Энэтхэгийн нийслэл Шинэ Делигийн агаарын бохирдол хэвийн хэмжээнээс улам хэтэрч буй тул хотын бүх бага сургуулийг хаахаар болжээ. Нийслэлийн ерөнхий сайд Атиши Марлена Сингхийн мэдээлснээр хүүхдүүд түр хугацаанд цахимаар хичээллэнэ.
Шинэ Дели болон бусад эргэн тойрны хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулахуйц хэмжээнд хүрсэн. Бүс нутаг жил жилийн өвөлд утааны асуудалтай нүүр тулдаг. Үүний цаана температурын бууралт, тоосжилт, салхины хурд, автомашины утаа, сүрэл шатаах зэрэг шалтгаан байдаг.
Пүрэв гаригийн байдлаар нийслэлийн агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин илүү гарчээ. Тодруулбал, агаарын чанарын индексийг хянадаг Швейцарьт төвтэй “IQAir” компанийн мэдээлснээр, нэг шоо метр агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцор буюу бидний нэрлэж заншсанаар “PM 2.5”-ын хэмжээ 254 байжээ. Энэ тоо 15-аас илүү гараагүй бол 24 цагийн хугацаанд аюулгүй гэж ДЭМБ үздэг.
Нарийн ширхэгтэй тоосонцор нь уушгинд нэвтэрч, эд эрхтэнд нөлөөлдөг. Энэ нь зүрх судас, амьсгалын замын өвчлөл үүсгэж болохоос гадна бага насны хүүхдийн хөгжлийг удаашруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн Делигийн иргэдийн өдөр тутмын нас баралтын 7.2 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй байдгийг долдугаар сард хийсэн судалгаагаар тогтоосон байна.
Эрх баригчид агаарын чанарыг сайжруулахын тулд замуудыг тоос дарагч бодистой усаар шүрших, онцын шаардлагагүй газруудын үйл ажиллагааг хязгаарлах, нүүрс түлэхгүй байхыг зөвлөх зэрэг арга хэмжээ авч байна.
Нэргүй 2024-11-15 202.179.11.230
UB-t udur bur iim baigaa biz dee.