Японы бүх нийтийн сонгууль аравдугаар сарын 27-нд болоход эрх баригч Либерал ардчилсан нам олонхийн суудлаа алдсан билээ. Тиймээс ерөнхий сайдыг дахин сонгохоор болж, улмаар Японы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон.
Тэгвэл дахин санал хураалт Даваа гаригт болж, Шигэрү Ишиба дахин ялалт байгууллаа. Бүх нийтийн сонгуулиар Либерал ардчилсан нам олонх болоогүй ч гэлээ дахин санал хураалтаар Ишиба дахин ялах магадлал өндөр гэж ажиглагчид үзэж байв. Сөрөг хүчний Үндсэн хуульт Ардчилсан намын дарга Ёшихико Нода түүнтэй өрсөлджээ.
Цөөнхийн засгийн газрын тэргүүн болсны хувьд Ишиба сөрөг хүчний блокоос ирэх аливаа хуулийн төсөл, төсвийг батлуулах зэрэг сорилттой тулгарна. Мөн нам доторх дайсагнал, эдийн засгийн хүндрэл, олон улсын харилцаа зэрэг амаргүй сорилтууд ч түүний өмнө бий. Инфляцийн өсөлт, удаашралтай эдийн засаг, иенийн ханш гэх мэтээс болоод Либерал ардчилсан намын нэр хүнд улам унажээ.
67 настай Ишиба нь өмнөх ерөнхий сайдууд болох Фүмио Кишида, Шинзо Абэ нарыг шүүмжилдэг байснаараа алдартай. Түүний шүүмжлэл нам дотор маргаан үүсгэдэг байсан ч сонгогчдын зүгээс түүнд оноо авчирсан юм.
Холбоотой мэдээ