"Төсвөө алдагдалгүй баталж, зардлаасаа дахин танах нь зүйтэй"

"Төсвөө алдагдалгүй баталж, зардлаасаа дахин танах нь зүйтэй"

"Төсвөө алдагдалгүй баталж, зардлаасаа дахин танах нь зүйтэй"

Эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.  


-Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсныг парламент хүлээж авсан. Засгийн газар төсвийн алдаагаа хэр засч чадна гэж та харж байна вэ?

-Засгийн газраас хэт өөдрөг төсөв боловсруулж оруулж ирдэг. Эдийн засгийн бодит нөхцөл байдлыг зөв тооцоолдоггүй, мөн учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж хуримтлал үүсгэхийг зорихоос илүүтэй олсон орлогынхоо хэмжээгээр зарлага заргах, цаашлаад алдагдалтай байх төсөв баталж ирсэн. Тэгвэл ирэх онд одоо төсөөлсөн байгаа эдийн засгийн нөхцөл байдалд ихээхэн өөрчлөлт гарахаар байна. Тухайлбал, ирэх онд төсөөлсөн байгаа шиг найман хувиар эдийн засаг өсөх үү гэдэг нь анхаарал татаж байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Дональд Трамп яллаа.  Тэрбээр, сонгуулийн мөрийн хөтөлбөртөө бүхий л импортын бараа бүтээгдэхүүндээ өндөр татвар ногдуулахаа мэдэгдсэн. Тэр дундаа БНХАУ-аас худалдаж авах бараа бүтээгдэхүүндээ 60 орчим хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн. Тиймээс энэ шийдвэр хэрэгжээд эхэлбэл БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд шууд нөлөө үзүүлнэ. Тус улсын эдийн засагт одоо ч  тодорхой хүндэрлүүд үүссэн байгаа энэ үед АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан зорилтууд нь эдийн засгийн хүндэрлүүд бий болгох нөхцөл байдалд хүргэж байна.

Монгол Улс БНХАУ-руу нийт экспортынхоо 90 орчим хувийг экспортлодог. Тэгвэл БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саармагжихаар Монгол Улсын эдийн засаг тэр дундаа экспортын хувь хэмжээ саармагжих дүр төрх ажиглагдаж байна.

Дональд Трампийн хувьд ирэх оны нэгдүгээр сард албан ёсоор тангараг өргөнө. Энэ үеэр ямар бодлого явуулахаа илүү тодорхой зарлах байх. Энэ үйл явдал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Трампийн гаргах шийдвэр, хэрэгжүүлэх бодлого дэлхий нийтийн эдийн засагт нөлөө үзүүлнэ. ОХУ болон Укриан хоорондын дайнд АНУ оролцохгүй гэдгээ мөн мэдэгдсэн. Хэрэв АНУ өмнөх шиг ээ Укрианыг санхүүжилтийн хувьд дэмжихгүй бол Европын улс орнууд санхүүжилтийг дангаараа гаргах болно. Европын эдийн засаг ч мөн хүнд байгаа энэ үед дангаараа санхүүжилт гаргана гэдэг хүндрэлтэй асуудал болно. Хэрэв АНУ-ын зах зээл дээр БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнийг 60 хувийн татвартай болгочихвол өөр зах зээл хайж эхэлнэ. Тиймээс Европын зах зээл рүү нэлээд ширүүхэн өрсөлдөөн явагдах байх. АНУ, Европ, БНХАУ-ын зах зээлийн нөхцөл байдлыг аваад үзэхээр эдийн засгийн хүндрэл үүсэхээр байгаа нь Монгол Улсын төсвийн орлого одоогийн төлөвлөсөн хувь хэмжээнээс буурах магадлалтай гэж харж байна.

-Засгийн газар, парламентад цаашдаа том сургамж болж чадах болов уу?

-Ерөнхийлөгчийн санал болгосноор 1.9 ихнаяд төгрөгийн алдагдалгүй төсөв батлахаас гадна төсвийн хувь хэмжээг дахин танах нь зүйтэй гэж үзэж байна. Алдагдалгүй төсөв батлах зайлшгүй шаардлага үүсч байна. Цаашлаад бид нэн шаардлагатай бус зардлуудаа танаж, төсвийн данхар байдлаа бууруулах боломж гарч ирж байна. Үнэхээр төсвийн орлого сайн байвал тусгай сангууддаа хуримтлал хэлбэрээр хадгалах боломжтой. Тиймээс төсвөө дахин сайтар хэлэлцэж, тодотгол оруулах, алдагдалгүй батлах, цаашлаад зардлын хувь хэмжээг бууруулах зайлшгүй шаардлага үүссэн гэж харж байна. Ирэх оны хувьд 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн нь хэт өөдрөг үзүүлэлт гэж дүгнэж байна. Сүүлийн жилүүдэд гадаад орчин нөхцөл талдаа азтай байсан. Харин ирэх оны хувьд дээрх зорилтодоо хүрч чадахгүй байх. Үнэ болоод эрэлтийн хувьд эрсдэл дагуулж байна.

-Төсвийн зардлыг танахаар хөрөнгө оруулалт татагдах эрсдэл бас бий?

-Шулуухан хэлэхэд урсгал зардлын хувь хэмжээнээс танахад хүндрэлтэй байх болов уу. Тиймээс хөрөнгө оруулалтын зардлуудаасаа танах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зардлуудаа эрэмбэлж үзээд нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэхүйц төслүүдээ авч үлдээд үлдсэн зардлуудаа танах нь зүйтэй байх. Төсвөө алдагдалгүй батлахаас гадна төсвийн орлогын хувь хэмжээгээ бодитой тооцож, зардлын хувь хэмжээг бууруулснаар татвар төлөгч, бизнес эрхлэгчдийн нуруун дээр ирэх ачаалал буурна. Татвараас төсвийн орлогыг бүрдүүлнэ. Тийм учраас хэт данхар төсөв баталсан нь эргээд татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсгэх учраас хувь хэмжээг нь бууруулснаар тэр хэрээрээ татвар төлөгчид дээр ирэх дарамт буурна.  Урсгал зардлын хувьд жил бүр нэмэгдэж байгаа нь үнэн. Энэ нь эргээд улстөрчдийн сонгууль угтсан амлалт, хууль эрх зүйн өөрчлөлттэй холбоотой байна. Тухайлбал, төрийн албан хаагчид болон тэтгэврийн хувь хэмжээг жил бүр инфляцын хувь хэмжээтэй уялдуулж нэмэх, удаа дараа огцом нэмэх гэх мэт шийдвэрүүд гаргасаар ирсэн. Цалингийн хувь хэмжээг өсгөх нь нэг талаас сайн мэт боловч нөгөө талдаа инфляцыг өдөөж байдаг.

Тиймээс шатласан татварын бодлого хэрэгжүүлснээр төрийн албан хаагчид болон тэтгэвэр авагч иргэдийн гар дээр очих мөнгөн дүн өндөр байх боломжийг бүрдүүлэх боломжтой. Энэ мэтчилэн цалин, тэтгэврийн нэмэгдэл нь инфляцыг өдөөдөг биш татварын шатласан бодлого хэрэгжүүлснээр эдийн засгийн хувьд илүү их үр өгөөжтэй байх боломжтой.

-Төсвийн хувь хэмжээг бууруулснаар эдийн засгийн өсөлт саармагжих уу. Магадгүй, Монгол анкнаас төсвийн төлөвлөлт өөрчлөгдсөнтэй холбоотой бодлогын хүүгээ бууруулах гэдэг ч юм уу эдийн засгийн хөшүүрэг, тохиргоо хийх шаардлагатай юу?

-Монгол Улсын эдийн засгийн хувьд гадаад нөхцөл байдлаас үүдэлтэй тодорхой хэмжээний эрсдэл гарах нь тодорхой харагдаж байгаа боловч Монгол банкнаас энэ жилдээ ямар нэгэн байдлаар бодлогын хүүгээ дахин бууруулах гэх мэтээр арга хэмжээ авахгүй байх. Харин дараа дараагийн жилүүдэд иргэн, аж ахуйн нэгжүүдийн чанаргүй зээлийн хувь хэмжээ ямар байгаагаас эдийн засгийн нөлөөллийг тооцоолж болох байх. Хэрэв Монгол банкнаас бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргавал эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Хэрэв чанаргүй зээлийн хэмжээ өсчихсөн нөхцөл байдал ажиглагдаж байвал мөнгөний бодлогын хүүг бууруулах нь эдийн засагт улам хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэх учраас хүүг бууруулах эсэх дээр мэргэжлийн байгууллагууд нарийн тооцоололд үндэслэж, хараат бусаар шийдвэр гаргах байх.

-Парламент дотроосоо бослого гаргасан. Үүнийг улс төрийн зорилготой гэж харах хүмүүс байна?

 -Асуудлыг хоёр талтай хүлээж авсан. Нэг талаасаа УИХ-ын гишүүдээс ийм шүүмжлэл гарч байгаа нь зөв зүйтэй байх. Хууль тогтоогчийн хувьд төслийн асуудлыг сайн хэлэлцэж, хэрэгтэй зүйлүүдийг нь үлдээж хэрэггүйг нь хасаж батлах хэрэгтэй. Өмнө нь эдийн засагчид байнга л төсвөө хэмнэх, эдийн засгийн өсөлтөө хэт өөдрөгөөр төсөөлж байна, төслүүдээ эрэмбэлэх, улсынхаа нийгэм-эдийн засгийн хөгжил болон хууль тогтоомжуудтайгаа уялдуулах хэрэгтэй гээд олон асуудлыг хэлдэг.

Нөгөө талаасаа шүүмжлэл нилээн орой буюу төсвийн хэлэлцүүлэг гуравдугаар шатандаа орж байхад гарсан. Уг нь энэ жил төсвийн төслийг бусад жилүүдтэй харьцуулахад харьцангүй эрт буюу есдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Хуулиараа төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой байдаг.

Хэрэв төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах чигтэй байдаг. Тэгэхээр энэ жил төсвөө хугацаандаа баталж чадахгүй бол УИХ тарах эрсдэлтэй байсан болохоор төсвийн тодотголыг давхар оруулж ирж баталсан. Төвийн жил эхлээгүй байхад ийм богинохон хугацаанд дахин оруулж, тодотгол хийдэг ийм жишиг урьд өмнө нь байгаагүй. Энэ асуудлыг дахиад л хоёр талаас харах хэрэгтэй. Нэгд, ийм богино хугацаанд дахин оруулж ирж тодотгох болж байгаа нь муу жишиг, тодорхойгүй байдал үүсгэнэ гэж бодож байна. Өмнө нь хэлсэнчлэн төсвийн шүүмжлэл оройтож буюу бараг гурав дахь хэлэлцүүлэгт ороход эхэлсэн. Энэ жил бусад жилүүдтэй харьцуулахад есдүгээр сарын 1-нд олон нийтийн дунд хэлэлцэж эхэлсэн. Хугацааны хувьд арай эрт эхэлсэн бол төсвөө танах боломжтой байсан байх. Нэгэнт эдийн засгийн өсөлт, төсвийн орлого одоогийн төсөөлж байгаа хэмжээнд байхгүй байх нөхцөл байдал үүссэн учраас төсвийн зардлаа танах хэрэгцээ бодитоор бий болчихоод байна. Ерөнхийлөгч анх удаа хориг тавьж байгаа юм бол биш. Улс орныхоо хөгжилд санаа зовж төсвийг нийцүүлэх нь Ерөнхийлөгчийн үүрэг. УИХ хүлээж авах үгүй нь өөрсдөө шийдэх асуудал учраас хүлээж авахаар шийдсэн. Он дуустал  сар гаруй хугацаа үлдлээ, төсвөө танаад шинээр боловсруулж хэлэлцүүлэх хугацаа нилээн шахуу байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-25 66.181.189.63

ийм eрөнхий зүйлийг мунхаг мань ч бурж чадна шүү.

Avatar

сонгогч 2024-11-25 202.9.46.71

АЛЬ НЬ №1 ВЭ??? 5,5 ИХ НАЯДААР 100- ХАН ДАРГАД ЗОРИУЛСАН БОГД УУЛЫН ХОНГИЛ УХАХ УУ? 100,000 ИРГЭНИЙГ ОРОН СУУЦТАЙ БОЛГОХ УУ?

Avatar

Нэргүй 2024-11-25 202.70.43.34

Намзасаг нь Татварын Мөнгийг Наяд наядаар нь цацаж Төр өөрөө “5-р Цахилгаан Станц, БОгд уул нүхлэх хурдны зам, 30к хүний Наадмын Стадион барих ….гм” 9 шидийн Төслүүд Хйисээр Хот нь ч улам доройтсоор, Эдийн засаг нь ч улам миарсаар,…..Өсөлтгүй Эдийн засаг, Авилгажсан Данхар Төр, Үүргээ мэддэгүй ойлгодогүй Төрийг яалтай

Avatar

Иргэн 2024-11-25 66.181.184.167

Цалин, тэтгэвэр бодит байдал дээр нэмэгдээд байгаа юм байхгүй. Инфляцитай уялдуулж бага зэрэг нэмж байгаа боловч энэ нь инфляцаа гүйцэхгүй байна.

Avatar

Нэргүй 2024-11-25 206.0.71.15

Зардал гэдэгт юү ойлгоод байгаө юм бол. Пессимист хүндээ жинхэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж