Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн их дээд сургууль, коллежиуд боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдлын улмаас маргаантай, сорилттой байна. Эмэгтэйчүүдийн сургуулиудыг хамтарсан боловсрол буюу эр, эмээрээ холилдож сурдаг тогтолцоонд шилжүүлэх тухай асуудал сүүлийн үед эрчимтэй яригдаж буй. Өмнөд Солонгосын хүн ам зүйн хямрал, хүйсийн ялгаварлан гадуурхалт зэрэг өргөн хүрээний асуудлыг эмэгтэйчүүдийн сургуулийн маргаан илчилсэн юм.
Тус улсад өдгөө эмэгтэйчүүдийн их сургууль долоо бий. Эдгээр нь бүгд дөрвөн жилийн сургалтын хөтөлбөртэй.
Тэдний нэг болох Дундук эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутнууд хамтарсан боловсролын тогтолцоонд шилжихийг эсэргүүцэж байна. Үүнээс улбаатай мэтгэлцээн, маргаан эмэгтэйчүүдийн бусад сургуульд ч тархлаа. Тэр дундаа Суншин эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутнууд эрэгтэй оюутан элсүүлэхийг эсэргүүцэн жагсчээ.
Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн боловсролын байгууллагуудын түүх 1880-аад оноос эхтэй. 1886 онд Америкийн номлогчийн үүсгэн байгуулсан Евха эмэгтэйчүүдийн их сургууль нь улсдаа анхдагч юм. Эрэгтэй их дээд сургуулиуд эмэгтэйчүүдийг гадуурхсаны хариуд эмэгтэйчүүдийн коллеж анх бий болж байжээ. Тухайн үед эрэгтэй, эмэгтэй оюутнуудыг зэрэгцэж суухыг хориглодог байв.
Дайны дараа энэ сургуулиуд нь эмэгтэй элитүүдийг өсгөн хүмүүжүүлэх институци болон хөгжсөн байна. Гэсэн хэдий ч 1990-ээд оноос хойш санхүүгийн бэрхшээл, оюутнуудын хүсэл сонирхол зэргээс хамаараад хамтарсан боловсролын тогтолцоо руу үндсэндээ шилжсэн аж. Нэгэн цагт 26 болсон байсан эмэгтэйчүүдийн коллежийн тоо өдгөө эрс цөөрчээ.
Дээр дурдсан Дундук эмэгтэйчүүдийн их сургууль нь Өмнөд Солонгосын олон байгууллагын нэгэн адил хүн ам зүйн хямралтай тэмцэж байна. Тус улсад төрөлт буурахтай зэрэгцээд коллежид суралцах оюутнууд ч багассан. Тиймээс зарим их дээд сургуулийг хооронд нь нэгтгэх, эс бол бүр хаах гэсэн асуудал яригдаж байна.
Тус сургуулийн ажилтан хэвлэлд ярилцлага өгөхдөө “Суралцагчдын тоо буурч байгаагаас шалтгаалан их, дээд сургуулиуд одоогийн статусаа хадгалахад хүндрэлтэй байна. Өрсөлдөх чадвараа бэхжүүлэхгүй бол ирээдүй тодорхойгүй байна” гэжээ.
Жендерийн тэгш байдал яригдах болсон эрин үед эмэгтэйчүүдийн сургууль зайлшгүй шаардлагатай эсэхэд оюутнууд өөрсдөө ч эргэлзэж буй. Хүйсээр ялгаварлан гадуурхах зүйл энэ тогтолцоонд байдаг аж. Тухайлбал, анагаах ухаан, эм зүй, хуулийн чиглэлийн нэр хүндтэй хөтөлбөрүүд нь эмэгтэйчүүдийн их дээд сургуульд ихээхэн квот олгодог. Эрэгтэй оюутнууд сайн дүнтэй байсан ч элсэх боломжгүй үе байдаг.
2021 онд их, дээд сургуульд элсэгчдийг хүйсээр нь авч үзвэл эрэгтэйчүүд 76.8 хувь, эмэгтэйчүүд 81.6 хувь байжээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд нь эрчүүдээсээ 4.8 хувиар илүү байсан гэсэн үг. Зөвхөн эмэгтэйчүүдийг элсүүлэх бодлогын улмаас Евха их сургуульд хуулийн зарга ч үүсгэсэн тохиолдол бий.
Өмнөд Солонгост 2010-аад оны дунд үеэс феминист хөдөлгөөн ихэд эрчээ авсан. Харин “антифеминизм” хандлага 20-30 насны эрчүүдийн дунд тархаж, “эмэгтэйчүүдийн коллеж = феминист” гэсэн тодорхойлолт ч гарсан байна. Эрчүүд цахим сүлжээнд эмэгтэйчүүдийн их сургуулиудыг үл тоомсорлосон хандлага гаргаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Мөн эмэгтэйчүүдийн их дээд сургуулийн төгсөгчийг үл тоомсорлох хандлага гаргадаг.
“Би эмэгтэйчүүдийн их сургууль төгссөн охинтой хэзээ ч үерхэхгүй. Манай найзууд, ер нь эрчүүдийн олонх нь ийм сургуулийн охидтой болзохоос зайлсхийдэг. Бид тэднийг феминист гэж боддог” гэж 31 настай нэгэн эрэгтэй ярьжээ.
Нөгөөтэйгүүр феминизмыг дэмждэггүй нийгэмд эмэгтэйчүүдийн их дээд сургуулийг хэвээр үлдээх болсон шалтгаан нь урьд өмнөхөөсөө илүү чухал гэдгийг оюутнууд хэлж байна.
Дундук эмэгтэйчүүдийн их сургуульд "Эмэгтэйчүүд ба хөдөлмөр", "Эмэгтэйчүүдийн сэтгэл зүй" зэрэг хөтөлбөр байдаг. Тус сургуулийн нэгэн оюутан “Бид ангидаа феминизмын талаар чөлөөтэй ярьдаг. Өөр сургуулиудад үүнийг хийх хэцүү” гэж ярьжээ.
Эмэгтэйчүүдийн их дээд сургуулиудыг хэвээр үлдээхийг дэмжигчид эдгээр сургууль нь эмэгтэй оюутнуудад аюулгүй орон зайг бүрдүүлдэг гэж үздэг. Болзоогоор далимдуулсан хүчирхийлэл, цахим гэмт хэрэг аюулаас эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутнууд зайлсхийх боломжтой.
Түүгээр ч зогсохгүй эмэгтэй төгсөгчдийн мэргэжлийн амжилтыг нэмэгдүүлэх тал дээр эмэгтэй их дээд сургуулиуд хамтарсан боловсролын байгууллагуудаас илүү байдаг. Статистикийн мэдээ харвал эмэгтэйчүүдийн их дээд сургууль төгссөн оюутнуудын ажил эрхлэлтийн түвшин бусад үе тэнгийнхнээс нь өндөр байдаг аж.
Нэргүй 2024-11-21 202.131.245.34
Нэр нь хүртэл Дүндүк. Феминизмийг Монголд л бүү хөгжүүлээрэй. Арга, билгийн ёсон лугаа адил зохицож, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэж амьдрах ёстой болохоос хоорондоо тэрсэлдэж, мөчөөрхөж, нэгнээ дарлаж амьдрах ёсон манайд эртнээс байгаагүй.
Сэцэн хатад арыг бүрэн дааж, хаадыг төрүүлж, өсгөн, тэр хаад нь дэлхийг захирч явдаг хос ёсны сургаал гэж бий. Балай феминистүүд эрчүүдийг доош хийж өөрсдөө дээш гарна гэвэл нэг далавчаар нисэх гэж оролдож буй шувуу лугай адил болмуй