"Apple" компани "iCloud" үйлчилгээгээрээ дамжуулан сая сая хэрэглэгчийг урхинд оруулсан гэж Их Британи үзжээ. Энэ үйлдлээрээ Өрсөлдөөний хуулийг зөрчсөн гэж үзсэн тул "Apple" компаниас гурван тэрбум фунт стерлинг нэхэмжилж байна. Их Британи дахь "Apple"-ийн 40 сая орчим хэрэглэгч энэхүү нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хүн тус бүр дунджаар 70 фунт стерлингийн төлбөр авах боломжтой гэж мэдэгджээ. Нэхэмжлэлийг өрсөлдөөн, эдийн засгийн зохицуулалттай холбоотой хэргүүдийг шийдвэрлэдэг Их Британийн шүүхийн тусгай байгууллага болох Өрсөлдөөний давж заалдах шүүхэд хууль ёсны дагуу гаргажээ.
"Apple"-ийн эсрэг үүнтэй ижил төстэй нэхэмжлэл АНУ-д энэ оны гуравдугаар сард гарсан боловч хэргийг хараахан эцэслэн шийдээгүй байна.
"Apple"-ийн төхөөрөмж бүрт суурилуулсан "iCloud" үйлчилгээ нь хэрэглэгчдэд зураг, файл болон бусад өгөгдлийг цахимаар найдвартай хадгалах боломжийг олгодог. Хэрэглэгч 5 гб-ын санах ойг үнэ төлбөргүй авдаг ч үүнээс илүүг авахаар бол сард 54.99 фунт стерлинг хүртэлх үнийг төлөх ёстой. Энэ үнийг өнгөрсөн жил 29 хүртэл хувиар нэмсэн нь огцом өсөлт болсон юм.
Хэрэглэгч "Apple"-ийн төхөөрөмж ашиглаж байгаа бол өөр үйлчилгээ авахад төвөгтэй байдаг. Яагаад гэвэл хэрэглэгч утасныхаа өгөгдлүүдийг гуравдагч төхөөрөмж ашиглан хадгалах, нөөцлөх боломжгүй. Энэ нь холбогдох зах зээлд шударга бус давуу тал үүсгэж байна гэж үзжээ.
Харин "Apple" компани өөрийгөө өмгөөлөн мэдэгдэл хийхдээ "Манай хэрэглэгчдийн олонх нь өгөгдөл хадгалахдаа гуравдагч хувилбаруудыг ашигладаг. Үүнээс гадна бид ‘iCloud’ эсвэл өөр үйлчилгээ рүү өгөгдөл дамжуулах явцыг аль болох хялбаршуулахаар ажиллаж байна. ‘iCloud’-ын үйл ажиллагаа өрсөлдөөнд харшилж байна гэх аливаа саналыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Мөн ‘iCloud’-ын төлбөр нь бусад ижил үйлчилгээ үзүүлэгчидтэй ойролцоо байгаа" гэжээ.
Нэргүй 2024-11-14 66.181.191.219
iCloud- аа болимоорын. апп суулгаж ч болохгүй