Кирра Пендергаст кибер аюулгүй байдлын сурган хүмүүжүүлэгчийн хувиар жил бүр олон мянган өсвөр насны хүүхэдтэй ярилцдаг. Хүүхдүүд цахим орчинд юу хийж буйг тэр сайн мэднэ. Хүүхдүүд зурвас бичдэг, дээрэлхдэг, бэлгийн дарамт үзүүлдэг, заналхийлдэг. Гэвч энэ сард 12-13 насны хүүхдүүдтэй уулзах үеэр тулгарсан дайсагналын өмнө түүний олон жилийн туршлага юу ч биш болж хувирчээ.
Тодруулбал, Кирра Австралийн нэгэн ахлах сургуульд урилгаар илтгэл тавих болсон. Гэвч илтгэл эхлэхээс хэдхэн минутын өмнө хэдэн хөвгүүн тараах материал дээрх эмэгтэйчүүдийн зургийг шоолж, доромжилж эхэлжээ. Багш нар тэднийг чимээгүй болгохыг хичээсэн ч байдал улам гаарч, эцэст нь Кирра Пендергаст танхимаас зугтан гарчээ.
Тэрбээр машин дотроо суугаад нулимс дуслуулан бичлэг хийсэн байна. "Би энд уйлаад сууж байгаадаа итгэхгүй нь. Өнөөдөр миний харсан зан байдал тэдний цахим ертөнцөд харсан үзсэн зүйлсээс эхтэй гэдэгт итгэж байна. Би үүнийг мэдэж байгаа. Энэ байдал өөрчлөгдөх ёстой" гэж тэр ярьжээ.
Кирра Пендергаст бол "Safe on Social" гэх кибер аюулгүй байдлын сургалтын компанийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал. Тэрбээр хүүхдийн цахим хэрэглээг хориглохыг эсэргүүцэж явсан удаатай. Гэвч одоо түүний байр суурь өөрчлөгджээ. Одоо тэр хүүхдийн цахим хэрэглээг хориглохыг дэмжиж, үүний төлөө ажиллаж байна.
Австралийн засгийн газар энэ долоо хоногт 16-аас доош насны хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах хуулийг батлах төлөвтэй байна. Цахим хэрэглээг хязгаарлана гэдэг нь тэдний ашигладаг төхөөрөмжүүдээс "Snapchat", "TikTok", "Facebook", "Instagram", "Reddit", "X" зэрэг платформуудыг устгах юм. Хэрвээ энэ хууль батлагдвал хүүхдүүдэд эдгээр платформыг ашиглуулахгүйн тулд зохих арга хэмжээ аваагүй компаниуд 32 сая ам.долларын торгууль төлөх болно. Технологийн компаниуд хязгаарлалтыг чухам яаж хийх нь тодорхойгүй. Гэхдээ ядаж л насыг баталгаажуулах нэмэлт технологи нэвтрүүлнэ гэсэн хүлээлттэй байна.
Гэхдээ энэ шийдвэр нь бүрэн төгс шийдвэр биш юм. Мэдээж өрөөсгөл тал бий. Хүүхдүүдийн хэрэглээг хорисноор тэднийг интернетийн зохицуулалтгүй өөр орчин руу түлхэх магадлалтай.
ЦАХИМ ДЭЭРЭЛХЭЛТ
Цахим дээрэлхэлтэд өртсөний улмаас сүүлийн саруудад хоёр ч хүүхэд амиа хорложээ. Шарлотт О’Брайен, Элла Кэтли-Кроуфорд хоёулаа 12 настай байсан бөгөөд "Snapchat"-аар тэднийг дооглодог танхай этгээдүүдийн бай болсон гэж ар гэрийнхэн нь ярив. Эллагийн оршуулах ёслолд зориулж мөнгө босгохын тулд "GoFundMe" санд мөнгө цуглуулжээ. Тус хуудсанд түүний ойр дотныхон "Цахим дээрэлхэлт гэж үнэхээр байдаг юм байна" гэж тод томруунаар бичжээ.
Шарлоттын эцэг эх Мэттью Ховард, Келли О’Брайен нар 16-аас доош насныхныг цахим сүлжээ ашиглахыг хориглох кампанит ажилд нэгджээ. Тэд цахим сүлжээ ашиглахыг хориглох насны хязгаарыг 13-16 болгон нэмэгдүүлэх өргөдөлд 124 мянган хүний гарын үсэг цуглуулж, ерөнхий сайдад хүргүүлсэн. Энэ төрлийн өргөдөлд хамгийн олон хүний гарын үсэг цугларсан нь энэ юм.
Эмнэлзүйн сэтгэл зүйч, зохиолч Доктор Даниэлл Эйнштейн энэ талаар ярихдаа "Багш нар энэ бүдүүлэг зан авирыг шийдэхийн тулд маш их дарамт шахалтад орж байна. Хүүхэдтэйгээ ярилцах, зөрчилдөөнийг шийдвэрлэх арга зам болох нүүр тулсан харилцааг гар утас болон групп чат орлох болжээ. Хүүхдүүд нэг алдаа гаргалаа гэхэд олон нийтэд цацагддаг. Тэдэнд жижиг алдаа гаргах ч эрх байхгүй" гэв.
Австралийн улс төрийн томоохон намууд аливаа асуудал дээр санал нийлэх нь ховор ч хүүхдийн цахим хэрэглээний тухайд нэгдсэн байр суурьтай байна. Либерал сөрөг хүчний нам анх зургадугаар сард нийгмийн сүлжээний насны хязгаарлалтыг танилцуулсан. Үүнийг ерөнхий сайд, муж, орон нутгийн удирдагчид гээд шил шилээ даран бүгд дэмжсэн юм.
Гэхдээ энэ нь далдуураа улс төрийн тоглоом гэж шүүмжлэгсэд ч байна. Учир нь энэхүү хоригийг дэмжсэн хоёр том нам ирэх онд болох сонгуульд өрсөлдөх юм.
Хориг хэрэгжих хүртлээ маш их зам туулна. Хууль батлагдлаа ч засгийн газрын зүгээс технологийн компаниудад 12 сарын хугацаа өгнө. Энэ хугацаанд компаниуд хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэлээ базаах юм.
"Х" платформын эзэн Элон Маск энэ хуулийн төслийг "Засгийн газрын хэт их хөндлөнгийн оролцоо" гэж нэрлэж байна. Өөрийгөө үг хэлэх эрх чөлөөний үнэмлэхүй үзэлтэн гэж зарладаг Маск "Энэ шийдвэр нь австраличуудын интернетэд нэвтрэх эрхийг хянах арга шиг санагдсан" гэжээ.
Тэгвэл "Мета"-гийн эзэмшдэг "Instagram" платформ саяхан хүүхдийн тусламжийн утастай хамтран дээрэлхэлтийн эсрэг кампанит ажил өрнүүлжээ. Кампанит ажлын хүрээнд контент бүтээгчдээс цахим дээрэлхэлтийг хэрхэн даван туулж буйг нь асуудаг. Дээрэлхэлт мэдэрсэн юм бол яагаад цахим хэрэглээгээ больчихож болдоггүй юм бэ гэж тэднээс асуухад "Хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэн нь бүгд тэнд байгаа" гэж хариулжээ.
Холбоотой мэдээ