
Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Тэргүүн шадар сайдыг Жилин мужийн намын хорооны нарийн бичгийн дарга Сун Жэнцай, БНХАУ-ын улстөрөөр зөвлөлдөх зөвлөлийн дэд дарга Ван Ган, Хятадын коммунист намын гадаад харилцааны газрын дарга нар тус тусын шугамаар хүлээн авч уулзсан байна. Тэд Тэргүүн шадар сайдыг энэ арга хэмжээнд ач холбогдол өгч хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд зургаа дахь жилдээ зохиогдож буй Зүүн хойд Азийн чуулга уулзалтад Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч оролцож байгаа нь цаашид хоёр улсын харилцаа улам өргөжин тэлэхэд дэмжлэг болох нь гарцаагүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Эрт үеэс улбаатай хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгааг тэд мөн онцолсон байна.
Д.ОЮУН