Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, ард олонд "Мээтэн" хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, "Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэв.
Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, "Их Богд" дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарлаа.
Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Д.Амарсайхан нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 1,5 сая төгрөг гардсан бол барилдсан бөхчүүд, ажилласан жаяг дэгийн багийн гишүүдээс хагас саятан хоёр, хүндэт зочдоос хагас саятан гурав, тасалбар худалдан авсан үзэгчдээс хагас саятан дөрөв, нийт есөн азтан тодруулсан юм.
Мөн ОХУ-ын Тува улсын 2023 оны баяр наадамд тав даван шөвгөрсөн улсын харцага Н.Золбоод Тува улсын Ерөнхийлөгчийн зарлигаар начин цол олгосныг тус улсын спортын сайд болон бөхийн холбооны төлөөлөл хүрэлцэн ирж гардууллаа.
Дараагийн барилдаан
- Арваннэгдүгээр сарын 23-нд 11:00 цагаас сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,
- Арваннэгдүгээр сарын 24-нд 13:00 цагаас Монгол Улсад ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол Улсын арслан М.Мөнгөний нэрэмжит Улс,аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
Нэргүй 1 цагийн өмнө 202.9.40.91
Тувагийн залуу бөхчүүд манай оронд ирж барилдсан энэ тухай мэдээлэл огт гарахгүй юм. Бодвол манай залуу бөхчүүд тэд нартай маш муу барилдаж түрүүгээ алдсан байх. Энэ талын мэдээлэл байвал бичээч
Зочин 1 цагийн өмнө 202.126.89.215
Ээлжит түрүү ч гэх шиг, наадамд ганц л түрүүлэн биз дээ, заалны барилдаанд түрүүлснийг түрүүлсэн гэх үү, үнэхээр түрүү мөн юм бол, даян, дарханыг нь өгмөөр юм