Төв аймгийн Баянжаргалан суманд барьж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцад /2024.11.17/ гал гарчээ. Энэ талаар тус компанийн удирдлагаас тодруулахад, "Гал түймрийн улмаас хүн бэртэж, гэмтээгүй. Тухайн үед галыг шуурхай унтрааж, засварлаж байна" гэдэг хариултыг өглөө.
"Цэцэнс Майнинг энд Энержи" ХХК-ийн удирдлагаас тодруулахад, "Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын зуухны галлагааг өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн. Нийт 60 барилга байгууламж баригдаж буй. Харамсалтай нь 2024 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 05:00 цагийн үед нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн С6 хэсэгт гал гарсан. Манай ажилчид галыг богино хугацаанд бүрэн унтраасан.
Галын улмаас хүн бэртэж гэмтээгүй. Цахилгаан станцын барилга байгууламж, цахилгааны утас нь галд тэсвэртэй материалаар хийгдсэн байдаг.
Бид өвлийн оргил ачааллын үеэс өмнө станцаа ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ослын улмаас төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа тодорхой хугацаагаар хойшилж байгаа. Миний хувьд ямар нэгэн хугацаа хэлэх боломжгүй байна. Материал нийлүүлэгч компанитайгаа ярилцсан" гэв.

Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий дөрвөн блокоос бүрдэнэ. Хоёрдугаар блок 2025 оны аравдугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн байдаг.
Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах ач холбогдолтой. Мөн 1040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болох юм.
3,548.92





















































Холбоотой мэдээ