Азийн Эксим банкуудын 29 дэх удаагийн форум арваннэгдүгээр сарын 11-14-нд Шанхай хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн форумыг “Бүс нутгийн хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийн интеграци” сэдвийн хүрээнд зохион байгуулав.
Форумд Монгол, Хятад, Энэтхэг, Япон, Солонгос гээд Ази тивийн 11 гишүүн орны экспортын зээлийн агентлагууд, Эксим банкуудын 60 гаруй төлөөлөл оролцож, туршлага солилцон цаашид хамтран ажиллах боломжит чиглэлүүдийн талаар хэлэлцлээ. Тэр дундаа эдийн засаг, худалдаа, санхүү, аж үйлдвэрийн сүлжээ зэрэг бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэн санал солилцов.
Монгол Улсын гадаад худалдаа 25 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа бөгөөд 5 тэрбум ам.доллар буюу 20%-ийг нь Азийн Эксим банкуудын холбоонд багтсан орнуудын худалдаа эзэлж байгаа юм. Тус форумын гишүүн орнуудын импорт сүүлийн гурван жилд хоёр дахин өссөн бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 10 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Тус форумд оролцсон Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Б.Амгалан Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, Азийн эдийн засагтай интеграцчлах нөхцөлийг бүрдүүлэхэд Хөгжлийн банк хувь нэмэр оруулах, ялангуяа AEB форумын гишүүн орнуудын Монгол дахь гол түнш байгууллага болохын хувьд бүс нутгийн бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжих нь чухал байгааг онцоллоо. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засаг, нийгмийн чиглэлд 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа ба эдгээр чиглэлтэй холбоотой төсөл, хөтөлбөрийг дэмжих, AEB форумын гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
AEB форум нь 1996 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн эдийн засгийн тал хувийг бүрдүүлж гишүүн байгууллагын улсын Эксим банкуудын туршлагыг хуваалцаж, харилцан хөгжлийг дэмжих гол талбар болоод буй юм.
Холбоотой мэдээ