Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэшлийн хорооны 2024 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 24/001 дугаар тогтоолоор өмгөөлөгчийн шалгалтыг 2024 оны арванхоёрдугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
Өмгөөлөгчийн шалгалтын бүртгэлийг 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 18.00 цаг хүртэл хугацаанд https://shalgalt.ama.org.mn/ цахим хуудсаар явуулна.
Өмгөөлөгчийн шалгалтад орох өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчинтэй байх;
- Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хязгаарласан хугацаа дууссан байх;
- Эрүүгийн хуулийн Арван зургадугаар, Арван есдүгээр, Хорьдугаар, Хорин нэгдүгээр, Хорин хоёрдугаар, Хорин гуравдугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй байх;
- Шүүгчээр ажиллаж байсан хуульч нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан огцруулах сахилгын шийтгэл хүлээгээгүй, хуульд заасан журмын дагуу өндөр насны тэтгэвэрт гараагүй байх;
- Прокурор, мөрдөгчөөр ажиллаж байсан хуульч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байх;
- Хуульч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дууссан байх.
Өргөдөл нь дор дурдсан бүрдүүлбэрийг хангасан байна.
- Шалгалтад орох тухай хүсэлт; (цахим хуудас дахь маягтаар)
- Товч танилцуулга; (цахим хуудас дахь маягтаар)
- Иргэний эрх зүйн байдлыг нотолсон баримтын хуулбар; (e-mongolia цахим хуудаснаас)
- Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар; (PDF файлаар хавсаргана)
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар; (PDF файлаар хавсаргана)
- Ял шийтгэлийн талаарх эрх бүхий байгууллагын тодорхойлолт; (PDF файлаар хавсаргана)
- Шүүгч, прокурор, мөрдөгч, төрийн албанд ажиллаж байсан бол тухайн албан тушаалаас огцруулсан, халсан, чөлөөлсөн шийдвэрийн хуулбар; (PDF файлаар хавсаргана)
- Нотариатчаар ажиллаж байсан бол нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон, дуусгавар болгосон талаарх тодорхойлолт, шийдвэрийн хуулбар; (PDF файлаар хавсаргана)
- Төрийн албанд ажиллаж байгаа бол сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх тодорхойлолт; (PDF файлаар хавсаргана)
- Сүүлийн хоёр жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт; (e-mongolia цахим хуудаснаас)
- Шалгалтын хураамж төлсөн баримт.
Бүртгэлийн хураамж 200 мянган төгрөг. Шалгалтын бүртгэл, зохион байгуулалттай холбоотой мэдээллийг https://shalgalt.ama.org.mn/ цахим хуудас болон Монголын Өмгөөлөгчдийн холбооны 70126861-4, утас, сургалт, шалгалт хариуцсан мэргэжилтэн нарын 99913157, 91200890 дугаарын утаснаас авна.
ӨМГӨӨЛӨГЧИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Нэргүй 2024-11-12 66.181.187.184
Сүүлийн2 жил ажил хийгээгүй байж болох бус уу. Хур систем, төрийн албаны зөвлөлөөс тодрохойлолт МӨХ өөрсдөө хүсэлт тавиад нэгдсэн журмаар өвч болно доо. Хүний эрхийг хангах байгууллага шүү дээ. ИЧмээр юм.