“Spot” нэртэй робот нохой нь АНУ-ын нууц албаны зэвсэглэлд ордог хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын хэрэгсэл юм. Үүнийг "Boston Dynamics" компани зохион бүтээсэн бөгөөд 75 мянган ам.долларын үнэтэй. Тэгвэл, өнгөрсөн амралтын өдрүүдэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампийн Мар-а-Лаго амралтын газарт уг робот нохой эргүүл хийж буйг олон нийт харсан. “Spot” нь ямар нэгэн зэвсэг агуулдаггүй бөгөөд урьдчилан программчилж эсвэл алсаас удирдах боломжтой юм. Түүний хажуугаар өнгөрсөн хүмүүст зориулж хөл тус бүр дээр нь "Илж болохгүй" гэх бичээс наасан байжээ.
Менло коллежийн улс төр судлаач Мелисса Мишельсон хэлэхдээ "Хэн ч эдгээр робот нохойг өхөөрдөнө гэж бодохгүй байна. Тэд хөөрхөн харагддаггүй шүү дээ" гэсэн юм.
Робот нохой эргүүл хийж буй бичлэг цахим орчинд тархаж, олон нийт янз бүрийн сэтгэгдэлтэй байгаа юм. Энэ талаар АНУ-ын нууц албаны харилцаа холбооны дарга Энтони Гуглиелмигээс тодруулахад "Шинээр сонгогдсон ерөнхийлөгчийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт юм" гэж тайлбарласан байна. Сонгуульд өрсөлдөж эхэлсэн цагаас эхлэн Дональд Трампийг хөнөөх гэсэн хоёр оролдлого гарсан. Тодруулбал, долдугаар сард Пенсильвани мужийн Батлер хотод болсон дэмжигчдийн уулзалтын үеэр болон есдүгээр сард Мар-а-Лагод гольфийн талбай дээр түүнийг буудаж хөнөөх гэсэн хэрэг гарсан байдаг.
Тус улсын нууц алба Дональд Трампийн аюулгүй байдалд зориулж өөр ямар арга хэмжээ авч байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
"Boston Dynamics"-аас хэдэн робот нохой Дональд Трампийг хамгаалахад ашиглаж байгаа талаар тодруулахад мөн адил хариулт өгөхөөс татгалзжээ. Энэ талаар нууц албаны ажилтан асан, одоо "Talon Companies"-ийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын фирмийн гүйцэтгэх захирал Рон Уильямс хэлэхдээ, Трампийг хөнөөх гэсэн оролдлогын дараа тус алба гэмт хэргийг эрт илрүүлж, таслан зогсоох чадвараа сайжруулахын тулд робот нохой ашиглах болсон гэж таамаглаж байна. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн ихэнх хэсэг нь хамгаалалтын өндөр хашаагүй байдаг Мар-а-Лаго-д робот нохой ашиглан аюулгүй байдлыг хангах хугацаа нь хэдийнээ дууссан. Тухайн ноход нь хүнээс илүү өргөн том орон зайг хянах чадвартай байдаг тул үргэлжлүүлэн ашиглах болсон гэж Уильямс үзэж буй.
Түүнчлэн, зөвхөн нууц албаныхан уг робот нохойг ашигладгүй бөгөөд АНУ-ын цэрэг, цагдаагийн байгууллага мөн адил ашигладаг аж.
Пенсильвани мужийн Монтгомери муж дахь тэсрэх бөмбөгийн баг энэ оны хавар "Spot"-ийг худалдан авчээ. Болзошгүй тэсрэх бөмбөгийн халдлага гарахаас урьдчилан сэргийлж, шалгалт явуулах журмаар худалдаж авсан гэж "Boston Dynamics" мэдээлсэн юм. Мөн өнгөрсөн жил Нью-Йоркийн цагдаагийн газар "цагдаагийн эрх мэдлийг хэтрүүлсэн" гэсэн гомдлыг үл харгалзан уг робот нохойг авсан байна. 2022 онд Орос Украин руу түрэмгийлсний дараа Киев мөн адил "Spot"-ийг худалдан авч, тагнуулын ажилд ашиглаж байжээ. "Spot" нь авхаалж самбаагаараа алдартай. Энэ нь шатаар дээш доош алхаж, давчуу орон зайгаар төвөггүй нэвтэрдэг. Тэр ч байтугай хаалга онгойлгож чаддаг байна. Хамгийн чухал чадвар нь болзошгүй аюулыг илрүүлэх бөгөөд хамгаалалтын үйл ажиллагааг дэмждэг олон тооны дэвшилтэт мэдрэгчүүдээр тоноглогдсон.
"Boston Dynamics"-ийн маркетингийн материалд дурдсанаар, робот нохой нь эргэн тойрныхоо 3D газрын зургийг гаргах олон төрлийн камертай бөгөөд дулаан мэдрэгч гэх мэт нэмэлт чадвартай.
Гэхдээ хиймэл оюун ухаантайгаар бүтээгдээгүй тул удирдах хүн шаардлагатай юм.
Нэргүй 2024-11-18 202.126.89.157
Хүнд итгэхээ байгаад л робот сонгож байгаамшдээ,,,,,өөрөө хулгайч болохоороо бусдыг бас л өөр шигээ хулгайч гэж хардаг,,,,,,,ер нь бол трампын зөв,,,,,