Эрчим хүчний салбар олон жил алдагдалтай ажиллаж ирсэн, цахилгаан, дулааны үнийг нэмэхээс өөр гарцгүй хэмээн төрөөс мэдэгдэж, өнгөрсөн Баасан гаригт үнэ нэмж буйгаа зарлав. Үнэ нэмснээр салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдаж, олон жилийн алдагдлаа нөхнө. Ингэж алдагдлаа нөхөх ганц гарц нь хэрэглээний үнээ нэмэх. Мэдээж олон жил алдагдалтай явж ирсэн салбар учраас үнэ нэмэх нь зүйн хэрэг ч эрчим хүчний салбарын авлига, эрчим хүчний салбарын данхар бүтэц, ашиггүй ажиллаж ирсэн төрийн өмчит компаниудыг цэгцлэх зэргээр өөр шинэчлэл хийж болох байсан гэж олон нийт, мэргэжлийнхэн хэлж буй. Гэвч Монголын төр эрчим хүчний салбарын олон жилийн алдагдал нь ганцхан үнэ нэмээгүйгээс үүдэлтэй байсан хэмээн энэ удаад цахилгааны үнийг нэмлээ. Харин дулааны үнийг ирэх оны тавдугаар сард буюу долоон сарын дараа нэмнэ гэдгээ мэдэгдээд буй. Мэдээж олон нийт эрчим хүчний үнийг нэмэхийг эсэргүүцээгүй, харин эрчим хүчний салбарын энэ их алдагдал дан ганц хэрэглэгчдийн үнэ нэмээгүйгээс үүдээгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт үүссэн олон асуудлыг ч өөрчилж, шинэчлээсэй гэдгийг эрчим хүчний салбарын удирдлагуудад хэлж буй.
Эрчим хүчний зохицуулах хорооноос аж ахуй нэгжийн цахилгаан эрчим хүчний үнийг 30 хувиар нэмж, айл өрхүүдийг хэрэглээнээс хамаарч өөр өөр аргачлалаар нэмжээ.
Тодруулбал, айл өрхийн хувьд хэрэглээнээс хамаарч шаталсан байдлаар буюу хэрэглээнээс хамаарч цахилгааны тариф өөр байх бөгөөд 0-150 кВт цаг хүртэлх цахилгааныг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт.ц 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгожээ. Ахуйн хэрэглээний үнэд 1квт цаг тутамд 35-131 төгрөг нэмэгдүүлж, гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээсэн байна.
Монгол Улсын 788 мянган ахуйн хэрэглэгчийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэлх хэрэглэгчид кВт тутамдаа 175 төгрөг төлөх бол 40 хувь нь 150-300 кВтц хүртэлх хэрэглэгчид 256 төгрөг, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгаан хэрэглэдэг бол кВт тутамдаа 285 төгрөг төлнө гэсэн үг.
Харин нийгмийн халамж, дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн цахилгааны тарифт өөрчлөлт оруулаагүй аж. Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба нэг сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан нь 15,887 төгрөгөөр нэмэгдэж 52 мянга орчим төгрөг болох юм.
Нэгэнт эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ нэмчихлээ, одоо хэрэглэгчид эрчим хүчний хэрэглээгээ хэмнэж, ухаалаг хэрэглээ рүү шилжихээс өөр гарцгүй болсон. Ханандаа өдөржин утасны цэнэглэгчээ зүүгээд орхих бус хэрэглэсэн бол салгах зэргээр илүү их эрчим хүчээ хэмнэсэн ухаалаг хэрэглээ рүү шилжих нь. Төрөөс таны хэрэглэсэн кВт бүрээр үнээ бодож авах шийдвэр нэгэнт гарчихсан учраас иргэн бүр цахилгаанаа хэмнэж, зөв ухаалаг хэрэглээтэй болоход хэвших нь чухал. Ялангуяа иргэд оргил ачааллын үе буюу 17:00-22:00 цагийн хооронд цахилгаан хэмнэж хэвших нь илүү үр дүнтэй аж.
ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭХ ЭНГИЙН АРГУУД:
- Ашиглахгүй байгаа, залгуурт залгаатай орхисон цахилгаан хэрэгсэл өрхийн цахилгаан хэрэглээний 7-25 хувийг эзэлдэг
- Ус буцалгагч болон цахилгаан данх цэвэрхэн дотортой бол цахилгаан зарцуулалтыг 20 хувиар хэмнэнэ
- Цахилгаан зуухны халаах хэсэг хоолны сав, данхны ёроолын хэмжээтэй тохирч байвал цахилгааны хэрэглээг 70 хувь хүртэл хэмнэнэ
- Хоол хийх үедээ саваа таглахаа бүү мартаарай. Ингэснээр эрчим хүчний хэрэглээгээ 2.5 дахин багасгана.
- Тоос сорогчийн цуглуулагч уутыг тогтмол суллаж байгаарай. Дүүрэн ууттай үед тоос сорогч цахилгаан эрчим хүч илүү зарцуулдаг.
- Өрөөнөөс гарахдаа гэрлээ унтрааж сурах хэрэгтэй. Статистик мэдээнээс үзвэл өрхийн эрчим хүчний 30 хүртэлх хувийг хүнгүй, хоосон өрөө гэрэлтүүлэхэд зарцуулдаг.
Энэ мэт эрчим хүчний үнэ нэмсэн энэ үед эрчим хүчний хэрэглээгээ бууруулах, хэмнэхэд суралцацгаая.
3,548.92






















































Холбоотой мэдээ