Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхий даяар байгалийн эрс тэс үзэгдэл цөөнгүй тохиох болжээ. Эдгээрийг нэгтгээд үзвэл хатуу ширүүн уур амьсгалын өөрчлөлтөөс болж дэлхий дахинд сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр их наяд ам.долларын хохирол учирсан байна. Мэргэжилтнүүд энэ тооцооллыг гаргахын тулд уур амьсгалтай холбоотой 4000 эрс тэс байгалийн үзэгдэлд дүн шинжилгээ хийсэн байна. Үүнд үерээс эхлээд фермүүдийг олон жилийн турш сүйтгэж буй ган гачиг зэрэг багтана. Эдгээрээс улбаатай хохирлын хэмжээ сүүлийн хоёр жилийн хугацаанд 451 тэрбум ам.доллар хүрчээ.
Дээр дурдсан мөнгөн дүнг гаргахдаа цаг агаарын эрс тэс үзэгдлийн улмаас учирсан хохирлын нийт өртгийг тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, тухайн цаг агаарын эрс тэс үзэгдэл бүр нь уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой эсэхийг ялгаж салгаагүй гэсэн үг.
Тэгвэл энэ долоо хоногт эхэлж буй Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлаар энэ асуудлыг дорвитой хэлэлцэх гэж байна. “COP29” буюу НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн 29 дүгээр бага хурал энэ сарын 11-22-ны хооронд Азербайжаны нийслэл Бакуд болно. Энэхүү арга хэмжээгээр уур амьсгалын хамтын санхүүжилт зэрэг цаг уурын томоохон зорилтуудыг шийдвэрлэх болно. Чинээлэг орнууд ядуу буурай орнуудад туслахын тулд хэр хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар дэлхийн удирдагчид хэлэлцэх юм. Энэ санхүүжилт нь бохирдлоо бууруулах, халуун уур амьсгалд дасан зохицох, цаг агаарын хүнд үзэгдлүүдийн улмаас учирсан хохирлыг даван туулахад нь ядуу буурай орнуудад туслана.
Олон улсын худалдааны танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Жон Дентон хэлэхдээ “Өнгөрсөн арван жилийн тоо баримтууд уур амьсгалын өөрчлөлтийг ирээдүйд тулгамдсан асуудал биш гэдгийг баттай харуулж байна. Цаг агаарын эрс тэс үзэгдлээс үүдэлтэй бүтээмжийн томоохон алдагдал яг одоо бодитоор эдийн засагт мэдрэгдэж байна” гэжээ.
Уур амьсгалын өөрчлөлт ба түүнээс улбаатай хохирлыг тооцоолсон тайланг харвал 2014-2023 оны хооронд цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийн дараах хохирлын өртөг аажмаар өсөх хандлагатай байна. Ялангуяа 2017 онд хохирлын хэмжээ эрс өсчээ. Учир нь 2017 онд хар салхины улирал идэвхжиж, Хойд Америкт хүчтэй нөлөөлсөн.
Харин улс улсаар нь ялгаж үзвэл, АНУ сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн их буюу 935 тэрбум ам.долларын эдийн засгийн алдагдал хүлээжээ. Харин Хятад 268 тэрбум ам.доллар, Энэтхэг 112 тэрбум ам.доллараар удаалав. Герман, Австрали, Франц, Бразил зэрэг улс эхний 10-т багтаж байна.
Харин хүний амь нас хохирсон тоог нь хэмжвэл Сент-Мартин, Багамын арлууд зэрэг жижиг арал хамгийн хохирол амсчээ.
Хүн төрөлхтөн улам баян чинээлэг болж, гамшигт өртөмтгий бүс нутагт суурьшихтай зэрэгцээд чулуужсан түлшний бохирдол дэлхийг шатааж байна. Энэ эмзэг цаг үед гал, ус, салхи, халалт зэрэгт дэлхийн засгийн газрууд олон сая ам.доллар зарцуулж буй. Эрдэмтэд сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд оруулж буй хүний “хувь нэмэр”-ийг тооцоолох гэж хичээсээр ирсэн билээ.
Европт 2022 оны зун хэт халахад 68 мянган хүн нас барсан болохыг өнгөрсөн сард судалгаагаар тогтоосон. Энэ хүмүүсийн тал илүү хувь нь уур амьсгалын өөрчлөлтөөс болж нас барсан гэж үзэж байна. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өнгөрсөн есдүгээр сард Европын төв хэсэгт хүчтэй бороо орох магадлал хоёр дахин нэмэгджээ.
Веллингтоны Виктория их сургуулийн гамшгийн эдийн засагч Илан Ной өмнө нь энэ төрлийн судалгаа хийж байжээ. Түүний үзэж буйгаар энэ удаагийн судалгааг хийхдээ хамгийн эмзэг бүлэгт, ялангуяа гамшгийн эрсдэлд илүү өртөж буй ядуу ард иргэд, улс орнуудад үзүүлэхнөлөөллийг орхигдуулсан аж. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан тоо баримтууд нь уур амьсгалтай холбоотой гамшгийг даван туулахад хамгийн бага бэлтгэлтэй байгаа хүмүүст тулгарч буй бэрхшээлийг бүрэн тусгаагүй гэж үзэж байна.
Тэрбээр өнгөрсөн жил цаг уурын сүйрлээс үүдэлтэйхохирлын зардлыг жилд 143 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Гэвч мэдээллийн хомсдол их байсныг тэр онцолж буй. Ялангуяа Африк тив үүнд хамаарна.
Хохирлын дийлэнх нь өндөр орлоготой орнуудад хамаарч байжээ. Тухайн улс орнуудад хөрөнгийн үнэлгээ хамаагүй өндөр. Нөгөөтэйгүүр ядуу буурай орнуудын ард иргэд илүү урт хугацааны илүү хор хөнөөлтэй алдагдал хүлээж байна. Хөгжилтэй орнуудын алдлагдлыг нөхөхөд засгийн газраас нь дэмжлэг үзүүлдэг бол буурай орнуудад тийм зүйл байхгүй.
Тиймээс тусламж хэрэгтэй улс орнуудад санхүүжилт олж өгөхийн тулд илүү хурдтай ажиллаж, цаг уурын цочролыг тэсвэрлэх арга замаар хөгжихийг дэлхийн удирдагчдад мэргэжилтнүүд уриалж байна. Энэ санхүүжилтыг дэлхийн хамгийн баян эдийн засагтай орнуудын удирдагчдын зүгээс гарч буй өгөөмөр үйлс гэж үзэх нь утгагүй. Энэ бол эцсийн дүндээ бүх хүн төрөлхтөн ашиг тусыг нь хүртэх хөрөнгө оруулалт, илүү хүчирхэг, уян хатан дэлхийн эдийн засагт оруулж буй хөрөнгө оруулалт юм.
Нэргүй 2024-11-12 139.5.218.22
Ийм нэгэн чуулга уулзалт 1989 онд Италын Турин хотноо болж Горбачевийн илтгэлд хүн эрүүл орчинд амьдрах эрхийг баталгаажуулах хэрэгтэй гэснийг монголын ногоонтнууд орчуулж Үндсэн хуулинд оруулсан нь хүний эрхийн нэг чухал заалт болсон түүхтэй