Ерөнхийлөгчийн хориг ба МАН-ын хожил!

Хуучирсан мэдээ: 2024.11.21-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хориг ба МАН-ын хожил!

Ерөнхийлөгчийн хориг ба МАН-ын хожил!

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавив. Ерөнхийлөгчийн зүгээс Засгийн газрыг төсвийн алдагдлаа бууруулах, хууль дээдлэх зарчимаа баримтлах ёстой гэж үзэж, бүхэлд нь хориг тавьж буйгаа мэдэгдсэн юм. Хуулийн дагуу УИХ Ерөнхийлөгчийн хоригийг ажлын 14 хоногт хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийдвэрлэх юм. Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр 2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Засгийн газар эерэгээр хүлээн авч, УИХ ч хүлээж авах болов уу гэсэн байр суурь илэрхийлсэн.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч төсөвт хориг тавих нь тодорхой байсан бөгөөд Засгийн газар ч Б хувилбараар бэлдчихсэн байсан гэсэн үг.

 У.ХҮРЭЛСҮХИЙН ХОЁР ДАХЬ ХОРИГ БА НЭМЭХ ОНОО

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр дахь удаагаа хориг тавьж буй. Түүний хувьд өмнө нь Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай УИХ-ын гишүүн Н.Учралын хуулийн төсөлд хориг тавьж, УИХ түүнийг нь хүлээж авч байсан юм.

2023 оны нэгдүгээр сард Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьж байжээ.

Харин энэ удаад 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавив. Ингэхдээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавив. Анхнаасаа шүүмжлэл дагуулсан 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой байсан. Түүний хувьд олон нийтийн ийм шүүмжлэл, эсэргүүцэл дээр “дөрөөлсөн” тоглолт хийх нь бүр ч тодорхой байлаа. Үүнийг илтгэж, 2025 оны төсөв эцсийн найруулга уншиж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирснээс хоёрхон хоногийн дараа хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хориг тавих эрх нь нээлттэй ч юун дээр, ямар цаг үед хориг тавих вэ гэдэг нь өөрөө том улс төр.

Харин энэ удаад, энэ цаг үед Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хориг түүнд нэмэх оноос авчрахаас гадна, хариулт нь тодорхой бодлого байсан биз ээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН БЭЛТГЭГДСЭН “Б ТӨЛӨВЛӨГӨӨ”

2025 оны төсөв өргөн баригдсан цагаасаа эхлэн шүүмжлэл дагуулсан. Төсвийн зарлага хэт өндөр байна гэдгийг амтай болгон хэлж, парламентын танхимд ч үүнийг эсэргүүцсэн “сөрөг хүчин” гарч ирсэн. Тэдний зүгээс төсвийн зарлагаа бууруулахыг Засгийн газраас шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд гарын үсэг нь ч 10 хол давж, цаашид нэмэгдэх хандлагатай болж ирсэн. 2025 оны төсвийн ид хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын тэргүүн танхимын сайд нар болон УИХ-ын гишүүдтэй хамт Шанхай хотод айлчилж байсан.

Чухам ийм цаг үеэр парламент дахь “сөрөг хүчин”-ийхэн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, эзгүйчлэн улс төр хийсний цаад “захиалагч” нь хэн байсан нь өчигдрийн хоригоор тодорхой болов.

Мэдээж, УИХ-ын гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ төсвийг эсэргүүцэж, Ерөнхий сайд, намын даргаа эзгүйчилж “бослого” үүсгэснийг үгүйсгэж боломгүй ч улс төрийн өнцөг буланг эмтрээд үзвэл эхнээсээ зохиолтой байж гэж дүгнэхэд буруудахгүй болов уу. Угаасаа намын даргаасаа итгэл өвөртөлж, хамтарсан засаг байгуулахад нь ч гар өргөж дэмжсэн намын гишүүд нь “бослого” өдөөсөн нь 2025 оны төсөв олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, Засгийн газрыг ганхуулах эрсдэлтэй байсантай холбоотой байж болох. 2025 оны төсвийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгүүд долоо хоногийн турш үргэлжлэх төлөвтэй байсан ч Ерөнхий сайд Шанхайгаас буухтай зэрэгцэн, төсвөө шуурхай баталсны цаана ч МАН-ын улс төр өрнөснийг гайхах хэрэггүй биз ээ.

Үүнийг нь илтгэж Сангийн сайд Ерөнхийлөгчийн хориг тавьсантай зэрэгцэн гарч ирж, "баяртай"-аар тайлбар ч өгсөн.

Ингэхдээ амбицаа дийлэхгүй сайд нарын, УИХ-ын гишүүдийн баталсан хуулийг дагасан төсвийн нэмэгдэл маш их байсан гэж онцолсон нь анхаарах зүйл. АН, ХҮН-д хадаг барьчихсан, хамтарсан Засгийн газар байгуулаад ажиллаж байгаа ч засгийн бодлого МАН-д зангидагдаж байгаа.

Тиймээс ч Б.Жавхлан сайд энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй нь ойлгомжтой. Олны шүүмжлэл дагуулсан Ч.Номин сайдын хэдэн тэрбум зэрэг нь төсвийн зардлын хаана нь ч хүрэхгүй ч хасна, гэхдээ илүү их том дүнтэй бүтээн байгуулалтыг хасна гэсэн нь хэн гэдэг сайдын ямар мөнгийг танахаа Б.Жавхлан сайд лав аль хэдийн ханцуйндаа бэлдчихсэн гэсэн үг. Мөн “УИХ ч хүлээж авах байх аа” гэдэг үгийг ч тэр бас хэлээд амжсан нь явж буй улс төрийн автор нь МАН өөрөө гэдгийг илтгэв.

Үндсэндээ, төсвөө яаран баталсны дараа Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой байсан улс төрийн эцсийн хожигч нь Ерөнхийлөгч, бас МАН байлаа. Хожигч нь тодорхой тохиролцоонд харин АН, ХҮН орж чадсан эсэх нь ирэх өдрүүдэд хэлэлцэх Ерөнхийлөгчийн хориг, төсвийн хэлэлцүүлгээр тодорхой болох биз ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж