"NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
Л.Гантөмөр: Хүн болгоны шүүмжлэл, шүлснээс айвал ядуугаараа л үлдэнэ
-Танд огт төсөөлөгдөөгүй гэхээр Ардчилсан намын рейтинг их тааруухан байж дээ?
-Зургаахан хувийн рейтингтэй байсан. Тэгээд ямар ч байсан намаа хоёр хуваачихалгүй сонгуульд орсон. Сонгуулийн тогтолцоог өөрчилж байж нэг намын дарангуйллаас гарах юм байна. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж нэг гишүүнд оногддог эрх мэдлийг бууруулах юм байна гэж харсан. Өмнөх парламентад суудалтай улс төрийн гурван намын дарга нар энэ хоёр дээр санал нэгдсэн.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентад олон намын, олон салбарын, олон ургальч үзлийг оруулж ирлээ. Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцооны реформ дээр Ардчилсан нам манлайлал үзүүлсэн. Үүний үр дүнд Ардчилсан намын рейтинг 35 хувьд хүрсэн, УИХ-д 42 суудал авлаа. Энэ бол чамлахааргүй амжилт. Одоо цаашдаа Ардчилсан нам төлөвших хэрэгтэй, институци болох ёстой. Үүнийг хийхийн төлөө ажиллана.
Муу нэртэй ч Ардчилсан нам дангаараа болон хамтарч засаг барих үед Монголын бизнесийн орчин сайжирдаг. Том төслүүд хөдөлдөг. Шинэ, шинэлэг реформ явагддаг.
Хүмүүсийн хүсч байгаачлан дөрвөн жил засгийн гадна талд улс төрийн гоё тоглолт хийж болно. Ардчилсан намын болон Л.Гантөмөрийн нэр хүнд өснө. Гэвч, ард түмний амьдрал сайжрахгүй. Эдийн засаг урагшаа хөгжихгүй, том төслүүд хөдлөхгүй. Энэ миний, манай намын хүсч буй улс төр лав биш.
Бид засагт хамтарч эдийн засгаа тэлж, иргэдийнхээ ашиг орлогыг нэмж, том төслүүдээ хөдөлгөж, гадаадаас хараат байдлаасаа гарахыг амбицалж байна. Үүний тулд Ардчилсан нам засагт орох ёстой, чадварлаг, чадалтай боловсон хүчнээ төрд ажиллуулах хэрэгтэй.
Дэлхий дээр Ардчилсан намын Монгол Улс, МАН-ын Монгол Улс гэж байхгүй. Монгол гэж ганц улс бий. Монгол Улсыг авч явах хувь заяа, хариуцлага манай үеийнхэнд ирсэн. Би монгол хүн. Монголынхоо эрх ашгийг нэгд эрэмбэлэх ёстой. Тиймээс Монгол Улсаа хамтдаа хөгжүүлье гэсэн урилгаас яагаад татгалзах ёстой юм бэ. Тийм бол шалтгааныг та надад хэлээд өг дөө. Би яагаад үүнийг ний нуугүй дэлгэж байна вэ гэхээр улс төрийн намууд нэгэнтээ хамтарсан, сонголтоо хийсэн, урагшаа хамтдаа зүтгэхээр шийдсэн. Тиймээс илэн далангуй ярих цаг болсон.
Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
“Уран тойрч хэлэлцсэн 27 жил өнгөрч, энэ яарсан шийдвэр биш”
-Уран бол Монголчуудын хувьд шинэ тутам ойлголт биш. Нэг үеэ бодвол бид шар нунтаг гэж нэрийдээд байгаа ураны талаар эерэг, сөрөг олон төрлийн мэдээлэлтэй болсон. Монгол Улсад уран хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хичнээн компани, аж ахуйн нэгж байна вэ?
-Дэлхийн нийт ураны нөөцийн 2 хувь нь Монгол Улсад бий. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр 190 мянга гаруй мянган тонн ураны нөөцөөс 200 гаруй мянга нь Монголд бий. Монгол Улсад энэ чиглэлээр Орос, Хятад, Чех, Казахстан улстай хамтран хэрэгжүүлж байгаа 4-5 төсөл бий. Харин Франц улстай хамтран хэрэгжүүлэх төсөл бол Монголд байгаа нийт ураны нөөцийн 60 орчим хувийг эзэлж байна. Зөөвч овоо, Дулаан уул,Өмнөд гэсэн гурван том орд бий. Монгол Францтай хамтарч байгаа төслүд урагшлаад ирэхээр дараа дараагийн төслүүд урагшилна. Монголчууд Франц улстай ураны чиглэлээр анх хамтарч ажиллах талаар яриа хэлэлцээр эхлүүлсэн он бол 1997 он. Тэр цагаас хойш 27 жил болж байна.
Гэтэл бидэнтэй нэг ижил гараанаас гарсан Казахстан улс дэлхийд уран үйлдвэрлэлээр тэргүүлэгч улс болж цөмийн цахилгаан станц барих тухай ярьж байна. Гэтэл бид уран олборлох эсэх асуудлаа тойрч ярьсаар л сууж байна. Тийм учраас энэ асуудлыг маш богино хугацаанд шийдэх ёстой.
Зах зээл биднийг хүлээхгүй. Өөр томоохон ордууд дэлхий дээр нээгдэж байна. Канад, Австрали гэх мэт том ордуудтай улс орнууд бий. Тэр хэрээрээ бид энэ чиглэлд ашиглаж болох боломжуудаа алдсаар байна. Гадны хөрөнгө оруулагчдыг татах, тэдэнд ээлтэй байх хөрөнгө оруулалтын орчин нөхцөлийг бий болгохын тулд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж байна. Үндсэндээ 2009 оноос хойш уран аюултай гээд Цөмийн энергийн тухай хуульд ямар нэгэн зарчиын өөрчлөлт оруулаагүй. Энэ алдаагаа богино хугацаанд засахыг оролдож байна.
Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"Өсвөр насанд хүүхэд өөрийгөө том хүн болсон гэж мэдэрдэг"
-Шилжилтийн насны хүүхэдтэй эцэг эхчүүд тэдэнтэй яаж харилцах ёстой вэ. Мөн эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа юу байдаг вэ?
-Эцэг эхчүүдийн зүгээс манай хүүхэд дунд ангид орсноосоо хойш дуугаа хураагаад ганцаараа байхыг илүүд үздэг болсон. Юм асуухаар дугарахгүй, ярилцахгүй байна гэдэг. Энэ нь тэдний толгойн өвчин болоод буй.
Уг асуудалд эцэг эхчүүдийн гаргадаг хамгийн том алдаа нь хүүхдээ том хүн болж бие хүн болон төлөвшиж байгааг нь ойлгодоггүй. Миний хүүхэд жаахан байна гэж хардаг. Мөн хүүхдээрээ л байх юм шиг бодож бие махбодынх нь өөрчлөлтийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл тухайн хүүхэд өөрийгөө “Би” том хүн болсон. Бие хүн болж байна гэсэн өнцгөөр харж, мэдэрч эхэлдэг.
Энэ онцлогийг нь эцэг эхчүүд хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад зөрчил үүсч эхэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрийгөө том хүн гэж мэдэрч нийгмийн харилцаанд орж хүрээлэл нь тэлж эхэлдэг. Гэтэл эцэг эх нь хүүхэд гэдэг нүдээр харж бүх зүйлд оролцож, хорьж, хүсэл сонирхлыг нь сонсохгүй, ойлгохгүй байснаар тэдний дунд үл ойлголцол үүсдэг.
Ингэснээр хүүхэд гэрээсээ явах, буруу найз нөхдийг сонгож бусдад уруу татагдах зэрэг сөрөг үр дагаврууд бий болж болдог. Нийгмийн харилцаанд анх удаа орж байгааг нь, бие хүн болон төлөвших гэж хичээж буй эдгээр онцлогуудыг нь ойлгох хэрэгтэй.
Ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ итгэдэггүй, хэт их хяналт тавьдаг. Үүнийг хүүхэд хүлээж авч чаддаггүй. Миний хувийн орон зайд халдаж байна гэж ойлгодог.
Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"Тавилга, гадаад айлчлал зэрэг урсгал зардлуудаа нэн тэргүүнд танах нь чухал"
-Ирэх оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар батлагдсан. Гэсэн хэдий боловч Ерөнхийлөгч ирэх оны төсвийг алдагдалгүй батлах үүрэг чиглэл өглөө. Харин та болон нэр бүхий гишүүд урсгал зардлын хэмжээг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах боломжой гэх санал гаргаж байсан. Тэгэхээр төсвийг алдагдалгүй батлахад хангалттай гэж үзэж байна уу?
-Төсвийг 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай батлах нь хангалттай гэж үзэхгүй байна. Учир нь өмнө нь хэлж байсанчилан 3.6 их наяд төгрөгийг хэмнэх бүрэн боломжтой. Хоёрхон зүйл дурьдахад “Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ” гэх нэрийн дор бараг л 2 их наяд төгрөгийн зарлага бий. Гэтэл “Бусад бараа метриал” гэх нэрийн дор 900 гаруй тэрбум төгрөг буюу 1 их наяд төгрөг төсөвлөсөн. Энэ зүйл заалтуудаар халхавчилж хэдэн төгрөг юунд зарцуулах гэж байгаа нь тодорхой бус, хэт ерөнхий буюу бүрхэг, халхавчтай байна. Энэ хоёр төрлийн зарлага гэхэд л 3 их наяд төгрөг болж байна.
Тавилга, тоног төхөөрөмж, гадаад айлчлал гэх мэт 100, 200 тэрбум төгрөгийн өртөг бүхий зарлагуудаасаа танаад 2024 оны түвшинд авч ирэхэд л 3.6 их наяд төгрөгийн хэмнэлт гараад ирнэ. Энэ бол зөвхөн урсгал зардалтай холбоотой асуудал дээр ярьж байгаа хэмнэлт шүү дээ.
Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
"Нэг ангийн 2 сурагч тархины хорт хавдраар оношлогдсон"
-Эмч мэргэжилтнүүд хорт хавдраар өвдөж буй иргэдийн нас залуужиж байна гэдгийг хэлдэг. Хавдраар оношлогдсон хамгийн залуу тохиолдол гэвэл?
-Энэ талаар хийсэн судалгаа байхгүй. Гэсэн хэдий ч бид амьдрал дээр хорт хавдраар оношлогдож байгаа тохиолдлуудыг харж байна. Жишээлбэл, өнгөрсөн жил нэг ангийн хоёр сурагч ижил төрлийн тархины хорт хавдраар оношлогдсон. Энэ хавдрууд яагаад нэмэгдэж байна вэ гэдэг шалтгаан яригдана. Тодруулбал, ходоодны хавдар, умайн хүзүүний хорт хавдраас гадна ялангуяа сүүлийн үед уушгины хорт хавдрын тохиолдлууд нэмэгдэж байна. Насны хувьд 21, 23, 25, 29-тэй залуусаа хорт хавдрын шалтгаант нас баралтаар алдаж байна.
Тэгэхээр Эрүүл мэндийн яамнаас Тамхины эсрэг хуулиа хурдан шинэчлэх шаардлагатай байна. Янжуур тамхинаас гаргадаг гэж сурталчилсан мөртлөө таван хувь хүртэл никотин агуулсан электран тамхинуудаа хуульчилж, татвараа авч хориглохыг нь хориглоод өгөөч ээ.
Дэлхийн хөгжилтэй улс орнуудад электрон тамхийг хориглож байна. БНСУ гэхэд, нэг хувиас илүү никотинтай электрон тамхийг зарахгүй гээд хориглочихсон байна. Парламент 126 УИХ-ын гишүүнтэй хэн ч хууль санаачлах эрхтэй болсон. Эрүүл мэндийн салбараас УИХ-д сонгогдсон гишүүд хорт хавдрын шалтгаан болж байгаа архи, тамхины татвараа нэмж, хүрэлцэхгүй байгаа мөнгөнд нь нэмэрлээч гэж хэлье.
Дэлгэрэнгүйг эндээс харна уу.
Холбоотой мэдээ