Монголбанк төгрөгийн чангарлын эсрэг хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Монголбанк төгрөгийн чангарлын эсрэг хөдөллөө

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ БУУРАВ

Өдрөөс өдөрт буурч байсан валютын ханш өсч эхэлсэн нь өнгөрсөн долоо хоногийн эдийн засгийн салбарт гарсан нэг онцлох үйл явдал байлаа. Нэг ам.доллар Монголбанкинд өчигдрийн байдлаар 1327.58 төгрөгийн ханштай байв. Харин долоо хоногийн өмнө нэг ам.доллар 1300 төгрөг байсан юм. “Найман шарга” валютын захын ченжүүд одоогоос хоёр долоо хоногийн өмнө  “Ам.долларын ханш өдөрт 3-4 төгрөгөөр унаж байна” гэж  байсан бол өнгөрсөн долоо хоногт уг хариулт нь “Өдөрт 3-4 төгрөгөөр  нэмэгдсээр байна” гэдгээр солигдлоо. Ам.доллар ийн өсөх болсон шалтгааныг банкны эдийн засагчид “Монголбанк ам.долларын ханшийг унагаах сонирхолгүй байгаа. Тиймээс тус банкнаас ам.долларыг их хэмжээгээр худалдан авах болсон. Улмаар банкны диллерүүд ам.долларын ханшийг өсгөсөн” хэмээн тайлбарлаж байв. Монголбанкнаас энэ сарын 2-нд гаргасан  мэдээллээс үзвэл арилжааны банкууд 25 сая ам.долларыг худалдан авах саналыг төв банкинд ирүүлжээ. Гэсэн хэдий ч  дотоодын валютын захын үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн валюттай харьцах ханшийг зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор дуудлага худалдааны саналыг биелүүлээгүй ажээ. Гадаад валютын урсгал ихэсч, нөөц нэмэгдэн төгрөгийн ханш чангарч байгаа нь нэг талаараа эдийн засгийн өсөлт юм шиг харагддаг. Харин нөгөө талаараа эдийн засагт сөрөг үр дагаврыг үзүүлдэг. Төгрөгийн ханшийн чангаралт нь импортлогчдыг дэмждэг ч эсрэгээрээ экспортлогчдыг тэр дундаа төсвийн орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн компаниудыг алдагдалд оруулдаг байна. Тиймээс их хэмжээний бэлэн мөнгө, хөрөнгө оруултад хууртагдан хүнд байдалд орж байсан “Голланд өвчин”-өөр өвчлөхгүйн тулд Монголбанкнаас ам.долларын ханшийг цаашид энэ хэмжээнд нь барих төлөвлөгөөтэй байгаа ажээ.

МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД БОЛГОЛОО

 Өнгөрсөн долоо хоногт хууль, тогтоомжид заасны дагуу санхүүгийн тайлан мэдээллээ олон нийтэд ил тод мэдээлэх даалгавраа биелүүлээгүй арилжааны банкуудын талаарх мэдээллийг Монголбанкнаас хийв. Энэ үйл явдал нь өнгөрсөн долоо хоногийн эдийн засгийн салбарт гарсан онцлох үйл явдлаар нэрлэгдээд байгаа юм. Төв банкнаас  уг нь мэдээллээ ил тод болгох хангалттай хугацааг арилжааны банкуудын удирдлагуудад өгсөн. Бүр болохгүй болохоор нь заасан хугацаагаа сунгаж ч үзсэн. Гэсэн хэдий ч банкуудад зарим мэдээллээ ил тод болгох нь тийм ч амар даалгавар байгаагүй бололтой. Улмаар Монголбанкнаас амласан ёсоор арилжааны банкуудын эзэн болон бусад мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт олон нийтэд ил болгосон юм. Монголбанкны Хяналт шалгалтын газраас Арилжааны банкууд Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу  санхүүгийн тайлан, бусад мэдээллийг ил тод мэдээлэх заалтын хэрэгжилт ямар байгааг шалгахад  зөвхөн “Капитал” банк л бүх заалтыг биелүүлсэн байжээ. Харин бусад арилжааны банкууд 2-3 заалтыг биелүүлээгүй байсан юм. Монголбанкнаас “Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг мөрдөж эхэлснээс хойш 38 дугаар заалтын шаардлагыг хангаж ажиллахыг арилжааны банкуудаас шаардаж ажилласан бөгөөд Банкууд мэдээллийг нээлттэй болгох үүргээ богино хугацаанд хангалттай хэрэгжүүлж ажиллалаа” хэмээн үзжээ. Улмаар хэрэгжилт нь дутуу байгаа банкуудад захиргааны арга хэмжээ авах шийдвэрийг гаргажээ.

ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ БАС НЭГ ХЭРЭГ

Сүүлийн үед манай улсын иргэдийн сэтгэлийг хүнсний бүтээгдэхүүн тойрсон асуудал зовоох болов. Хаврын турш махны үнийн өсөлтөд хямарсан монголчууд одоо ч хүнсний бүдээгдэхүүний үнэ, аюулгүй байдалд сэтгэлээ чилээсээр. Гурилын үйлдвэрийн удирдлагууд шиг муу зүйл хийсэн хүн ойрын өдрүүдэд байсангүй. Учир нь тэднийг монголчуудын хамгийн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох гурилын үнийг зохиомлоор өсгөсөн хэмээн иргэд төдийгүй  холбогдох яам, тамгын газрынхан ч буруутгаж байлаа. Гэвч өнгөрсөн долоо хоногт тэднээс олны анхаарал холдсон гэхэд болно. Аливаа юманд амархан гомдож, амархан мартдаг “сайхан” зангаараа алдартай манайхан ч тэгэсхийгээд гурилын үнийн өсөлттэй эвлэрэв бололтой. Гурилын үнэ ийнхүү өссөн шалтгааныг хойд хөрш гурилын экспортдоо хориг тавьсныг монголын гурил үйлдвэрлэгчид далимдуулсан хэмээн тайлбарлаж байсан. ОХУ-аас гурилын экспортдоо тавьсан хоригоо өнгөрсөн долоо хоногт хэсэгчлэн цуцалсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт нэгэн айдас иргэдийн дунд бий болсон нь шувууны ньюкасл өвчин илэрсэн явдал байв. “Өндөг идвэл үхнэ гэнэ” хэмээх мессеж хүмүүсийн дунд одоо ч явсаар байгаа юм. Онцгой байдлын  ерөнхий газрын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт өвчин илэрсэн шувууны аж ахуйд ариутгал халдваргүйжүүлэлт хийж өвчтэй тахиаг устгасан тул ард иргэд айх хэрэггүй хэмээх мэдэгдлийг хийсэн. Шувууны ньюкасл өвчин гарснаар зарим иргэн хэсэгтээ л өндөг худалдан авахгүй байх шийдвэрийг гаргасан бол зарим нь өндөгний зах зээлд тэргүүлэгч компаниудын өндгийг худалдан авч тэдгээр компаниудын борлуулалтыг нэмэгдүүлсэн байна.

БАРИЛГЫН САЛБАРЫНХАН АЛДАА ОНООГОО ДҮГНЭВ

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 84 жилийн ойг өнгөрсөн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүллээ. Төр засгийн тэргүүнүүд, барилгын салбарын удирдлагууд оролцсон баярын хурлын үеэр тус салбарт гаргасан амжилтуудаас олныг нэрлэсэн. Гэсэн хэдий ч барилгын салбар өнгөрсөн жилүүдэд тохиолдсон эдийн засгийн хямралаас гарч чадахгүй байсаар байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Барилгын салбарын чанаргүй зээлийн хэмжээ төдийлөн буурахгүй байгаа нь худалдан авалт муу байгааг харуулж буй. Энэ салбарт сэргэлтийг авчрахад одоо хэрэгжүүлж буй болон ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”, “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”, “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” зэрэг томоохон төслүүдийг  амжилттай хэрэгжүүлэх явдал хэмээн баярын хурлын үеэр онцолж байв. “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр”-ийн санхүүжилтийн нэг эх үүсвэр нь ашигт малтмалын ордоос уул уурхайн бүтээгдэхүүн нийлүүлэх замаар төлбөрийн баталгаа гарган бүрдүүлсэн хөрөнгө байх юм.

Т.УРАНГЭРЭЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж