Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөв болон хамт баталсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр /2024.11.22/ УИХ дахь намын бүлгүүд, УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал, өглөө 11.00 цагт УИХ дахь МАН-ын бүлэг, Ардчилсан намын бүлгүүд хуралдаж, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах эсэхээ шийдэж, үдээж хойш 15.00 цагт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.
УИХ дахь намын бүлгүүд ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэсэн мэдээлэл бий. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар ч мөн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, 2025 оны төсвийн зарлагыг танасан төсвөө Засгийн газраас дахин өргөн барихаар тохиролцжээ.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, ирэх долоо хоногоос 2025 оны төсвөө хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.
"ХОРИГИЙГ ХУРАЛДААНД ОРОЛЦСОН ГИШҮҮДИЙН ОЛОНХ БУЮУ 66.6 ХУВЬ НЬ ДЭМЖВЭЛ ХҮЛЭЭЖ АВНА"
Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх тусгай дэгтэй.
УИХ-ын Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх:
- 90.1. Хууль, тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал хоригийг чуулганы үеэр ажлын 14 өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.
- 90.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
- 90.5. Гишүүд энэ хуулийн 90.4-т заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, хэсэг, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулах бөгөөд хоригийг шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
- 90.6. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль, тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ.
- 90.8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
- 90.9. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй" гэж заажээ.
Засгийн газрын зүгээс Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор 2025 оны төсвөө хэд хэдэн хувилбараар боловсруулж буй бөгөөд ингэхдээ төсвийн зарлагыг 60 орчим хувиар бууруулах, хөрөнгө оруулалтуудад гадаадын зээл, тусламжаар шийдвэрлэх зэрэг судалгааг хийж, төсвийн алдагдлыг бууруулах ёстой гэсэн зарчим баримталж буй. УИХ-ын гишүүдийн зүгээс ч тавилга, гадаад томилолт, нэн шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг танах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж буй.
ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН:
-Хөрөнгө оруулалтыг дэмжихийн хажуугаар төсвийн алдагдлыг бууруулахын тулд төсвийн урсгал зардлыг бууруулж, уул уурхайн бус орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг нэмж авах хэрэгтэй. Тухайлбал, цалингийн зардлыг нэмэхгүй байх, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, хувь хүний орлогын албан татварын шатлалыг нэмэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг бууруулах, татвар, гаалийн удирдлагын хүрээнд шинэчлэлийг хэрэгжүүлэх зэрэг болно. Төсвийн зарлагыг дэд бүтцийн хөрөнгө оруулалт рүү чиглүүлэх нь бүтээмжийг нэмэгдүүлэх хэдий ч эдийн засгийн шингээх чадварт нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай. Монгол Улсын гадаад секторын эмзэг байдал болон импортын хамаарал өндөр, дотоодоос санхүүжилт татах хүчин чадал хязгаарлагдмал, олон улсын санхүүгийн зах дээр эх үүсвэр дутагдалтай, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоо бүрэн бэхжээгүй зэргийг бодолцож засгийн газар анхаарал болгоомжтой ажиллах нь зүйтэй. Эдийн засгийн тэлэлт явагдаж байгаа үед нөөц бүрдүүлэх нь нэн чухал шаардлагатай хөрөнгө оруулалтыг шат дараатайгаар, илүү үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөл болох юм. Төсвийн болон гадаад эрсдэлийг хянах, хөрөнгийн зардлыг чиглүүлэх үүднээс илүү үр дүнтэй дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах, тэр дундаа хөрөнгө оруулалтын зардлыг тусгаж өгөх нь чухал байна. Тооцоо судалгааг зохих ёсоор хийхийн зэрэгцээ авилга, үр өгөөжгүй төслүүдээс сэргийлэх үүднээс төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль эрх зүйн орчинг чанд дагаж мөрдөн хөрөнгө оруулалтыг хэрэгцээ шаардлагаар нь сайн эрэмбэлэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.БАТБАЯР:
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж байгаа барилга байгууламжийг царцаах. Яагаад гэвэл улсын хөрөнгө нэмэгдэх тусам урсгал зардал, хөрөнгийн зардал нэмэгдээд байгаа юм. Тийм учраас барилга байгууламжаа энэ жилдээ түр зогсооё. Орж ирж байгаа орлогоо энэ жилдээ хэмнэе, хадгалъя гэдэг байр суурьтай байна. Хоёрдугаарт, урсгал зардал дээр нарийн дүн шинжилгээ хийж байж, ахиад багасгадаг байя. Сүүлийн хоёр жилийн урсгал зардлыг ирэх ондоо ч барьчихъя гэдэг санал байна.
Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.НОМТОЙБАЯР:
-Татвар бууруулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хэрэгтэй байна. Тэгж байж эдийн засгаа тэлнэ. Ирэх оны төсвийн орлогын 32 их наядын дийлэнхийг хувийн хэвшил бүрдүүлнэ. Тэднийхээ нурууг тэнийлгэж, эдийн засаг бизнесийг тэлэх төсөв батлах ёстой. Түүнийг хийхийн тулд тэвчиж болох маш олон зардал бий. Жишээ нь, гадаад томилолтын зардал. Өмнө нь гадаадын томилолтын зардал 40 тэрбум байсан, ирэх жиилийнх 111 тэрбум байна. Зайлшгүй гадаад руу явах ажил бий. Өмнө нь би хэлж байгаагүй, ихэнхдээ хувиасаа зардлаа гаргаад гадаад томилолтоор явдаг байсан. Тэр зарчмаар явах ёстой. Чадварлаг боловсон хүчин бэлтгэх боловсролын том реформ гадны экспертүүдийн бидэнд санал болгосноор таван их наядын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Адаглаад ирэх оны төсөвт Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг 300 тэрбумд хүргэж, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхайн салбарын залуусаа технологи инноваци хөгжсөн барууны орон луу явуулж сургая л даа. Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих нэрээр хүүгүй зээл олгох, барьцаагүй зээл олгох чиглэлийн маш том халамжийн бодлого явж байна. Нэг их наядын хөрөнгийн асуудал яригдаж багаа. Төр нь өөрөө 100 хувь батлан даалтын сан гаргадаг, арилжааны банкуудаар дамжуулаад ямар ч хүүгүйгээр зээл олгодог, зээлээ зориулалтын дагуу ашигладаггүй. Хүүгүй зээл болохоор авсан нөхдүүд буцаад арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр байршуулаад хүүгийн орлого олоод байдаг. Үгүй бол портер худалдаж авдаг. “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжихээс өмнөх үеийн мэдээллийг авахад одоо БНСУ-аас оруулж ирэх портерын тоо хоёр дахин өссөн. Төр өөр дээрээ хэтэрхий их ачааллыг авсан байдлаар асуудалд хандаад байна. Энэ бүгдийг анхнаасаа эсэргүүцсэн гишүүдийг цалин, тэтгэврийн орлогоороо амьдардаг хүмүүсийн өмнө дайсан мэт турхирч элдэв улс төрийн акци хийхээ болио гэж хэлье.
Т.ОД
иргэн 1 цагийн өмнө 202.9.46.175
ХЭДХЭН ХУГАЙЧИД ЗОРИУЛАН ДАРХАН ЦААЗАТ УУЛАА 6,0 ИХ НАЯДААР НҮХЭЛЖ, 10- ХАН МИНУТАД ОЧДОГ БОЛОХ ЮМ БАЙХ … ….УУЛЫГ НҮХЛЭХ 6,0 ИХ НАЯДЫГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БНА… ТЭР МӨНГӨӨРӨӨ ОРОН СУУЦ БАРЬЖ УТААГАА БАГАСГА…ТЭР НҮХ ЧИНЬ ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….