Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Хятад Японд тусална

БНХАУ эдийн засаг энэ онд хэмжээгээрээ Японыг ардаа орхиж, АНУ-ын дараа хоёрдугаарт орох боломжтой болжээ. Өнгөрсөн онд Хятадын ДНБ-ий хэмжээ Японыхоос дөнгөж 200 тэрбум ам.доллараар дутуу байсан ч энэ онд гарцаагүй гүйцэх юм.  Энэ нь Японы эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой юм. Японы ДНБ-ий хэмжээ энэ оны хоёрдугаар улиралд 1288 их наяд, Хятадынх 1366 их наяд долларт хүрсэнээр манай урьд хөрш Японыг ардаа орхижээ. Гэхдээ эхний хагас жилийн ерөнхий дүнгээр Японы ДНБ-ий хэмжээ 2578, Хятадын ДНБ 2532 их наяд ам.долларт хүрч бараг тэнцсэн юм. Япон улс 1968 оноос хойш дэлхийд эдийн засгийнхаа хэмжээгээр хоёрт орж ирсэн Япон юм. Энэ үйл явдалтай холбоотойгоор эдийн засгийн шинжээчдийн нэг хэсэг нь Хятад улс 2020 он гэхэд ДНБ-ийхээ хэмжээгээр АНУ-тай эн зэрэгцэж, түрүүлнэ гэж үзэж байгаа юм.

Учир нь БНХАУ АНУ-тай ойрол­цоо газар нутагтай боловч хүн амын­хаа тоогоор тав дахин илүү, эдийн засгийнх нь өсөлт хавьгүй хур­дан байгаа юм. Гэхдээ Хятад дэл­хийд тэргүүлнэ гэж хэлэхэд арай эрт байна. Учир нь Хятадын ДНБ-ий хэмжээ АНУ-ынхаас 10 их наяд ам.доллараас бага бөгөөд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр Японыхоос 10 дахин бага юм. Энэ үзүүлэлтээрээ тус улс ерөнхийдөө хөг­жиж буй орнуудын түвшинд байна. Мөн Хятадын хүн ам дэл­хийн хүн амын тавны нэгийг эзэлж байгаа боловч дэлхийн нийт ДНБ-ий дөнгөж найман хувийг бүрдүүлдэг.

ЯПОН, ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА

Хятадын эрх баригчид их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, зээл олгосны хүчинд эдийн засаг дотоод дахь эрэлтээ нэмэгдүүлсэн юм. Үүний хүчинд  ДНБ нь энэ оны эхний хагаст 11.1 орчим хувиар өсч, жилийн дүнгээрээ 10-аас доошгүй хувиар өсөхөөр байна. Азийн барууд болол Зүүн өмнөд Азийн орнуудад ч ерөнхийдөө хямралыг гэтлэн гарч, эдийн засаг нь нэлээд өсөх шинжтэй байна. Улс төрийн хямралын улмаас эдийн засаг нь нэлээд хохирсон Тайландад хүртэл эдийн засаг нь 9.1 хувиар өсөх төлөв гарсан бөгөөд үүнд Хятадын нөлөө ихээхэн байгаа юм. Харин Японы эдийн засгийг энэ онд ердөө 2-3 хувь өснө гэж таамаглаж байна.

Хятадын эдийн засаг хөгжихийн хэрээр Японы үйлдвэрлэгчидтэй өрсөлдөх нь гарцаагүй боловч Японд бас томоохон боломж ол­гож байна. Учир нь Хятадад дунд давхаргынхны худалдан авах чад­вар сайжирснаар Японы өндөр үнэтэй барааны эрэлт нэмэгдэж, Японы үйлдвэрлэгчдэд таатай нөх­цөл бүрдэж байна. Үүний хүчинд Хятад, Японы худалдааны хэмжээ эхний хагас жилд өнгөрсөн оныхоос 35 хувиар өсч, 138.3 тэрбум ам.дол­ларт хүрсэн байна. Энэ нь урьд өмнө үзэгдээгүй өндөр үзүү­лэлт юм. Мөн Японы бизнес эрх­лэгчдийн хувьд Хятадад хө­рөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сонир­хол нь улам нэмэгджээ. Японы эдийн засаг санхүү, эдийн засгийн хямралын үр дагаврыг бүрэн давж гарч чадаагүй, иений ханш өсч байгаагаас дифляцийн аюулаас нүүрлээд байгаа юм. Тиймээс тус улсын Засгийн газраас их хэмжээний хөнгөлөлттэй зээл олгож, эдийн засгаа дэмжих хөтөлбөр хэлэлцэж байна. Японы эдийн засаг хоёрдугаар улиралд дөнгөж 0.4 хувиар буюу 1.29 их наяд ам.доллараар өссөн байна. Харин Хятадын эдийн засаг 1.34 их наяд ам.доллараар өссөн юм.

ХЯТАД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЗҮТГҮҮР БОЛЖЭЭ

Хятадын эдийн засаг аажмаар Европ, АНУ-ын компаниудад нээлттэй болж байгаа нь барууны үйлдвэрлэгчдэд ч гэсэн ихээхэн боломж олгох болжээ. Хятадын эдийн засгийг экспортоос хэт хараат үздэг боловч энэ нь тийм ч бүрэн дүүрэн үнэлгээ биш. Тухайлбал, Хятадын гадаад худалдааны эр­гэлт дэлхийн санхүү эдийн засгийн хямралын улмаас 2009 онд 14 ху­виар, экспортынх нь хэмжээ 16 хувиар буурчээ. Гэвч эдийн засаг нь бүхэлдээ есөн хувиар өссөн байна. Энэ нь голчлон дотоод зах зээлд хөрөнгө оруулалтаа нэмж,  дэд бүтцээ сайжруулсны үр дүн юм. Хятад улс АНУ, Европын ор­нуудтай хийдэг худалдаа эргэл­тэнд экспорт нь давамгайлж нэ­лээд ашигтай худалдаа хий­дэг. Харин зүүн Өмнөд Азийн ор­нуудын хувьд эсрэг дүр төрхтэй байдаг. Тухайлбал, Япон, Өмнөд Со­лон­гос, Тайваний хувьд Хятад нь экс­портын хамгийн том зах зээл юм. Мөн Малайз, Тайландын хувьд экспортынх нь хоёр дахь том зах зээл нь аж. Мөн эдгээр орны гадаад худалдааны эргэлтэд  Хятадтай хийх  худалдааны хэмжээ тогтмол өсч, тэдгээр орны эдийн засгийн сэргэлтэд түлхэц өгч байна.  

Хятадын бизнесийн байгуул­лага, иргэдийн хуримтлал ДНБ-ийх нь хэмжээтэй дүйцэхүйц болсон нь цаашид хэрэглээг дэмжих, хө­рөнгө оруулалтаа нэмэхэд нь их нөөц байгааг харуулж байна. Бээ­жингийн эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр хөөс бий болох, эдийн засаг хэт халах зэрэг үр дагавраас сэргийлж, энэ оноос зээлийнхээ хэмжээг буруулах арга хэмжээ авсан. Дотоодынх хэрэглээ ерөнхийдөө түргэн өсч байгаа боловч ДНБ-ийнх дөнгөж 36 хувийг бүрдүүлж байна. Энэ нь дэлхийн томоохон орнуудтай харьцуулахад бага үзүүлэлт.  Тиймээс Хятадын эрх баригчид ажилчдынхаа цалинг нэмэх зэрэг зарим арга хэрэгслийг ашиглан нийгмийнхээ баялгаас арай ахиу хувийг иргэддээ хуваарилахад энэ үзүүлэлт өсөх боломжтой. Төрийн мэдлийн гадаад валют, алтны нөөц 2.5 их наяд ам.долларт хүрсэний хоёр их наядаас илүүг нь Хятадын эрх баригчид барууны орнуудын активд оруулсан юм. Энэ нь барууны орнуудад хямралын үед төсвийн алдагдал нь хэрээс хэтэрсэн ч эдийн засгаа дэмжихэд их хэмжээний хөрөнгө зарцуулах боломж олгож байна. Тиймээс Хятад Азийн барууд төдийгүй барууны орнуудыг хямралын хар нүхнээс татаж байна гэхэд болно.

Д.МӨНХБОЛД

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж