Мэргэжлийн талбайн теннисний "Шороон талбайн хаан" гэгддэг Рафаэль Надаль их спортоосоо зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрбээр сүүлийн тоглолтдоо оролцсоныхоо дараа фэнүүддээ хандан "Би зүгээр л сайн хүн гэдгээрээ, мөрөөдлөө хөөж, түүнээсээ илүү ихийг бүтээсэн жаалхүү гэдгээрээ дурсагдахыг хүссэн юм" гэжээ.
Надаль болон Испанийн баг Дэвис цомын хүрээнд Нидерландын багт хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Түүнийг зодог тайлахыг сонссон Рожер Федерер "Чамтай хамт тоглох нь үнэхээр аз завшаан байлаа. Ялангуяа чиний эсрэг тоглох таатай байсан" гэв. Харин Новак Жокович "Чиний тууштай байдал, тэмцэгч чанар, эрч хүч бол хойч үеийн хүүхэд залуусын сурах ёстой чадварууд. Чамайг өрсөлдөгч гэж дуудсандаа би бахархаж, сэтгэл хөдөлж байна" гэлээ. Мөн Серена Уиллиамс "Чам шиг болохын тулд, илүү хүчтэй болохын тулд, үргэлжлүүлэн тэмцэхийн тулд би өөрийгөө зоригжуулсан. Чи намайг зоригжуулсан, урамшуулсан" гэжээ.
Надалийн мэргэжлийн тамирчны замнал 2001 онд эхэлсэн. 14 настайдаа эхлүүлсэн замналынхаа АТР цувралын анхны ялалтыг 2002 онд авч байлаа. Тэрбээр 2003 онд ганцхан жилийн дотор чансаагаа 199-өөс 49 дүгээр байр хүртэл ахиулж байсан. Чалленжер тэмцээнүүдэд түрүүлж, Мастерс 1000 тэмцээнд хүртэл оролцсон түүхтэй. Харин 18 настайдаа АТР-ийн анхны түрүүгээ буюу Покромын нээлттэй тэмцээнд түрүүлж байлаа. Ингэж л дэлхий дахинд Надаль гэх нэр түгсэн.
2004 онд Надаль өөрийнхөө нэрийг тунхаглав. Шороон талбайн улиралд 24 дараалан ялж, алдарт Андре Агассигийн амжилтыг эвджээ. Тэрбээр Парисын шороон талбай дээр замналдаа ердөө гуравхан хожигдсон. Түүний амжилт нь 112-3 буюу нийт тоглолтынхоо 97.39 хувьд нь ялсан үзүүлэлттэй.
Федерер энэ талаар "Шороон талбай дээр би яг л Надалийн гэрийнх нь арын цэцэрлэгт алхаж байгаа юм шиг санагддаг байсан. Чамаас л болж би илүү их хичээх ёстой гэдгээ ойлгосон. Чи л намайг тоглолтоо өөрчлөхөд хүргэсэн. Чамаас болж би цохиурынхаа толгойны хэмжээ, өнцөг бүрийг нь өөрчилсөн" гэж нэгэн цагт талбай дээр өрсөлдөж явсан найзынхаа талаар дурсчээ.
Рафаэль Надалийн замнал Францын нээлттэй тэмцээний 14 түрүү, Австралийн нээлттэй тэмцээний хоёр түрүү, Уимбледоны хоёр түрүү, АНУ-ын нээлттэй тэмцээний дөрвөн түрүү гээд Гранд Сламын нийт 22 түрүүгээр өндөрлөж байна. Түүний дээр зөвхөн түрүүнийхээ тоогоор Жокович л бий.
Ганаа 2024-11-20 202.126.90.200
хаан гэх нь юу л бол агуу ЖОКОВИЧ байгаа шүү сляван залуу
Ха ха 2024-11-20 172.91.182.247
Р.Надал бол үнэхээр гайхалтай. Түүний тоглхдоо янцагладаг нь ядаргаатай санагддаг байсан