Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах "Болор цом-42" яруу найргийн наадам амжилттай болж өнгөрлөө. Тус наадамд Дундговь аймгийн уугуул Монголын зохиолчдын эвлэлийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт Аюурбуньяагийн Лхагва тэргүүлж, болор цомын эзэн боллоо. Тус наадамд нийт 201 хүн бүртгүүлж, 198 хүн шүлгээ ирүүлснээс 28 найрагчийг шалгаруулсан. Түүнээс шилдэг тавд дараах найрагч тунан үлдсэн байна.
- На.Батболд
- А.Лхагва
- Д.Нямдорж
- Л.Торой
- Ч.Ууганбаяр
Тус наадмын тавдугаар байрыг яруу найрагч Д.Нямдорж, дөрөвдүгээр байрыг Ч. Ууганбаяр, гутгаар байрыг Н.Батболд, дэд байрыг Л.Торой нар эзэлсэн байна. Нийт 198 хүн шүлгээ ирүүлснээс дараах найрагчид хоёрдугаар шатанд шалгарсан байна.
- Т.Амар-Амгалан
- На.Батболд
- Г.Барсболд
- Б.Батцоож
- Т.Батхүрэл
- Б.Ганхүрэл
- Д.Дамдинжав
- А.Лхагва
- Б.Лувсанпэрэнлэй
- Н.Мөнхбаяр
- Б.Мөнхзул
- П.Нацагдорж
- С.Начин
- Д.Нямдорж
- Д.Одгэрэл
- Б.Отгондэмбэрэл
- Д.Өрнөхдэлгэр
- Т.Пүрэвжаргал
- Ч.Ренчиндорж
- З.Сумъяабазар
- Л.Торой
- Ч.Туул
- Ч.Ууганбаяр
- С.Үйтүмэн
- Г.Хашбаатар
- Ц.Чойжамц
- О.Элбэгтөгс
- Т.Энх-Эрдэнэ
Наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан, утга зохиол судлаач, доктор А.Мөнх-Оргил, яруу найрагч Л.Эрдэнэбат, МЗЭ-ийн шагналт болор цомын эзэн Л.Моломжамц, МУИС-ийн багш, утга зохиол судлаач Г.Галбаяр нар ажиллаж шүүн дэнсэллээ.
"МОРИН ХУУРЫН ХЭЛ”
“Болор цом-42” яруу найргийн наадмын тэргүүн шүлгийг хүргэж байна.
Сэтгэлээс үүссэн салхинд
Хээрийн салхи хөлчүүрнэ
Тэнгэрээс үүдсэн аялгуунд
Уулсын сэтгэл халууцна
Морин хуурын эгшиглэн
Ийм эртний хэл
Монгол газар үүссэн
Эх сайхан хэл
Энэ хэлийг анирдсан хүн
Эрэмшин омогшино
Энэ хэлийг сонордсон хүн
Элэг нь дэвтэж уярана
Тэнгэрийг Тэр өндрийг
Туг гэрэгээрээ өргөж
Туйлсан их суу залиар
Сүлд хийморьтой болгосныг
Тэнгэрийн үгээр хүүрнэнэ
Талыг Талбиун уудмыг
Тэнгис далайг цалгиаж
Тивийг сэрээсэн нүүдлээр
Тэнүүн уудам болгосныг
Талын хэлээр шуранхайлна
Морин хуурын хэл
Монгол тэнгэрийн хэл
Монгол газрын хэл ээ.
Унаж сөхөрсөн үед
Уруудаж бүдэрсэн цагт
Морин хуурын үүрсээн
Монгол хүнийг сэрээсэн
Морьтой гэдгийг нь сануулсан
Халирч зэлэрсэн үед
Хавтайж бөхийсөн цагт
Морин хуурын төвөргөөн
Монгол хүнийг сэхээсэн
Мордоод давхихыг харуулсан
Сүлд хийморийг сэрээж
Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж
Элэр аялгуу нь наранд хүргэж
Эртний өвгөдтэй уулзуулж
Хөөрөг зөрүүлэн хуучлуулж
Хөх толбыг минь тодруулж өгдөг
Морин хуурын хэл
Монгол хүмүүний хэл ээ
Бадран омогшихын бал
Бахархан гэрэлтэхийн гал
Морьтон монголын хөл
Монголыг асаасан хэл
Энэ хэлээр биднийг
Эх дэлхий танина
Энэ хэлээрээ бид
Элэн галавтай ч ярилцана
Морин хуурын хэлээрээ
Монгол язгуурын хэлээрээ
Дээд сансарыг ч уяраана
Дэлхийг дахин дагуулна аа
"НОХОЙН ДУУЛЬ"
"Болор цом-2024"-ын дэд байрын эзэн болсон Л. Торойн шүлгийг толилуулъя.
Хавиргалсан үй олон хашаанд
Цагирагласан үй олон нохой
Цавиндаа хошуугаа шургуулж унтана
Цаг хугацааны үнэг хөөж зүүдлэнэ.
Цулдам гадсыг сугачих шахан
Цувисан гинжийг тасчих шахан
Зүтгэж, сулрахыг хүсэн цовхчих
Зүрх цагаан хар нохой
Үмх хоол өгдөг эзнийхээ
Үүдийг байтугай
Зүүдийг ч манах албатай…
Гичийний үнэр хашаа нэвт ханхлахад
Гиншин гасалж сүйд болно
Гэсгээл мэт тавилангийн хөлдүү нулимсыг нь
Гэгээн саран л шөнөөр арчина.
Идүүр дундуур хоол биш
Эрх чөлөөг л тэр хүссэн
Эцтэлээ тэнэж, ноходтой зодолдож
Эцэг болж, энд тэндээс хоол олж
Эргэж үүрэндээ ирээд
Эрхэлж үрстэйгээ тоглохыг хүссэн…
Гав гинжтэй түүнийг
Галзуурчихна гэж тариа шахна
Тав алдууллаа гэж
Тал талаас боорлоно
Арцалдаж заримдаа архиран
Араа шүдээ ярзайлгахад
Амьтан хүн айлгалаа гэж
Амыг нь хүртэл бооно.
Хулгайч ирэхэд
Хуцах ч эрхгүй
Гуниглаж хэвтсээр
Гуринхалжээ…
Улин хуцах дуунаар сэрсэн
Ууртай, бас буутай хөрш
Урт банзан хашааны завсраар
Уяатай байгаа мэргэн онов…
Баярлаж үхсэн мэт
Баруун завьж нь шазайн
Ган гинжтэй насан туршаа тэмцсэн
Ганц зэвсэг
Ганхаж мохоогүй хаш цагаан соёогоо
Гайхуулах мэт гаргаад
Газар дэрлэсэн нохойгоо
Уруйд идэгдсэн гүн ганга руу
Буруу харан шидэж орхиод
Буцаж эзэн гэртээ ирэхэд
Эзгүй хашааны буланд
Эвхэрсэн аварга могой мэт
Бахим хар гинж
Ахин нэгнийг хүлээх мэт
Зэв,цус хоёрт барьцалдан хэвтэх нь
Зэрвэс харахад жихүүдэс төрөм…
Зөв бурууг үл ухах мунхаг
Зөвхөн өөрийгөө л үргэлж санах эзэн
Хээр аваачиж хаясангүй
Хэрэг болгон хадгалжээ…
Д.ЭНХБАЯР
Зочин 1 минутын өмнө 66.181.176.138
Болор цом гээч юм ч одоо бараг больсон нь дээр болж дээ, хоосон чамирхал, муухан толгой холболтоор хол явахгүй ээ, одоогийн яруу найрагч гээд байгаа нөхөд ч өөрсөддөө л яруу найрагчид юм байх
зочин 4 минутын өмнө 202.21.103.139
Ийм шүлэгнүүд болор цомджээ, дэндүү гунигтай юм
й 7 минутын өмнө 202.9.40.163
Сүнслэг, ухаарлын шүлгүүд байна шүү.
Нэргүй 33 минутын өмнө 202.70.43.34
СОЦ нийгмийн үеийн үлдэгдэл үзэгдлүүд одоо ч байсаар…Байгууллагын Шинэ жил , Болор Цом, Төрсөн өдөр, 11/26-ны Үндсэн хуулийн Өдөр…гм
о 5 минутын өмнө 202.9.40.163
КАП нийгмийн үзэгдлүүд хулгай, хүчирхийлэл, хүний наймаа, мансуурал улсыг бүрхээд удлаа.
Иргэн 34 минутын өмнө 66.181.160.81
Мэргэд зэргэд нь шүүсэн болохоор болсон байлгүй дээ нөгөө ингээд л миний нэр байдгүй гэдэг шиг миний ой тоонд л уншаад огшиж омогших сэтгэл нөөв байлаа гэж
Нэргүй 45 минутын өмнө 66.181.191.237
ЭНЭ ЧИНЬ ХАРИН ШҮЛЭГ БАЙНА ШҮҮ, өмнөх Болор цомууд хачин юм болдог байсан_
зочин 2 цагийн өмнө 192.82.66.30
сайхан аялгуутай дуу болгомоор шүлэг байна