Бразилын Дээд шүүх болон Конгрессын ойролцоо хоёр дэлбэрэлт болж, нэг хүн нас баржээ. Тодруулбал, Дээд шүүхийн гадна дэлбэрэлт болсон бол нөгөө дэлбэрэлт нь Конгрессын ойролцоох дөрөвдүгээр гудамд болсон. Олон нийтийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын мэдээлснээр, амиа золиослогч хоёр этгээд бөмбөг дэлбэлсэн байж болзошгүй байна. Холбооны аюулгүй байдлын цагдаа нар хэргийн газар дээр ажиллаж байгаа бөгөөд Бразилын засгийн газрын гурван салбар байрладаг дөрөвдүгээр гудмын "Three Powers Plaza"-г хаажээ.
Дээд шүүхийн байрыг мөн адил битүүмжилж, дотор нь байсан иргэдийг аюулгүй газар шилжүүлсэн байна. Ерөнхий прокурор Хорхе Мессиас халдлагыг буруутгаж, цагдаа нарт хэргийг нарийвчлан, түргэн шуурхай шалгахыг уриаллаа. Тэрбээр "Х" хуудаснаа "Эдгээр халдлагыг ямар шалтгаантай үйлдэх болсныг олж тогтоон, энх тайван, аюулгүй байдлыг сэргээх хэрэгтэй байна" гэж нийтэлжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд "Three Powers Plaza"-руу ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн дэмжигчид дайран орж, хүчтэй эсэргүүцлийн жагсаал хийж байсан. Тухайн үеэс эхлэн Дээд шүүхийг эрх мэдлээ өргөжүүлж, улс төрийн хэт туйлширсан худал мэдээлэл тараасан, ардчилалд заналхийлсэн гэж буруутгах иргэдийн тоо олширсон юм. Тиймээс эдгээр Дээд шүүхийг шүүмжлэгчид дэлбэрэлттэй холбоотой байж магадгүй гэж цагдаа нар таамаглаж байна. Одоогийн байдлаар тодорхой нотлох баримт олоогүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Холбоотой мэдээ