Н.Алтанхуяг илтгэл тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг илтгэл тавьжээ

Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг БНХАУ-ын Жилийн мужийн Чанчунь хотод болсон Зүүн хойд Азийн худалдаа эдийн засгийн чуулга уулзалтын дээд хэмжээний форумыг нээж илтгэл тавьжээ. Тэрбээр илтгэлдээ Монгол Улс хөгжлийнхөө алтан үе дээр ирээд буйг онцлон дурдаж тэр дундаа уул уурхай, дэд бүтэц шинэ төмөр зам, боловсруулах үйлдвэрүүд, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор зэрэг олон бүтээн байгуулалтуудыг ойрын үед бүтээн байгуулахаар төлөвлөж буйг хэлээд энэ бүхэнд гадаадын хөрөнгө оруулагч, бизнесменүүдийг урьж хөрөнгө оруулахыг уриалжээ.

Дээд хэмжээний форумын хүрээнд  болсон Монгол Улсын бизнес өдөр, Олон улсын үзэсгэлэн яармаг зэрэг арга хэмжээнд тэрбээр ихээхэн ач холбогдол өгч оролцжээ. Тэргүүн шадар сайд Монголын бизнес өдөр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ гаднын хөрөнгө оруулагчдад Монголд бизнес эрхлэх таатай боломжууд бий болж буйг жишээ татан дурдаж зарим хууль эрх зүйн орчин нөхцөл байдал өөрчлөгдөж нааштай үр дүн гарсан талаар тайлбарласан байна. Мөн “Зүүн хойд Ази” уран зургийн үзэсгэлэнгээр орж Монголынхоо уран бүтээлчдын үзэсгэлэнг үзэж сонирхон халуун дотно яриа өрнүүлжээ.

Ийнхүү хоёр өдрийн турш Зүүн хойд Азийн чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Бээжин хотод айлчилж Хятадын коммунист намын удидах ажилтнуудтай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон бол дөрөв дэх өдрөө Хятадын бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хотхонтой танилцжээ. Бээжингийн зүүн хэсэгт байрлах аж үйлдвэрийн бүсээр орж танилцан Ноос, ноолуур, оёдлын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэр болон уламжлалт эмийн үйлдвэрээр орж хамтран ажиллах нөхцөл бололцоог судалсан байна.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж