Багш маань "Миний хүүд хийх ажил их байгаа шүү" гэж захисан

Багш маань "Миний хүүд хийх ажил их байгаа шүү" гэж захисан

Багш маань "Миний хүүд хийх ажил их байгаа шүү" гэж захисан

Дэлхийн сонгодог урлагийн тайзнаа морин хуурын аялгууг эгшиглүүлж, Монголын Улсынхаа нэрийн хуудас болсон Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулсан тулгын гурван чулууны нэг нь Ц.Батчулуун хэмээх эрхэм хүмүүн. Өдгөө шавь нар нь багшийнхаа үйл хэргийг нь үргэлжлүүлж, “Хөгжмийн эгшиг” хүндэтгэлийн тоглолт хийх гэж байгаа аж. Тоглолтын талаар  Морин хуур чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхантай ярилцлаа.


-Яг жилийн өмнө Морин хуурын чуулга тэргүүн зэргийн Чингис хаан одонг хүртэж байсан. Тэр үеэр та багшаа дурсан, талархал илэрхийлж байсан шүү дээ. Одоо багшдаа зориулан хүндэтгэлийн тоглолт хийх гээд завгүй яваа цаг үед нь ярилцаж сууна?

-Бид чинь их мартамхай улс. Морин хуурын чуулга өдий зэрэгтэй амжилттай яваа үндэс суурийг тавьж, энэ том зүйлийг сэтгэж, зорьж, бий болгоно гэдэг өөрөө тухайн хүнээс асар их оюун ухаан, эх оронч үзлийг шаарддаг. Тиймээс бид багшийгаа ийм хүн байсан шүү гэдгийг залуустаа болон монголчууддаа эргэн сануулах давхар зорилготойгоор "Хөгжмийн эгшиг" тоглолтоо хийх гэж байна.

Мэдээж багшийнхаа анх эгшиглүүлсэн "Хөгжмийн эгшиг" бүтээлээс гадна сурган хүмүүжүүлэгч, уран сайхны удирдаач талаас нь монголчуудын үндэсний өв соёл болсон морин хуур хөгжимд олон зүйлийг нааж, шингээх гэж нэг хүн нуруун дээрээ ямар хүнд ачаа үүрч байсныг эргэн сануулахыг хүссэн.

Мөн залуу уран бүтээлчдэдээ энэ чуулгыг үндэс нь энэ хүн юм шүү гэдгийг таниулахаас гадна зөвхөн морин хуурчид гэлтгүй Монголын хөгжмийн урлагт цаашид бие сэтгэлээ зориулах хүмүүст эрч хүч, бодох бодлыг төрүүлэх зорилготой юм.

Багш маань 2015 онд тэнгэрт хальж, есөн жилийг ардаа үдсэн. Бид энэ жил ес дэх арга хэмжээгээ зохион байгуулах гэж байна. Харин тоглолтын хувьд гурав дахь нь. Өмнө нь өөрийнх нь хөгжимдсөн Монголын радиод бичүүлсэн ард түмэнд танил болсон уламжлалт хийгээд орчин цагийн хөгжмийн зохиолчдын морин хуурт зориулсан бүтээлүүдээр нь тоглолт хийж байсан. Удирдаачийн хувьд багш маань дэлхийн хамгийн олон орны тайзан дээр удирдсан хүн. Морин хуурын чуулга үндсэндээ гадаадад 700 -гаад тоглолт хийсний 600 гаруйг нь багш өөрөө удирдсан байдаг.

-Хүндэтгэлийн тоглолтыг та удирдана. Бас хөтлөгчөө хийх үү?

-Би тоглолтоо удирдана. Энэ удаа хөгжим судлаачдыг урилгаар оролцуулж, Ц.Батчулуун судлал тал руугаа тоглолтоо зохион байгуулна. Яагаад энэ хүнийг дурсаж, судлах ёстой юм бэ гэдэг талаас нь түлхүү анхаарна. Багшийн сайн нөхөр нэг л хүн байгаа. Тэр хүнийгээ л урина даа. Өөр сонголт байхгүй. Багшийг хүүхэд ахуй цагаас нь хамгийн сайн мэдэх хүн бол Жа багш. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай тоглолтыг хөтөлж явуулна. Бид тоглолтын ерөнхий хөтөлбөрөө эхнээс нь гаргаж байна. Жа багшид өөрт нь хянуулж ярилцах хэрэгтэй. Энэ хүн бол багшийг анх урлагт орж ирсэн цагаас нь эхлээд нөхөрлөлийн том гэрч нь болсон хүн. Монголын урлагт Ц.Батчулууны хамгийн дотны найз, зөвлөгч нь байсан хүн л дээ.

-Тооны аварга хүү яаж яваад урлагтай холбогдсон бэ. Өвөрхангай аймагт шалгалт авах үеэр анх багштайгаа танилцсан гэдэг?

-Өвөрхангай аймгийн н.Жаргалсайхан гэж найрал дууны багш хүн байсан. Одоо Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржтой нэг анги. Манай аавын арван жилийн нэг ангийн найз нь юм. Тэр багш аавд маань "Дэлгэрсайхан хотоос Хөгжим бүжгийн сургуулиас шалгалт ирсэн байна. Хүүхдээ шалгуул" гэж хэлсэн юм билээ. Урлагийн хүн болох маань тэр хүнээс эхлэлтэй. Манай аав урлаг уран сайханд их дуртай хүн байсан учраас намайг очиж шалгуулсан. Тухайн үед би тавдугаар ангидаа аймгийнхаа математикийн аваргаар хоёр удаа болсон, тооны хичээлдээ дуртай хүүхэд байсан. Хөгжим гэж юу ч мэдэхгүй. Ер нь сургуулийнхаа урлагийн үзлэг, найрал дуунд ч зогсч үзээгүй урлагаас хол битүү хүүхэд байсан.

Аав дуртай болохоор би хүчээр очиж шалгуулсан даа. Тухайн үед би олимпиад, уралдаан тэмцээнд их ордог байсан учраас өөрийгөө тэнцээгүй юм байна гэж бодохгүй юу. Явахгүй санаатай мөртлөө тэнцээгүй гэхээр хор шар хөдлөөд уйлчихгүй юу. Тэрийг багш хөгжимд их дуртай хүүхэд байна гэж бодсон юм шиг байна лээ. Бараг 300-400 хүүхэд шалгуулаад, зургаахан хүүхэд тэнцсэний нэг нь би.  1988 оны гуравдугаар сард их л хүйтэн өдөр байсан санагддаг.

Тэгээд л намайг "Уйланхай" гэж дууддаг болсон юм. Би чинь алдаан дээрээ л тэнцсэн хүн дээ. Хөгжим бүжгийн дунд сургууль гэж байхад нь анх суралцаж, төгсөх үед Хөгжим бүжгийн коллеж болсон. Одоо сургууль маань Монгол Улсын консерватори болсон доо.

-Багш нь шавь нартаа юу гэж захидаг байв?

-Надаас ийм асуулт асууж байгаагүй юм байна. Дандаа амжилт ярих чинь хэцүү шүү дээ. Алдаа гаргаагүй амжилт гэж байхгүй. Үзүүштэй сонсууштай уран бүтээлийг үзэгч сонсогчдод хүргэхийн тулд өмнө нь ам мурийх, маргалдах, муудалцах, зөв буруу санаагаа ярилцана. Манай багш эхлээд хүн бай гэж ганцхан зүйлийг хэлж сургадаг байсан. Хэчнээн мянган сайхан авьяастай байлаа гээд хүн биш зөвхөн амин хувиа бодоод, эрх ашгийн зөрчилтэй бүгдийг өөр дээрээ наадаг хүн бол ганц мод гал болохгүй нь үлгэр болно.

Манай багш айлын өргөмөл хүүхэд шүү дээ. Өргөсөн аав нь маш их зүйлийг зааж, сургаж, ярилцдаг байсан байгаа юм. Их эрх өссөн ч амьдралын ухааны хувьд маш хэрсүү. Хүнийг маш сайн танина. Хүнтэй их гоё харьцана. Хүн байх нь чухал гэж хэлдэг байсан.

Хамгийн гол нь хийж бүтээ гэдэг байсан. Би өөрийгөө багшийнхаа үгнээс гараагүй гэж боддог. Намайг удирдаач бол гэж хэлээд энд үлдээсэн зүйл байхгүй. Эмнэлэгт орой багшийнхаа хажууд сууж байхад "Миний хүү одоо яв яв. Чамд хийх ажил их байгаа шүү" гэж хэлсэн. Сүүлийн үг нь л тэр үг. Ухаан нь жаахан орон гаран байсан ч "Миний хүү энд суугаад яахав. Ажил их байгаа шүү" гэж хэлсэн. Тэр үг нь одоо бодогддог. Ажил ихтэй байна гэдэг сайхан. Хамт олонтойгоо тайзан дээр, бэлтгэл дээр байх нь гоё. Театр мөртлөө энд тэнд нь хөгжим дуугарахгүй нам гүм байгаа газарт байж чаддаггүй. Багш маань мэргэжлийн хөгжмийн бүтээл байлгах дээр нь амьдралынхаа сүүл хүртэл хүчтэй ажилласан.

-Тэгвэл багшаасаа сонссон хамгийн том зэмлэл?

-Би Морин хуурын чуулгад орсон мөртлөө нутаг буцах гэж байхад л нэг сайн зэмлүүлсэн.  Яг энэ өрөөнд аавтай минь зэмлэсэн зэмлэл аймар байсан. Би үүдэнд зогссоор байгаад гарсан.  Хөдөлмөрийн баатар Д.Ухнаа дарга 20-иод жил ажиллаж байсан өрөөнд багш бид хоёр орж ирсэн юм.

Би хэдийгээр багштай ойр дотно байсан ч гэсэн зэмлэхээр харц нь их хэцүү. Тэгсэн мөртлөө гар нь их гоё, зөөлөн. Багшийн маань гар нь их бодогдоод байдаг юм.

Бидний гарыг байнга атгана. Шавь нартаа "Гараа сайн халааж байгаад хөгжмөө тоглоорой. Шууд хөгжим тогловол гар, хуруу чинь янгинана шүү" гэж хэлдэг байсан. Багш чинь өөрөө тамиртай хүн. Залуудаа боксоор хичээллэж байгаад Г.Жамъян багшид зэмлүүлж байсан удаатай. Өсвөрийн улсын аваргын мөнгөн медаль аваад багшдаа баригдаж, цохилтын хүч амсаад больсон гэдэг юм билээ.

Морин хуурын чуулгыг анх үүсгэн байгуулсан түүхээс дурсан ярьвал?

-1988 онд Өвөрмонголын Их зуу аймаг Чингисийн онгон дээр Чибулаг багшийн үүсгэн байгуулсан чуулгын тоглолт буюу олон улсын арга хэмжээ болсон гэдэг. Тэр арга хэмжээнд Г.Жамьян, Ц.Батчулуун, Н.Жанцанноров багш гурвуулаа очиж оролцсон юм билээ. Тэр гурвын нэр ч тэндээс үүдэлтэй. Өвөрмонголчууд Ц.Батчулуун багшийг маань үүрдэг бурхан, Н.Жанцанноров багшийг ярьдаг бурхан, Г.Жамъян багшийг амьд бурхан гэж хүндэтгэн нэрлэсэн байдаг. Тэгээд гурвуулаа үндэсний сүлдэндээ залсан морин хуур хөгжмийн чуулгыг Монголдоо байгуулах талаар ярилцсан юм билээ. Анхны хөрвүүлэг найруулгыг хамтран хийж,1992 оны арванхоёрдугаар сарын 9-нд хүүхдүүдээ бэлдэж, 1993 оны дөрөвдүгээр сарын 16-нд Улсын дуурь, бүжгийн Эрдмийн театрт анхны тоглолтоо хийж байсан түүхтэй.

Тухайн үед морин хуурчдын дээл, хувцас хийлгэх материал байхгүй. Драмын театрын Д.Цэрэнсамбуу дарга, Ц.Батчулуун багш хоёр маань Оёдлын үйлдвэрийн нэгдлээр өдөр шөнөгүй хөөцөлдөж, хөгжимчдийнхөө хувцсыг оёулж, шөнө цонхоор нь гаргаж байсан гэдэг. Монголчуудад үндэсний өв үлдээхийн төлөө шүү дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гунгаасүх гуай хувцасны зургийг зурж, анхны дээлийг нь оёсон.

Хүмүүсийн ярьдгаар алдарт жонхуу үнэртдэг улаан дээл шүү дээ. Жоохон чийгтэй газар очихоор малгай нь агшаад барьчихна. Ухаан алдахын наагуур юм болно шүү дээ.

Анх удаа Япон улсад тоглолт хийхээр улаан малгайгаа өмсөөд очиж байлаа. Бид солонгын долоон өнгийн дээлтэй болох нь гэж боддог байсан. Одоо маш олон дээлтэй болсон. Анхны дээл хувцсыг маань багш Японы талын хөрөнгө оруулалт, дэмжлэгээр хийлгэсэн. Японы Хотуудын дарга нарын зөвлөл гэдэг байгууллагаас биднийг дэмжин бүх хотуудаар тоглолт хийлгэхээр болж байлаа. Багш маань тэглээ ингэлээ гэж ярихгүй ч бид тэр үр шимийг хүртэж байна. Төрөөс анхаарч байна. Сайн үйлсийн эхлэл сайн л явах учиртай юм байж.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөтгөсөн. Уран бүтээлчдийн орон тоо хэр нэмэгдэх үү. Морин хуурын найрал хөгжимд орох хүсэлтэй хөгжимчдөд ямар шалгуур тавьж байна вэ?

-Одоо чуулга маань 32 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Найрал хөгжим болгон өргөтгөснөөр 56 хүний бүрэлдэхүүнтэй болно. Нэг ёсондоо Ж.Уугантуяа бид хоёрын үүрэх ачаа хөнгөрнө гэсэн үг. Найрал хөгжим болоход хүний нөөц маань бэлэн. Хөгжимчдийн сонголтоо аль хэдийнэ хийсэн. Морин хуурын найрал хөгжимд ажиллах сонирхолтой залуус олон байна. Бид нээлттэй ажлын байр зарлах боломжгүй байна.

Биднийг хэн нэгэн зориод ирж байхад гомдоож болохгүй шүү дээ. Ерөнхийлөгчийн зарлиг албажихыг л хүлээж байна.

Нийгэм цаг үедээ ажиглалт хийж, хүнийг нь, ур чадварыг нь харж тандалтуудаа хийсэн. Ажлын санал тавьсан хүн ч бий. Хүн байх талаас нь шалгуур тавьж, үнэнч тогтвортой байх талаас анхаарна. Ажил мэргэжилдээ зүрх сэтгэлээ зориулах гэдэг зүйл хүнээс алсарч байгаа учраас өндөр шалгуур тавьж байна. Нэг хүн солигдоход найрал хөгжмийн тэнцвэр алдагдана шүү дээ. Шинэ хүнээ дахин сургах хэрэгтэй болно.

-Улсын филармонийн байрандаа байх уу. Өөр шинэ байранд орох уу?

-Энэ байр Улсын филармонийнх ч биш. Гадаадын уран бүтээлчид үндэсний Морин хуурын чуулга нь хотын төвдөө байр түрээсэлдэг гэхээр гайхдаг. Монголд яалт ч үгүй мэргэжлийн хөгжмийн арт центр байгуулах хэрэгтэй. Одоо тоглолт хийхээрээ баахан микрофон байрлуулж, тоглолт хийгээд үзэгч сонсогчдоо хуурч, залилж байна. Поп оркестр бол болно. Симфони оркестр, Морин хуурын чуулга, Үндэсний найрал хөгжмийн хувьд микрофонтой тоглох нь үзэгч сонсогчдод дуу дуугаралтын хувьд маш худал очдог. Зарим хөгжим огт сонсогдохгүй. Үзэгч сонсогчид нэг л их нүргээн сонсдог. Хөгжим сонсч байгаа хүндээ ч гэмтэл учруулж байна гэсэн үг.

Берлиний филармони, Сиднейн операд нэг ч микрофон байдаггүй мөртлөө тээр хойно сууж байгаа хүн, урд сууж байгаа хүнтэй ижил түвшинд хөгжим сонсдог.

Тэр том танхимд нэг хүн алдахад л мэдэгдэнэ. Хүний гэдэс дуугарахад хүртэл сонсогддог. Хөгжимчид маань анх гадаадын улсын тайзнаа биеэ барьдаг байсан бол одоо энэ зүйлд дадчихсан. Монголд нарийн хөгжим хийгээд тэрийгээ хүртээх боломж 99 хувь хаалттай. Манай Улсын бфилармонийн танхим арай гайгүй ч бас л шаардлага хангахгүй байгаа. Акустик гэж сонин зүйл байна. Сиднейн опера гурван жил хааж байж акустикаа шинэчилж дууссан. Нарийн зүйл байгаа биз. Бид тодорхой хэмжээний үнэ төлбөртэйгөөр тоглолт хийхдээ театрын хувьд хүнд зөвөөр хөгжмөө хүртээх ёстой. Үүнийг төр хийхгүй байна гэж хэлээгүй. Эдийн засгийн хувьд боломжгүй байна. Хийе гэвэл болохгүй ч зүйл байхгүй л дээ. Саяхан Үндэсний урлагийн  их театрынхан Берлиний филармонид тоглолтоо хийгээд ирлээ. Ийм танхим чинь өөрөө эдийн засгийн үр өгөөжөө хурдацтай өгнө. Аялал жуулчлал, иргэний төлөвшил, соёлжилт, ухамсар сэргэх хамгийн боломжит зүйл бол соёл түгээх л ажил юм.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-15 66.181.186.64

амьдрал богино

Avatar

ь 2024-11-15 202.9.40.109

Төрд маш их мөнгө байгаа, иргэдийн мөнгө л дөө. Гол нь түүнийг юунд зарцуулах нь чухал, ухаж сэндийчэх, ууж идэх, хулгайлахад зарцуулж байгаа учраас хүнийг хүн болгодог соёл урлагтаа мөнгө бараг зарцуулдаггүй, үүнийгээ засах хэрэгтэй байна. Бүх зүйлийг мөнгөний ашгаар хардаг мунхагуудын үгэнд бүү ор, гол нь эдийн засгийн хувьд эхэн үедээ ашиггүй зүйлд л төсвийн мөнгийг зарцуулах ёстой.

Avatar

Зочин 2024-11-15 202.126.88.206

Өндөр зардлаар мундаг акустиктай танхимтай боллоо гээд шидийг нь үзэж чадах уу, манайд үзэгч, сонсогч нь байхгүй ш дээ, алдагдалд ороод, үргүй зардал болоод л дуусна ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж