Өмнөд Солонгосын Бусан хотноо дэлхийн 175 орны төлөөлөгчид Хуванцрыг хязгаарлах гэрээ байгуулах зорилгоор Даваа гаригт хуран чуулжээ. Олон улсын хэлэлцээрийн тав дахь шат санал зөрөлдөөнтэй үргэлжилсээр байна. Хуванцар бохирдлын асуудлаарх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хорооны тав дахь буюу эцсийн шатны санал хураалт Ням гариг хүртэл үргэлжилнэ.
Тус хороо нь 2040 он гэхэд хуванцар бохирдлыг таслан зогсоох амлалтад үндэслэн олон улсын эрх зүйн шаардлагад нийцсэн баримт бичиг боловсруулах зорилгоор 2022 онд байгуулагдсан. НҮБ-ын тогтоолоор байгуулагдсан уг хороо нь байгаль орчин, хүний эрүүл мэндийг сөрөг нөлөөллөөс хамгаалахын тулд хуванцрын амьдралын мөчлөгийг бүхэлд нь хамарсан цогц арга барил боловсруулах зорилготой. Хуванцрын амьдралын мөчлөг гэдэгт хуванцрыг үйлдвэрлэхээс эхлээд устгах хүртэлх бүх үе шат багтана.
Өмнө нь дөрвөн ч удаа яриа хэлэлцээ хийсэн боловч зохицуулалтын цар хүрээний асуудлаар санал зөрөлдсөөр, ахиц дэвшил багатай байна. Санал зөрөлдөөн нь оролцогч орон бүрийн эрх ашгаас үүдэлтэй. Тиймээс энэ удаад харилцан буулт хийхийг Өмнөд Солонгосын Байгаль орчны сайд Ким Ван Суп улс орнуудад уриалж байна.
Дашрамд дурдахад, өмнөх яриа хэлэлцээрүүд 2022 онд Уругвайд, 2023 онд Франц, Кенид, 2024 оны дөрөвдүгээр сард Канадад тус тус болж байжээ.
0 сэтгэгдэл