125 жилийн түүхтэй, алдарт Барселона клубийн Ерөнхийлөгч ноён Жоан Лапорта Монгол Улсад хийж буй албан айлчлалынхаа дашрамд өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-д зочилсноор халуун дотно уулзалт, яриаг өрнүүллээ. Тэрбээр өсвөрийн хөлбөмбөгийн Элит академийн хүүхдүүдийн сургалтын явцтай танилцахын сацуу монгол фэнүүддээ гарын үсгээ дурсгаж, дурсгалын зураг татуулан, хүүхдүүдэд өөрийн зүгээс бөмбөг бэлэглэсэн юм. Хөлбөмбөгийн хорхойтнууд болон ноён Лапортагийн шүтэн бишрэгчдийн хувьд ийнхүү өнөөдөр мартагдашгүй нэгэн хөл хөдөлгөөнтэй өдөр байлаа.
МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд энэхүү үйл явдлын эхэнд ноён Жоан Лапортаг албан өрөөндөө урин уулзаж, монголын хөлбөмбөгийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.
Ноён Жоан Лапорта Барселона клубыг удирдсан эхний дөрвөн жилээ хамгийн амжилттай цаг хугацаа байсан хэмээн онцлоод, энэ үедээ дэлхийд алдар нэрээ түгээсэн дасгалжуулагч, тамирчдаа амжилтад хүргэж чадсан хэмээв. Харин дараагийн дөрвөн жилд Барселона клуб шинэ хөлбөмбөгийн шинэ талбай барих, өсвөрийн хөлбөмбөгийн багийг хөгжүүлэхэд анхаарч герман дасгалжуулагчтай хамтран ажиллаж байгаа аж.
МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд, “Монгол Улс үндэсний спорт буюу үндэсний бөхийн спортоо хөгжүүлсэн улс. Тэр утгаараа үндэсний бөхийн спортыг сонирхогч, дэмжигч олонтой. МХБХ-ны зорилт бол дэлхийн спорт болох хөлбөмбөгийн спортод дуртай, сонирхолтой олон хүнийг бий болгох, түүнчлэн хөлбөмбөгийн спортын шинэ менежментийг хэрэгжүүлэх явдал юм. Энэ утгаараа бид, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж буй Нийтийн хөлбөмбөг төслийн хүрээнд “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг улс орон даяар өнгөрсөн жилээс маш амжилттай зохион байгуулж байна.
Эндээс төрөн гарсан авъяастнуудаа ирэх жилээс Монгол Улсын 21 аймаг, нийслэлд бүсчлэн байгуулах, мэргэжлийн хөлбөмбөгчнийг бэлтгэх зорилготой академиуддаа сонгон шалгаруулж авах юм. Барселона клубийн өсвөрийн хөлбөмбөгчиддөө анхаарал хандуулж буй өнөөгийн бодлого МХБХ-ны бодлоготой нийцэж байгаад баяртай байна. Бидэнд харилцан хамтран ажиллах шинэ боломжууд бий болно гэж найдаж байна” гэлээ. Харин ноён Жоан Лапорта “Бид Испани дахь Монгол Улсын консулаар дамжуулан энэ чиглэлээр хамтран ажиллаж болох юм” хэмээлээ.
МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд ноён Лапортаг зуны дэлгэр цагт монголын сайхан оронд дахин зочлохыг урьж, дахин уулзахын ерөөл дэвшүүлэв.
БАРСЕЛОНА КЛУБЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖОАН ЛАПОРТАГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
- Төрсөн өдөр: 1962.6.29
- Төрсөн газар: Барселона, Испани
- Мэргэжил: Хуульч, бизнес эрхлэгч
- Хөлбөмбөгтэй холбоотойгоор эрхэлдэг албан тушаал: Барселона Хөлбөмбөгийн Клубын Ерөнхийлөгч (2003-2010, 2021 оноос хойш)
БАРСЕЛОНА КЛУБТ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР
Жоан Лапорта 2003 онд анх Барселона клубын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Энэ үедээ клуб дотооддоо болон олон улсад томоохон амжилт гаргаж, шилдэг тоглогчдыг элсүүлж, санхүүгийн болон тоглолтын хүчтэй байгууллага болж хөгжсөн юм.
- 2009 оны зургаан цомын амжилт: Лапортагийн удирдлага дор Барселона клуб 2009 онд зургаан цомыг бүгдийг нь хүртсэн түүхэн амжилт үзүүлсэн.
- Пеп Гвардиола ба Месси нарын үе: Лапорта Пеп Гвардиолаг дасгалжуулагчаар томилж, Лионель Мессиг өсгөн дэмжиж, дэлхийн шилдэг багийг бүтээсэн.
- 2021 онд дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Лапорта 2021 онд Барселона клубын санхүүгийн хямралын үед дахин ерөнхийлөгчөөр сонгогдож, клубийг сэргээх, өрийг бууруулах, багийн түвшинг ахиулах чиглэлээр ажиллаж байна. Түүний удирдлагын үед клуб санхүүгийн хувьд тогтвортой байдалд хүрэх, залуу тоглогчдыг хөгжүүлэх зэрэгт анхаарч байна.
ГОЛЛОН БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ, ЗОРИЛГО
- Санхүүгийн тогтвортой байдал: Клубийн санхүүгийн нөхцөлийг тогтворжуулах.
- Багийн соёл, үнэ цэнийг хадгалах: Барселонагийн уламжлалт үнэ цэнэ, соёлыг хамгаалах.
- Шинэлэг бодлого хэрэгжүүлэх: Залуу тоглогчдыг дэмжих, академийг сайжруулах, олон улсын түвшинд амжилт олох
Зочин 2024-11-13 202.126.88.206
Энэ том клуб манай хөлбөмбөгийн холбоо гэгч дампуурчихсан газартай хамтран ажиллах уу, дорхноо тарыг нь таниад зайгаа барих биз
ХНН 2024-11-13 202.179.27.114
ДАШРАМД НЬ ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООГООР ОРООД ГАРСЫН БИЗ ДЭ..