Германы нийслэл Берлин хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Путин болон түүний Украин дахь довтолгоог эсэргүүцэж Юлия Навальная тэргүүтэй сөрөг хүчнийхэн Ням гаригт жагслаа. Энэ жагсаалд 1000 гаруй хүн оролцов. Оросын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйн эхнэр, хүний эрхийн идэвхтэн Юлия Навальнаяаас гадна өмнө нь шоронд хоригдож байсан Илья Яшин, Владимир Кара-Мурза нар жагсаалыг толгойлжээ.
Жагсагчид Потсдамер Платцаас хотын төвд орших Унтер ден Линден өргөн чөлөө хүртэл явсан бөгөөд "Путинд үгүй гэж хэлнэ. Украин дахь дайнд үгүй гэж хэлнэ. Улс төрийн хоригдлуудад эрх чөлөө олго" гэсэн уриа лоозон барьжээ.
Жагсаал ОХУ-ын Элчин сайдын яамны байр хүртэл үргэлжилсэн байна. Жагсагч Александр Корнинов хэлэхдээ "Орост ард иргэд Путины эсрэг байгаа гэж би хэлмээр байна. Тэд засгийн газрыг урт удаан хугацаанд эсэргүүцэж байгаа ч гэлээ өөрсдийгөө засгийн газар, улс төрд нөлөөлж чадна гэдэгт итгэхээ байчихсан. Гэхдээ ядаж л энд байгаа хүмүүс дуу хоолойгоо өргөж байгаад би баярлаж байна" гэжээ.
Дашрамд дурдахад, Германы канцлер Олаф Шольц Ням гаригт "Их-20"-ийн уулзалтад оролцлохоор Бразилыг зорихоосоо өмнө мэдэгдэл хийсэн. Тэрбээр Владимир Путинтэй ярилцсан тухайгаа энэ үеэр онцолсон бөгөөд Украины дайны талаар Оросын ерөнхийлөгчийн байр сууринд ямар нэг өөрчлөлт орсон шинж ажиглагдаагүй гэдгийг хэллээ.
3,595.11















































