Бүгд Найрамдах Замби улсын нэгэн эмээ загварын чиг хандлагаараа олонд танигджээ. Энэ удаагийн "FASHION" буландаа "Legendary Glamma"-г онцолж байна.
Стилист ач охиныхоо хүсэлтээр орчин үеийн, загварлаг хувцаснуудыг өмсөж зургаа даруулахыг зөвшөөрсөн 80 настай Маргрет Чола дэлхий дахинаа "Legendary Glamma" гэх нэрээр алдаршиж буй. Тэрбээр "Instagram" хаяг дээрээ 225 мянган дагагчтай бөгөөд нас үл харгалзан загварлаг, эрч хүч дүүрэн амьдрах боломжтойг харуулж байна. Чола 2023 оноос эхлэн ач охин Диана Каумбагийнхаа зөвлөсөн хувцсыг өмсөж, модель нь болжээ. Эмээ Чолагийн хувьд өмнө нь модель хийж байсан туршлага байхгүй ч өмссөн хувцас бүрээ амилуулж байсан юм. Түүнээс "Legendary Glamma" гэдэг цоо шинэ, загварлаг нөлөөлөгч байх ямар санагдаж байгааг асуухад "Би өөрөөр мэдэрдэг болсон. Би энэ хувцаснуудыг өмссөн цагаас эхлэн шинээр амьдарч байгаа мэт урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй сайхан мэдрэмжийг авах болсон" гэж хэлжээ.
Мөн "Би энэ дэлхийг байлдан дагуулж чадах юм шиг л санагдаж байгаа" гэв.
Ач охин Каумба нь Нью-Йорк хотод хувцас загварын салбарт ажилдаг. Тэрбээр гурван жилийн өмнө нас барсан аавынхаа булшинд хүндэтгэл үзүүлэхээр Замбид очжээ. Аав нь үргэлж цэмцгэр, сайхан хувцасладаг нэгэн байсан тул загварын салбарт ажиллах урам зориг нь болсон гэж Каумба хэлж байлаа. Тухайн үед эмээ Чола нь нутгийн бусад хөгшдийн адил уламжлалт хувцас, тааран ороолтоо зүүж, орчин цагийн загварын чиг хандлага гэх ойлголтгүй байв.
Тиймээс эмээгийнхээ дүр төрхийг өөрчилж, хүн бүр сайхан харагдах боломжтой гэдгийг батлах санаа Каумбад төрж, хэрэгжүүлснээр өдгөө олон мянган хүний урам зориг авдаг "Legendary Glamma"-г бий болгожээ.
Каумба хэлэхдээ "Би энэ их гоё тансаг хувцсыг ганцаараа өмсөөд яах юм бэ? Тиймээс эмээгээ гангалж, түүнийг модель болж өгөхийг хүссэн. Түүнд хамгийн загварлаг хувцсыг өмсгөж, төрсөн гэрт нь зургийг нь дарах хамгийн зөв санаа гэж бодсон" гэв. Эмээ Чолагийн хувьд "Надад өдөр бүр очих ёстой ажил, хийх ёстой зүйлс байгаагүйгээс хойш охиныхоо хүсэлтийг зөвшөөрсөн. Хэрвээ үүнийг хийхийг хүсч байвал хийцгээе гэж хэлсэн" гэжээ.
Хамгийн сэтгэлд хоногшсон нь " Би нэг л өдөр хорвоог орхино. Тэр үед намайг санаж, уйтгар гуниг бус хамтдаа ямар сайхан мөчүүдийг өнгөрүүлсэн юм бэ гэх аз жаргалтай дурсамжтай үлдээсэй гэж бодсон" гэв.
Түүний төрсөн гэр нь Замбийн нийслэл Лусакагаас хойд зүгт орших 10 миль тосгоны ферм юм. Чола модон сандал эсвэл арьсан буйдан дээр сууж зургаа даруулдаг. Түүний зураг бүрийг онцгой болгодог зүйлс нь өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг зүйлс, фермийн эгэл амьдралын хэв маяг юм. Жишээ нь, Чола том нарны малгай, алтан гинжээр гоёсон ч бай хуучны, орондоо орохдоо сонсдог радиогоо барьж, "High Fashion"-ийг энгийн зүйлстэй хослуулдаг.
"Анх зураг даруулаад их сандарч байсан. Instagram дээр миний зургийг анх удаа нийтлэхэд ялгаагүй сандарч байсан" гэж Чола хэлжээ. Түүний зураг нийтлэгдсэн даруйдаа хэдэн мянган сайхан үгсээр дүүрэн сэтгэгдэл авч, хүн бүрт таалагдсан байна. Энгийн нэгэн Замбигаас гаралтай эмээ уламжлалт шинж чанарыг орчин цагийг загварын чиг хандлагатай хослуулж байсан тул "Legendary Glamma" фото цувралаа үргэлжлүүлэхийг цахим хэрэглэгчид хүсчээ. Америк хөлбөмбөгийн ногоон өмсгөл болон Замбийн төрийн далбааны өнгийг хослуулахаас авхуулан янз бүрийн хэв маяг, дүр төрхийг бүтээх бүрэн боломжтойг уг зургуудаас харж болно. Каумба эмээгийнхээ "Instagram" хуудсыг хөтөлдөг.
"Legendary Glamma"-г эхлүүлсний дараа хэд хэдэн үйлчлүүлэгчид түүнээс эмээ нарынх нь загварыг тодорхойлж өгөхийг хүссэн байна.
Чолагийн хувьд дуртай хувцас нь жинсэн өмд, график дүрстэй подволк болон хиймэл үс аж. Тэрбээр "Би өмнө нь хэзээ ч жинсэн өмд өмсөж байгаагүй. Энэ бүхэн надад дахин залуу болсон мэт санагдуулдаг. Би одоо аз жаргалтай байдаг. Өмнө хэзээ ч ийм жаргалтай байгаагүй учир өдөр бүр бүжиглэх болсон" гэжээ.
Чола, Каумба нар "Legendary Glamma" нь хүн өндөр настай болсон ч цаг үетэйгээ хөл нийлүүлэх боломжтойг бусдад ойлгуулж чадна гэж найдаж байна. Мөн эдгээр зургууд нь бусдын бодлыг үл харгалзан өөрийн эрх дураар амьдрах ямар сайхан болохыг хүмүүст таниулах болно гэж хэлжээ. "Legendary Glamma"-г эхлүүлсний дараа эмээ, ач охин хоёрын харилцаа улам сайжирч, нэг нэгнийхээ талаар илүү ихийг мэдэж авах боломжийг олгосон байна. Үүний адил хүн бүр өөртөө итгэл дүүрэн байж, хором мөч бүрийг нандигнах хэрэгтэйг Чола, Каумба нар уриалж байна.
Нэргүй 18 минутын өмнө 202.70.43.34
Ийм сайхан гэгээтэй Мэдээ Өдөр бүр Үргэлж ҮЗэж Сонсож Харж байхсан Гоё
зочин 1 цагийн өмнө 192.82.66.30
зүгээр л суугаад зураг авхуулах хөдөлгөөнтэй ажил хийж гүйх 2 өөр шүү нас бол нас шүү