Сурвалжлага: Шатсан бүтээлүүдийг анх удаа тусгай хамгаалалтаас гаргав

Сурвалжлага: Шатсан бүтээлүүдийг анх удаа тусгай хамгаалалтаас гаргав

Сурвалжлага: Шатсан бүтээлүүдийг анх удаа тусгай хамгаалалтаас гаргав
Төрийн соёрхолт туульч Б.Авирмэд агсан Алтайн сүрлэг уулсынхаа өмнө хүүдээ тууль хайлахыг зааж өгч буй уран зураг. Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч энэ алдартай хүний хүү нь Балдандорж. Тэртээ 1972 онд Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Одон энэ агшинг "Эх нутгийн дууль" хэмээх бүтээл болгон Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалуулжээ. Харамсалтай нь, энэ үнэт бүтээл хоёр ч удаа галд өртөж, шатсан байна. Одоо уран зургийн 80-90 хувь нь шатаж, модон жааз л үлдсэн аж.
Гэсэн хэдий ч орчин үеийн технологи ашиглан энэ бүтээлийг бүрэн бүтнээр нь үзэх боломжийг өчигдөр /2024.11.18/ нээлтээ хийсэн "AR gallery-Үнэт бүтээлүүд" тусгай үзэсгэлэн олгож байна.
Та өмнө нь шатсан уран зургийн үзэсгэлэн үзэж байсан уу. Ийм үзэсгэлэнг өмнө нь үзэж хараагүй хүмүүсийн хувьд бие биедээ сэтгэгдлээ хуваалцаж, "Өмнө нь ямар сайхан уран зураг байсан юм бэ" гэж хоорондоо ярилцана. Харахад л сэтгэл эмтрэм мэдрэмж төрнө. Шатсан уран зургийн дэргэд тусгай дэлгэц байршуулсан байх бөгөөд үзэгчид уран зургийн өмнө дэлгэцээ барихад бүрэн бүтэн болж харагдана.
Одоогоос 15 жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээс гадна 2009 оны тавдугаар сарын 19-нд Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг гал түймэрт өртсөн байдаг.
Энэ галын аюулаар Монголын дүрслэх урлагийн сор болсон 1000 гаруй үнэт бүтээлүүд өртсөн харамсалтай үйл явдал болсон юм. Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт хөрөг зургууд, орчин үеийн чимэглэлийн бүтээлүүд байсан гэдгийг урлаг судлаачид хэлж байв. Тусгай үзэсгэлэнд галд 50 хувиас дээш шатсан 25 уран зургийг анх удаа олны хүртээл болгож байгаа юм.
Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах Монголын Уран зургийн галерейд дүрслэх урлагийн шилдэг гэх тодотголтой суут бүтээлүүд хадгалагдаж буй. Уг галерейн ханыг 1921 оноос хойших тэртээ 100 жилийн түүхийг өгүүлэх Марзан Шаравын В.И.Лениний хөргөөс авхуулаад дүрслэх урлагийн жинхэнэ сор бүтээлүүд чимнэ.
Галерейд дүрслэх урлагийн хосгүй үнэт бүтээлээр шалгарсан таван бүтээл бий.
Үүнд, Марзан Шаравын 1921 онд зурсан В.И.Лениний хөрөг, Төрийн шагналт, Ардын зураач Н.Цүлтэмийн "Талын айл", Г.Одонгийн "Ажлын дараа", О.Цэвэгжавын "Азарганы ноцолдоон", Ү.Ядамсүрэнгийн "Өвгөн хуурч" гэсэн таван бүтээл багтдаг. Тэр дунд Төрийн шагналт, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ү.Ядамсүрэнгийн "Өвгөн хуурч" уран зураг амилж, морин хуурын ая эгшиглэнэ. Дэргэд нь зураач Ц.Жамсрангийн 1962 онд зурсан "Орхоны хавар" мяралзан урсах нь үзэгчдийн сонирхлыг ихэд татах аж. Энэ бол тусгай үзэсгэлэнгийн хоёр дахь хэсэг.
Энд хосгүй үнэт таван уран зургийг орчин үеийн технологи ашиглан "амилуулж" хөдөлгөөнд оруулжээ.
Монголын уран зургийн галерей уран зураг, зураасан зураг, сийлбэр, уран баримал гэсэн үндсэн дөрвөн сан хөмрөгтэй. Дүрслэх урлагийн сан хөмрөгт нийт 4000 гаруй бүтээл хадгалагдаж байдаг. Эдгээр шатсан уран зургууд галерейн сан хөмрөгт албан ёсоор тоологдож явдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм.

Монголын уран зургийн галерейд гал гарч, зураач Г.Төмөр-Очирын “Намрын уянга”, Г.Одонгийн “Морьтон баатрууд”, Н.Цүлтэмийн “Мартагдашгүй уулзалт”, Г.Дунбүрээгийн “Оторт”, О.Цэвэгжавын “Партизан цэргийн элсүүлэлт” зэрэг олон ахмад зураачдын бүтээл юу ч үгүй шатсан байдаг. Галд өртөж “эрэмдэг” болсон бүтээлүүд одоо ч хэвээрээ галерейн сан хөмрөгт аврал эрсээр байна.

"15 ЖИЛИЙН ӨМНӨ ГАЛД ӨРТӨЖ, ШАТСАН ҮНЭТ БҮТЭЭЛҮҮДИЙГ АНХ УДАА ДЭЛГЭЖ БАЙНА"

"Өнөөдрийн тусгай үзэсгэлэн нь 2024 оны тавдугаар сараас хойш хэрэгжүүлсэн "АR Mongolia" компани болон Уран зургийн галерейн хамтарсан төслийн танилцуулга юм. Одоогоос 15 жилийн өмнө галд өртөж, шатсан үнэт бүтээлүүдийг орчин үеийн технологи ашиглан сэргээн, үзэгчдэд хүргэж байгаагаараа онцлог.
Уран зургийн галерейгаас энэ галд өртсөн уран зургуудаа сэргээх тал дээр анхаарч, олон төслийг хэрэгжүүлсэн.
Үүний нэг нь дэргэдээ уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулсан боловч зарим уран зургууд нь 50 хувиас дээш гэмтэл авч, сэргээн засварлах боломжгүй байгаа юм гэдгийг Уран зургийн галерейн сан хөмрөгч, урлаг судлаач Б.Мөнгөнчимэг ярилаа.
Галд өртсөн уран зургуудыг анх удаа олон нийтэд дэлгэж байгаа бөгөөд 20 хоногийн дараа дахин тусгай хамгаалалтад хадгалах юм.
"АВРАЛ ЭРСЭН ҮНЭТ БҮТЭЭЛҮҮДИЙГ ТЕХНОЛГИЙН АЧААР АВАРЧ ЧАДЛАА"
Тусгай үзэсгэлэнг үзэхээр зорин ирсэн Э.Ганчимэгийн хувьд "Үзэсгэлэнд дэлгэгдсэн, шатаж сүйдсэн уран зургуудыг харахад элэг эмтэрч байна. Өнөөдөр 80-90 хувь шатаж, сэргээн засварлах боломжгүй уран зургуудыг орчин үеийн технологи ашиглаж, бүрэн бүтнээр нь харах боломжийг олгож байгаад баяртай байна. Монголын өв соёлыг хадгалж, хойч үедээ хүргэж байгаа нь сайшаалтай. Монголын дүрслэх урлагийн түүхэнд маш том үйл явдал болж байна. Аврал эрсэн үнэт бүтээлүүдийг аварч чадлаа гэж хэлмээр байна" гэв.
Манай улсад анх техник нэвтэрч, монголчууд морин дэл дээрээс моторт хүлэг рүү шилжсэн түүхийг харуулсан “Монгол транс” зургийн эзэн бол Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээ. Түүний энэ түүхэн уран зураг 2009 онд Монголын уран зургийн галерейд гарсан гал түймрийн улмаас шатаж, устсан байдаг.

Тэрбээр өмнө ярилцлага өгөхдөө “Миний 1974 онд бүтээсэн “Монгол транс”, 1977 онд зурсан “Фронтод”, “Ууган үйлдвэр” зэрэг долоо, найман бүтээл 2009 онд Монголын уран зургийн галерейд гарсан гал түймрийн улмаас устаж, үгүй болсон. Үнэхээр харамсалтай. Тухайн цаг үеийнхээ аж байдал, түүхийг өгүүлж, олны хүртээл болсон шилдэг бүтээл одоо байхгүй болсон гэж бодохоор сэтгэл их эмзэглэдэг юм. Тэр үеэр олон сайхан зураачдын бүтээл шатаж, устсан даа” хэмээн ахмад зураач гунигтайхан өгүүлж байсан юм.

Тухайн үед галерейд гарсан гал түймрийн үеэр 1921-1990 оны үед хамаарагдах 106 зураг бүрэн шатсан бөгөөд 78 зураг 50-80 хувьтай шатаж, 88 зураг танигдах боломжтой, 652 зураг их хэмжээний сэргээн засвар шаардагдахуйц байдлаар гэмтсэн талаар мэдээлж байв.

"1000 ОРЧИМ УРАН ЗУРАГ ГАЛД ӨРТСӨНИЙ 200-Г НЬ АВАРЧ ЧАДСАН"

Соёлын өвийн үндэсний төвийн хувьд улсдаа ганц соёлын өвийг сэргээн засварлах эрхтэй байгууллага. Энэ төв жилдээ улсын хэмжээний 40 орчим байгууллагаас ойролцоогоор 15-20 байгууллагын 150-200 үзмэрийг үнэ төлбөргүй сэргээн засварладаг байна.

Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат:

-Галын эрсдэл, аюулыг урьдчилж хэлэх боломжгүй шүү дээ. Соёлын өвийн эрсдэлт хүчин зүйлд галын аюул өндөрт тооцогддог. Харамсалтай нь 2009 оны тавдугаар сарын 19-нд Монголын уран зургийн галерейн уран зургийн сан хөмрөг гал түймэрт өртсөн. Галд өртсөн уран зургуудыг бодитоор нь сэргээн засварлах ажлыг Соёлын өвийн үндэсний төв, техник технологийг АНУ-ын тусламжтайгаар авч хийж байсан.

Эдгээр уран зургийг шатсан ч гэсэн баримт болгон үлдээсэн. Тэр утгаараа улсын хэмжээний сан хөмрөгийн тооллогод тоологддог гэсэн үг.

Орчин үеийн техник технологи хөгжсөн энэ цаг үед галд өртсөн уран зургуудыг сэргээж байна. Энэ нь тухайн үед галерейн бүтэн баримтжуулалт сайн хийсний үр дүн юм. Тухайн үед галд 1000 орчим уран зураг өртсөний 200 зургийг аварч чадсан бол 700 гаруй зургийг хагас шатсан байдалтай байгаа. Дээрээс нь одоо амьд сэрүүн байгаа алдартай зураачидтай хамтран эх хувийг хийх ажлыг зохион байгуулж байгаа. Төлөвлөгөө ёсоор эдгээр галд өртсөн уран зургийг нөхөн сэргээхэд 100 гаруй жилийг зарцуулна гэж урьдчилсан байдлаар тооцоолсон байдаг.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лондон зураач 2024-11-19 90.212.131.42

Хайран хайран гэхээс өөр хэлэх ч үг алга…

Avatar

Нэргүй 2024-11-19 202.131.234.123

шатаасан эзэн нь галарейн дарга байсан бантан хүүхэн шүү дээ. тэрнээс амийг нь нэхэж ацаар нь эргүүл.

Avatar

Нэргүй 2024-11-19 122.201.23.44

Ер н эрх баригч намын бооссудыгг тгж байртай н шатааж бх н зөв юм ккк

Avatar

Нэргүй 2024-11-19 124.158.122.50

Хүзүүдоржийн гэрт юу байлаа

Avatar

Нэргүй 2024-11-19 45.117.34.122

..байдаг гэж бичихээ больцгоо, fuckin retards!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж