IESF буюу Олон улсын цахим спортын холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил CS2, Dota2, Mobile Legends, PUBG Mobile гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа тодруулж байна. Монгол Улсаа төлөөлөн эдгээр төрлүүдэд баг тамирчид Саудын Арабын Рияд хотыг зорьсон юм.
PUBG Mobile-ийн төрөлд оролцсон Монголын баг 16 багаас аравдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлжээ. Харин Mobile Legends-ийн эрэгтэй ангилалд өрсөлдсөн Монголын баг 5-8 дугаар байр эзэлж, таван мянган ам.долларын эзэд болсон аж. Тэгвэл тус төрлийн эмэгтэй ангилалд өрсөлдсөн Монголын бүсгүйчүүд 9-10 дугаар байрт орж, тэмцээнээ хэсгийн шатнаас өндөрлүүлсэн гэнэ. Тэд лан тэмцээнд оролцсон Монголын анхны эмэгтэй Mobile Legends-ийн баг болжээ.
Найдлага тавьж байсан төрлүүдийн нэг болох CS2-ийн төрөлд оролцсон Монголын баг 5-8 дугаар байраар тэмцээнээ дуусгаж, 12.5 мянган ам.долларын эзэд болов. Өнөөдөр/2024.11.19/ Монголын dota2-ийн баг дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Туркийн эсрэг тоглоно. Өчигдөр Монголын баг хагас шигшээд Грекийн багт 1-2 гэсэн харьцаатай хожигдсон юм. Уг нь тэд хэсэгтээ нэг ч хожигдолгүй тэргүүлсэн билээ.
Хүрэл медалийн төлөөх тоглолт 17.00 цагаас эхэлнэ.
Холбоотой мэдээ