Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилд зориулсан чуулганы хуралдааны үеэр гэрэл зурагчдын дуранд буусан нэгэн зураг цахим ертөнцөд багагүй шейр, хандалт авчээ. Дүрсэлбээс, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрын “хөндий хүйтэн” тэврэлтийг хажуухнаас нь харж зогсох Д.Амарбаясгалан. Тэрхүү зургийг олон нийтийн сүлжээнд зарим иргэд “Ерөнхийлөгч гомдолтой, Ерөнхий сайд айдастай, харин УИХ-ын дарга ихээхэн игзаартай байна аа” гэсэн нь оргүй хоосон гүтгэлэг биш харин ч хардаж болох үндэслэл юм.
Угаасаа Монголын улстөрчид эрх ашиг нэгдвэл тосоо гартал тэврэлдэж, эрх ашиг зөрчилдвөл цусаа гартал зодолддог нь гэм биш хойно. Тэгээд ч хэн нь доголон нугас болох вэ гэдэг асуултын хариулт Ардын намын ах дүүсийг албан тушаал, эрх мэдлийн зодоонд татан оролцуулах нь цаг хугацааны асуудал.
Улс төрийн тогтолцоо талаасаа Монгол Улс хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай. Энэ нь ҮАБЗ-ийн эв нэгдэлд харшилж ирсэн гашуун сургамж цөөнгүй. Тэр тусмаа тулгын чулуу гурав байж болох ч төрийн эрх мэдэл гурав хуваагдаж болдоггүйг Монголын үе, үеийн ҮАБЗ-ийн зөрчил харуулдаг.
Нөгөө талаар, нэг хүнд хэт эрх мэдэл төвлөрвөл Монголд дарангуйлал тогтоно. М.Энхболд нэгэнтээ Улаанбаатар хотыг, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институттай нь атгах гэж хэтэрхий шунаснаасаа болоод бүгдийг нь У.Хүрэлсүхэд алдсан бодит түүх. М.Энхболд өрсөлдөгчөө дутуу үнэлснээс болоод улс төрийн карьераа дуусгасан бол У.Хүрэлсүх эсрэгээрээ өстөн дайснуудтайгаа ч гар барьж чаддаг нь түүний гол стратеги.
2020 оны сонгуулийн өмнө эгнээндээ 50 мянган гишүүнтэй МАХН-ыг татан буулгах тохироог Н.Энхбаяртай хийж чадсан, 2024 оны сонгуульд Х.Баттулгыг хэн ч биш сул гишүүн болгож орхисон гээд түүний улс төрийн стратегийг харвал одоогоор хоёр хожилтой яваа.
2021 оноос Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрыг бүхэлд нь атгасан Монголын ганц улстөрч, номер нэг тоглогч болсон.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр өнгөрсөн найман жил У.Хүрэлсүхийн “хүүхэлдэй” явсан уу гэвэл тийм. Нутгийн ахаасаа нам, засгийн тамгыг өвлөн авсан Л.Оюун-Эрдэнэ улс төрийн замнал, хуурай ах дүүсийн андгай тангаргаа бодсон ч У.Хүрэлсүхийн үгнээс зөрж тоглох ямар ч боломжгүй.
Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын суудлыг шууд “өвлүүлсэн” нь МАН боловсон хүчний нөөц байхгүйдээ биш У.Хүрэлсүхэд үгнээс зөрөхгүй өөрийн хүмүүс хэрэгтэй байсан.
Асуудал нь гээндээ ч, гоондоо ч гэгчээр ҮАБЗ талцах нь тогтолцоондоо бас хүндээ, цаг хугацаандаа гээд олон зүйлсээс шалтгаалдаг. Биологийн нас, хувь хүний зан чанарыг нь тооцсон ч У.Хүрэлсүх тэтгэвэртээ гараад титэм үг зохиохдоо арай ч тулчихаагүй. Далан нас дөхөж яваа Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн суудлыг зүүдлэж явахад Монголын улс төрийн номер нэг У.Хүрэлсүхэд хоёр бодол, гурван нүүдэл бий нь мэдээж.
Ардын намын зүүний хүчнийхэн андгай тангарагтаа үнэнч үлдэхийн хүсэвч хэн нь түрүүлж эрх мэдлийн өндөрлөгөөс уруудах вэ гэсэн асуулт өөрөө тэднийг ил далд тэмцэлд хүргээд удаж байгаа билээ.
“Толгой хагаравч тогоон дотроо” гэдэг ч энэ удаад МАН дахь эрх мэдлийн дажин Монгол төрд зовлон дагуулж эхэлсэн нь улсын төсвийн хэлэлцүүлгээр ил цагаандаа гарсан. Эцэст нь Ерөнхийлөгч хориг тавьж, парламент хүлээн авч, засаг төсвөө дахин шинэчлэх болсноор чоно цатгалан, сүрэг бүтэн үлдэж байх шиг.
Гэвчиг Л.Оюун-Эрдэнэ намынхаа болон засгийнхаа ч “власть”-ыг одоог хүртэл бүрэн авч чадаагүй яваа нь түүний хамгийн сул тал, эмзэг цэг нь болсон. Тиймээс Л.Гантөмөр, Т.Доржханд нартай “гар барьсан” нь эх орны эрх ашиг сонирхолоос гадна эрх мэдлээ хадгалах зорилготой болох нь нэн ойлгомжтой. Мэдээж, эрх мэдлийн тойргийн гадна үлдсэн хүний, өөрийн хүмүүсийн гомдол, шүүмжлэл өөр дээр нь ирнэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ тооцоогүй байж яавч таарахгүй. Түүний засгийн “гал хамгаалагчид” нь МАН гэхээсээ АН, ХҮН намын сайдууд болон бүлэг дэх фракцууд болсон.
Үнэндээ МАН-аас томилогдсон сайд нар дунд Л.Оюун-Эрдэнийн томилгоо гэх хүн цөөн. Ихэнх нь У.Хүрэлсүхийн хүмүүс билээ.
Энэ өнцгөөс харвал намдаа цөөнх болсон Л.Оюун-Эрдэнийн сандал суудлыг хамгаалах хасар, басар нь Л.Гантөмөр, Т.Доржханд хоёр болсон.
Харин хуурай ах дүү хоёрын хэрүүл зодоон дундуур хар муур болж гүйх нэг хоёр хүн МАН-д байна, АН-д байна. МАН талаасаа УИХ-ын Д.Амарбаясгалан, АН-д гэвэл О.Цогтгэрэл, Д.Пүрэвдорж хоёр хэзээ ямар мэх хийхээ ч тооцож суугаа нь лав.
АН-ын хоёрын нэг нь Ерөнхийлөгчийн сонгуульд горилож, нөгөө нь намын дарга, улмаар 2028 оны Ерөнхий сайдын суудлыг сэрүүнээрээ зүүдлэж суугаа.
С.Баярцогтыг Х.Тэмүүжингийн оролцоотойгоор улс төрийн “тэтгэвэрт” суулгасан тэдний хувьд өдгөө Л.Гантөмөрөөс намын тамгыг нь авахад Ерөнхийлөгчийн дэмжлэг нэн хэрэгтэй болсон биз.
Бүрэн эрхийнхээ үлдэж буй хоёр жилийн хугацаанд, Төрийн ордноос яван явтлаа У.Хүрэлсүх улс төрөө хийсээр ч байна. У.Хүрэлсүхийн улс төрөөс Монголын улс төр бүхэлдээ хамаарсаар ч байна.
Түүнийг ҮХНӨ-т оруулж, Ерөнхийлөгчөөр дахин улирна гэсэн улс төрийн хүрээний хардлагад өгсөн хариулт нь “Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хугацаанд ҮХНӨ орохыг дэмжихгүй” гэсэн ЕТГ-ын зүгээс өгсөн байр суурь.
Тэгэхээр У.Хүрэлсүх ҮХНӨ-өөр Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтийг наймаацална гэдэг худлаа яриа, дэгсдүүлсэн хардлага төдий үг юм.
Гэсэн хэдий ч Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийг 2027 оны наймдугаар сараас буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэрэгжүүлэх Засгийн газрын бодлогыг АН бүлэг эс дэмжсэн нь Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас өгсөн чиглэл байх магадлал тавиас илүү хувьтай Хэрэв энэ хардлага үнэн бол бай нь Л.Гантөмөр, Т.Доржханд хоёр биш Л.Оюун-Эрдэнэ гэсэн үг.
Тиймээс Үндсэн хуулийн ойгоор Хэнтийн ах дүүсийн олны өмнөх тэврэлтийн гол эрх ашиг чухам юу байв аа. Гэдэг нь мэдээж асуултын тэмдэг юм. Хамгийн бодит үнэн гэвэл Хан Хэнтийн “ханлиг” хагарвал Монголын төр жинхэнэ үймнэ.
Тэнгэрт хоёр нар, газарт хоёр хаан байдаггүй гэвэл МАН-ын “ханлиг” хагарах нь цаг хугацааны асуудал болжээ. Тэдний хэн нь улс төрийн номер нэг болж, хэн нь улс төрөөс явах вэ гэсэн ил, далд тэмцлийн золиос нь Монгол, Монголын ардчилал болчихгүй байгаасай гэж залбирч л суухаас!
3,569.17






















































Холбоотой мэдээ