NEWS.mn-Монгол бичгээр мэдээлэл түгээсэн 10 жил

NEWS.mn-Монгол бичгээр мэдээлэл түгээсэн 10 жил

NEWS.mn-Монгол бичгээр мэдээлэл түгээсэн 10 жил

NEWS агентлагийн бэлтгэн гаргадаг мэдээллийн www.news.mn сайт үүсгэн байгуулагдаад 17 жил, мөн бид үндэсний Монгол бичгээр мэдээ, мэдээлэл түгээж эхлээд 10 жилийн ойтой /2024.12.01/-гоо золгох гэж байна. Монгол бичгээр мэдээ, мэдээлэл түгээж эхэлсэн 10 жилийн ойн хүрээнд Монгол бичгийн сайтын редактор А.Удын дурсамж нийтлэлийг хүргэж байна. 


Нэг.

2011 онд Монгол Улсад анх ирж билээ, би. “Монгол Улсын Ерөнхийлөгч нь УИХ-ынхаа хүндэтгэлийн индэр дээрээс Монгол тоотноо нэгэнт уриалан дуудсан болохоор чиний аялал өлзий мөртэй байх болно” гэж өмнө нь Монгол Улсад ажиллаж байгаад буцсан нутгийн анд маань урмын үг хайрлаж билээ. Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг Хятад компанид хөдөлмөрийн визтэй бүтэн жил ажиллаж Монгол Улсын талаар гайгүй сайн мэдээлэлтэй болж амжсан миний бие 2012 оны намар Улаанбаатар хот руу хүлгийн жолоо эргүүлэв. Зорьсон газартаа хүрч уулзах хүмүүстэй уулзхын сацуу нэг Өвөр монгол, хоёр Монгол танилынхаа буянаар нэр дээрээ компаниа бүртгүүлж, улмаар оршин суух асуудлаа албан ёсоор шийдлээ. Сурсан мэргэжлээрээ, Монгол бичгээрээ ажиллах боломжийн эхний алхам ийн ялгум бүтсэн.

Монгол бичгээр сэтгүүл хийх, ядаж нэг сайт хийх бодол надад угаасаа байсан юм. Монголд босоо бичгээр дагнадаг “Хүмүүн бичиг” сонин, “Уламжлал” сэтгүүл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын монгол бичгийн сайт, “Монгол бичиг” нэртэй facebook хуудас /350 мянган гишүүнтэй/ зэрэг байдаг. “Хүмүүн бичиг”, Ерөнхийлөгчийн Тамгын газрын монгол бичгийн сайтаас бусад нь сайн дурынх боловч монгол бичиг Монгол Улсад удам тасраагүйн илрэл тэр юм. Гадаадад ялангуя Хятад болон Өвөр монголчуудын дунд Монгол Улсад монгол бичиг ор тас алга болсон гэх ойлголт түгээмэл байдаг. Хэзээ нэг өдөр хэн нэг нь “босоо монгол бичиг манайх” гээд олон улсад зарлах тэр үед энэ хэдэн сайн дурын бичигтэд маань “үгүй энд байна” гэх гэрч болж чадах байх шүү. ”Бассан өвс бөгс хатгана” гэдэг дээ.

Монгол бичгээр сэтгүүл сонин хийх сонирхолтой хувь хүн байгууллага тэр үед даанч олдсонгүй. Яахав монгол бичгээр сайт хийж болох юм, эдийн засгийн тооцоо хэр бол, ашигтай ажиллаж чадах уу гэж асуусан хэдэн хүнтэй тааралдсан.

Зүүн гар талаас: Мөнхдалай, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр, А.Уд

2013 оны өвөл нэг танил маань ww.news.mn  сайтын холбогдох утсыг олж, монгол бичгийн сайт хийж болох эсэх талаар асуусанд уулзаж ярилцъя гэсэн мөрөөдөл далласан хариу сонслоо. Б.Тэмүүлэн захиралтай тэгж уулзаж танилцаж, тэр өдөртөө л монгол бичгээр хамтарч ажиллахаар боллоо. Цагаан сарын дараа ахиад уулзаж гэрээ хэлцэл хийхээр ярьж тохироод би нутаг буцаж, Болзоо нэртэй кириллээс монгол бичигт хөрвүүлэх програм хийсэн нутгийн залуу Цэцэнттэй уулзаад, сайт хамтарч хийх санаагаа цухуйлгасан боловч тэрбээр Монголд очих боломж муутай байгаагаа хэлэв.

Дараа хавар нь Улаанбаатарт Бээжингээс Монголд гэр бүлээрээ ирээд МУИС-д магистраар сурч байгаа Мөнхдалайтай айлд санамсаргүй танилцаатхав. Тэрбээр Өвөр таван отог халхын Баарин аймгийн хойчис. Хятадын алдартай сургуулиа төгсч, Бээжинд байрладаг гадаадын компанид олон жил ажилласан, хэдэн хэлэнд нэвтэрсэн IT мэргэжилтэн байлаа. Бид хоёрын хооронд нэг их урт яриа болоогүй.

-Монгол бичгийн сайт хамтарч хийх үү?

-Хаа? Монголд уу?

-Тийм

-Хэн хийх гэж танд зөвшөөрсөн юм, лавдуун /болгоомжтой/ орох хэрэгтэй…

Хэд хоногийн дараа бид хоёр www.news.mn  дээр очиж Б.Тэмүүлэн захиралтай уулзав. Гэрээ хийв.

-Ах , ажил ийм амархан бүтэж байгаа хэрэг үү?

– Тийм, яасан?

– Монголд ингэж шуурхай ажилладаг компани байдаг юм байна…

Харин бид хоёр ажлаа гэрээнд заасан хугаацаанаас нилээн сүүлд 2014 оны сүүлчээр хүлээлгэж өгөөд монгол бичгийн сайт маань 2014 оны арванхоёрдугаар сарын 1-нд албан ёсоор ашиглалтад орсон билээ. Түүнээс хойш бүтэн 10 жил ард хоцорчээ. Яасан ч хурдан өнгөрөх цаг хугацаа бэ? Хайрт дүү Мөнхдалай маань бурханы оронд ээж аавынхаа хойноос яваад бүтэн 7 жил болчихлоо. Амьдрал хайр дээр тогтдог, хагацал дээр, хязгаар нь үл харагдах дурсамж дээр тогтдог ажээ…

-Ах, би монгол бичгийн вэб сайтын эх кодоо www.news.mn сайтад  хүлээлгээд өгчихсөн, монгол бичгийн сайтаа ажиллуулаад цаашаа аваад явах нь чухал, харин ашиг бол хоёр дахь асуудал, гэхдээ яг энэ монгол бичиг дээр шүү. Энэ Монгол Улсад шүү. Эцсийн эцэстээ энэ сайт Монгол Улсын хөрөнгө болж үлдэнэ, та бид хоёрт хамаагүй шүү.

-Ах, монгол бичгээр ажиллах виз гэж байвал ямар гоё юм бэ?

Дурсамжинд үлдсэн түүний богинохон ярианаас тэр маань хувь тавилаангаа урьдчилж харж байсан мэт анир дуулдна.

2017 оны есдүгээр сарын 28 гэх цаг хугацаа дээр Мөөгий маань үүрд үлджээ. Мэдээж тэнд оршин суух зөвшөөрөл хэрэггүй. Тэр маань орчлонгийн нэг од болж, тэндээсээ биднийгээ, үр ижлээ хараад чимээгүй зүрхэндээ мэгшээд суудаг байх. Хүү нь цэвэр монгол хэлтэй болсон төдийгүй шатрын спортоор хичээллэж, тив дэлхийд олон олон амжилт гаргаж, Монгол Улсын хамгийн залуу шатрын аварга болжээ. Мөгий маань эх кодоо хүлээлгэж өгсний ачаар сайт маань хэд ч удаа шинэчлэгдээд гэгээлэг сайхан мэдээнүүдээ монгол бичигтэй хүмүүст хүргэж 10 жилийн нүүр үзлээ. Хүнээр бол ухаан төхөө орсон 10 настай хүүхэд шүү дээ. Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч монгол бичгийн unicode-ийг богино хугацаанд  шинэчилж чадвал манай монгол бичгийн сайт олон улсын хэмжээний сайт болно гэдэгт итгэж явдаг.

Зургийн тайлбар: Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ньюс агентлагийн захирал Б.Тэмүүлэн

Хоёр.

2010 онд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 155 дугаар зарлиг гаргаж, уг зарлигийг Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, тусгаар тогтнолоо сэргээсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой тохиосон 2011 оны долдугаар сарын 1-с хэрэгжүүлж эхэлсэн билээ. Мөн оноос эхлэн “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичилгийн үзэсгэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах болж, үүний өмнө хойно Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудсыг анх удаа монгол бичгээр хөтөлж, дэлхийн монголчуудын хүсэл тэмүүллийн цэг болсон Монгол хэмээх улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг монгол туургатан дэлхийн хаанаас ч унших боломж бүрдсэн юм. Мэдээж удаах нь манай сайт.

www.news.mn сайт монгол бичгийн багийн зарчим бол сар болгоны ажлын тайландаа тодорхойлсончлон: Монгол Улсын тухай гэгээлэг, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг дэлхийн монголчуудад хүргэх явдал байлаа.

Бид 2014 оны арванхоёрдугаар сарын 1-с одоог хүртэл 12 600 орчим мэдээг монгол бичигт хөрвүүлж олны хүртээл болгосон. Уншсан хүний тоо буюу хандалт чамлалттай ч бидний эчнээ зорилго бол “Монголын хөрсөнд бодит байдлыг бий болгох” байсан гэдгээ нуух юун. 2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай” хуульд монгол бичиг бол үндэсний бичиг гэж заасан байдаг. Үндэсний бичиг энэ улсын бичиг болохыг олон улсад гэрчлэх гэрч нь news.mn-монгол бичиг сайт маань мөн. 10 насалсан сайт маань араасаа олон дүү дагуулжээ. Монгол Улсын соёлын яам, Боловсролын яам монгол бичгийн сайттай болсон нь сэтгэл сэргээж байнам. Эрхэмсэг оршихуйн утга учир энэ.

Сэтгүүлч П.Номинбилэг долоон жилийн өмнө буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 6-нд бичсэн “Монгол бичгээ мартахыг хүсээгүй хүн бүрийн заавал орох 8 сайт” зохиолдоо, Монголын мэдээллийн анхдагч сайтуудын нэг болох “News.mn” сайт  Монгол бичгийн сайтаараа монгол бичгээр мэдээллээ хүргэдэг.

Өнөөдөр хамгийн сүүлийн мэдээ гэхэд “Өмнөд Солонгосын арми байлдааны бэлэн байдалд шилжээд байна" хэмээх гарчигтай БНСУ, БНАСАУ-ын сөргөлдөөний тухай мэдээлэл байх жишээтэй. Эндээс өдөрт нэг мэдээ уншиж яагаад болохгүй гэж? Хэмээн бичснийг эргэн санахад таатай байна. Монгол бичгийг шинэ нөхцөл байдалд нийцүүлж сэргээх бодит ажил “Монгол хэлний тухай” хууль батлагдснаар дуусаагүй. Ерөнхийлөгч асан Х.Баттулга үндэсний бичигтээ маш их ач холбогдол өгч байсан нь тэр өөрөө монгол бичиг сурч дараа нь олон нийтэд теле хичээл заасан явдал билээ. Тэрбээр 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” зарлиг гаргаж байлаа. 2020 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх засгийн газраа эмхлэн байгуулахдаа Соёлын яамыг сэргээсэн нь монгол бичгийг улам эрчтэй сэргээх нь гэсэн хүлээлтийг нийгэмд бий болгожээ. 2024 оны арваннэгдүгээр сарын 2-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргасан нь монгол бичгийг эрдэм шинжилгээнд идэвхтэй ашиглах боломжийг нээж өгч байгаа юм. Олон улсын түүх судлалд хэдийнэ бий болсон “Дотоод азийн түүхийн ойлголт” гэдэг нь товчхондоо монгол зэрэг нүүдэлчин үндэстэний түүхийг судлахад эх хэл дээрх сурвалж бичгээр гол баримт болгох тухай юм. Монгол Улсын 1946 оноос өмнөх түүхийн далай баян сан монгол бичгээрээ байдгийг бүгдээрээ мэдэж байна шүү дээ. Төрийн тэргүүний гарын үсгээс авхуулаад малчин айлын тулгын галаа асаадаг чүдэнзний хайрцаг, хот хөдөөг холбон өдөр шөнөгүй давхилдах ачааны машны дугаар дээр хүртэл монгол бичиг бичээстэй байв. Тэр их архив, ой санамжийн баян санг уудалж “бид хэн байсан вэ” гэдгээ тодорхойлоход хоёр гурван сайт, түүний тойрсон хэдэн монгол бичигтэн хүчин мөхөсдөх нь мэдээж.

Нэмж хэлэхэд, монгол бичгээр одоо цагийг дүрслэхэд хүндрэл үүсч байна. Олон улсад ашиглаж байгаа авиа зүйн зарчимд суурласан unicode-ийн алдаа хувь хувьсгалын хүмүүсийг улам бүр төөрөгдүүлж, монгол бичиг unicode-д шилжиж чадахгүй гэх маш хортой ойлголт нийгэмд бий болчхоод байна.

Unicode-ийн алдааг засахад маш урт удаан хугацаа шаардана гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ба цахим орчинд ямар нэг алдаагүй танигдах үсэг зүйд суурилсан монгол бичгийн unicode-г олон улсад бүртгүүлж, одоогийн монгол бичгийн авиан кодтой зэрэг ашиглах тухай хэлцэлийг зөвхөн тухайн улсын Засгийн газар unicode-ийн байгууллагатай хийх хууль эрх зүй үйлчилдэг ажээ. Үсэг зүйд суурилсан монгол бичгийн unicode нэгэнт бэлэн болсон бөгөөд хэрэв Монгол Улсын Засгийн газар хүсвэл кодоо үнэ төлбөргүй бэлэглэнэ гэж уг кодийн судалгааны багийн ахлагч ярьсан тухай мэдээлэл бидэнд байна.

Үсэг зүйд суурласан unicode-ийг Монгол Улс хүлээн зөвшөөрч улмаар холбогдох олон улсын байгууллага албан ёсоор бүртгэж хэрэглээнд нэвтрүүлсэн тэр үед олон улсын стандартын монгол бичгийн хайлтын систем бий болох бөгөөд монгол бичиг жинхэнэ утгаараа орчин үеийнх болно. Монгол бичгийн эдийн засгийн ач холбогдол тэр үеэс яригдаж эхэлнэ.Үндэсний бичиг саргэн амилах тэр гарц нүдэн өмнө харагдаж байна, түмэн олон минь,төр засаг минь. Энэ дэлхийд би монгол хүн ,бид  Монгол Улс гэдгийг таниулах нэгэн тэмдэг бол яах аргагүй монгол бичиг мөн билээ.

Энэ ташрамд www.news.mn сайтын хамт олон, үндэсний бичгээ дэмжигч хүмүүст 10 жилийн ойн мэнд хүргэе.

МОНГОЛ БИЧГИЙН САЙТЫН РЕДАКТОР АЛТАНСҮХИЙН УД

2024.11.26

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-27 76.220.74.140

Бид ч дэлхийд байхгүй ховор бичиг соёлтой ард түмэн дээ. Даан ч сүүлийн үед хэт туйлшраад англи хэлийг орой дээрээ залчихаад байгаа болохоос. Гадны жуулчид харахад ч босоо бичиг сонин биз дээ.

Avatar

Зочин 2024-11-27 202.126.91.157

Бусад бичгийг бас суртачлаач!!! Уухийг орчин уетэй хутгаж, орчин цагийн хэл соелыг устгахад чухал уурэг гуйцэтгэжээ!

Avatar

зочин 2024-11-27 202.5.206.33

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-11-27 66.181.161.149

Шал дэмий байгаа биз дээ? Хэн ч уншихгүй. Уйгуржин бичиг бол зүгээр Монголчуудын илүү зан, хэрэггүй зуршил.

Avatar

tergel sar 2024-11-27 202.9.46.106

10 jilee gej saikhan baina.

Avatar

Нэргүй 2024-11-27 103.57.95.157

Монгол соёл иргэншлийг хойч үедээ үлдээхийн төлөө Ар, Өвөр монголын хэдэн сэхээтэн залуусын сэтгэл зүрхнийх ээ дуудлагаар хийж эхэлсэн энэ сайхан ажил улам дэлгэ рч өргөн олон түмэнд хүчтэй нөлөөлөх нь зайлшгүй юмаа
Манай мэргэн ард түмэн Монголынхоо төлөө энэ мэт оюунлаг ажлыг тууштай дэмжих нь "босоо хөх" мэтийг да гаж дарвихаас хамаагүй илүү үр дүнтэй шүү !

Avatar

Нэргүй 2024-11-27 202.9.40.27

Нам төрийн толгойд гарч улс орныг цөлмлсн хулгайч үмхий манж х***а хог шааруудыг нам төр-с цэвэрлэ.

Avatar

ҮХЭР МОНГОЛ 2024-11-27 202.21.110.94

МАЛАА ӨМХИЙ АМАА ХААЯА УГААЖ БАЙ!!!!!!!!!ХОРХОЙТОЖ ӨМХИЙРСӨН ШҮДНҮҮДЭЭ ЭХЛЭЭД АВХУУЛ………..ТЭГЭЭД АРХИА УУХАА БОЛЬ…………..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж