Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн завсарлага дуусч, маргаашнаас /2024.11.26/ үргэлжлэхэд бэлэн боллоо. Багууд ч өнгөрсөн завсарлагын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж, легионер тамирчид болон дасгалжуулагчдаа сэлгэж, багаараа хамтарсан бэлтгэлээ базааж амжжээ. Бид та бүхэндээ улирлын эхэнд ажиглагдсан онцлох тамирчид болон багуудыг танилцуулъя.
"ТЭРГҮҮН ТОГЛОГЧ" – О.ЭРДЭНЭЦОГТ
Улирлын эхлэлийг BCH Knights багийн О.Эрдэнэцогт өнгөтэй эхлүүлж, MVP буюу "Тэргүүн тоглогч"-ийн жагсаалтыг тэргүүлээд эхэлсэн. Уг нь ч хэдийнэ "Тэргүүн тоглогч" болчих учиртай байсан юм. Харамсалтай нь, тухайн үеийн холбооны ойлгомжгүй, эргэлзээтэй шийдвэрээс болж, нэг бус удаа дээрх шагналыг алдсан түүхтэй. Харин энэ улирал гайхалтай байна. Багийн ахлагчийн үүргээ ч 100 хувь биелүүлж, хамгаалалт, довтолгоонд бусдыгаа манлайлж буй.
Өнгөрсөн улирал сарвууны бэртлийн улмаас хүссэн тоглолтоо гаргаж, шидэлтээ унагааж чадаагүй тэрбээр энэ улирал сайн байгаагаа сая шигшээ багийн түвшинд ч харуулав. Япон, Хятадын эсрэг хоёр тоглолтод ялгаагүй довтолгоогоороо бусдыгаа тэргүүлсэн. Айхаа мэдэхгүй дайрч, эсрэг багийн хамгаалагчдыг "нурааж" байлаа.
Хэдхэн улирлын өмнө лигийн холын шидэлтийн аварга болж байсан О.Эрдэнэцогтын шидэлт энэ улирал оновчтой байгаа.
О.Эрдэнэцогт одоогийн байдлаар лигт 22.3 оноо, 7.0 самбар дунджилж, 50.9 хувьтай довтолж байна. Мөн тэрбээр улирлын бүх тоглолтдоо 15 болон түүнээс дээш оноо авчээ. Баг нь ч тааруу эхлүүлсэн улирлаа өөд нь татаж байгаа. Энэ эрчээ хадгалбал О.Эрдэнэцогт дээд лигийн "Тэргүүн тоглогч" болоход асуудал алга.
ХҮЛЭЭЛТЭД ХҮРЭХГҮЙ ЯВАА НЭГЭН – М.ӨЛЗИЙ-ОРШИХ
Өнгөрсөн улирлын "Тэргүүн тоглогч" М.Өлзий-Орших энэ улирал харагдахгүй байна. Довтолгоо, шидэлт, найруулга гээд шүүмжлэл дагуулах зүйлс олон харагдсан. Залуугаараа лигийн нүүр царай болж, олны анхааралд орсон түүний тоглолт бүрийг дэмжигчид мөн шүүмжлэгчид зэрэгцэн үзэж байгаа. Тоглолтоороо хариуг нь барих учиртай ч одоохондоо хүлээлтэд хүрэхгүй л явна. Сая шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Япон, Хятадын эсрэг дарийн утаа үнэрлэсэн М.Өлзий-Орших ирэх тоглолтуудад өөрийгөө дахин харуулах биз.
Ямартай ч энэ чигээрээ байвал шүүмжлэлд өртөх нь ихсэх шинжтэй.
Дашрамд дурдахад, М.Өлзий-Орших өнгөрсөн улирлын төгсгөлд хамрандаа хагалгаа хийлгэн масктай тоглох болсон билээ. Магадгүй түүний маск нь тоглолтод нь нөлөөлсөн байж болзошгүй. Сүүлд Хятадын эсрэг тоглолтод тэрбээр маскгүй тоглосон.
ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРЬСАН БАГ – ДАРХАН ЮНАЙТЕД
Дарханы залуу баг энэ улирал үнэхээр үзүүштэй, урамтай тоглолтыг үзүүлж байгаа. Хурдтай, шидэлттэй тэднийг зогсоох баг ховор байна. Одоогоор тус баг таван хожил, гурван хожигдолтой лигийн аман хүзүүнд Хасын Хүлэгүүдийн ар шилэн дээр явж байна. Завсарлахын өмнө Хүлэгүүдийг хүртэл сандаргаад амжсан гэхээр Юнайтедын залуус зөөлөн боорцог биш болжээ.
Ердөө ганцхан улирлын өмнө Хөгжлийн лиг рүү унах эсэх нь яригдаж байсан залуучууд одоо өсч, туршлагажжээ. Өнгөрсөн зун багийн дасгалжуулагч, менежер ч ажлаа сайн хийж, бүрэлдэхүүнээ зузаатгав. Мөн легионер тамирчдын сонголт нь зөв байж, Тай Харди гэх залуу тоглолт бүрт дүрэлзэж байна. Энэ улирал тэд ямар ч маргаангүй плей-оффт шалгарах шинжтэй. Харин цаашдаа хэрхэх нь залуучуудын туршлага, чадвараас шалтгаална.
ИТГЭМЭЭРГҮЙ ТААРУУ ЯВАА НЬ – БИШРЭЛТ МЕТАЛЛ
Хоёр улирал дараалан финалд хүрч, багийн цөм болсон залуучуудаа хадгалж үлдсэн Бишрэлт Металл баг энэ улирлыг тун тааруу эхлүүлсэн. Одоогоор тэд хоёр хожиж, тав хожигдсон үзүүлэлттэй. Бүрэлдэхүүнд нь А.Энхбаясгалан, Т.Ууганбаяр, Б.Сүхбат, Н.Мөнхчөдөр гээд Монголын өнөө цагийн шилдэг залуус байх боловч тоон үзүүлэлт өөр юм хэлээд байна.
Үр дүнд нь багийн ахлах дасгалжуулагч Б.Ганхөлөг ажлаа хүлээлгэн өгч буйгаа зарласан. Түүний хувьд хоёр улирлын өмнө багийнхаа ахлах дасгалжуулагч байсан ч өнгөрсөн улирал ажлаа гадаад мэргэжилтэнд өгч, өөрөө туслах дасгалжуулагчийн албанд шилжсэн. Харин энэ улирал эргэн хуучин ажилдаа ороод байсан ч удаан үргэлжилсэнгүй.
Б.Ганхөлөг Монголын шигшээ багийг удирдан Ханжоугийн Азийн наадамд оролцож байсан билээ.
Түүний халааг гадаад мэргэжилтэн авах уу, эсвэл туслах нь болох Б.Тамжид үргэлжлүүлэх үү гэдэг сонирхолтой байна.
ЯМАР ТОГЛОХ ВЭ? – БАЙРОН МУЛЛЕНС
Цагтаа NBA-д тоглож, багагүй хугацааг үдсэн Байрон Мулленс гэх залуу BCH Knights багт саяхан нэгдсэн. Өдгөө 35 настай түүний хувьд АНУ-д ахлах сургуульдаа сайн тоглож, улмаар Охайогийн их сургуульд элсчээ. Тэндээ нэг улирлыг өнгөрүүлж, NBA-ийн драфтад нэрээ өгснөөр нэгдүгээр тойргийн 24 дэх сонголтоор Даллас Маврикс багт сонгогдсон аж.
NBA-ийн замналынхаа оргил үеийг Шарлотт Бобкэтс багт өнгөрүүлж, 10.6 оноо, 6.4 самбар дунджилжээ. Сүүлдээ Лос Анжелес Клипперс, Филадельфиа зэрэг багуудаар дамжсаар Азийг зорьсон аж. 213 см өндөртэй тэрбээр саяхан Тайванийн лигт тоглож байжээ.
d 2024-11-25 66.181.188.166
Худлаа өөрсдийгөө хөөргөхөөс цаашгүй здакууд. Монголын сагсчид гадаад энэ тэр явж мөнгө үрэхээ больвол таарна.