Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ

FASHION

Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ

Загварын төгс шийдэл-Капсул хувцасны шүүгээ

Хамгийн сайн загвар бол аль болох бага хувцас хэрэглэлийг хэлнэ. Цөөхөн боловч чанартай хувцас хэрэгсэл гэдгийг Германы загвар зохион бүтээгч Дитер Рамс тэртээ 1994 онд хэвлэгдсэн “Weniger, Aber Besser” номдоо өгүүлжээ.

Гэвч орчин цагт хурдан загварын нөлөөлөл нь цомхон хувцасны шүүгээнд сөргөөр нөлөөлөх болжээ. Рамс энэ тунхаглалаа аль 30 жилийн өмнө гаргасан ч гэлээ тэр цаг үеэс хойш бидний шүүгээн дэх хувцасны хэмжээ онцгой ихээр нэмэгдсэн билээ.

Энэ хугацаанд бидний худалдан авах хувцасны хэмжээ аймшигтай ихээр нэмэгдсэний зэрэгцээ чанар, эдэлгээ нь ч буурсан байна. Жил бүр дэлхийн хэмжээнд 80-150 тэрбум шинэ хувцас үйлдвэрлэгдэж байна. Харин худалдан авалтын тухайд бид 1980-аад оныг бодвол тав дахин их хувцас худалдаж авч байна. Мөн нэг хувцсыг хаяхаасаа өмнө дунджаар 7-10 удаа өмсдөг болжээ. 15 жилийн өмнөхтэй харьцуулахад энэ нь 36 хувиар буурсан үзүүлэлт юм. Эндээс харвал загварын хурдацтай чиг хандлагаас болж хэрэглэгчийн зан төлөвт өөрчлөлт орж, хувцас ашиглалтын хугацаа богино болжээ.

Цахим сүлжээн дэх зар сурталчилгаа нь байнга хувьсан өөрчлөгдөж буй чиг хандлагын мөчлөгийг улам хурдасгаж, хүмүүсийг хямд үнээр илүү ихийг худалдан авахад хүргэж байна. Гэхдээ хувцас гэдэг бол бидэнд эрч хүч, өөртөө итгэх итгэл өгдөг гол зүйл гэдгийг хэн ч үгүйсгэхгүй.

Хамгийн төгс хувцас дараах шаардлагуудыг хангасан байх ёстой аж:

Тухайн хувцас таны хувцасны шүүгээнд тодорхой зорилготой байх ёстой. Мөн цаг хугацааны явцад шалгарч үлдэх удаан эдэлгээтэй байхын тулд чанартай материалаар хийгдсэн байх ёстой. Гуравдугаарт, хувцас таны гадаад төрхийг тодруулаад зогсохгүй биед төгс тохирсон байх ёстой. Дөрөвдүгээрт, таны өөртөө итгэлтэй байдал, өөрийгөө эерэгээр мэдрэхэд нөлөөлөх ёстой. Үүнийг нэгтгэвэл, практикт нийцсэн, бат бөх бөгөөд тав тухтай хувцас хамгийн төгс байх юм.

Загварын үндсэн ойлголт нь ихэвчлэн шинэлэг байдалд тулгуурладаг. Бид шинэ улирал, шинэ жил, шинэ ажил гээд амьдралын мөчлөг бүртээ тохируулан өөрсдийгөө шинэчлэхийг хичээдэгтэй ч энэ нь холбогдоно. Хувь хүний ахиц дэвшилд ч хувцас чухал үүрэг гүйцэтгэнэ.

Тэр бүү хэл эмэгтэйчүүдэд ажлын ярилцлагын зөвлөгөө өгч, хувцас хандивладаг байгууллага ч байдаг ажээ. “Smartworks” байгууллагын гүйцэтгэх захирал бөгөөд тогтвортой байдлын стратегич Тиффани Даркийн хэлснээр “Less is more” гэдэг сэтгэлгээ энэ бизнесийг эхлүүлэхэд хөтөлсөн байна. “Less is more” нь бага хэрэглээтэй байх нь илүү дээр гэсэн утгатай.

“Less is more” сэтгэлгээ нь манай гаригт тустай. 2022 оны арваннэгдүгээр сард “The ​​Hot or Cool” байгууллагаас нийтэлсэн тайланд дурдсанаар 2030 он гэхэд дэлхийн дулаарлыг 1.5 хэм хүртэл бууруулах зорилтыг биелүүлэхэд загварын салбарын хүчин чармайлт асар их. Үүний тулд Их Британийн хэрэглэгчид л гэхэд жилд таваас олон шинэ хувцас авахгүй байвал зохистой аж. Энэхүү статистик мэдээнд үндэслэн Тиффани Дарк “Таван дүрэм” кампанит ажлыг эхлүүлжээ. Энэ нь жил бүр ердөө таван ширхэг шинэ хувцас худалдаж авах дүрэм юм. Мөн дөрвөн удаа хуучин хувцас худалдан авч болно. Кампанит ажлыг анх цаг уурын шалтгааны улмаас эхлүүлсэн ч гэлээ энэ дүрэмд нэгдсэн хүмүүс яг үнэндээ маш их худалдан авалтаас залхсан байжээ. Хүмүүс хяналтгүй дэлгүүр хэсдэг болж, өөрийгөө хуурдаг болсон байна.

Тэрбээр энэ оны есдүгээр сард “Юуг яагаад өмсөх ёстой вэ” нэртэй номоо хэвлүүлсэн. Тус номд дурдсанаар бидний анхны алхам бол “капсул” хувцасны шүүгээг бий болгох. Ийм шүүгээтэй болъё гэвэл 80/20 дүрмийг баримтална. Өөрөөр хэлбэл, таны шүүгээний 80 хувь нь ашигтай, үндсэн хувцас хэрэгсэл байх бол үлдсэн 20 хувь нь таны хувь хүнийг илүү илэрхийлэх зүйлс байна. Даркийн хувцасны шүүгээнд л гэхэд үндсэн 10 хувцас байдаг аж.

Мэдээж цаг агаар, ажил хөдөлмөр зэрэг хүн хүний нөхцөл байдлаас шалтгаалаад “капсул” хувцасны шүүгээ өөр өөр байна. Гэлээ ч нийт ашигтай хувцасны тоог 10-20-ийн хооронд хэлбэлзүүлж болдог аж.

Мөн хувцасны шүүгээндээ өөрчлөлт хийхийг загварын мэргэжилтнүүд зөвлөж байна. Үүнийг хийхэд багагүй цаг хугацаа, тэвчээр шаардагдана. Та хувцасны шүүгээнээсээ бүх хувцсаа гаргаж дэлгээд, нэг нэгээр нь уйгагүй өмсч үзэх хэрэгтэй. Өмсөх дуртай зүйлсээ ялгаад үзэхэд танд дутагдаж байгаа, илүүдэж байгаа зүйлс тодорхой болно.

Өлссөн үедээ дэлгүүр хэсвэл хэрэгцээгүй худалдан авалт хийх магадлал өндөр байдаг. Хувцас худалдан авахад ч ялгаагүй. Зарим чухал үйл явдалд зориулсан хувцсыг эртнээс бэлдэж зэхээд тавьчихсан байх нь ашигтай. Яарч сандарсан үед буруу сонголт хийх нь элбэг.

“Таван дүрэм” кампанит ажилд нэгдсэн хүмүүс олон давуу талыг нь олж харсаар байна. Жишээлбэл, та олон жилийн турш өмсөөгүй хав дарсан хуучин даашинзаа гэнэт олж харна, хуучин эд зүйлсдээ бага зэргийн засвар оруулж, амьдрал бэлэглэнэ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж