амьдардаг хүмүүсийн нүдийг нээсэн гэхэд болно. Тодруулбал, тэд Трампийн жинхэнэ дэмжигчид болох ядуу хөдөө тосгон, аль эсвэл ажилчин ангиас гаралтай хүмүүсийн амьдралын талаар илүү ихийг тус номоос мэдэж авчээ. Вэнсийн ном ялгаатай бүлэг хоорондын зөрүүг арилгахад тусалсан байна. Трамп ялалт байгуулснаар энэ ном удирдагчид болон хэвлэл мэдээллийнхний бараг библи болжээ.

Дурсамж ном 2016 онд худалдаанд гарсан боловч Трамп кампанит ажлынхаа үеэр дэд ерөнхийлөгчөө зарласнаар шилдэг борлуулалттай номын жагсаалтын эхний байранд оржээ.

Жд Вэнс, Уша Вэнс нар 2014 онд гэрлэж, гурван хүүхдийн аав ээж болжээ. Гэр бүлсэг Вэнс цахим сүлжээндээ үе үе эхнэр, хүүхдийнхээ зургийг хуваалцдаг. Мөн энэ оны хоёрдугаар сард дунд хүүгийнхээ төрсөн өдрийг Сенатын танхимд тэмдэглэж өгч байжээ. Эхнэр нь энэтхэг гаралтай учир тэр энэтхэг хоолонд дуртай. Энэ тухайгаа ярьж байсан дээр үеийн бичлэг нь саяхан дахин ил гарч, цахим сүлжээнд ихээхэн хандалттай байна. Тэрбээр “Хэрвээ та ногоо идэж, цагаан хоолтон болмоор байвал энэтхэг хоолыг сонгоорой. Миний эхнэр энэтхэг-америк гаралтай. Түүний хийдэг цагаан хоолыг юутай ч зүйрлэмгүй. Тиймээс та цагаан хоолтон болмоор байвал энэтхэг хоолыг л сонго” гэж хэлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

465465 2024-11-28 122.201.23.44

цэрэгт алба хааж дайтаж явсан сайн залуу бгаам

Avatar

Нэргүй 2024-11-28 172.58.164.237

цэнхэр нүдтэй гоё залуу шүү

Avatar

ЭР ҮГ 2024-11-28 66.181.178.85

Наранжаргалаа! Эр үг, эр эгшиг гэдэг ойлголтыг мөрдөхгүй юм уу? Эр үгэнд эр үгийн харьяалахын ба заахын тийн ялгал ордог нь больсон уу? ТРАМП гээд "А" гэсэн эр эгшиг байна. Трампын гэвэл зөв ба гоё харагдаж байна. News.mn сайт хэргээр тэгж зожигрон тодрох гэдэг юм уу? Бусад сайт хэвлэлүүд ТРАМПЫН гэж бичиж болоод байхад Танайх тэгж ялгарах гэдэг нь юу вэ? Энэ бол дэвшил биш шүү. Тэнэглэл рүү дөхнө!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж