–Дэлхий дахинд 3.4 сая кибер аюулгүй байдлын мэргэжилтэн шаардлагатай–
Тусгаар тогтнол хэмээх ойлголт зөвхөн дархан хил, дайн тулаан, газрын зургаар хэмжигддэг цаг ард хоцорчээ. Дэлхийн улс орнууд техник технологийн дэвшлийг дагаад кибер орон зайд улс үндэстнийхээ тусгаар тогтнолыг сахин хамгаалах шинэ сорилттой нүүр тулав. Энэхүү сорилтын шийдлийг хэлэлцэхээр “Кибер тусгаар тогтнол” форумыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү “Орчин цагт кибер аюулгүй байдал, дижитал хөгжил нь нэг зоосны хоёр тал. Өнөөдөр кибер аюулгүй байдлыг хангахад техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна. Тиймээс Оксфорд, Жайка зэрэг олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран мэргэжлийн хүмүүсийг бэлдэж эхэлсэн. Кибер аюулгүй байдлын түвшнээр Монгол Улс хууль эрхзүйн орчноо тодорхой болгосон. Хамгийн сүүлд эрсдэлийн үнэлгээ хийлгэх журмаа ч баталсан. Энэ мэтээр төсөв, улс төр, хууль эрхзүйн шийдлийг гаргасан. Одоо эрсдэлийн үнэлгээ хийдэг эрх бүхий байгууллага, кибер аюулгүй байдлын аудит хийдэг байгууллагуудын үйл ажиллагааг хэвшүүлэх, онц дэд бүтэцтэй байгууллагуудын мэдээллийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хяналт тавих асуудал бий.
2022 онд гаргасан Засгийн газрын 207 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулаад явж байна. Төсөвт мэдээллийн технологийн зардлыг 2026 оноос ерөнхий бус задалж оруулахаар болсон. Ингээд ирэхээр Кибер аюулгүй байдалд хандах соёл төлөвшинө.
Эрсдэлийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага, мэргэжилтнээ бэлдэх, халдлагад өртсөн байгууллагыг оношилж, харилцан мэдээлэл солилцох соёл бий болно. Хиймэл оюунд суурилсан халдлага эрчимжихийн хэрээр хиймэл оюунд суурилсан хамгаалалтын програм хөгжиж байна” хэмээн ярилаа.
2014 онд дэлхийн нийт хүн амын 37,4 хувь интернэт хэрэглэгч байсан бол 2024 онд 10 сард 66,2 хувьд хүрчээ. (5.35 тэрбум хүн) интернэт хэрэглэгч болжээ. Үүнээс 63,8 хувь нь сошиал медиа хэрэглэгч байна. Гэвч технологийн хувьслыг дагаад хиймэл оюун дээр суурилсан кибер халдлага 2028 он гэхэд 64.4 тэрбум $ хохирол дэлхийн эдийн засагт учруулах аж. 2023 оны судалгаагаар дэлхий дахинд 3,4 сая кибер аюулгүй байдлын мэргэжилтэн шаардлагатай байна. Үүнээс 2,7 сая нь Ази, Номхон далайн бүс нутгуудад байна.
ТЕГ-ын МАБГ-ын дарга, Хурандаа Ц.Хүрэлбаатар “Мэдээлэл технологийн хөгжлийг хиймэл оюун түүчээлж байна. Кибер орон зай, аюулгүй байдалд Ази номхон далайн бүс нутагт рансомвэйр халдлага түгээмэл байна. Ингэхээд батлан хамгаалах, гадаад харилцаа, онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага руу чиглэж байна. Мөн геополитикийн нөхцөлөөс шалтгаалж кибер халдлага эрчимжиж буй. Майкрософтын статистикаа харахад өдөр тутамд 600 сая халдлагыг хамгаалж байгаагаа илэрхийлжээ. Кибер халдлага олон улсад тогтворгүй нөхцөл байдал үүсгэх зорилгоор нийлүүлэлтийн сүлжээ рүү довтолж байна” хэмээн онцоллоо.
Геополитик зөрчилдөөнтэй холбоотой кибер халдлагаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хохирол 2021 онд 6 их наяд ам.долларыг давжээ. Ялангуяа, Оросын довтолгооны үеэр 2022 онд Украйн 4500 гаруй кибер халдлагад өртөж, эдийн засгийн хохирол 1 тэрбум ам.долларт хүрсэн гэж тооцогдож байна (ITU).
Кибер аюулгүй байдлын индексийн Техникийн чадамж үзүүлэлтээр Арабын Нэгдсэн Эмират Улс 20 оноотой, Монгол Улс 6,64 оноотой аж. “Кибер аюулгүй байдлын тусгаар тогтнол” форумыг ЦХИХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөл, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвөөс санаачлан, жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
Нэргүй 2024-11-25 66.181.168.8
Мундаг шүү, Амжилт залуусаа