Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Сүүлийн үед олон нийтийн шүүмжлэлд хамгийн их өртөж буй хүмүүсийн нэг та. Албан тушаалын төлөө намаа зарсан гэж Ардчилсан намын гишүүд, дэмжигчид таныг буруутгадаг..?
-Ардчилсан улсын иргэд үгээ хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхийг нь хамгаалах гэж Ардчилсан нам засагт хамтарсан юм аа. Ардчиллыг үгээр биш үйлдлээр хамгаалах шаардлагатай цаг хугацаа, дотоод гадаадын улс төрийн геополитикийн нөхцөл байдал гэж бий.
-Хүчтэй сөрөг хүчний дарга байх сонголтоосоо татгалзаад айлын хатавчинд ороод суучхаар танай намд итгэж саналаа өгсөн олон мянган хүний урам хугарсан байх л даа?
-Магадгүй. Зөвхөн хүчтэй сөрөг хүчний даргаа хийгээд улстөржөөд явсан бол хувь улстөрчийн карьер, рейтингт ашигтай байсан ч байх. Гэвч, Ардчилсан нам зөвхөн сөрөг хүчин хийх гэж сонгуульд өрсөлдөөгүй. Засгийн эрхийн төлөө өрсөлдсөн. Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөрөө ард түмэндээ амлалт өгсөн. Ардчилсан нам засгийн эрх барилцахгүй бол сонгуулиар ард түмэндээ өгсөн амлалт нь хэрэгжихгүй.
Хамтарсан засагт орж ажиллах шийдвэрийг ганцаархнаа сууж байгаад ганц өдөр гаргачихаагүй юм. Улс орны эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, дэлхийд өрнөж буй үйл явдал зэрэг олон хүчин зүйлсийг судалсан, тооцсон. Намын гишүүд, бизнесийн салбарынхан, эрдэмтэн судлаачид гээд цөөнгүй хүнтэй уулзаж санал солилцсон.
Дэлхий хуваагдаж байна. Дэлхийн хандлага, ирээдүйг уншихад улам хэцүү болж байна. Бүх улс орон амь, амиа бодоцгооё гэж байна. Өөрөөр хэлбэл, глобализмын төгсгөл ирж мэдэхээр байна. Америкийн сонгууль ч үүнийг харууллаа. Азийн бүс нутагт, дундад Азид ч энэ уур амьсгал хавтгай явах нь. Тэгэхээр монголчуудын хувьд Монголын ардчиллыг үүлэн чөлөөний нар болгож болохгүй. Иймээс Л.Гантөмөр гэж хувь хүний нэр төрийг дэнчин тавиад МАН-ын даргын урилгыг хүлээж авсан.
-За тэгэхээр нэгдүгээрт, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой, хоёрдугаарт, улс орны ирээдүйн хөгжлийн төлөө МАН-ын даргын саналыг хүлээж аваад засгийн эрх хуваалцаж яваа юм байна гэж ойлголоо. Гэхдээ энэ сонголт дараагийн улс төрийн карьерт чинь сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол танд байдаг уу?
-Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг бодохоор бид хувийн болоод намын эрх ашгийг нэгдүгээрт тавих эрх байхгүй. Энийг манай намын гишүүд, дэмжигчид, сонгогчид ойлгоно гэдэгт итгэж байна.
Ийм том золиос гаргаад, нэр хүндээ алдан барин хамтарсан Засгийн газарт орж, Монголын хөгжлийн төлөө зориг гаргаад алхсан, нийгэм эдийн засагт нэн чухал шийдвэрүүд гаргасан гэж ирээдүй хойч үе маань эерэгээр харна гэдэгт эргэлзэхгүй байна.
Ардчилсан намын ирээдүйг бодсон ч энэ сонголт зөв байсан гэж хэлнэ. Манай нам 2020 оны сонгуулийн дараа ямар байдалд хүрснийг монголчууд бүгд мэдэж байгаа. Найман жил гудамжинд явчихсан, дотроо хоёр хуваагдчихсан. Бүр хоёр тамгатай, хоёр даргатай, хоёр тусдаа салчихсан байсан. Үзэл бодол зөрчилдвөл намаас хөөдөг, шоронд хорьдог, өөр хоорондоо зодолдохоос цаашгүй болчихсон байсан. Үүний үр дагавар юу вэ гэхээр Ардчилсан намд ард түмэн итгэхээ больчихсон байсан. Шинэ залуу үе нүүр буруулдаг болсон байсан. Ардчилсан нам хийдэг, хэрэгжүүлдэг гэсэн имижээ алдчихсан байсан.
Би Ардчилсан намын дарга болсныхоо дараа хөдөө орон нутгаар хэд, хэд тойрсон юм. Залуучуудтай уулзсан, бизнес эрхлэгчидтэй уулзсан, ахмадуудтай уулзсан, ид хийж бүтээж яваа насныхантай уулзсан. Бүгд Ардчилсан намд итгэлгүй, ам муутай байсан. Тиймээс би Ардчилсан намын эв нэгдлийг хангаж, хамгаалахын төлөө ажилласан юм. Намайг намын дарга болоход манай намын рейтинг хэд байсан гэж та бодож байна. Маш бага, тийм бага рейтингтэй болсон гэж би хувьдаа төсөөлөөгүй явсан.
НАМАЙГ НУЛИМЖ, ШҮҮМЖИЛЖ, ҮЗЭН ЯДАЖ БОЛНО, ХАРАМСАХ Ч ЮМ АЛГА
-Танд огт төсөөлөгдөөгүй гэхээр Ардчилсан намын рейтинг их тааруухан байж дээ?
-Зургаахан хувийн рейтингтэй байсан. Тэгээд ямар ч байсан намаа хоёр хуваачихалгүй сонгуульд орсон. Сонгуулийн тогтолцоог өөрчилж байж нэг намын дарангуйллаас гарах юм байна. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж нэг гишүүнд оногддог эрх мэдлийг бууруулах юм байна гэж харсан. Өмнөх парламентад суудалтай улс төрийн гурван намын дарга нар энэ хоёр дээр санал нэгдсэн.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, парламентад олон намын, олон салбарын, олон ургальч үзлийг оруулж ирлээ. Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцооны реформ дээр Ардчилсан нам манлайлал үзүүлсэн. Үүний үр дүнд Ардчилсан намын рейтинг 35 хувьд хүрсэн, УИХ-д 42 суудал авлаа. Энэ бол чамлахааргүй амжилт. Одоо цаашдаа Ардчилсан нам төлөвших хэрэгтэй, институци болох ёстой. Үүнийг хийхийн төлөө ажиллана.
Муу нэртэй ч Ардчилсан нам дангаараа болон хамтарч засаг барих үед Монголын бизнесийн орчин сайжирдаг. Том төслүүд хөдөлдөг. Шинэ, шинэлэг реформ явагддаг.
Хүмүүсийн хүсч байгаачлан дөрвөн жил засгийн гадна талд улс төрийн гоё тоглолт хийж болно. Ардчилсан намын болон Л.Гантөмөрийн нэр хүнд өснө. Гэвч, ард түмний амьдрал сайжрахгүй. Эдийн засаг урагшаа хөгжихгүй, том төслүүд хөдлөхгүй. Энэ миний, манай намын хүсч буй улс төр лав биш.
Бид засагт хамтарч эдийн засгаа тэлж, иргэдийнхээ ашиг орлогыг нэмж, том төслүүдээ хөдөлгөж, гадаадаас хараат байдлаасаа гарахыг амбицалж байна. Үүний тулд Ардчилсан нам засагт орох ёстой, чадварлаг, чадалтай боловсон хүчнээ төрд ажиллуулах хэрэгтэй.
Дэлхий дээр Ардчилсан намын Монгол Улс, МАН-ын Монгол Улс гэж байхгүй. Монгол гэж ганц улс бий. Монгол Улсыг авч явах хувь заяа, хариуцлага манай үеийнхэнд ирсэн. Би монгол хүн. Монголынхоо эрх ашгийг нэгд эрэмбэлэх ёстой. Тиймээс Монгол Улсаа хамтдаа хөгжүүлье гэсэн урилгаас яагаад татгалзах ёстой юм бэ. Тийм бол шалтгааныг та надад хэлээд өг дөө. Би яагаад үүнийг ний нуугүй дэлгэж байна вэ гэхээр улс төрийн намууд нэгэнтээ хамтарсан, сонголтоо хийсэн, урагшаа хамтдаа зүтгэхээр шийдсэн. Тиймээс илэн далангуй ярих цаг болсон.
-Та ч бас нэлээд тэвчээртэй, шингүүртэй хүн юм…?
-Надад тэвчихээс, чимээгүй суухаас өөр сонголт байгаагүй. Би робот биш, бусдын адил махан биетэй, цусан зүрхтэй хүн. Олон нийтээс магтаал сонсох дургүй, шүүмжлэл сонсох дуртай хүн дэлхий дээр байна уу. Сонголт хийх үед сэтгэлд нэг юм тээглэгдээд л байсан. Хүн юм чинь өөрийнхөө нэр төр, карьерыг нэгд тавих өдөр байсан.
Л.Оюун-Эрдэнэ рүү засгийн гаднаас чулуу шидээд суух амархан. Олон нийтийн хайрыг татсан, таалагддаг улстөрч болох ядах юмгүй.
Гэхдээ улс орон чинь уналтад орсон байна. Иргэдийн амьдрал хүндэрсэн байна. Бизнесүүд дампуурч байна. Монголын тархи гадагшаа гоожиж байна. Эдийн засагт тэлэлт хэрэгтэй болсон байна. Эрчим хүчний реформ хийх цаг ирсэн байна. Хамаагүй ээ, намайг нулимж, шүүмжилж, үзэн ядаж болно, харамсах ч юм алга. Хэрэв ийм сонголттой дахин нүүр тулбал би мөн л хамтарч, улсаа хөгжүүлэхийг бодно.
-Танай нам сонгуулиар “Алдагдсан найман жилийн алдааг засна” гэж амалсан. Иргэд энэ амлалтад чинь итгэж, парламентад 42 суудалтай болгож өгсөн. Иргэдийн итгэлийг эвдэлгүй, алдагдсан найман жилийн алдааг засч чадах уу. Алдагдсан найман жил нь 12 жил болчих вий гэсэн эргэлзээ болгоомжлол иргэдэд бол бий, нуугаад яахав?
-Итгэж болно. Өнгөрсөн найман жилийн алдааг засахын тулд өнөөдөр бид засагт ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга парламентын шинэчлэл хийхээр зориглохдоо, хамтарсан Засгийн газар байгуулах урилга илгээхдээ, шинэ 30 жилийг эхлүүлнэ гэж уриалга гаргахдаа урьд өмнөх алдааг дахиад давтахыг хүсээгүй юм байна гэж харсан.
Жишээ нь, Дарханы 200 км замыг тавих гэж Монголын төр найман жил боллоо. Хэдэн ч сайд солигдов. Гэтэл Ардчилсан нам 2012-2016 онд засаг барихдаа 3000 км зам тавьсан, 21 аймгийн Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбосон. НӨАТ-ын шинэчилж, татварын бааз суурийг нэмсэн. Чингис бонд гаргаж, үндэсний үйлдвэрлэл, бизнесүүдээ дэмжсэн. Ингээд харахаар Ардчилсан намд ажлаас зугатаах, арагшаа суух эрх алга. Утаа угаараа шийдье. Улаанбаатарыг түгжрэлээс нь салгая. Эрчим хүчний реформ хийе, экспортын төмөр замуудаа ашигладаг больё. Импорт, экспортын гарцаа нэмэгдүүлье.
Л.Оюун-Эрдэнэд сонголт хийхэд бас над шиг хэцүү байсан байх. Олон нийтийн хэл ам, журмын нөхдийн гомдол тунирхлаа бодсон ч тэр. Сайд хийх хэмжээний найм, есөн хүн МАН-д хангалттай байгаа. Т.Доржханд Засгийн газарт орохдоо эрчим хүчний либериалчлал хийхийг хүссэн байх. Эрчим хүчний эрх чөлөө бол эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг, улс орны аюулгүй байдлын баталгаа гэж харсан байх.
Үнэнийг хэлэхэд, Засгийн газарт хамтрах шийдвэр гаргасан улс төрийн гурван намын дарга нар хувь карьераа хаяад улс орны эрх ашиг дээр гар барьсан юм шүү. Гадаад талдаа ч улс төрийн гурван нам хамтарч засаг байгуулсан нь зөв мессеж болж хүрсэн гэж бодож байна. Алдаа хаана байсан бэ гэвэл олон зүйл ярих шаардлагатай. Жишээ нь, өнгөрсөн найман жил нэг ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Тиймээс бүтээн байгуулалтаа хийх ёстой. Эдийн засаг өндийх ёстой. Монголчууд багадаа мянган ам.долларын цалин авдаг болмоор байна. Тэр цагийг богино хугацаанд наашлуулмаар байна.
Улстөржөөд суувал цаг хугацаа хүлээхгүй. Гэтэл гадаадын улс орнуудынхаа хөгжлийг хар. Ядаж ч хөгжил муутай гэдэг төв Азийн орнууд манай зүүн талаар давхиад өнгөрөх нь байна. Тиймээс гэр хорооллоо орон сууцжуулах, агаарын бохирдлыг арилгахаас алдаа засагдана.
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг тэлмээр байна. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол алдаа засагдахгүй. Том, том төслүүдээ хөдөлгөмөөр байна. Том төслүүд хөдлөхгүй бол алдаа засагдахгүй. Дэд бүтэц, түгжрэл рүү хөрөнгө мөнгө сайн хийж байж алдаа засагдана.
Харамч хүн хоёр дахин төлнө гэж үгтэй. Харамлаад, нарийлаад суувал алдаа засагдахгүй. Улаанбаатар хотын түгжрэлийг арилгахын тулд дэд бүтэц рүү, эрчим хүч, дулаан руу гарцаагүй хөрөнгө оруулалт хийнэ. Улаанбаатар хотын дэд төвүүд рүү хүссэн, хүсээгүй хөрөнгө оруулалт хийнэ. Газрыг чөлөөлөх хөрөнгийг шийднэ. Шинэ хотынх нь төлөвлөгөөг баталж өгөх ёстой. Шинэ хот руу нь хөрөнгө оруулалт багагүй өгөх ёстой. Энэ ажлуудыг 2024 онд бид хамтраад хийчихсэн. Эхний даваагаа давсан. Одоо Сэлбэ дэд төв, Баянхошуунд орон сууцжуулах ажил эхэлж байна. Толгойтыг орон сууцжуулна. Ажлууд урагшаа явж байна.
Засгийн газарт хамтарсан гээд зүв, зүгээр суусангүй. Наад зах нь хамтарсан Засгийн газар Улаанбаатар хотод хоёр их наяд төгрөг шийдэж өгсөн. Ирэх жил илүү их санхүүжилт олгоно. Улаанбаатар хотыг цаашид илүү тэлэх ёстой гэж хамтарч байгаа юм. Тийм учраас одоогоор нүдэнд харагдахгүй ч газар дээр очоод харвал олон ажил урагш явж байгаа.
-Монголын нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүрнэ гэж та чуулганы хуралдаан дээр амласан. Амлалтдаа хүрэхгүй бол дөрвөн жилийн дараа Засгийн газрын алдаа болгон Ардчилсан намд наалдана гэдгийг сонголт хийхдээ тооцсон байлгүй. Тэгэхээр ирэх дөрвөн жилд эдийн засагт ийм бодит өөрчлөлт гарна гэсэн урьдчилсан тооцоолол танд байна уу?
-Монгол хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Улаанбаатар хотын түгжрэлийг бүрэн арилгана. Тэр хэмжээгээр хотын төвөөс гадагшаа эдийн засгийн тэлэлт үүснэ. Зуун мянган айлын янданг цөөлнө. Уул уурхайн үйлдвэрлэл өнөөдрийнхөөс хоёр дахин нэмэгдэнэ. Зэс боловсруулах дөрвөн үйлдвэртэй болно. Нүүрсний экспорт 120 сая тоннд хүрнэ. Мөн төмөрөө дотооддоо боловсруулна, гангийн үйлдвэртэй болно. Нүүрс, химийн үйлдвэртэй ч болно. Нүүрсээ шинжлэх ухааны шинэ түвшинд боловсруулж гаргана. Нүүрс маш олон бүтээгдэхүүний түүхий эд болно. Нүүрснээс бордоо гаргаад инээлдээд суух өдөр удахгүй ирнэ. Энэ бүхэн бодитоор хийгдэнэ. Олон жил яригдсан хил холболтын асуудал шийдэгдэнэ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлсэн. 2028 оноос өмнө ашиглалтад орно. Баруун бүс эрчим хүчний хувьд гаднаас хамааралгүй болно, тэр хэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжинө. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг ямар ч байсан нүүрсний станцын түвшинд аваачина. Уранаа экспортолно, боловсруулна. Монголын дэлхийн ураны салбарын шинэ тоглогч болно. Орон сууцжуулах урт хугацааны том хөтөлбөрийг боловсруулж байгаа, ирэх хавар зарлана. Хүмүүс цонх, шал, хаалганы үйлдвэрээ барина. Арван мянган айлд сэргээгдэх эрчим хүчээр халдаг хайбрид орон сууц барихад дэмжлэг үзүүлнэ. Үүний төлөө Ногоон санхүүжилтийн корпораци байгуулж байна. Үүнд, тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татна. Энэ мэтээр богино хугацаанд ажлууд биеллээ олно.
Улаанбаатар хот гэхэд энэ онд 500 сая ам.долларын бондоо гаргачихлаа. Мөнгө нь ороод ирчихлээ. Эрдэнэбүрэнгийн усан станцын хөрөнгө 60 жилийн дараа шийдэгдлээ. Энэ бол хөгжлийн суурь. Ханги Мандал, Шивээ хүрэн гээд төмөр замын гурван гарцыг маш богино хугацаанд хийнэ. Бараг 2025 онд ашиглалтад оруулчих болов уу. Гол нь, улс төрийн эр зориг гаргаж байж эднийг хийнэ.
БИДЭНД ДӨРӨВХӨН ЖИЛИЙН ХУГАЦАА БАЙНА. ЭНЭ ХУГАЦААНД ӨӨРСДИЙГӨӨ ЗОЛИОСЛОХ ЁСТОЙ
-Та их өөдрөгөөр төсөөлж байна. Гэвч бодит байдал дээр улс төрөө даахгүй засаг нь унадаг, төсөл нь нурдаг тохиолдол цөөнгүй?
-Хэрвээ төлөвлөсөн төслөө унагаад байх юм бол бид хамтарсан Засгийн газар болж “тоглох” хэрэггүй. Хүн болгоны шүүмжлэл, шүлснээс айвал ядуугаараа л үлдэнэ.
-Ний нуулгүй хэлэхэд, Монголын төр засгийн бодлого, шийдвэр сошиалаас хамаардаг болоод удаж байгаа. Танай засаг сошиал дагаж хөөсрөхгүй, хөвөхгүй байж чадах юм уу?
-Чадна. Гэрээндээ хатуу суух хэрэгтэй. Аль, аль нам нь хариуцлагатай байх ёстой. Намын бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүс ч үг-үйлдлээ хянах ёстой. Ямар цаг үед, хэдэн насандаа энэ төрийг түшиж байгаагаа ойлгож, ухамсарласан гэдэгт би эргэлзэхгүй байна. Хувийн сонирхлоо хаях эр зоригтой байх хэрэгтэй. Дахиж сонгогдохын тулд засгийнхаа, танхимынхаа эсрэг тоглож болохгүй. Зорилготой, зохион байгуулалттай зүйлд хөтлөгдөөд явж болохгүй.
Мэдээж, манай засгийн шийдвэр болгоны эсрэг сошиал цунами ирнэ. Би мэдэж байгаа. Ер нь Монголыг ядуу байлгах сонирхол гаднаас, дотроос ч захиалгатай байдаг юм.
Түүнээс монголчууд сайн дураараа өөрөө өөрсдийгөө боомилоод хэрэлдээд байгаа юм биш. Монгол Улс Хятадтай, Оростой, АНУ-тай, Европтой, Төв Азитай, Японтой харилцах бодлого дээр гомдогсод гардаг. Дэлхий даяараа ийм байдаг.
Би нэг юмыг дахиад хэлье. Улс орон болгон өөрийнхөө эрх ашгийг хамгаалдаг болчихсон. Өөрийнх нь эрх ашиг зөрчигдөж гэмээнэ сошиал орчинд Монголын төрийн бодлогын эсрэг утаа тавьдаг. Ганцхан Монголд ингээд байгаа юм биш. Гэхдээ эр зориг гаргасан улстөрийн алхам хийсэн юм бол араа даагаад, ард нь гардаг гэдгийг Азербайжан, Казахстан, Польш, Украйн харуулж байна.
Монголын ард түмэн өөрсдийгөө мянган долларын цалинтай болно гээд төсөөлөх хэрэгтэй. Захаасаа ийм цалин өгдөг үндэсний компаниуд ч бий болж байна. Тухайн компанийн удирдлагууд хүмүүстээ өндөр цалин өгөхгүй бол миний, бидний мөрөөдөл биелж чадахгүй юм байна гэдгийг ойлгож, хардаг болж. “Өндөр цалин өгье. Тэр хэмжээгээр биеэ, тархиа ажиллуулья. Ашиг ольё” гээд хөдөлж байна. Яг үүн шиг энэ улсын гүйцэтгэх засгийг төлөөлж байгаагийн хувьд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Тэргүүн шадар сайд Т.Доржханд гурвуулаа ийм хүсэл мөрөөдөлтэй сууж байгаа.
Бид гуравт олон дахин дарга хийх хувь заяа тохиохгүй. Монгол Улс, Монголын ардчилал мөнх оршино. Бид хувь заяагаар энэ цаг үеийг авч явах ачаа үүрсэн. Бидэнд дөрөвхөн жилийн хугацаа байна. Энэ хугацаанд өөрсдийгөө золиослох ёстой.
Монголын хөгжлийн төлөөх ямар ч үйл хэргийг бид ард түмэнтэйгээ ярилцана. Жишээлбэл, бид хиймэл дагуулаа ярихгүй, ойлгуулж чадахгүй болохоор энэ төсөл бүдгэрч байна.
-Үндэсний хиймэл дагуултай болох гээд үхэн хатан зүтгээд байгаа шалтгаанаа тайлбарлаач?
-Үндэсний эрх ашиг гэж мөнгөөр хэмжих аргагүй том зүйл байдаг юм. Монголын тусгаар тогтнол гэдэг ганцхан хил, хэл, газар биш байна. Орчин үед технологи нэг номерын чухал асуудал болсон. Бүх улс орон технологиор тусгаар тогтнолыг олж авч чадаж байна.
Үндэсний хиймэл дагуул бол Монголын тусгаар тогтнол бие даасан байдлын баталгаа. Технологи, мэдээллийн технологи талдаа хэн нэгний хараат байдлаас ангижирна гэсэн үг. Магадгүй өнөөдөртөө өндөр төлбөр төлж байгаа харагдаж болно. Алс ирээдүй, ардчилал, аюулгүй байдлын үнэ цэнээ бодвол тийм өндөр төлбөрт тооцогдохгүй.
-Энэ асуудлаа яагаад гарч ирээд иргэддээ ойлгуулж чаддаггүй юм бэ. Иргэд бол үндэсний хиймэл дагуул нэрээр мөнгө угаах ажиллагаа явагдах нь гэж харж, хардаж байна?
-Улс орны бие даасан байдал бол хамгийн чухал зүйл. Мөнгөөр үнэлэх аргагүй. Монголчууд автомашины түлшээ, хоол хүнсээ, эрчим хүч, эдийн засгаа бие даасан байлгая гэж байгаа шиг Монголын уураг тархи буюу мэдээллийн технологи, мэдээллийн ертөнцийн бие даасан, тусгаар байдлын баталгаа нь хиймэл дагуул.
Дэлхий нийт өндрийн орбит дээр үндэсний хиймэл дагуул яагаад байрлуулаад байна вэ гэдгийг бид ойлгох ёстой. Цаашдаа ч улс орнуудын дунд өндрийн оргил дээр хиймэл дагуул байрлуулах өрсөлдөөн ширүүснэ.
Хэн нэгнээс хараат байхыг хүсэхгүйн тулд өндрийн оргилыг эзлэх ёстой юм. Жишээ нь, бид Элон Маскийг бизнесийг дэмжээд, алга ташаад хүлээн авлаа гэхэд тэр хүн АНУ-ын төрийн сайд хийх гэж байна. Энэ бол эрсдэл. Тэгэхээр үндэсний хиймэл дагуул бол үндэсний аюулгүй байдлын баталгаа юм гээд ойлгочих хэрэгтэй байх.
-Улс орнууд даяаршлаас илүү дангааршин хөгжихөд анхаарах болжээ. Үүний тулд хөрөнгө оруулалтыг татах гэж дэлхийн санхүүгийн зах зээлд “алаан” болж байна. Харин монголчууд л хөрөнгө оруулагчдыг дайсан гэж хардаг хэвээрээ..?
-Улс орнуудын хөгжлийн концепцийг харахад бие даасан байдал, хөгжлийн итгэл гэж хоёр зүйл чухал юм байна. Жишээлбэл, Хятад Улс 370 км цагийн хурдтай галт тэрэг хийхэд дэлхий нийтээр “энд хэн суух вэ” гээд шоолж байсан. Одоо Хятадын хурдны төмөр замууд нь мөнгийг цөмлөж байна шүү дээ.
Хөрөнгө оруулалт хөрөнгө оруулалтаа татдаг шиг мөнгө мөнгийг дууддаг. Хэрэглээ эдийн засгийг үйлдвэрлэдэг. Шинэ эдийн засаг, шинэ технологи, шинэ ноу-хау, шинэ капитал бий болгодог. Мөнгө зарж, мөнгө олохгүй бол сайжруулсан түлш, хотын угаар, түгжрэлээ ярьдаг ард түмэн хэвээр байна. Тэгээд яахав, мөхөл рүүгээ л явна биз. Манжууд Монголыг дотор нь орж сүйд хийгээгүй шүү дээ. Хилийг нь хаачихсан. Өөр бусадтай харилцахыг нь хориглосон. Зөвхөн дөрвөн уулан дундаа, аймаг аймагтаа амьдраад бай гэж гарах, орохыг нь хориглосон тийм бодлогыг манайхан өөрсдөө хүсээд байна. “Илүү зардал гаргаж, их мөнгө үрж яах гээд байгаа юм бэ” гэдэг чинь зүлгэн дээрээ гэрээ бариад зүгээр амар сайхандаа жаргая гэдэгтэй адилхан юм.
-Таны гол ажлуудын нэг нь гадаадын хөрөнгө оруулалт татах явдал. Гэвч үндэсний хөрөнгө оруулагчдаа хөөж тууж, хөрөнгө мөнгийг нь дээрэмдэж байгаа улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үү?
-Би саяхан топ 20 компанийн удирдлагуудтай уулзсан. Тэдний хуульчид, нягтлан бодогчдыг нь оролцуулсан ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Дээр нь 3000 гаруй компани дээр бизнес хийхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ гэх судалгааг эхлүүлсэн. Төрөөс, технологиос, гадаад худалдаанаас, санхүүжилтээс шалтгаалсан ямар бэрхшээл байна вэ. Энэ бэрхшээлээ тодорхойлоод шийдье гээд яг таг сууж байна.
Монгол бизнес хийхэд таатай улс болох ёстой. Бизнес хийснийхээ төлөө яллагддаггүй, баян болсныхоо төлөө хараалгадаггүй улс болох шаардлагатай. Ингэж байж монгол капиталыг бий болгоно. Капитал бий болгож байж хөрөнгөлөг улс болно. Бид эдийн засгийн өсөлттэйгээ зэрэгцээд хөрөнгөлөг ард түмэн болох зорилгоо заавал хэрэгжүүлэх ёстой.
Сүүлийн хоёр жилийг харахад Монголд тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт орсон байна. Нийт хөрөнгө оруулалтын гуравны нэг нь Оюутолгой. Тэгэхээр одоо хэдүүлээ гадны хөрөнгө оруулагчийг өөр байр сууринаас харъя. Гадны хөрөнгө оруулагчид нэгдүгээрт капитал, хоёрт технологи, ноу-хау авчирдаг. Гуравт гадаад зах зээлийг авчирна. Мэдээж, гуравхан сая хүнтэй зах зээлд хөрөнгө оруулалт хийж, бүтээгдэхүүнээ зараад хөлжинө гэх нь цөөхөн. Монголд хийсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр борлуулж ашиг олно гэсэн төлөвлөгөөтэй 90 хувь нь орж ирдэг. Түүнээс Монголд чихэр үйлдвэрлээд, монголчуудад зараад баян болъё гэдэг хүн байхгүй.
Бид нээлттэй улс болсноос хойш буюу өнгөрсөн 30 жилд гадны хөрөнгө оруулалттай 5000 гаруй компани хаалгаа барьсан байна. Тэдний хувьд гадаад зах зээл рүү гарах мөрөөдөл нь биелээгүй, дотооддоо монголчуудтай учраа олоогүй байж магадгүй. Тийм учраас капитал, технологи, зах зээл авчирч байгаа хөрөнгө оруулагчийг бид хамгаалах ёстой. Дэмжих ёстой.
Манай дотоодын бизнесийнхэн “бид хийж чадна шүү дээ” гэдэг. Хий, чад, гол нь Монголын зах зээлийг булаацалдахгүй гэж байгаа хүмүүс гадаад зах зээлийг бидэнд нээгээд өгөхөөр тэрийг нь дагаад гадагшаа гар. Тэр зах зээлээс нь мөнгө босго. Технологи, ноу-хауг нь сураад ав.
Хятадын нэг тэрбум гаруй хүнтэй зах зээл хажууд ойрхон байна. Япон, Солонгос, Энэтхэгийн том зах зээл биднийг урьж байна. Хойшоо харахад Төв Азийн том зах зээл байна. Бид энэ том зах зээлд шууд гарч чадахгүй байгаа учраас олуулаа хамтарч, гадна дотны хөрөнгө оруулалтын сангуудын дэмжлэг туслалцааг авах хэрэгтэй. Гадаад зах зээлд олуулаа гарцгаая гэх агуулгаар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчилж батална. Бараг энэ ондоо багтаад батлах байх. Ингэснээр дотоодын үйлдвэрлэгчид бизнес эрхлэгчид нэн таатай орчныг бий болгоно. Таны хэлээд байгаа мөрдөж мөшгөдөггүй, дарамталдаггүй тэр орчныг бүрдүүлнэ.
-Яг үнэндээ бизнесийг дарамталдаг, баривчилдаг, хөрөнгийг нь хураадаг субьект нь Засгийн газар болоод удаж байна. Наашаа харж бизнесийг дэмжинэ гэдэг ч МАН-тай үзэл бодол зөрчилдсөн бизнесмэнүүд өмчөө дээрэмдүүлж, шоронд хоригдох нь хэвийн зүйл болсон…?
-Хууль, журмууд өөрчлөгдөнө. Тухайлбал, мөнгө угаах гэдгийг яг тодорхой яг болгоно. Юуг мөнгө угаах гэх юм бэ гэдийг хуульд ойлгомжтой зааж өгнө. Банкнаас “гутал үйлдэрлэнэ” гэж зээл авчихаад “чихэр үйлдвэрлэлээ” гэж, компаниудаа яллаад байна. Ядаж эхлээд зээлийнхээ зориулалтыг өөрчил гэсэн шаардлага тавьж болно шүү дээ.
Нөгөө талдаа Монголд улирлын чанартай бизнес олон. Барилга, аялал жуулчлалын салбарынхан дулааны улирал мөнгөтэй болдог, хөдөө аж ахуйн салбарынхны мөнгө өвөлдөө ордог. Гэтэл орлого нь тасрахаар татвар, нийгмийн даатгалаас дансыг нь шууд хаачихдаг. Хавар гадны түншүүдтэйгээ уулзаад ажлаа эхэлье гэхээр дансыг нь хаачихсан хөрөнгө оруулалт татаж болдоггүй. Данс хаалаа гээд зугтаад алга болдог хүн Монголд алга. Сингапур, Хятад визгүй байлаа гээд бөөнөөрөө дүрвэсэн юм алга.
Мэдээж, ашиг орлогоо нэг тавьдаг ч улс орноо боддоггүй бизнесмэн нэг ч байхгүй. Тэгэхээр татвар, нийгмийн даатгалын бодлого дээр уян хатан хандах хэрэгтэй.
ДАЛАЙД ГАРЦГҮЙ УЛС ГЭЭД ӨӨРТӨӨ ҮЛГЭР ЗОХИОГООД ХЯМРААД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ
-Монголд Оюутолгойгоос өөр гуравдагч орны томоохон хөрөнгө оруулагч сүүлийн 15 жилийн хугацаанд орж ирсэнгүй. Эсрэгээрээ Хятадын төрийн өмчийн компаниуд стратегийн орд, мега төсөл рүү хөрөнгө оруулалт хийж байна. Энэ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй юу?
-Манайхан ингээд туйлшраад эхэлдэг. Хятад аюултай, бусад нь аюул багатай гэж сүржигнэхээ байчих л даа. Үнэндээ, Монголын гол худалдан авагч нь Хятад. Хүн ялгаварлахаас илүү хөгжлөө харъя. Мэдээж, блансаа барина. Жишээлбэл, ураны хувьд Францын хөрөнгө оруулалтыг татна. Энэ бол Оюутолгойн төслийн дараа орох том хөрөнгө оруулалт. Үүний араас Европын, Арабын томоохон хөрөнгө оруулагч нар ирж байна. Жишээлбэл, Германы хөгжлийн банк Монголд зэс боловсруулах үйлдвэрийн төсөлд тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе гэж санал тавьсан. Европын Хөгжлийн банкны зүгээс хөрөнгө оруулалтаа нэмэх хүсэлт гаргасан. Өмнөд Солонгосын Экспорт, импортын банк хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна гэсэн.
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай сайн хууль баталж чадвал цаашид хөрөнгө оруулагчдын сонирхол улам нэмэгдэнэ. Манай хэвлэлийнхэн урд хөршөө, хойд хөршөө муулаад бусад хүн их сайн гэдгээ болих хэрэгтэй. Жишээлбэл, Трампыг монголчууд сайн танина. Гэтэл Өвөрмонголын даргыг таньдаг хүн байна уу. Буриад улсын ерөнхийлөгчийг мэддэг хүн байна уу.
-Тэднийг таньж мэдэх ямар шаардлага байгаа юм бэ. АНУ бол дэлхийн улс төр, эдийн засгийн том тоглогч. Удирдагч нь хүссэн ч, эс хүссэн танигдах нь зүйн хэрэг байх аа даа?
-Хажуу айлаа мэдэхгүй байж, далайн цаана байгаа айлын тухай бахархаад яриад байх юм. Үнэнийг хэлэхэд тоглоом биш. Мишустин гэж хэн бэ. Монгол, Оросын комиссыг ахлаад байгаа Козлов нь ямар нөхөр вэ гээд сонирхох ёстой. Гэтэл бид Трампыг яриад байгаа. Трампын зүүн Азийг хариуцсан нөхөр нь гольфынх нь найз юм байна гэж ирээд бичдэг. Б.Наранхүү гишүүний хэлдгээр хажуу дахь эрдэнээ анзаардаггүй. Тэгэхээр манайхан хаяагаа хадардгаа болих хэрэгтэй. Арван жилийн өмнө Хятадын дарга Ши Жиньпин Монголд айлчлахдаа “Ганцаараа явбал хурдан явна. Олуулаа явбал хол явна. Тийм учраас би та бүхнийг энэ галт тэргэндээ урьж байна. Бид бол хөгжиж байгаа улс шүү” гэж хэлсэн байдаг. Гэтэл бид хаяагаа хадраад, хардаад итгээгүй. Хамтарч юу ч хийгээгүй.
Дайсагнаж болно л доо. Гэхдээ төр улс юм бол стратегитай байгаач ээ. Төр улсын стратегиа яг хажуунаасаа эхлээч ээ. Дэлхийн хэмжээний стратеги хийе гэж байгаа бол хажуудах зах зээлээ эхлээд эзэлж ав л даа. Манай өвөг дээдэс ч гэсэн шууд хоёр хөршөө алгасаад Францид очоод хот барьчихаагүй шүү дээ. Эхлээд хоёр хөрштэйгээ танилцсан биз дээ.
Гэтэл бид төр улсын байгууламж, түүх соёлын ондоошил, язгуурын хэрүүл зодооноо нэгт тавиад ирээдүйгээ баллуурдаад байна. Тийм учраас манай стратеги бол маш ойлгомжтой гарч байгаа. Найрсаг хөршийн харилцааг баримтална. Жишиг хөрш болно оо, айдаггүй, нэгнээсээ хулгай хийдэггүй, булаадаггүй. Хамтдаа харилцан ашигтай байж чаддаг. Аль алиныхаа эрх ашгийг ойлгохыг хичээдэг, эрх ашгаа тулгадаггүй хөршүүд болох ёстой. Гуравдагч хөрштэй асар том харилцааг үүсгэхийн төлөө тэмүүлэх ёстой. Эдийн засгийн нээлттэй, итгэлцэлтэй харилцааг бий болгох ёстой. Тэр нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, манай парламентын засаглал хоёр юм.
Монголын парламентын засаглалыг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтын хуультай байх, хууль засагладаг, хуулиа мөрддөг улс байх гэдэг бол гуравдагч хөршийн харилцааны хамгийн том суурь. Энүүгээрээ бид дэлхийн аль ч улсад өөрсдийгөө илэрхийлж болно. Нээлттэй засаглал, цахим засаглал, эрх чөлөөт байдал бидний пиар болно. Монголчууд, Монголын улс төрийн намууд, Монголын Засгийн газар эрх чөлөөнд хайртай гэдгээ үргэлж илэрхийлж, сурталчилж байх учиртай. Шүүхийн бие даасан байдал, хараат бус байдал, авлигагүй төр, хуулийн засаглал гээд өнөөдөр бидний бүтээх гээд зориод байгаа нийгмийн харилцаа өөрөө гуравдагч хөршийг соронз шиг татдаг. Дотооддоо зах зээлийн чөлөөт эдийн засаг бий болгоё. Чөлөөт зах зээл бий болохоор аандаа хүн төрөлхтөн, хөрөнгө мөнгө, технологи ийшээ хошуурна.
-Тэгж яривал УИХ дотор гадаадын хөрөнгө оруулагчдыг дайсан мэт үздэг гишүүд цөөнгүй шүү дээ. Эх орныхоо эрх ашгаас илүү хувийн ашиг сонирхлоо тулгадаг, гадаадын гар хөл, дуу хоолой болдог улстөрчид танай намд ч байна, МАН-д ч бий?
-Бид хаана алдсан бэ гэхээр хаасан, боосон, авлига авсан, арын хаалгаар намынхаа эрх ашгийг, хувийнхаа эрх ашгийг урьдал болгосон учраас таны яриад байгаа гуравдагч хөршийн болоод барууны хөрөнгө оруулалт гацаад байгаа юм. Хоёр хөршөө хажиглаад байгаа учраас бодитой технологийн өндөр хөгжлийн харилцаа үүсэхгүй байна.
Одоо хоёр хөрш маань зөвхөн өөрийнхөө эрх ашгийг боддог стратеги руу орж байгаа шүү дээ. Америк ийм хандлага руу орсон, цаашдаа бусад улсууд бүгд орно.
Э.Бат-Үүл дарга “Өнгөрсөн 20 жил монголчуудын эрх чөлөөний хувьд үүлэн чөлөөний нар байсан” гэж хэлдэг. Яагаад гэвэл дэлхий глобальчлагдах юм байна, бүх зах зээл либеральчлагдах юм байна гэсэн ойголт дэлхийд байсан. Одоо улс орнууд энэ бодлогоо буцаад хумиж байна. Үндэсний эрх ашиг нэгдүгээрт байна. Тэр чөлөөт зах зээл гэдгээ улс дотроо л ярья гэдэг болсон. Тийм учраас ирэх он жилүүдэд “Давааны цаана даваа” гэгчээр маш олон даваа биднийг хүлээж байгааг олоод харчих хэрэгтэй. Бид чинь их л өндөр уулын оройд гарах гэж тэмүүлж байгаа хүмүүс шүү дээ. Үүлэн чөлөөний тэр 20 жилийг зарим талаараа чулуу болгож чадсан ч, алдсан зүйл ч их. Гудамжаараа дүүрэн машинтай, цөөхөн хүнийх ч гэсэн 20 их наяд төгрөгийн хадгаламжтай болсон. Хэдий цөөн хүнийх ч энэ бол Монголын капитал. Гаднаас Улаанбаатарт ирсэн зочид “Улаанбаатарыг малчдын хот гэсэн чинь хөгжлийн хот байжээ” гээд шал өөр нүдээр хардаг. Хүмүүсийн унаж байгаа машин, хийж байгаа ажлыг хараад боловсрол өндөртэй сайхан ард түмэн байна гээд ярьдаг. Гэхдээ бас дэлхийн олон оронд Монгол бол талын нүүдэлчин малчдын улс гэж ойлгосон хэвээр байгаа. Үүнийг бид өөрчлөх ёстой юм.
–Төмөр замын хил холболтыг хийнэ гэж та ярилаа. Яг үнэндээ Монгол Улс үр ашиггүй, мухар төмөр замуудаараа ашиг орлого олж чадах юм уу. Том төслүүдийн алдааг засахад асар их мөнгө шаардагдана. Тэгж байхаар шинээр төмөр зам тавьчихсан нь эдийн засагт илүү үр ашигтай байж магадгүй юм?
-Ямар ч хөрөнгө мөнгө шаардагддаг байсан ч төмөр замын холболтыг хойд, урд талдаа бүтэн хийж дуусгах хэрэгтэй. Монгол дотроо ч адилхан. Айх хэрэгггүй, төмөр зам бол ямар ч үед ашигтай. Улаанбаатар төмөр замын тарифыг хүчээр бариад байгаа болохоос хувийн төмөр зам байсан бол аль хэдийнэ цахилгаан болчихсон байгаа. Хурдны галт тэрэг ярьж байх ёстой компани юм шүү дээ, уг нь. Гэтэл улсаас та нар хамгийн хямдаар ачаа, хүнээ зөө. Хамгийн олон хүн ажилд ав гэдэг.
-Үнэхээр дэлхий дээр 20 дугаар зуунаараа үлдсэн төмөр замын компани гэвэл УБТЗ байна. Монгол-Оросын хамтарсан төрийн өмчит компани болохоор дампуурдаг ч үгүй, хөгждөг ч үгүй…?
-Орос ч ялгаагүй. Хамгийн хямд бай гээд хамгийн хуучин технологи ашиглаж байна. Аливаа дэд бүтцийн ложистик, тээвэр үнэтэй, хямдаар биш бүтээмж, итгэл дээр л оршдог. Ачаа бол аль ч замаар хөдөлнө. Агаараар ч, машинаар ч явна. Тэгэхээр бид далайд гарцгүй улс гээд өөртөө үлгэр зохиогоод хямраад байх шаардлагагүй. Казахстанд ямар далай байна. Гэтэл Казахстан урагшаа нэвт хатгаад Пакистаны нутгаар далайд гарчихаж байна. Тийм эр зориг хэрэгтэй. Ирэх дөрвөн жилийн хугацаанд бид төмөр замын төслүүдийг чадаж л байвал хэрэгжүүлэрх хэрэгтэй. Тэр төмөр зам ашигтай байх ёстой гэдэг ганцхан зарчмаа л барь. Тэгвэл өөрөө өөрийгөө хөгжүүлээд амьдраад л байна.
Жишээ нь, анх гар утас гарч ирэхэд төлбөр нь хүндхэн санагддаг байлаа. Одоо бол хэрэглээ, эдийн засаг болчихсон. Ингэж эдийн засаг бий болдог. 1990-ээд оны үед машин унана гэдэг тусгай хэрэглээ, жолооч гэж тусгай мэргэжил байлаа. Хувийн машин мөрөөдөл байв. Өнөөдөр айл бүр машин авч байна. Энгийн хэрэглээ болсон. Бидэнд өнөөдөр харагдахгүй байгаа өндөр технологи, хиймэл оюун ухаан, генийн инженерчлэл, атомын цахилгаан станц, сансрын аж үйлдвэр гэдэг чинь нэг л өдөр хүн төрөлхтөний энгийн хэрэглээ болно.
-Тэгвэл монголчууд яах ёстой юм, танд ямар нэгэн зөвлөгөө байна уу?
-Миний нэг философи бий. Дагаж яваад гүйцэхгүй, товчил. Гэхдээ бид юуг ч хийж чадна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Чадахгүй гэдэг айдсаар манайхан өөрсдийгөө хүлдэг. Ийм байж таарамгүй.
-Том бизнес хийе гэвэл томоор хар, томоор төлөвлө, эрдслээс бүү ай гэдэг. Том төслүүдээ хөдөлгөхөд мэдээж их мөнгө шаардлагатай. Ийм их мөнгө Монголд бий юу. Эрсдэлээс айхгүй байж чадах уу?
-Засгийн газар төлөвлөсөн 14 мега төслийг хэрэгжүүлэхэд нийт 100 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Бид орон сууцны дэд бүтэц рүү л төсвөөс хөрөнгө оруулалт хийнэ. Дулааны шугам, цахилгааны дамжуулах шугам, цэвэрлэх байгууламж зэргийг төсвийн хөрөнгө оруулалтаар шийднэ. Шийдэхээс ч өөр аргагүй. Тийм учраас Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүд рүү ирэх онд дөрвөн их наяд давсан хөрөнгө оруулалт хийнэ. Зөвхөн дэд бүтцээ тэлэхэд шүү. Бидний сонгосон арга бол төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийгмийн дэд бүтцүүдээ шийдье гээд Улаанбаатар хотыг тэлэх тойрог хурдны замуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн.
-Уучлаарай, яриаг чинь таслаад асуучихья. Төр-хувийн түншлэлд итгэх хөрөнгө оруулагч байх болов уу. Өнгөрсөн жилүүдэд төр нэг нүүрээрээ түншлэл яриад, нөгөө талдаа хувийн хэвшилд төмөр нүүр харуулж ирсэн нь худлаа биш шүү дээ. Бодит жишээ олон бий…?
-Бидэнд санал өгч байгаа хөрөнгө оруулагч байна, байна. Тэдний зүгээс Улаанбаатар хотын сэргээгдэх эрчим хүчний төсөлд таван тэрбум долларын хөрөнгө оруулалт эхний ээлжинд оруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Энэ бол олон улсын бирж дээр байгаа компанийн бэлэн хөрөнгө оруулалтын хэмжээ шүү дээ. Австрали, Италийн хамтарсан дэд бүтцийн компанийн төлөөлөл таван тэрбум ам.долларыг танай төр хувийн хэвшлийн төслүүд рүү хийхэд бэлэн байна гэсэн. Тэгэхээр миний хувьд хөрөнгө оруулалт дээр гацна гэж бодохгүй байна.
Ялангуяа барууны хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулах итгэл авч байна. Монгол Улс хил холболтын асуудлаа шийдчих юм байна. Тэгэхээр эдийн засгийн хувьд уналтад орохгүй юм байна. Түүхий эдийн үнэ унасан ч гаргаж байгаа хэмжээгээ нэмчих юм байна. Жишээ нь, Хятадын нүүрсний үнэ унана гээд айгаад байна. Гэтэл Хятадад хямдхан нүүрс гаргах бараг боломжгүй болсон. Дандаа гүнээс өндөр өртгөөр олборлодог болсон. Австрали бас адилхан. Дэлхийн зах зээл дээр тэд хямдхан нүүрс гаргах боломжгүй болсон. Тийм учраас манай өрсөлдөх чадвар хаана байна вэ гэхээр Монголоос ачлаа, шууд эцсийн хэрэглэгч дээр очдог. Тэр тээврийн ложистикийг бүрэн гүйцэт хийж чадах эсэх нь манай гол эрсдэл болсон. Энэ эрсдэл хаагдаж байна гэдэг дохиог хөрөнгө оруулагч нар маш сайн авсан байна. Дээр нь Оюутолгой зэсийн маш том төсөл боллоо гэдгийг бүгдээрээ харж байна. Дэлхийн томоохон зэсийн үйлдвэрлэгч нар Монголд хөрөнгө оруулж болох юм байна гэх итгэлийг авчихсан байна. Мөн өндөр технологийн батерей үйлдвэрлэгч компаниуд Монголд хайгуул хийх сонирхлоо байнга илэрхийлж байгаа. Литийн эрэл хайгуул руу эргэлт буцалтгүй орж байна.
Бид “Ногоон хөгжил” гээд бодлогоо зарлачихсан. Тэгэхээр ногоон санхүүжүүлэгч нар маш зоригтой байна. Яагаад гэвэл эх үүсвэр бэлэн байгаад байна. Авч чадаж байна, мөнгөө босгож чадаж байна.
Монгол Улсад газар байна, салхи нь, ус нь байна. Жишээлбэл, Сүхбаатар аймаг салхитай. Энд салхин станц бариад хилийн цаана байгаа гангийн үйлдвэрт цахилгаанаа нийлүүлэх боломж байна гэдэг санал жишээ нь ирсэн. Бидний зүгээс “ Та бүхэн худалдан авагч талтайгаа гэрээ байгуулаад ир. Тэгвэл бид төслийг чинь дэмжээд өгье” гэж байгаа.
Дарханы арьс ширний үйлдвэрийн дулаан, цэвэр ус, бохир, цахилгааны асуудлыг төр шийдээд өгчихвөл үлдсэн ажлыг нь хувийн хөрөнгө оруулагч нар орж ирээд хийчихээр юм байна лээ. За тэгээд, Эрдэнэбүрэнгийн төсөл явчихаар манай сэргээгдэх эрчим хүчний нөөц нэмэгдэнэ гэсэн үг. “Орона”-гийн гэрээ хийгдээд ураны олборлолт эхлэхээр барууны хөрөнгө оруулагчид хүнд металлын хайгуул руу ороод ирнэ, гарцаагүй.
-Монголд хөрөнгө оруулахаас болгоомжилдог нэг асуудал нь татварын маргаан. Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуульд татварын асуудлаа яаж зохицуулж байгаа вэ?
-Татварын орчныг ойр, ойрхон хөдөлгөх сонирхол бидэнд алга. Ул суурьтай судалж байна. Бид татварын дарамтыг бууруулах алхмыг хийнэ. Гарцаагүй хийнэ. Гэхдээ яарсан, даарсан буруу шийдвэр гаргамааргүй байна.
Ямар ч хөрөнгө оруулагч Монголын татварыг хүнд байна, өндөр байна гэдэггүй юм. Гол нь одоо байгаа татварын орчноо хадгалах, муутгахгүй байх л чухал. Оюутолгой дээр болоод байгаа маргаан тухайн үед давхар татварын гэрээтэй холбоотой. Ер нь, монголчууд өнгөрсөн хугацаанд дандаа хүн залилсан, улайм цайм мурьсан хандлага их гаргасан байна билээ. Жишээлбэл, 2014 онд Хятадын удирдагч Ши Жиньпин айлчилсны дараахан тухайн үеийн “Шинхуа” компани 4.1 тэрбум юань гаргаад төмөр зам тавьчихсан юм билээ. Тухайн үед төмөр зам холбоё гэж дээрээ тохироо хийсэн учраас ийм хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэтэл манайхан цуцалчихсан. Одоо нөгөө компани нь “ Бид ийм их мөнгө зарчихаад 10 жил алдагдал хүлээгээд байж байна. Монголчуудад итгээд энэ замыг тавьсан манай захирлууд улсаа хохироосон гээд ял авчихсан” гэх мэдээлэл өгч байна билээ. Монголчууд ийм итгэлгүй байж болохгүй.
Тиймээс Хөрөнгө оруулалтын шинэ хуульд хууль эргэж үйлчлэхгүй байх заалт оруулж өгч байгаа. Өнгөрсөн цагт алдаа гаргасан байж болно. Цаг үе өөрчлөгдсөн. Хууль бол хууль. За бол ёогүй байх ёстой. Монгол хүн нь байг гэхнээ төр нь хэлсэндээ хүрдэг байх хэрэгтэй.
-Таны хувьд урьд өмнө гаргасан төрийн шийдвэрийг шүүх хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа юм байна гэж ойлголоо?
-Тийм ээ. Урд өмнөх шийдвэрүүдийг шүүгээд суугаад байх юм бол улс орон маань урагшаа явж чадахгүй. Хүн бидэнд итгэхээ болино гэсэн үг. Нэгэнт шийдсэн бол алдаатай, оноотой нь тээгээд, засаад авч явах ёстой. Итгэл гэдэг чинь бизнесийн, хөгжлийн суурь юм байна. Ирээдүйн зүг чиг байна. Тиймээс хэдүүлээ итгэл алдахгүй болох ёстой.
Нөгөөтэйгүүр монголчууд бид хоорондоо төслөө булаацалдах биш хамтдаа хийгээд урагшлах сэтгэл зүйтэй байх ёстой. Манай том бизнесменүүдэд бие, биетэйгээ мөчөөрхдөг нэг алдаа байна. “Энэ хийгээд байна, энэ Хятадтай хамтраад байна. Энэ барууныхантай нийлээд байна. Би нийлсэнгүй” гээд… Тэр амбицаа дэлхийн зах зээл рүү хамтдаа гаръя гэдэгт чиглүүлэх хэрэгтэй. Манай зах зээл жижиг, том бизнесүүдэд багадаж байна шүү дээ. Мэдээж, зах зээл тэлэхийн хэрээр компаниуд улам чадалтай болно. Энэ бол Монголын локмотив. Чирэх ёстой хүмүүс нь чирнэ. Гол нь хамтдаа гарч, гадаадад хамтдаа валют үйлдвэрлэх сэтгэлзүйтэй болох ёстой.
Монголд Германы том судлаач ирээд хэлж байсан. Танайд капиталын хоёр дахь үеийн хямрал эхэлж байна гэсэн.
-Капиталын хоёр дахь үеийн хямрал гэдэг нь ямар учиртай анхааруулга юм бол…?
-Тэр нь юу вэ гэвэл “Капиталаа бий болгосон хүмүүс одоо бизнесээ орхино. Болчихлоо гэж бодно. Шүүх цагдаагаар яваад, улстөрчдийг гуйж гүйсээр итгэлгүй болчихдог. Энэ хүмүүс чинь бизнесээ дараа үедаа шилжүүлэх процесс эхэлдэг. Энэ дунд нь хулгай, дээрэм, тонуул, зодоон гардаг. Ингээд эхлэхээр капитал хэврэг болдог. Капитал хэврэг болохоор танай локмотивууд алга болно.
Насаараа идэх хоолтой болчихсон, хүнээс амьдрал гуйхгүй болчихсон. Тэд зүгээр Монголд юм хийе, бүтээе, босгоё гэсэн амбиц байгаа. Илүү баталгаатай ирээдүйн хөрөнгийг дараа үеийн үр хүүхэддээ үлдээе гэдэг итгэл, найдвар тээж амьдрах учиртай юм. Гэтэл тэр нь сүүлийн 10 жилийн дотор асар их уналт руу явлаа. Нөгөө талаас үе солигдох нь тодорхой. Яагаад гэвэл бизнест залуу хүмүүс илүү ёндоотой байдаг, залуу хүмүүс зоригтой эрсдэл хийдэг. Тэр хэмжээгээрээ өсөлт авчирдаг.
Германд том капиталистууд нас нь хөгшрөөд бизнесээс гараад дараагийн залуустаа компаниа өгөх үед татвар тавиад, янз бүр арга хэмжээ авснаас болж зарим компани нь унаж байсан түүх байдаг. Шилжилтийн үед яг ийм юм болдог шүү гэж байсан.
Жишээ нь, Нобелийн шагналт том эдийн засагч 2010 оны үед ирээд нэг хүнд ногдох ДНБ чинь 5000 ам.доллар болохоор баялгийн хараал тусаад том ангалд унадаг шүү гээд бидэнд сэрэмжлүүлж байсан. Гэтэл анхааруулсаар байтал улсаараа тэр ангал руу яваад орчихсон. Тэгэхээр одоо манай бизнесийнхэн нэгдсэн зохион байгуулалтад ороод дотоодын бизнесээ ч сайн технологитой болгож хөгжүүлье, дотоод зах зээлээ ч томруулья, хэрэглээгээ ч сайжруулъя, бараа эргэлтээ ч чамбай болгоё. Хамтын хүчээр гадаад зах зээл дээр бүтээгдэхүүнээ худалддаг болгоё. Дижитал эдийн засгийн харилцаа руу хамтдаа орьё гэх хэрэгтэй байна.
БИ ЭВ НЭГДЛИЙНХ НЬ МАНЛАЙЛАГЧИЙГ БАТАЛГААТАЙ ХИЙСЭН
-Эдийн засгийн хувьд та том амбицтай байгаа юм байна гэж харлаа. Харин намын даргын хувиар тань танаас асуух зүйл их байна. Танай намын дотоод хэрүүл, зодоон цэгцэрсэн үү?
-Ардчилсан намд өнөөдөр шинэ бахархал дутагдаж байгаа. УИХ-д 42 суудал авсан ч үүнийгээ ялагдал гэж бодож байна. Тэр шарх нь одоохондоо аниагүй байна. Тийм учраас мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэдэг итгэл найдвар олонхид нь алга. Маргаашийг харсан цөөхөн манлайлагч залууст ийм амбиц бий, бий. Тэгэхээр бидэнд тэвчээр хэрэгтэй байна. Нэг жил, магадгүй жил хагасын дараа шарх нь аньж, энэ хооронд магадгүй хамтарсан Засгийн газрын үйл хэргээс хүлээж байсан том амжилт үзүүлээд, эдийн засгийн хөрсийг эрүүл болгох гурав дөрвөн хууль батлаад, Монгол руу хөрөнгө оруулагч нар цуглараад ирэхийн цагт манай намынхан өөрсдөөрөө бахархаж эхэлнэ. Бид Монгол орныг хөтөлж чаддаг нам юм байна гэх итгэл авна. Ийм итгэл төрөх юм бол Ардчилсан намд задрал явахгүй. Одоо бол ийм итгэл нь алга. Яг үнэнийг хэлэхэд жаахан өвдөлт байна. Уг нь ялагдсан хүмүүс нэг хүнээр сор залж, уй гашуугаа тайлах ёстой. Гэмтэн буруутанг шийтгэх хэрэгтэй.
-Гэтэл сор залж, уй гашуугаа тайлж чадаагүй…?
-Тэр нь яваагүй учраас гэмтэн хайдаг нэг өвдөлт байгаад байна. Ер нь бол улстөрийн нэг соёл доо. Буруутай этгээд хариуцлага хүлээдэг байх ёстой. Ингэж байж цаашаа явах ёстой. Тийм учраас би хуваагдалгүй байна, өвдөлтгүй байна, гомдогсод алга, цул байна гэж худлаа ярихгүй. Намайг огцруулъя гээд ярьж яваа хүмүүс байна. Огцруулаад дараагийн дарга нь болохсон гээд мөрөөдөж байгаа улсууд ч байна. Дараагийн даргаар дөрөөлөөд Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэе гэж бодож байгаа Төрийн тэргүүний суудал горилогчид ч бэлэн байна. Гэхдээ нэгэнт засагт хамтарсан юм бол, Засгийн газрын 14 төслийг хамт хэрэгжүүлнэ гэж амалсан юм бол хэдүүлээ нэг жил хэлсэн үгэндээ эзэн болоод суугаад үзье л дээ.
Энэ хооронд би магтаал хүртэнэ гэж бодохгүй байгаа. Бүтэн жил янз бүрийн газраас янз бүрийн цохилт авна. Жилийн дараа хил холболт хийгдээгүй, уран олборлоогүй, сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжээгүй, Тавантолгой цахилгаан станц баригдаж эхлээгүй, эрчим хүчний реформ эхлээгүй, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдээгүй, татварын реформ зарлагдаагүй, эдийн засгийн сайн орчин, чөлөөт зах зээл бий болох алхам хийгдээгүй байвал гомдол харууслаа тэр үед тайлж болно. Тэгвэл үнэнээсээ нэг зүйлийг ярих хэрэгтэй. Бид хэзээ энэ бүхнийг хийж чаддаг ард түмэн, улс төрийн хүчин болох юм бэ гэдгийг ярьж болно. Миний итгэл найдвар тэнд байна. Тэгэхээр нэг жил тэвчээд гүрийгээд ард нь гарья. Шинэ жил болдгоороо болно. Хавар ирдгээрээ ирнэ. Цагаан сар, наадмаа тэмдэглэнэ. Ирэх оны төсөв яригдана. Тэр үед хэдүүлээ тойрч суугаад ярья. Нэг хүнд ногдох ДНБ арван мянган ам.долларынхаа барааг харъя. 1000 долларын цалиндаа хүрье. Тэгж чадвал улстөрийн тулгуур хоёр баганы нэг нь Ардчилсан нам мөн юм байна гэх итгэлийг залуу үе авна. Залуус Ардчилсан намд орж ирж, улстөрийн карьераа хийж эхэлнэ гэдэгт би эргэлзэхгүй байгаа.
-Сонгуулийн үеэр болсон эмгэнэлтэй хэргийг эргэн сөхөж байгаад уучлалт гуйя. Танай намын ухуулагч амиа алдсан өдөр та МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй өрөөндөө яг юу тохирсон юм бэ. Та хоёр дөрвөн цаг ярилцсан шүү дээ?
-Тэр явдыг сонгоод сонгуулийн ажлаа хаяад хөдөөнөөс шууд нам дээрээ ирсэн юм. Орой нь Сүхбаатарын талбайд зул өргөж, “МАН ард түмнээсээ уучлал гуй. Тухайн тойрогт байгаа хүмүүсийнхээ нэрсийг тат, сурталчилгаагаа зогсоо” гэж мэдэгдэл хийсэн. Нам дээрээ ирээд яах ийхээ ярилцаад сууж байтал МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эмгэнэл илэрхийлэх гэж байна гээд хамгаалалт нь ороод ирсэн. Монгол хүн чинь хүн ирж байхад хөөдөггүй биз дээ. Би хүлээж авахгүй гээд яах билээ. Бид хоёр болсон хэргийн талаар ярилцсан. Энэ хооронд гадаа баахан сэтгүүлчид ирчихсэн байсан. Сонгуульд өрсөлдөж байгаа хүнд ёс суртахуун гэж нэг юм бий. Өрөөндөө ороод ирсэн хүнийг хэвлэлийнхэнд барьж өгвөл намын даргын хувьд ч, эр хүний хувьд ч надад муухай мэдрэмж төрнө дөө.
Дээрээс нь манай намынхан чулуу шиднэ цөс нь хөөрөөд унавал яах вэ. Сөрөг оноо Ардчилсан намд ирвэл юу болох вэ гээд бүгдийг тархиндаа бодох хэрэгтэй болсон. Ямар нэгэн улс төрийн тохироо, наймаа яригдаагүй ээ. Хүн нас барчхаад байхад тийм юм яриад сууж байдаг монгол хүн байхгүй. Би лав тэгж бодохгүй байна.
-Тэгвэл орон нутгийн сонгуулиар Ардчилсан намын дарга Л.Гантөмөр гэж хүн яагаад гарч ирээгүй юм бэ?
-Орон нутгийн сонгуулийн өмнө Л.Оюун-Эрдэнэ, Т.Доржханд бид гурав энэ тухай ний нуугүй ярилцсан. Хамтарсан Засгийн газар энэ удаагийн орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох вэ гэж. Би гарч ирээд улс төр хийж болно. Тэгвэл Ерөнхий сайд татагдаж орно, тодорхой. Тийм учраас намын даргын хувьд ерөөсөө сонгуульд оролцохгүй байя. Энэ сонгуулиар миний хувьд хийж чадах зүйл энэ юм байна гэж бодсон. Засгаа ч хуваахгүй, парламентаа ч хуваахгүй.
-МАН-ын урилгыг хүлээж аваад, Засагт хамтрах шийдвэр гаргаснаа та “Би эрх баригчдын дотор нь ороод хяналт тавина” гэж тайлбарлаж байсан. Та, танай намын сайд нар МАН-д хяналт тавьж чадаж байгаа юу?
-Хяналт тавина, маш сайн хяналт тавина. Хяналтын сайдаар манай намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.Одбаяр томилогдсон. Хуулийн сайд О.Алтангэрэл бол хувь хүн нь язгуурын тэмцэгч. Дотор нь буцалж байдаг. Би хүнээ мэднэ шүү дээ, хэзээ тэр хүн тэр дүрдээ орж ирэх бол хараад сууж байгаа. Ч.Өнөрбаяр манай намын дэд дарга байсан, маш сайн хуульч. Яаж хяналт тавих уу, буруу үйлдлээс хэрхэн сэргийлэх вэ гээд хяналт, тэмцлүүд явна.
-УИХ-ын дэд дарга Д.Пүрэвдорж, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл нартай ойлголцож чадаж байгаа юу. Танай хоёр найз хамтарсан Засгийн бодлогыг эсэргүүцэж, мэдээлэл хийснээс харвал Ардчилсан нам бүлэг дотроо зөрчилтэй байна уу гэсэн хардлага төрсөн шүү?
-УИХ дахь намын бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга чинь намын бодлогоор сонгогддог. Намын дарга, улстөрийн зөвлөл дэмжсэн учраас болсон. Хамгийн сайн ойлголцож ажиллах хоёр хүнээ томилсон. Хамгийн их улс төрийн идэвхтэй, санаачлагатай, зоригтой, зоримог, ирээдүйгээ олоод харчихсан залуу улстөрчид. Нэг нь хоёр, нөгөө нь гурав дахиа УИХ-д сонгогдлоо.
Цогоо бид хоёрт зөрчилдөх юм байхгүй. Нөгөө талдаа би УИХ-ын гишүүдийн амыг барих дургүй. Байр сууриа илэрхийлэх эрхтэй хүмүүс. Пүүжээ маань намайг намын дарга болоход маш их хүчин зүтгэл гаргасан. Бид хоёр хар залуугаасаа нөхөрлөсөн. Бид гурав нэг, нэгнийхээ эсрэг “хутга” ханцуйлаад явах хүн биш. Хэзээ нэг өдөр Пүүжээ, Цогоо хоёроо дэмжээд гүйх өдөр надад ч бас ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Х.Тэмүүжин парламентад ямар чухал хүн болохыг харж суугаа байх. С.Баярцогт маань намыг нэг талд гарахад багагүй хүчин зүтгэл гаргасан. Таны хардлагад өгөх хариулт гэвэл ийм л байна.
-Анх удаа парламентын гишүүд улсын төсвийг эсэргүүцэж, “бослого” гаргасан. Их эвгүйтсэн бол засаг дээр гал дуудаж болзошгүй байлаа… ?
-Хөрөнгө оруулалт маш томорсон. Гэхдээ зорилготой, эдийн засгийн том өгөөжтэй, үр ашигтай, ирээдүйд Монголд хөрөнгө оруулж байна гэдэг үүднээс ирэх оны төсөвт 10 их наяд төгрөг нэмсэн. Зардал дээр аль болох өсгөхгүй гэсэн байр суурь барьсан. Тэр бяслагийн үйлдвэр барих төсвийг Ц.Даваасүрэн даргад зориулаад Сангийн сайд шинээр тавьсан гэдэгт би итгэхгүй байна. Сангийн сайд шинээр 38 төсөл арга хэмжээ оруулж ирсэн. Хуучин санхүүжиж байсан ажлыг бүгдийг нь дуусгана гэдэг амбицтай төсвөө танилцуулсан. Нийгмээс цохилт авсан нь 16-18 насныхныг үнэгүй үзвэр үйлчилгээнд хамруулах 18.3 тэрбум төгрөгийн төсөл байсан. Би буруу зөв гэхээсээ өмнө, залуучуудыг спортоор хичээллэхэд ийм мөнгө тавихыг дэмжиж байгаа. Цаана нь тэр мөнгө хэнд очих вэ гэхээр хувийн хэвшилд очно. Залуучууд маань чөлөөт цагаа өнгөрөөх газар нэхээд байгаа биз дээ. Кинотеатраас өөр юм алга. Компьютер тоглоомыг бидний хүүхдүүд бүгд л тоглож байна. Тиймээс тэднийг гэрээс нь гаргах хөшүүрэг болгож, теннис, сагс тоглодог, жүдогоо барилддаг, гүйж харайгаад бие бялдрын хувьд хөгжилтэй, эрүүл монгол хүн болоход нь төр ганц удаа дэмжвэл хувийн хэвшил тэдэнд зориулаад бүтээн байгуулалтын ажлуудыг дараа нь хийчихнэ.
Бид заримдаа нийгэмд асуудлаа сайн ойлгуулж чадахгүй байна л даа. Үндэсний хиймэл дагуул бол үндэсний мөрөөдөл юм. Сүүлийн 20 жил хиймэл дагуултай болохыг бүх Ерөнхий сайд мөрөөдсөн. Үүнийг хэрхэн зөв хийх тухай яриа руу орж чадаагүйгээс сэдвээ алдчихлаа.
Уг нь, Ч.Анар гишүүнийг татаж оруулаад, аль нь байвал та бүхний мөрөөдөл биелэх вэ. Ямар хэлбэртэй, ямар технологийн шийдэлтэй байх вэ. Бие даасан Монгол Улс болохын тулд бидэнд хиймэл дагуул хэрэгтэй байна. Та нарын хүсэл сонирхол, мэдлэг, амбицыг сонсоё гээд нийгмийн хэлэлцүүлэг рүү оруулчих байсан юм.
Түүнээс заавал Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусгана гэсэн муйхарлал бидэнд алга. Энэ чинь тоглоом биш. Гаднаас өндөр мэргэжлийн хүмүүсийг нь урьж залаадп яагаад бусад улс өндөр орбит дээр хиймэл дагуул байршуулаад, нисгээд байна вэ. Яагаад бусад улс сансар руу пуужин харваад байдаг юм. Яагаад Энэтхэг улсад сансрын аж үйлдвэр хүчтэй хөгжөөд байгаа юм. Яагаад бусад улс орон сансрын аж үйлдвэрт 80-90 тэрбум ам.доллар гаргана гэж зарлаад байгаа юм гэдгийг яриулах ёстой.
За ингээд ярилцлагаа дуусгах уу даа. Нэлээд удаан суучихлаа…
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танай Засгийн газрын амбиц ажил хэрэг болох болтугай л гэж ерөөе.
Нэргүй 2024-11-18 202.55.188.100
Итгэж байгаа! Амжилт хүсье!
Бадамцогт 2024-11-18 66.181.178.21
Улс орны эрх ашиг 1- рт байх ёстой. Монголчууд сонгосон юм бол 4 жилийнх нь ажилыг нь тэвчээртэй сууж харах ёстой тэгээгүй юм бол яах гэж сонгосон юм 4 жилийн дараа дүнгий нь тавь. Хардаж болно хяналт сайтай бай хэлсэн хийсэн ажилд нь үнэлэлт өгч хариуцлага тооц. Бүх ажил урагшаа явж байж бид хөгжинө шүү. Энэ 4 жилд утаа, түгжрэл, ядуурал буурах болтугай
Нэргүй 2024-11-18 66.181.187.65
Хамтарсан засгийн ажил биелэх болтугай л гэедээ
Нэргүй 2024-11-18 202.9.40.89
Их сайхан ярилцлага болжээ. Аргагүй л том намын дарга хүний үг мөн байна. Улс орныхоо эрх ашгийг 1-рт тавьдаг улс төрийн намын дарга тийм ч их байхгүй. Олон жилийн дараа Гантөмөр даргыг хүмүүс ойлгож үнэлэх байхаа. Ухаантай хүн байна. Та нар л улс орноо хөгжжүлнэ. Биднийгхооронд нь хагаралдуулж Монгол улсыг хөгжүүлэхгүй байх сонирхол дотоодын зарим улс төрийн хүчин болон хоёр хөршид минь байгаа. Бид л ухаантай байх учиртай. Гантөмөр даргын санаж бодож байгаа ажил сэтгэгчлэн бүтэх болтугай
Нэргүй 2024-11-18 66.181.160.95
ярих амархаан гэж…
Нэргүй 2024-11-18 43.228.131.63
Худлаа чаасаар…бид нар хөгжихгүйнээ
Нэргүй 2024-11-18 59.153.115.148
Намын дарга хэрэг болвол залгаарай. 89790037
Иргэн 2024-11-18 202.21.104.234
АН-н хамгийн хулчгар, амин хувиа хичээсэн, хүн муутай дарга мөнөөсөө мөн. Ард иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн, хувийн эрх ашгаа дээдлэгч, уран донгодогч, зальт шар үнэгнээс дор амьтан дөө. Гоё ярихаас цаашгүй, бодит амьдрал дээрээ нэг ухаантай царайлсан, жирийн иргэдэд ярвайсан, биеэ тоосон ……………. за хэлэх муу үг ч олдохоо байлаа. Юу ч өөрчлөгдөхгүй …
202,21,104,234 Эргүүд 2024-11-18 203.217.139.240
Чам шиг өмхий үнэртүүлэн зоригтой хүн болох гээд гудамжны хулигаан зангаар чинь бодох юм бол цааш хэзээ ч явахгүй. Зоригтой хүн болох гэдэг хулигаан сэтгэхүйтэй баасны хэрээнүүд шоронд ороод шуумар болоод төгсдөг биз дээ. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж зөвшилцөж зөөлөн байснаараа энэ Гантөмөр намаа татаж босгож ирсэн гэж хардаг. Үүнд өширхөгч нар чам шиг троллоор үзэл бодлоо сэвүүлдэг юм
Зочин 2024-11-18 202.9.46.244
Баяжаад сайхан амьдраарай.
Нэргүй 2024-11-18 202.131.234.123
энэ өөрөө олиггүй амьтан. ямар сайндаа боловсролыг сөнөөж өгсөн хүн дээ
Нэргүй 2024-11-18 103.57.93.226
сүжгээр эдгэнэ хүн сэтглийн амьтан
Эд баялагаар биш, эрдэм номоор баян байгтун 2024-11-18 157.15.7.113
Монголчуудын ууж идэж, өмсөж зүүж, наргиж цэнгэж, бааж шээж байгааг харбаас ядуу хүмүүс ер биш, харин сэтгэлгээ нь ядуу хүмүүс.
Одоо эд баялаг биш, энэ зэрлэг хүмүүсээ эрдэм мэдлэг, боловсрол, хүмүүжилтэй болгохоо бодмоор байна. Тэгэхгүй бол бүр л зэрлэгшинэ, бүр л анархи болнно, энэ нийгэм, хүмүүс чинь. Том том ярьж хэрэггүй, яг Монголчуудын ядуу сэтгэлгээг яаж өөрчлөх, бэлэнчлэх биш, хуруу хумсаа хөдөлгөж амьдардаг болгомоор байна.
Зочин 2024-11-18 103.57.93.100
Боловсролын зээлийн сангаас охиндоо авсан өрөө төл хулгайч минь
Нэргүй 2024-11-18 66.181.166.134
хүргэн төөгөө нь хамраа сөхчихсөн бна лээ, ичих нүүргүй эвгүй гэр бүл шүү БЗС
Нэргүй 2024-11-18 202.9.40.85
Бангладешийн Банглабанду-1 хиймэл дагуул нь 2015 онд хөөрсөн ч жил бүр 8,5 сая ам.долларр буюу 28 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тэгээд ашиглах хугацаа ердөө л 15 жил. 120 сая хүнтэй, Монголоос 23 дахин том зах зээл дээр ингэж алдагдалтай ажиллаж байхад манай жижиг зах зээл дээр улам их алдагдал үүсэх болно. Тусгаар тогтнолыг хиймэл дагуулаар тунхагладаггүй юм, малчдад интернетийг гар утсаар өгч болоод байхад заавал ТӨР оролцож, Мобиком, Unitel, Skytel, G-Mobile-тай өрсөлдөж яах вэ
сонгогч 2024-11-18 202.9.46.135
Гантөмөрийн зөв. Монгол улс хөгжиж чадаагүй нь намууд амиа бодож, талцан 33 жил тамын тогооны үлгэрт гацсаных шүү…..
Нэргүй 2024-11-18 202.131.234.123
одоо эвсээд төсөв нийлж хулгайлж байна.
Нэргүй 2024-11-18 45.117.32.6
ta bugdiin ajild amjilt, Mongolchuud evtei bxdaa xuchtei boldog
Ээж 2024-11-18 59.153.113.48
Юу үнэн гэвэл АН засагт байхад үнэхээр эдийн засаг илт сайжирсан том том өөрчлөлт шинэчлэл хийгдсэн байдаг нь үнэн. Дараа нь МАН тэр эрчин дэнр нь хэдэн жил тарвалзаж эдийн засгаа унагаад ирэхээр АН ахиад орж ирж сайжруулдаг…одоо энийг ойлгоод олигтойхон урт хугацаанд ядаж 2-3 сонгууль тогтвортой ажиллуулбал энэ улс орон өөдлөнө…өөр илүү дээр гарц байхгүй.
Нэргүй 2024-11-18 139.5.218.215
БЗСанг авилгалдаж тэгэлж байсан гулгайч худ попорч гэнэ , МАН н туслан гүйцэтгэгч биз дээ чи
ИРГЭН 2024-11-18 192.82.66.11
ӨӨРӨӨ БАЯЖААД АРДУУД ХЭВЭЭРЭЭ ҮЛДЭНЭ, ТҮҮНДЭЭ БАЯСААД Л ХУДЛАА ДОНГОДООД БХ ЮМ
тт 2024-11-18 202.9.40.154
шал худлаа өчүүхэн муу амь амдарлынхаа төлөө л салгалж байгаа л***р үхвэл таарна новшоо
Нэргүй 2024-11-18 66.181.178.167
Сайхан л ярьжээ яахыг харжил байя даа
Увс 2024-11-18 202.21.112.34
арьсаа хамгаалсан арчаагүй гар чинь ардчиллыг худалдаж идэж байж юу гээд солиороод байгаа я***н бэ
Zochin 2024-11-18 59.153.114.126
Гантөмөр аль болох дуугай байсан нь лээр дээ Юм хийдэг ч юм шиг хоосон ярмхаас цаашгүй
Зочин 2024-11-18 202.131.230.162
Сайхан ярилцлага болжээ. Монгол улс 30 жил талцаж, намчирхлаа. Хүрсэн үр дүнгээ тарлаа. Тиймээ энэ 30 жил сайнтай ч муутай ч жил. одоо эвнэгдлийн цаг ирж улс орноо хөгжүүлэх цаг иржээ. Цагийн юм цагтаа л сайхан. Танд амжилт. Бас эх орноо гэсэн сайхан сэтгэлтэй Монгол түмний л цаг.
Зочин 2024-11-18 202.126.89.215
Өнөөгийн Монголд цоохор дээлтэй хүн л бүхнийг шийдэж байгаа юм биш үү, Хүкийг ч, данхыг ч цоохор дээлт л удирдаж чиглүүлж байна биш үү
зочин 2024-11-18 66.181.180.11
Сүүлийн 10 жил хулгай луйвар авлигын эсрэг тэмцсэний үр дүнд монголын эдийн засаг өсөж цалин тэтгэвэр нэмж хүн амын амьжиргаа дээшилж буй АН бизнес нэртэй хулгай луйврыг дэмжиж шудрага ёсыг умартаж халамж хавтгайруулж үйлдврүүдийг хувьчлан устгаж ажилгүйдэл ихсэж иргэд ядуурч эхэлсэн
Нэргүй 2024-11-18 139.5.218.215
Олон их наядын хулгайч нар нь улсаасаа баян болсон он жилүүд
Нэргүй 2024-11-18 124.158.104.37
Монголын хөгжлийн алтан гурвалжин МАН, АН, ХҮН. Гурван нам эвтэй байгаад талархах ёстой. Эрхэм Оюунэрдэнэ, Гантөмөр, Доржханд та гуравт ард түмэн итгэж байгаа шүү. Нэг хүнд оногдох ДНБ 10.000$ болтугай.
Нэргүй 2024-11-18 124.158.104.37
Хөгжлийн алтан гурвалжин МАН-АН-ХҮН. Гурван дарга маань хоорондоо хэл амаа ололцож эвтэй байгаад талархах ёстой. Эрхэм Оюунэрдэнэ, Гантөмөр, Доржханд Та гуравт монголын ард түмэн итгэж байгаа шүү. Нэг хүнд ноогдох ДНБ 10.000$ болох больугай.
1 2024-11-18 202.21.115.165
Ene n**** Bayartsogtiin araas udkuu orno doo
Зориг 2024-11-18 103.212.119.191
АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ОЛОН ЗУУН МЯНГАН ХҮНИЙ ИТГЭЛ СЭТГЭЛ РҮҮ УС ЦАЦСАН ӨӨДГҮЙ ХОГ.
Нэргүй 2024-11-18 202.9.46.51
тэгээд хүн болгоны бизнес эд хөрөнгө руу шүлсээ үсчүүлэд байж болохгүй л баймаар юм
797-9 2024-11-18 103.10.22.222
Хол очиж х уцаж, ул ь ла-лар минь… Энэ одоо хэн бэ? Пиз-ду чинь
Нэргүй 2024-11-18 122.201.23.83
Хэдэн шил архиар намаа худалдсан гар.
Нэргүй 2024-11-18 66.181.190.208
Данхановыг огцруулах хэрэгтэй
Нэргүй 2024-11-18 203.17.23.177
УРАВАГЧ ЦООХОР ДЭЭЛТЭЭ Л АН-ААС ЗАЙЛУУЛЧИХ. ТЭГВЭЛ ШУУД МОНГОЛ УЛС ХӨГЖЛӨӨ.
Бодит түүх 2024-11-18 59.153.86.201
Чи ч амьд би ч 4 жил байх байхаа харья дааа
Уншигч 2024-11-18 202.9.46.160
Үнэн л юм ярьсан байна.
Нэргүй 2024-11-18 103.168.34.155
HUN BOLGON NAD SHIG HULGAI HIIVEL BUGD YADUU ULDENE . GANTUMUR (HULGAICH BOLOSROLS SANGIIN)
Монгол хүү 2024-11-18 64.119.29.63
ХАР ХҮҮР ЧИНЬ УЛСЫН ХӨРӨНГИЙГ ЦУСАЛЖ ХАНАХГҮЙ НЬ ЭЭ…
Нэргүй 2024-11-18 66.181.178.167
Харж сууяаа
Нэргүй 2024-11-18 202.126.90.245
Сайхан л ярьж. Харж л суухаас
ИРГЭН 2024-11-18 66.181.167.254
ГИШҮҮД, САЙД ,ЭЛДЭВ ТӨРЛИЙН ДАРГА НАР ХУЛГАЙЛЖ, ЛУЙВАРДАХАА БОЛИХГҮЙ БОЛ ШУНАЛЫН ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЭЭД БАЙВАЛ УЛС ДАМПУУРНА.
Зочин 2024-11-18 202.126.89.230
Юун урт юм бэ! Шуумжлэсэн бол туслаж байнагэсэн уг, алдаагаа засах болохоос айхгуй гэж юу яриад байнаа!!!
Нэргүй 2024-11-18 73.133.61.184
ug helee luv songoj yarij surmaar yum daa, ingeed shulsee uschuulehees chin aihgui ene eteree geed tom duugaraad baigaa ni nagent songodson yum chin odoo ta nar namaag yam ch chadahgui, Hohi chin gej bgaa yum shig sonsogdoj baina.
Нэргүй 2024-11-18 202.70.43.34
Тйимдээ, Монгол бол Худал Хуурмагийн Орон. Адгийн наад захын жолооч үнэнгээ сонсох дургүй байдаг.