Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын төслийг хэлэлцэв

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын төслийг хэлэлцэв

Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын төслийг хэлэлцэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.11.17/ болж, Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулсан юм.

Тэрбээр, 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Тус хуульд зааснаар улс төрийн нам нь Үндсэн хуульт байгуулал, ардчилсан тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаагаа ардчилсан зарчимд нийцүүлэн шинэчилж үндэсний хэмжээний бодлого дэвшүүлэн, ил тод, хариуцлагатай ажиллах чиг үүргийг хүлээх болсон. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намууд дотоод зохион байгуулалтаа хуульд нийцүүлэн шинэчилж намын дүрэм хөтөлбөрөө илүү өргөн хүрээгээр тодорхойлж үндэсний хэмжээний бодлогыг дэвшүүлэн Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөд оролцон ажиллахад чиглүүлэх шаардлага үүссэн гэлээ.

Энэхүү шаардлагыг харгалзан тус хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэсэн хугацаа тогтоосон зохицуулалтыг хуульчилсан. Гэвч хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2024 оны  зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль, аравдугаар сард орон нутгийн сонгууль зохион байгуулагдаж улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, нэр дэвшигчдийг тодруулах, сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуульд оролцох, сонгуулийн үр дүнгээр УИХ, шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулах зэргээр сонгуулийн үйл ажиллагаа дуустал намын дүрэм журмыг шинэ хуульд нийцүүлэх боломж хомс байсан хэмээн тэрбээр тодотгов.

Өнөөдрийн байдлаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт 37 нам байгаагаас 22 нь 2024 оны УИХ-ын сонгуульд, 12 нь орон нутгийн сонгуульд тус тус оролцжээ. Улс төрийн намын тухай хуульд намын дүрмээр гишүүдийн эрх, үүрэг, зохион байгуулалтын бүтцээс гадна намын удирдах дээд төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх болон хяналтын байгууллагыг байгуулах журам, тэдгээрийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ болон намын салбар, бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах зэрэг асуудлыг цогц байдлаар зохицуулахаар заасан. Түүнчлэн намын дүрэм, хөтөлбөрийг шинэчлэхэд гишүүдийн оролцоо ил тод байдлыг хангах олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг баримтлах, намын дүрэм, хөтөлбөрийг батлах түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг намын удирдах дээд байгууллагын онцгой бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл намын дүрэмд гуравны нэгээс дээш хэмжээний өөрчлөлт оруулах асуудлыг намын анхан шатын бүх нэгжийг хуралдуулж гишүүдийн оролцоог хангаж шаталсан хэлбэрээр санал авсны үндсэн дээр намын удирдах дээд байгууллагаас эцэслэн шийдвэрлэж Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хуульд заажээ. Ийнхүү улс төрийн намын дүрмийн шинэчлэл нь гишүүдийн идэвх оролцоог хангахыг шаардсан өргөн хүрээний өөрчлөлтийг хамарч байгаа тул хүн хүч, цаг хугацаа, хөрөнгө санхүү, зохион байгуулалт, төлөвлөлтийг шаардсан төдийгүй тодорхой шат дамжлага бүхий бэлтгэл ажлыг хангахгүйгээр шууд хэрэгжүүлэх боломжгүй асуудал үүсэж байна гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Намын бүтэц, дүрмийг ардчиллын зарчимд нийцүүлэн шинэчлэхэд намын бүтцийн байгууллагуудад жендэрийн тэгш байдал, хүйсийн төлөөллийн оролцоог хуульд заасан хэмжээнд бүрдүүлсэн байх шаардлага мөн тавигдаж байгааг ЗГХЭГ-ын дарга онцлоод, гэвч энэхүү шаардлагыг богино хугацаанд хангахад ялангуяа УИХ-д суудалгүй болон Улс төрийн намын тухай хуулийн 27.3-д заасан нөхцөлийг хангаагүй намуудын боломж хязгаарлагдмал байна хэмээн танилцуулав. Улс төрийн намын дүрэм хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлэх хугацааг хойшлуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон УИХ-д суудал бүхий улс төрийн намуудад хандан, Бүгд найрамдах нам, Шинэ нам, Эх орончдын нэгдсэн нам, Зүй ёс нам, Гэр хороолол хөгжлийн нам, Монголын социал демократ нам, Үнэн ба зөв намаас санал, шаардлагыг ирүүлсэн байна. Тиймээс улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллах Үндсэн хуулийн суурь зарчим, жендэрийн тэгш байдал, гишүүдийн оролцоог хангах хуулийн шаардлагад нийцүүлэн намын өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг нэг мөр цогц байдлаар шинэчлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Улс төрийн намын тухай хуулийн зөвхөн 2 дугаар зүйлд заасан өөрчлөлт буюу дүрэм, хөтөлбөртэй холбогдсон зохицуулалтыг тодорхой хугацаанд хойшлуулах хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан гэдгийг сайд Н.Учрал тодотголоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслийг дэмжиж байгаа ч нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ гэсэн хугацааг 2027 оны наймдугаар сарын 01 болгон хойшлуулах нь хэт урт байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд дээр дурдсан хугацааг хэлэлцүүлгийн явцад ярилцан тогтох нь зүйтэй хэмээсэн.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдаан даргалагч тус дэд хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын нэрийг дэвшүүлж буйг танилцуулсан бөгөөд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.190.72

намууд юугаа хийгээд байгаа юм бэ хууль хэрэгжээд жил гаруй хэрэгжүүлэх 5*н сарын хугацаа өгөөд байхад нэг л их завгүй ажилтай одоо болио. Энэ хүсэлт бол МАН-ын хүсэлт гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тэд гар хөл намуудаа үг зааж турхирч байна. Энэ явуургүй ээ . Одоо боль шууд л хуулиа хэрэгжүүл чадахгүйг нь бүртгэлээс хас ахиад нэлийсэн сарын хугацаа байна. Бүр сунгахдаа хүрвэл 3-н сар л хангалттай шүү…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж