Мэргэжлийн 3×3 сагсан бөмбөгийн энэ оны улирал албан ёсоор өндөрлөж, Хонг Конгт Их дуулгын финал боллоо. Бүтэн жилийн турш шилдэг байсан 13 багаас гадна талбайн эзэн орны нэг баг гээд нийт 14 баг өрсөлдөж, аваргаар Нидерландын Амстердам баг тодров. Амстердам багийн тоглогчид болох Ян Дрьезен, Арвин Слатер, Уорти Де Йонг нар энэ жил Парисын олимпод түрүүлснээс гадна Их дуулгын финалд түрүүлж, мартагдашгүй оныг үдэж байна.
Сонирхолтой нь Амстердам баг Их дуулгын финалд ердөө ганцхан багт хожигдсон нь Монголын Улаанбаатар ММС Энержи баг юм. Хоёр баг хэсгийн эхний тоглолтод учраа таарахад Монголын баг Стив Сирийн хожлын шидэлтээр хүчирхэг багийг буулган авсан. Үүнээс хойш Амстердам баг хожигдол гээчийг үзээгүй явсаар түрүүлсэн аж.
Амстердам баг эхний тоглолтдоо хожигдсоноос хойш Бахрейны Риффа, Сербийн хүчирхэг, дэлхийн тэргүүн баг Уб Хуишан НИ, Латвийн Равдондварис Хопстранс нарыг дараалан хожиж, финалд хүрсэн. Хачирхалтай нь тэднийг финалд Францын Парис баг хүлээж байлаа. Ер нь л Парисын олимпийн финал эргэн ирсэн гэхэд хилсдэхгүй. Тухайн финалд тоглож байсан тамирчид бараг л бүрэлдэхүүнээрээ байсан. Ийнхүү энэ оны 3х3 сагсан бөмбөгийн сүүлийн тоглолт эхэлж, хоёр баг ээлж дараалан оноо авалцаж, ойрхон тоглолтыг эхлүүлэв. Агуулгаар нь харахад Парис бага ялимгүй онооны давуутай илүүрхэж байсан Амстердам хариуг нь барьсан.
Тоглолтын төгсгөлд, онооны харьцаа 19-19 байхад Парис багийн Франк Сегуала алсын зайн шидэлтийг амжилттай болгож, бүгд л тэднийг хожчихлоо гэж бодсон. Гэвч удаашруулсан бичлэгийг үзэхэд Сегуала зураас гишгэсэн байжээ. Улмаар тоглолт үргэлжилж, Уорти де Йонг оноо авснаар нэмэлт цаг гарсан. Энэ үед Уорти де Йонг олимпийн финалд хийж байсан шигээ алсын зайн шидэлтийг амжилттай болгож, Амстердам түрүүлсэн юм.
Энэ жил Уорти де Йонгийг давж гарах тамирчин 3х3 сагсан бөмбөгт байсангүй.
Холбоотой мэдээ