Шанхайн Мэйжорын эрх олгох Европын бүсийн сонгон шалгаруулалт эхэлсэн. А хэсэгт багтсан 16 багийн тоглолт ерөнхийдөө шувтарч, Мэйжорт оролцох багуудын нэрс эхнээсээ тодров. Өнөөдөр/2024.11.20/ үлдсэн багуудын нэрс тодрох учиртай.
Европын сонгон шалгаруулалтын А хэсгийн үйл явцыг тоймловол таамаг ёсоор эрхээ авах ёстой багууд нь авав. Vitality, MOUZ, NaVi, FaZe гэсэн дэлхийн шилдгүүд ядах юмгүй гурван хожил байгуулан Мэйжорт оролцохоор болжээ. Мөн эргэлзээ дагуулаад байсан Cloud9 баг эхлээд FaZe-д хожигдсоныг эс тооцвол хоёрдугаар зэрэглэлийн багуудаа буулган авсаар эрхээ авчээ.
Тэгвэл энэ хэсгийн гол шуугианы эзэд нь Falcons баг байлаа. Мэйжорын өмнөхөн алдар цуут Александр Костилев буюу "S1mple"-ийг багтаа нэгтгэж, хүчээ зузаатгасан тэднийг хэдий орон гаран байгаа ч Мэйжорын эрх авчих болов уу гэж олон хүн итгэсэн, харсан. Гэвч болсонгүй. Тэд эхний тоглолтдоо Dynamo Eclot-ийг хожсоныг эс тооцвол гурав дараалан хожигдож, Шанхайгаас хоосон буцав.
CS-ийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч хэн бэ гэх маргаанд нэр нь зүй ёсоор орох "S1mple"-ийг Мэйжорт харахгүй гэхээр хоосон оргих шиг. Сүүлийн "GamerLegion"-ий эсрэг тоглолтод тэрбээр багаа чирсэн ч "Magisk"-аас өөр түүнд тус болчих хүн байсангүй. Аргаа ядсан, байж суусан царайтай байлаа.
Мэйжорын эрх авч чадаагүй "S1mple" тоглолтын дараа "Санаа зоволтгүй ээ. Би илүү хүчтэй эргэн ирнэ. Сэлгээнд суусан ч Мэйжорт түрүүлэх хүртлээ бэлтгэлээ хийх болно. Нэмж хэлэхэд, Vertigo-г хасч, Train-ийг нэмээд өгөөч" гэжээ.
"S1mple"-ийг NaVi баг сэлгээнд суулгасан бөгөөд Falcons баг руу зээлээр явуулсан юм.
Саудын Арабын баячуудын CS-ийн ертөнцийг эзэгнэх төсөл бүтэлгүйтэх шинжтэй. Falcons баг нь ч анх байгуулагдсан цагаасаа эздээ, фэнүүдээ баярлуулсан удаа бараг л үгүй. Бүрэлдэхүүнийг нь харахаар Мэйжорын аваргууд, шилдгүүд байх ч үзүүлж буй тоглолт, гаргасан амжилт нь хоёрдугаар зэрэглэлийн баг шиг харагдах аж.
Холбоотой мэдээ