Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргын сонгууль есдүгээр сард болж, Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба ерөнхий сайд Фүмио Кишидагийн залгамж халааг авсан билээ. Гэвч бүх нийтийн сонгуулиар Либерал ардчилсан нам олонхийн суудлаа алдсан тул дахин санал хураалт энэ Даваа гаригт /2024.11.11/ болов. Энэ санал хураалтаар дахин ялалт байгуулж, ерөнхий сайдын суудлаа баталгаажуулсан Шигэрү Ишибаг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцоллоо.
ҮЛ МЭДЭГДЭХ НИСДЭГ БИЕТЭД ИТГЭГЧ
Шигэрү Ишиба 1957 оны хоёрдугаар сард Токио хотод төржээ. Түүний аав Жиро Ишиба төрийн албан хаагчаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Барилгын дэд сайдын алба хашиж байв. Харин ээж нь багш мэргэжилтэй бөгөөд Христийн шашны сайд Мичитомо Канаморигийн ач охин байв. Аав Жиро Ишиба нь 1958 онд Тоттори мужийн захирагчаар томилогдоод гэр бүлээрээ нүүсэн тул Шигэрү Ишибад Токиогийн дурсамж байдаггүй.
Гэр бүл нь Тотторид нүүж очсон учир Ишиба тэндэхийн сургуульд сурчээ. Тоттори их сургуулийн харьяа дунд сургууль болон Кэйо ахлах сургуулийг тус тус дүүргэсэн тэрээр хуулийн чиглэлээр суралцахаар Токио дахь Кэйо их сургуулийг зорьсон байна. 1979 онд сургуулиа төгсөөд Ишиба Мицүй банкинд ажиллаж эхэлжээ. Харин улс төрийн салбарт орсон нь ерөнхий сайд асан Какүэй Танакатай холбоотой. Аавынх нь сайн найз байсан Танака түүнийг эцгийнхээ үргэлжлэл болж, улс төрд орохыг ятгасан гэдэг.
Ишибагийн улс төрийн карьер Либерал ардчилсан нам дахь Какүэй Танакагийн фракц болох Пүрэв гаригийн клубээс эхтэй. 1983 онд тус клубт элссэн Ишиба 1986 онд Тоттори дүүрэгт Либерал ардчилсан намаас нэр дэвшжээ. 29 насандаа Төлөөлөгчдийн танхимын хамгийн залуу гишүүн болсон нь энэ байлаа.
Анхандаа Ишиба хөдөө аж ахуйн чиглэлээр ажилласан боловч 1990 оны Персийн булангийн дайн, 1992 оны Хойд Солонгосын айлчлал зэрэг нь түүний сонирхлыг батлан хамгаалахын салбар руу хазайлгасан юм. Батлан хамгаалахын салбарт хашсан албан тушаалуудаас нь дурдвал, 2000 онд Батлан хамгаалах газрын орлогч дарга, 2002 онд Батлан хамгаалах агентлагийн ерөнхий захирал болжээ. АНУ тэргүүтэй эвсэл Иракт довтолсон 2003 он бол Ишибагийн ерөнхий захирлаар ажилласан хугацаанд хамаарна. Энэ үед тэр Японы Өөрийгөө хамгаалах хүчийг НҮБ-ын мандатгүйгээр анх удаа хилийн чанадад байршуулах замыг зассан юм. Тодруулбал, 2004 оны нэгдүгээр сард япон цэргүүдийг сэргээн босголтын ажилд туслуулах зорилгоор Ирак руу илгээжээ.
Ийнхүү 2007 оны есдүгээр сард Ишиба Батлан хамгаалахын сайдаар томилогдож, 2008 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл ажиллав.
Тухайн үеийн ерөнхий сайд Ясүо Фүкүдагийн засгийн газраас Нобүтака Мачимүра л үл мэдэгдэх нисдэг биетүүд байдаг гэдэгт итгэдэг байжээ. Харин Ишиба үл мэдэгдэх нисдэг биетэд итгэдэг гэдгээ илэрхийлсэн хоёр дахь хүн болсон юм. Тэрбээр тухайн үед хэвлэлд ярилцлага өгөхдөө "Үл мэдэгдэх нисдэг биет бол техникийн хувьд гадаадын улсын онгоц биш" гэж хэлж байв. Мөн "Годзилла гарч ирвэл хариуд нь Японы Өөрийгөө хамгаалах хүчнийг дайчлана" гэж хошигносон аж.
Батлан хамгаалахын сайдын суудлаас буусныхаа дараа тэр Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын сайд, Бүс нутгийг сэргээх сайдаар тус тус ажиллажээ.
ОНЦЛОХ БОДЛОГУУД
2008 онд Ясүо Фүкүдаг огцорсны дараа Ишиба Либерал ардчилсан намын даргын албан тушаалд өрсөлдсөн. Гэвч Ишиба 527 саналаас 25-хан санал авч, тав буюу хамгийн сүүлийн байранд оржээ. Улмаар 2012 онд дахин өрсөлдсөн боловч тэрбээр ерөнхий сайд агсан Шинзо Абэд ялагдсан юм. Үндсэндээ өнөөг хүртэл тэр Либерал ардчилсан намыг удирдахаар дөрвөн ч удаа оролдоод тав дахь удаад нь санасандаа хүрчээ.
Ишиба хос овгийн сонгомол системийг нэвтрүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ нь гэрлэсэн хосуудад тус тусын овог нэрээ авч үлдэх боломжийг олгоно. Цаашилбал, "Консерватив улстөрч" номдоо ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч Ишиба ерөнхий сайд болсныхоо дараа "Японы Үндсэн хуулиар гэрлэлтийг зохицуулсан байдаг тул холбогдох шүүхийн шийдвэрийг харгалзан үзнэ" гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр сонгуульд ялалт байгуулахынхаа өмнө "Азийн НАТО"-ыг байгуулах санаачлага гаргасан. Гэвч Азийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэж үзэж буй түүний энэ санаачлагыг АНУ, Энэтхэг улсууд хүлээн зөвшөөрөөгүй.
Ази дахь хорт утаа ялгаруулалтыг тэглэх нийгэмлэг болох "AZEC"-ийн дээд хэмжээний уулзалт өнгөрсөн сард болсон. Шигэрү Ишиба эл уулзалтад оролцсон бөгөөд Ази тивийг нүүрстөрөгчөөс ангижруулах ирээдүйн бодлого явуулах болсноо мэдэгджээ. Лаост болсон хурлын үеэр Ишиба үг хэлэхдээ нүүрстөрөгчөөс ангижрах нь Азийн экспорт дэлхийн зах зээлд оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн байна.
Шигэрү Ишибаг АНУ-тай хамтран ажиллахад тохиромжгүй удирдагч гэж үзэж байна. Батлан хамгаалахын сайдаар ажиллах хугацаандаа тэр хамт олныхоо дунд төдийлөн нэр хүндтэй байгаагүй аж. Тэрбээр бодлогын нарийн ширийн зүйлсийг анхаарч үздэг бөгөөд эргэн тойрныхоо хүмүүсийг эсэргүүцэхээс айдаггүй.
Токиод амьдардаг Германы эдийн засагч Жеспер Колл хэлэхдээ “Зөрүүд зангаараа алдартай Ишиба дэлхийн бусад удирдагчтай учраа олохын тулд хичээх хэрэгтэй болно. Түүнд тийм гайхамшигтай алсын хараа байхгүй” гэжээ.
ТҮҮНИЙ ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
Түүний талаарх баримтууд дундаас нэн сонирхолтой нь тэр өмнөх ерөнхий сайдуудыг шүүмжлэгч гэдгээрээ алдартай. Ерөнхий сайд агсан Абэгийн бодлого, тэр дундаа эдийн засаг, батлан хамгаалах бодлого Ишибагийнхаас хол зөрүүтэй аж. "Абэномикс" бодлогыг корпорациуд болон хот суурин газрыг илүүд үзсэн, баялгийн дахин хуваарилалт, орон нутгийн эдийн засгийн өсөлтөөр дамжуулан Японы хөдөөг сэргээх бодлогыг дэмжсэн гэж Ишиба шүүмжилжээ. Тэрбээр Фүмио Кишидаг ч ил тод шүүмжилдэгээрээ шуугиан тарьж байсан бөгөөд энэ нь Японы улс төрд ховор тохиолдох зүйл юм.
Ишиба эхнэр Ёшико Накамүратайгаа Кэйо их сургуулийн оюутан байхдаа танилцжээ. Тэд 1983 онд гэрлэж, хоёр охинтой болсон байна.
Тэрбээр цэрэг, тээврийн хэрэгсэл, галт тэргийг маш их сонирхдог. Тиймдээ ч эдгээрийн хуванцар загваруудын томоохон цуглуулгатай.
Либерал ардчилсан нам дотор рамэн сурталчлах зорилготой нийгэмлэг байдаг. Ишиба уг нийгэмлэгийг тэргүүлдэг ба хоол хийх дуртай. Түүний гарын хоол нь карри.
Мөн тэрбээр маш сайн уншигч бөгөөд нэгэнтээ "Намын нөхөдтэйгөө холилдохын оронд уншихыг илүүд үздэг" гэж хэлж байжээ.
АНУ-ын толгойг өвтгөх магадлалтай улстөрч гэхээс гадна тэмцэгч, зөрүүд зан чанартай, өмнөх ерөнхий сайдуудыг шүүмжлэгч, хоолны нийгэмлэгийн тэргүүн, сайн уншигч гээд олон сонирхолтой зүйлээр Шигэрү Ишибаг тодорхойлж болох нь. Өдгөө түүнийг сөрөг хүчний блокоос ирэх аливаа хуулийн төсөл, төсвийг батлуулах, нам доторх дайсагнал, эдийн засгийн хүндрэл, олон улсын харилцаа зэрэг олон сорилт хүлээж байна.
өөө 2024-11-14 210.148.94.144
Батлан хамгаалан агентлагийн захирал биш дарга, Батлан хамгаалах яам гэж байхгүй байсан үед "газар" гэдэг нэгжтэй байгаад энэ Ишибагийнг үед яам болсон. Орчуулгын юм оруулахдаа судалж бичиж бай.
Нэргүй 2024-11-14 210.148.94.144
Тоттори дүүрэг биш тойрог. Сонгуулын тойрог шиг. Тоттори өөрөө аймгийн статустай. Сонгуульд дангаараа нэг тойрог бүрдүүлдэг.
Нэргүй 2024-11-14 66.181.176.206
Христийн шашинд minister гэдэг албан тушаал нь утгачилбал сүмийн тэргүүн хамб гэсэн утгатай, юун христийн сайд вэ ва хаха . . .