Загварын ертөнц өдөр бүр шинэчлэгдэж байна. Харин энэ удаа, хөмсгөө санаандгүй байдлаар нарийн болгосон бүсгүйчүүдэд таалагдах тренд гоо сайхны ертөнцөд эргэн ирлээ. "NEWS" агентлаг энэ удаагийн "Fashion" буландаа уг трендийг онцолж байна.
Сүүлийн арав гаруй жилийн турш өтгөн, өргөн хөмсөг “моод” болж байв. Кара Делевин, Зое Кравиц зэрэг жүжигчид “өтгөн хөмсөг”-ний тод жишээ болж, охид бүсгүйчүүд цахим орчноос “Хэрхэн хөмсгөө ургуулах вэ?”, “Хөмсгөө өтгөн мэт зурах арга” болон “Хөмсгөө хэрхэн гоё будах вэ?” гэх мэт аргуудыг хайдаг байв. Мөн төрөлхийн нарийн хөмсөгтэй хүмүүс өөртөө сэтгэл дундуур мэдрэмж авч, орчин цагийн гоо сайхны хэмжүүрт тохируулахын тулд хөмсөг шивүүлдэг байжээ.
Энэ жилийн томоохон загварын шоуг хэрвээ ажигласан бол нарийн хөмсөг яах аргагүй үзэсгэлэнтэй гэдгийг анзаарсан байх. Алдартнуудын нүүрийг буддаг Пат МакГрат уг трендийг эргүүлэн авчирч, улаан хивсний ёслолд оролцох оддын хөмсгийг гайхалтайгаар засчээ.
Жишээ нь, “Met Gala”-ийн үеэр Zendaya, FKA Twigs болон Doja Cat нар цэвэрхэн зассан, нарийн хөмсөгтэй байсныг харж болно. Энэ л үеэс эхлэн нимгэн хөмсөг эргэн ирсэн юм.
Их Британид хөмсгөөр дагнан үйлчилгээ үзүүлдэг салоны эзэн Холли Паркес нарийн хөмсөг тренд болсонд баяртай байна. Гэхдээ тэрбээр хэд хэдэн зөвлөмж өгсөн юм. Тухайлбал, хөмсгөө нарийн болгох бол хамгийн түрүүнд нүүрний хэлбэрт зохиж байгаа үгүйг мэдэх хэрэгтэй. Үүнийг мэдэхийн тулд мэргэжлийн артистаас асууж тодруулах нь хамгийн зөв арга гэлээ. Учир нь нимгэн хөмсөг тренд болсон гээд бүх хөмсөгний үсээ зулгааж, хусах бус өөрийн онцлогтоо тааруулах хэрэгтэй аж.
ХӨМСӨГ ТҮҮХИЙН ХУУДАСНАА
Хөмсөг ямар хэлбэртэй байгаагаас шалтгаалж дүр төрх өөрчлөгддөг. Мөн түүхийн хуудаснаас эргүүлэн харвал хөмсөг тухайн хүний нийгмийн байр суурийг илэрхийлдэг байжээ. Одоогийн байдлаар АНУ-д хөмсөгний гоо сайхны салбар 180 сая ам.доллароор үнэлэгддэг бөгөөд мэргэжлийн артистаас үйлчилгээ авдаг эмэгтэйчүүд хэд ч хамаагүй ам.доллар төлдөг. Эртний Грек, Ромд зузаан, бараан хөмсөг, тэр ч байтугай моно хөмсөг нь үзэсгэлэн гоо, язгууртныг илэрхийлдэг байв. Эсрэгээрээ, дундад зууны үед сийрэг, нимгэн хөмсөг гоо сайхны хэмжүүр байжээ.
Учир нь урт, өргөн дух нь гоо үзэсгэлэн, ухаантай байдлыг илэрхийлдэг байсан юм.
20-р зуунд хөмсөгний чиг хандлага маш хурдан өөрчлөгдсөн. 1920-иод оны жүжигчид харандаагаар зурсан мэт хөмсөгтэй байсан тул бүхий л эмэгтэйчүүд хөмсгөө хусдаг байжээ. Харин, дэлхийн хоёрдугаар дайны үед гоо сайхандаа анхаарах боломж хомс байснаар эмэгтэйчүүд өтгөн, өргөн хөмсгийг илүүд үздэг болсон.
1960-70-аад онд нимгэн хөмсөг эргэн ирсэн бол 1980-аад он гэхэд өргөн хөмсөг дахин моодонд орж, Брук Шилдс, Мадонна одод шиг хөмсөгтэй болох гэсэн эмэгтэйчүүд олширсон юм.
ЭРЧҮҮД БА ТЭДНИЙ ХӨМСӨГ
Барууны орнуудад эмэгтэйчүүд тухайн цаг үеийн гоо сайхны чиг хандлагаа даган хөмсгөө засдаг байсан бол эрчүүдийн хувьд арай өөр. Эртний Египетэд эрэгтэй, эмэгтэй хүмүүс хөмсгөө тодотгодог байсан шиг одоо цагт эрчүүдийн дунд өтгөн хөмсөг мөнхийн сонголт болжээ. Мэдээж хэрэг, цаг үеэ даган эрчүүд хөмсгөө засдаг ч эмэгтэй хүн шиг хэт нимгэн, эсвэл өргөн болгох сонирхолгүй байдаг.
Эрчүүдийн хувьд хөмсгөө өргөн байлгаж, босоо шугам үүсгэх нь 80-аад онд "моод" болж байжээ.
Харин, одоо цагт өөрийн дүр төрхдөө анхаардаг эрчүүд эмэгтэй хүний адил хөмсгөндөө анхаарах болсон байна. Энэ нь шалихгүй, илүү зан гэж буруутгах хүмүүс бишгүй байдаг ч үнэн хэрэгтээ өөртөө анхаардаг залууд охид, бүсгүйчүүд хамгийн их татагддаг нь үнэн. Мөн хөмсөг гэхээс илүү үс засалт хамгийн чухал байдаг. Эмэгтэй хүний дүр төрхийг хөмсөг тодотгож өгдөг бол эрчүүдийн дүр төрхийг үс нь тодотгодог. “Chanel”, “Tom Ford” зэрэг брэнд эрчүүдэд зориулсан хөмсөгний бүтээгдэхүүнийг санал болгож эхэлжээ. Хөмсгөө өтгөрүүлэхийг хүсч буй хүмүүст касторын тос нь өндөр үнэтэй серумыг орлох байгалийн хувилбар юм.
Хэдийгээр чиг хандлага өөрчлөгдөж байгаа ч өөртөө тохирсон хөмсөгтэй байснаар эрэгтэй хүний байгалийн хүчирхэг байдал илүү тодордог.
Тиймээс нимгэн хөмсөг эргэн ирсэн ч, өөртөө тохирсон хөмсөгний хэлбэрээ олохыг Пат МакГрат уриалж байна. Хамгийн чухал зүйл гэвэл цаг хугацааны аясад өөрчлөгдөх гоо сайхны чиг хандлага бус төрөлхийн гоо үзэсгэлэн юм. Хөмсгөө хүссэнээрээ засаж, трендээ дагаж болох ч өөрөө өөртөө итгэх нь хамгийн үзэсгэлэнтэйг илэрхийлнэ.
Нэргүй 2024-11-13 103.57.94.14
Хөмсөг шивүүлсэн нөхдүүд яах вэ ккк. Намсрайноровууд шатлаа даа.
Нэргүй 2024-11-13 103.212.118.44
Артист гэж юу юм бэ? Урлаач, жүжигчин, уран бүтээлч гэх мэт монгол үг зөндөө ш дээ!