Цахим хог хаягдлын хор хөнөөл буурай орнуудыг онилж байна

Цахим хог хаягдлын хор хөнөөл буурай орнуудыг онилж байна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Цахим хог хаягдлын хор хөнөөл буурай орнуудыг онилж байна

Гана улсын нийслэл Аккра хотын баруун хэсэгт орших Агбогблошие хогийн цэгээс өтгөн утаа суунаглах нь хэчнээн км-ын зайнаас харагддаг. Ойртох тусам үзэгдэх орчин, амьсгалах агаар хязгаарлагдмал болно. Тус хогийн цэг дээр цахим хог хаягдал буулгахыг олон арван ганачууд хүлээдэг. Зурагт, компьютер, угаалгын машин зэрэг цахилгаан барааны хаягдлыг хогийн цэг дээр буулгамагц нь тэд задалж, шатааж, зэс, алт зэрэг үнэт металыг нь гаргаж авдаг. Эдгээр цахилгаан барааны ихэнх нь хөгжилтэй, баян орнуудаас Ганад иржээ.

Цахим хог хаягдлын хэмжээ дэлхий дахинд бусад хог хаягдлыг бодвол хамгийн хурдацтай ихэсч байна. Тодруулбал, 2022 онд 62 сая тонн хог хаягдал үүссэн нь 2010 оныхоос 82 хувиар өссөн үзүүлэлт юм. Ухаалаг гар утас, компьютер, ухаалаг дохиолол, цахим төхөөрөмж суурилуулсан автомашин зэрэг хог хаягдлын өсөлтийн гол шалтгаан нь тогтмол өсч буй эрэлт хэрэгцээтэй холбоотой. Тухайлбал, гар утасны нийлүүлэлт 2010 оноос хойш хоёр дахин нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.2 тэрбум хүрчээ.

НҮБ-ын мэдээлснээр цахим хог хаягдлын ердөө 15 орчим хувь нь дахин боловсруулагддаг. Энэ төрлийн хог хаягдал нь химийн хорт бодис, метал, хуванцар болон дахин боловсруулах боломжгүй элементүүдийг агуулсан нарийн бүтэцтэй байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад хүртэл цахим хог хаягдлыг зохицуулах хангалттай дэд бүтэц байдаггүй.

Үүнийг дагалдаад цахим хог хаягдлын наймаа дэлхий дахинд нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй орнууд цахим хог хаягдлаа ядуу буурай орнууд руу шилжүүлдэг. Хууль бус наймаачид цахим хог хаягдлыг худал мэдүүлж хил давуулах нь элбэг. Дэлхий даяар гааль дээр хураагдсан хог хаягдлуудын зургааны нэг хувь нь цахим хог хаягдал болжээ. Түүнчлэн цахим хог хаягдлын томоохон эх үүсвэр болох ашиглалтын хугацаа нь дууссан моторт тээврийн хэрэгслийн худалдаа дэлхий дахид бараг 700 хувиар өсчээ.

ДЭМБ-ын саяхан нийтэлсэн тайланд дурдсанаар цахим хог хаягдалд агуулагдаж буй хуванцар болон метал нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Хог хаягдлыг хүлээн авч буй улс орнууд ихэвчлэн зохих дэд бүтэцгүйгээр дахин боловсруулалт хийдэг.

Базелийн конвенцийн дагуу ирэх оны нэгдүгээр сараас эхлэн экспортлогчид бүх цахим хог хаягдлаа мэдүүлж, хүлээн авагч улсаас зөвшөөрөл авдаг болно. Энэ нь зарим хуулийн цоорхойг нөхөх ч гэлээ тус конвенцид нэгдээгүй АНУ зэрэг томоохон улс бий.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж