АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис нар Даваа гаригт Арлингтоны үндэсний оршуулгын газарт болсон Ахмад дайчдын дурсгалыг хүндэтгэх өдөрлөгт оролцлоо. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тэд анх удаагаа олны өмнө гарч ирж буй нь энэ юм.
Энэ үеэр Байден "Би ерөнхий командлагчийн хувиар Арлингтонд сүүлийн удаа зогсож байна. Та бүхнийг удирдаж, та бүхэнд үйлчилж, анхаарал хандуулж, хамгаалж байсан минь миний амьдралын нэр төрийн хэрэг байлаа" гэсэн юм. Мөн ерөнхийлөгч агсан Абрахам Линкольны талаар дурсаад, "Энэ цаг мөч бол нэг үндэстэн болж нэгдэх мөч" гэжээ.
Мөн эл арга хэмжээний хүрээнд Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нар ахмад дайчид, тэдний гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдыг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Орон байр зэрэг ахмад дайчдад тулгардаг асуудлыг шийдвэрлэх, тэдэнд зориулсан хуулийг батлах тал дээр гаргасан амжилтаа Байден онцолжээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсны дараа Камала Харрис мэдэгдэл хийхдээ эрх мэдлийг тайван замаар шилжүүлэхэд тусална гэжээ.
Дашрамд дурдахад, Лхагва гаригт Байден, Трамп нар Цагаан ордонд уулзах гэж байна. Энэ нь уламжлал болон тогтсон зүйл боловч Трамп 2020 оны сонгуульд ялагдсаныхаа дараа энэ уулзалтыг алгассан юм.
Нэргүй 2024-11-12 202.21.117.34
АН-ын зөнгө гудамжинд гар